Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 695

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Алтанхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор А.Оюунгэрэл,                                          

          Шүүгдэгч Ц.Алтанхуягийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Н.Анхбаярын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлээр 2016 2400 0280 дугаартай Ц.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харчууд овгийн Цэрэндоогийн Алтанхуяг, 1974 оны 5 дугаар сарын 12-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Атар Өргөө” ХХК-д технологич ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжны 1А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УС74051259/,

 

Ц.Алтанхуяг нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 21.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн 57 дугаар байрны урд замд 74-20 УБН улсын дугаартай “Тоyota Coronа Exsiv” загварын автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 17 настай Ц.Өнөр-Эрдэнийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ц.Алтанхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг асуудлуудыг бүрэн шалгаж нотлоогүй байх тул дор дурдсан нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзжээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Уранчимэг тайлбар болон мэдүүлэгтээ “...Энэ машин миний төрсөн дүүгийн нөхөр С.Мэндсайханы машин. Манай хүргэн Солонгос улс руу явсан. Манай хашаанд машинаа тавьсан байсан юм. ...энэ машиныг манай төрсөн дүү Ц.Майдармаа нь нөхөр С.Мэндсайханы хамт манай нөхөр Ц.Алтанхуягт бэлэглэсэн юм. Гэхдээ одоогоор нөхөр бид хоёр машиныг өөрсдийн нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа юм...” /хх 18, 63/ гэжээ.

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Майдармаа өгсөн мэдүүлэгтээ “...74-20 УБН улсын дугаартай “Тоyota Coronа Exsiv” загварын машин нь манай нөхөр С.Мэндсайханы нэр дээр бүртгэлтэй боловч одоо энэ машин чинь өөрөө Ц.Алтанхуяг ахад бэлгэнд өгсөн машин шүү дээ. Захиран зарцуулах эрхийг тэр хүн өөрөө мэднэ...” /хх 154/ гэжээ.

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Ц.Алтанхуяг нь өгсөн тайлбар болон мэдүүлэгтээ: “...энэ машин манай эхнэрийн дүүгийн нөхөр С.Мэндсайханы машин. Манай хүргэн машинаа хоёр хоногийн өмнө манай хашаанд тавьчихаад Солонгос улс руу явсан байсан /хх 17/, ... миний унаж явсан машин нь манай эхнэрийн төрсөн дүү Ц.Майдармаагийн нөхөр С.Мэндсайханы нэр дээр байдаг машин юм. Гэхдээ машины эзэмшигч болох хүн 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр осол болохоос 2 хоногийн өмнө буюу БНСУ руу 3 сарын хугацаагаар явсан. Явахдаа уг машиныг манай эхнэрт бэлэглэсэн байсан ба явахаасаа өмнө эхнэрийг маань нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн боловч эхнэрийн ажил амжихгүй байсаар байгаад явуулсан...” /хх 105/ гэжээ.

  Түүнчлэн хавтаст хэргийн 82 дугаар талд 74-20 УБН улсын дугаартай “Тоyota Coronа Exsiv” загварын машины өмчлөгч С.Мэндсайханы 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын банкинд оношилгооны төлбөрт 88.000 төгрөг төлсөн гарын үсэгтэй баримт авагджээ. Тухайн үед С.Мэндсайхан нь БНСУ-д байсан гэх боловч энэ нь эргэлзээ төрүүлж байгаа тул энэ төлбөрийг хэн төлсөн болохыг тогтоох шаардлагатай.

  Мөн хавтаст хэргийн 109 дүгээр талд 74-20 УБН улсын дугаартай “Тоyota Coronа Exsiv” загварын авто машины өмчлөгч С.Мэндсайханы гарын үсэгтэй, БНСУ-аас явуулсан гэх бичигт “...С.Мэндсайхан миний бие “Тоyota Coronа Exsiv” загварын автомашины эзэмшигч байсан бөгөөд баз хүргэн ах болох Ц.Алтанхуягт бэлэглэсэн болно...” гэжээ. Дээрх явуулсан бичгийг хууль зүйн ямар эх сурвалжийг үндэслэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар зүйл, заалтын дагуу бэхжүүлэн авч, нотлох баримтаар хэрэгт хавсаргасан нь тодорхойгүй байх тул үүнийг шалган тогтоох нь зүйтэй.

 

  Дээрх тайлбар болон мэдүүлгүүдээс дүгнэвэл уг осол гаргасан автомашин нь хэний өмчлөлийнх болох, хэнээс хэнд бэлэглэсэн эсэх, хэнд итгэмжлэн үлдээсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан мэдүүлэг болон тайлбарууд нь зөрүүтэй байх тул мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, автомашины өмчлөгч С.Мэндсайхан нь хэнд бэлэглэсэн, эсвэл хэнд итгэмжлэн үлдээсэн болохыг шалгах шаардлагатай байна.

  Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч болох С.Мэндсайханыг иргэний хариуцагчаар татах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар Хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлан гаргуулж, шууд хохирол 9.684.882 төгрөг, хохирогч Ц.Өнөр-Эрдэнийн алдагдсан боломжийн үнэлгээ 232.915.100 төгрөг, хууль ёсны төлөөлөгч Л.Цолмонгийн алдагдсан боломжийн үнэлгээ 14.960.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.953.400 төгрөг, нийт 265.513.382 төгрөгийн хохирол учирсан гэж тооцоолон нэхэмжилжээ.

  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсвэл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт тогтоож, хохирогч хөдөлмөрийн чадвар алдалтын хэдэн хувь алдсан эсэхийг тодорхой болгож, бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай.

  Иймд Ц.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай байх тул хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Үүнд:

  Хэрэгт авагдсан гэрч Ц.Уранчимэг, Ц.Майдармаа нарын мэдүүлгээр уг автомашиныг С.Мэндсайхан нь Ц.Алтанхуягт бэлэглэсэн, түүнийг захиран зарцуулах эрх нь түүний өмчлөлд бий гэсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл түүний өмчлөлд шилжүүлж амжаагүй ба түүнийг шүүгдэгчийн эзэмшилд өгсөн болох нь тогтоогджээ. Мөн эрүүгийн байцаан шийтгэх хуульд мэдүүлгийн зөрүүг гэрч, хохирогчийн хооронд явуулж болохоор заасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэрч нарын хоорондох мэдүүлгийн зөрүүг эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар уг ажиллагааг явуулах боломжгүй байна.

  Хэрэгт авагдсан, яллах дүгнэлтэд дурдагдсан хохирогч Ц.Өнөр-Эрдэнийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цолмонгийн мэдүүлэг, гэрч Х.Хос-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Т.Төрболдыг мэдүүлэг, гэрч Б.Батбаярын мэдүүлэг, гэрч Ц.Уранчимэгийн мэдүүлэг, гэрч А.Отгонбаатарын мэдүүлэг, гэрч Ө.Мандахбадрахын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 4467 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 234 дугаартай дүгнэлт зэрэг Ц.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдал зэргийг бүрэн шалгасан ба дээрх нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Хохирогч болон түүний өмгөөлөгчийн шүүхийн шатанд гаргасан 265.513.382 төгрөгийн хохирол нэхэмжилсэн нь хохирогч мөрдөн байцаалт, шүүхийн аль ч шатанд хохирлын талаарх баримтуудыг гаргаж өгөх эрхтэй. “Сэлэнгэ истимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг гаргуулж хохирлын талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн ба хохирогчийн дээрх гаргаж өгсөн нэхэмжилсэн хохирлын баримт нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар бус холбогдох хуульд зааснаар шийдвэрлэх боломжтой байна.

  Өөрөөр хэлбэл хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлэх боломжтой байна.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь шууд гарсан хохирлын зардлыг шийдвэрлэх боломжтой ба хохирогчийн алдагдсан боломжийн орлогыг тооцоолон гаргасан нэхэмжлэл буй хохирлын баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан хохирогчид учирсан шууд хохиролд хамааруулан тооцож шийдвэрлэх боломжгүй байна.

  Мөн хохирогч хөдөлмөрийн чадвар алдалтын хэдэн хувь алдсан эсэхийг тодорхой болгох гэсэн нь өөрөөр хэлбэл шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамжийн агуулгаар хязгаарлагдана. ...хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргээр гэмт хэргийн зүйлчлэл бүрэлдэхүүнийг тодорхойлно. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсан эсэх нь хэргийн зүйлчлэл бүрэлдэхүүнийг тодорхойлно. Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсан эсэх нь хэргийн зүйлчлэл болон хэрэг шийдвэрлэхэд заавал шалгаж тогтоосон байхыг шаардах үндэслэл болохгүй юм. Тухайлбал хохирогч хөдөлмөрийн чадвар алдалтыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бус мэргэжлийн байгууллагын тодорхойлуулж түүнтэй холбоотой зардлыг цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулж шийдвэрлэх боломжтой байна.

  Мөн шүүх иргэний хариуцагчаар зохих этгээдийг татан оролцуулахаар бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татаж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

  Иймд Ц.Алтанхуягт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Ц.Алтанхуягт холбогдох хэргийг 2 үндэслэлээр буцаасан. Хэргийн материалтай танилцахад автомашины эзэмшигчийг иргэний хариуцагчаар татаагүй, эзэмшигч тодорхойгүй байна гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр энэ автомашин нь Ц.Алтанхуягийн эзэмшлийн автомашин гэдэг нь тогтоогддог. Гэрч Ц.Уранчимэг, Ц.Майдармаа, шүүгдэгч Ц.Алтанхуягийн мэдүүлгүүдээр “С.Мэндсайхан Солонгос улс руу явахдаа бэлгэнд өгсөн” гэдэг. Энэ мэдүүлгүүдийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. С.Мэндсайхан Солонгос улс руу явсан байсан учраас хэрэгт С.Мэндсайханаас мэдүүлэг авч чадаагүй. С.Мэндсайхан Солонгос улсаас хэрэгт хамааралтай холбогдох бичгийг ирүүлсэн байдаг. Энэ бичигт “С.Мэндсайхан би энэ автомашиныг Ц.Алтанхуягт бэлэглэсэн” гэсэн бичиг байдаг. Энэ бүх нотлох баримтуудаар тухайн автомашины эзэмшигч нь Ц.Алтанхуяг мөн гэж үзсэн. Шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлээр өндөр үнэ бүхий төлбөр ирүүлсэн. Хохирогчийн ар гэрийнхэн үнэлгээний газруудаар биед учирсан гэмтэл болон гарсан хохирлынхоо талаар үнэлгээг хийлгээд 265.513.382 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Энэ дүгнэлт нь үндэслэлтэй байна уу гэдгийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хохирлын талаарх баримт нь хэрэгт авагдсан. Хууль зүйн үндэслэл, хуулийн заалтаар хохирлыг шийдвэрлэх боломжтой. Ийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Хэдийгээр өнөөдөр тайлбар, мэдүүлгээр асуудлыг тавьж байгаа ч гэсэн автомашины эзэмшигч нь өөр хүн байдаг. Тэгэхээр хохирлыг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан заалтууд нь үндэслэлтэй. Нотлох баримт, нотлох ажиллагаа нь хууль зүйн дагуу хийгдээгүй. Мөн хохирогчийн өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг тогтоох гээд эмнэлгийн байгууллагаар явсан хэдий ч 18 насанд хүрэхээр тогтооно гэсэн. Хохирлыг хэн хариуцах вэ гэдэг талаар шүүгдэгч эргэлзээтэй тайлбар өгсөн. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Алтанхуягийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирол болон шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Алтанхуяг “Атар-Өргөө” ХХК-д нормчиноор ажилладаг. Цалингийн зээлтэй, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан хүртэл нийтдээ 3.267.000 төгрөгийн төлсөн. Түүнээс хойш холбоо барьж уулзаагүй, Ц.Алтанхуяг руу залгаагүй гэдэг. Хохирлын үнэлгээ хийсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Ц.Алтанхуягт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянав.

           

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, тодруулбал гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг бүрчлэн зөв тогтоох шаардлагатай гэж үзэж Ц.Алтанхуягт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Улсын яллагч Н.Анхбаярын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин прокурорын газарт очтол Ц.Алтанхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                

 

                                         

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ