Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 701

 

 

 

 

 

 

 

 

 

      Б.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

ялтан Б.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Эрдэнэ-Очирт холбогдох 201601000134 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бөөн овгийн Баярмаагийн Эрдэнэ-Очир, 1990 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “МИАТ” ХХК-д хяналт, мөстөлтийн диспетчерээр туршилтын хугацаанд ажиллаж байсан гэх, ам бүл 4; эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЙЮ90040353/

 

Б.Эрдэнэ-Очир нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төрсөн эх Ц.Баярмаагийн эзэмшлийн 75-84 УНК улсын дугаартай, “BMW” загварын автомашинд 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1,01 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэ-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Эрдэнэ-Очирыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял оногдуулж, уг баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1,01 грамм ургамал, хуйлж ороосон тугалган цаас зэргийг устгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо: “... эхнэр, ой гарантай хүүхэд, эхийнхээ хамт амьдардаг. Гэр бүлд маань надаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Би Олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. “МИАТ” ХХК-нд хяналт, мөстөлтийн диспетчерээр туршилтын хугацаанд ажиллаж байсан ба 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс энэ ажилдаа үндсэн ажилтан болох ховорхон боломж байсан боловч өөрийн болчимгүй үйлдлээсээ болж амьдралдаа хар толбо үлдээж байгаадаа маш их гэмшиж байна. Иймд урьд ял шийтгүүлж байгаагүй, ар гэрийн амьдрал, мөн хоригдож байх хугацаанд эхнэр маань жирэмсэн болсон зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж баривчлах ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

           

Ялтан Б.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх “Б.Эрдэнэ-Очирыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй, зориуд урьдчилан мэдээд очиж түүж авч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар ялтны биед 1,01 грамм ургамал байсан нь зориудаар очиж бэлтгэсэн биш тохиолдлын шинжтэй гэж дүгнэхээр байна. Гэтэл шүүх ямар нотлох баримтуудаар Б.Эрдэнэ-Очирыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг зориуд урьдчилан мэдээд очиж, түүж авч хэрэглэсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ял оногдуулахдаа харгалзан үзсэн боловч мөн зүйлийн 55.1.1 дэх хэсгийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.” гэв.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Эрдэнэ-Очир нь тодорхой арга хэрэгсэл ашиглан тухайн бодисоо янжуур татаж байгаа мэт татаж байгаа нь шууд санаатай үйлдэл юм. Анхан шатны шүүх түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Эрдэнэ-Очир нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, уг бодисоос 1,01 граммыг борлуулах зорилгогүйгээр төрсөн эх Ц.Баярмаагийн эзэмшлийн 75-84 УНК улсын дугаартай, “BMW” загварын автомашинд 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн телекамерийн цагдаа албан тушаалтай, цагдаагийн ахлах ахлагч Д.Ганхуягийн “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хөл бөмбөгийн талбайд байрлуулсан №21 дүгээр хяналтын камерийг хянаж байх үед хар өнгийн “BMW” загварын автомашинд мансууруулах бодис татаж байж болзошгүй үйлдлийг илрүүлж, зохих албан тушаалтанд мэдэгдсэн” гэх илтгэх хуудас /хх-16/,

- Б.Эрдэнэ-Очирын хэрэг үйлдэх үедээ унаж явсан 75-84 УНК улсын дугаартай, “BMW” загварын автомашинд хийсэн үзлэгээр урд, баруун талын суудал дээрээс болон хойд талын суудлын доороос ногоон өнгийн ургамал мэт зүйл, хуйлж ороосон тугалган цаас олдсоныг бэхжүүлсэн тэмдэглэл /хх-6-7/, гэрэл зургууд /хх-8-12/,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайн орчимд Б.Эрдэнэ-Очир мансууруулах бодис хэрэглэж буй үйл явдлыг бэхжүүлсэн хяналтын камерийн бичлэг, “BMW” загварын автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан 1,01 грамм ургамал, хуйлж ороосон тугалган цаас зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18, 41/,  

- Б.Эрдэнэ-Очир мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тусгай зориулалтын багажаар шалгахад дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургууд /хх-19-20/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн 1 болон 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлагад дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн №5716 дугаар дүгнэлт /хх-51/,

- Б.Эрдэнэ-Очирын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгажээ.

                       

            Анхан шатны шүүх, Б.Эрдэнэ-Очирын үйлдсэн “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хүнд биш ял оногдуулсан байна.

 

Хойшлуулшгүй ажиллагааны явцад Б.Эрдэнэ-Очирын өгсөн “... үлдсэн ууттай өвсөө автомашин дотроо авч суусан ба цагдаа нар ирэхээр нь зам дээр асгаад уутыг нь хаясан...” гэх тайлбар /хх 14/ нь мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт автомашин дотор Б.Эрдэнэ-Очир ногоон өнгийн ургамал бүхий гялгар уутны амсарыг асаагуураар түлж, нааж байгаа байдлаар давхар нотлогдож байх тул хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан хогийн олсны ургамлын хэмжээ 1,01 граммаас илүү байсан гэж үзэв.

 

Б.Эрдэнэ-Очир нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хогийн олсны ургамлыг олж авч, урьдчилан засч бэлтгэсэн хэрэглэл ашиглан татаж хэрэглэсэн байх ба үлдсэн ургамал нь автомашинд хийсэн үзлэгээр 1,01 грамм хэмжээтэй байсан хэргийн нөхцөл байдал нь уг гэмт хэрэг тохиолдлын шинжтэй үйлдэгдээгүй болохыг нотлон харуулж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс Б.Эрдэнэ-Очирт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж баривчлах ялыг сонгож хэрэглэсэн байна. Эдгээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх дахин дүгнэж Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй.   

 

Мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хэргийг хянан хэлэлцэхэд саад болох ноцтой зөрчил гараагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Иймд “баривчлах ялыг багасгаж өгнө үү” гэсэн ялтан Б.Эрдэнэ-Очирын,  “тохиолдлын шинжтэй анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй” гэх ялтны өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН