Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00140

 

Б.Чингист холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2016/0159/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Ялтан                                     Б.Чингис

            Ялтны өмгөөлөгч                            Р.Бямбажав

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны хянан шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолтой Б.Чингист холбогдох, 201614000153 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Б.Чингисийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991-04-02-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд баг 5-20 тоотод оршин суух, урьд нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3.д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлсэн, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 6 сар баривчлах ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ялаар,  2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 4 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болорхандын Чингис. /РД:ГР91040212/

 

Шүүгдэгч Б.Чингис 2016-03-03-ны өдрөөс 2016-03-05-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 14-02 тоотод оршин суух Б.Мөнхбаярын байшингийн  цонхыг хагалан орж “Монел” маркийн 42 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга 2, дунд гарын мөнгөн аяга 4, 10 кг Улаанбаатар гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 1.832.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016-04-09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн 20-27 тоот В.Дагвадоржийн байшингийн цонхны салхивчийг хагалан орж “Шарп” маркийн 32 инчийн зурагт хулгайлж 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Эрүүгийн 201614000187 дугаартай эрүүгийн хэрэгт сэжигтэнээр тооцогдон гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон   байна.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Болорхандын Чингисийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Б.Чингисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Б.Чингист Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 6 сар хорих  ялыг нэмж эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Чингист оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Чингисийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Б.Чингисээс 2.052.000 /хоёр сая тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 15-02 тоотод оршин суух Дэмбэрэлийн Лхагвадулам /РД:ГЗ90080103, Утас: 83738701/-д 1.832.000 /нэг сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 20-27 тоотод оршин суух Ванчигийн Дагвадорж  /РД:ИЦ65010975, Утас: 96003373/-д 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгох,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чингист авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн байна.  

 

Ялтан Б.Чингис давж заалдах гомдолдоо:

 

Болорханд овогтой Чингис миний бие Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 261 дүгээр зүйлийн 261.1.т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн юм.

 

2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би 32 инчийн зурагт хулгайлж баригдсан гэвч эрүүгийн төлөөлөгч Бадамжунай гэх хүн өрөөндөө оруулан зодож нүдэн дарамталж намайг алсан ч араас чинь хөөцөлдөх хүн байхгүй хулгай хийсэн хэргээ ярь гэж хэлсэн.

 

2015 оны 06 сарын үед хийсэн хэргээ ярьж LCD зурагт хулгай хийсэн айлдаа дагуулан очсон боловч энэ хэргийг нам дарсан.

 

Мөрдөн байцаагч Мөнхтулга тайлбар авч байхдаа чиний өмнөх 2015 оны 06 сарын хэрэг хамаагүй. Энэ хэргийг би дарна хохирол ижил. 2016 оны 03 дугаар сарын 04-05-ны хооронд 6 ширхэг мөнгөн аяга, LCD зурагт 10 кг гурил алдагдсан айлын хэргийг надад тохсон. Энэ хэргийг би хийгээгүй.

 

Би мөрдөн байцаалтаас оргон зайлаагүй. Таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Надад эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1.д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Мөнхтулга байцаагч ирж намайг зам шалгалтаар авч явсан. Миний хийгээгүй хэргийг айлын гадаа очиж 20.000 төгрөг өгч энэ айл руу гараа заагаад зургаа даруул дараа нь дахиад мөнгө өгнө гэсэн үнийг гэрчлэх жолооч болох Түвшин бас Гүррагчаа гэх харж байсан. Мөрдөн байцаагч Мөнхтулга нь Гүррагчаад чи үүнийг хараагүй шүү гэж хэлсэн.

 

Иймд эрхэм шүүгч та бүхэн үүний үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул  хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан Б.Чингис 2016-03-03-ны өдрөөс 2016-03-05-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 14-02 тоотод оршин суух Б.Мөнхбаярын байшингийн  цонхыг хагалан орж “Монел” маркийн 42 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга 2, дунд гарын мөнгөн аяга 4, 10 кг Улаанбаатар гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 1.832.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016- 04-09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн 20-27 тоот В.Дагвадоржийн байшингийн цонхны салхивчийг хагалан орж “Шарп” маркийн 32 инчийн зурагт хулгайлж 220.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг болон дээрх эрүүгийн хэрэгт сэжигтэнээр тооцогдон гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Д.Лхагвадуламын ...2016-03-03-аас 2016-03-05-ны хооронд бидний эзгүй байх хойгуур байшингийн цонхыг хагалан хулгай орж зурагт, зургаан мөнгөн аяга, 10 кг гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйлүүд авсан байсан… гэсэн мэдүүлэг, / хх-ийн 17-18-р хуудас /

 

Хохирогч В.Дагвадоржийн ...2016-04-08-наас 09-нд шилжих шөнө би ажил дээрээ хонож 04 сарын 09-ний өглөө ажлаас буугаад гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ очтол байшингийн урд талын баруун захын вакум цонхны салхивчийг хагалсан байдалтай байхаар нь хаалга тайлаад ортол зочны өрөөний хойморт тавиур дээр байсан 2 жилийн өмнө бэлгэнд ирсэн “sharp” маркийн 32 инчийн LCD зурагт алга болсон байсан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 23-р хуудас /

 

Гэрч Б.Ганзоригийн ...Чингисийг би танина, найз нөхдийн холбоо бол байхгүй, хаана байгааг нь хэлж мэдэхгүй байна. Харин сүүлд сураг сонсоход 5 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн барааны захаар Төгзөг хочит Төрмөнхтэй хамт явж байна гэж Дарханаас ирсэн нэг хүн хэлсэн. Тэрнээс хойш сураг тасарсан. Улаанбаатар хотод байж мэднэ. Орхон аймагт болсон учраас цагдаагийн газраас хайж эрэн сурвалжилж байгааг бүгд мэднэ... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 26-р хуудас /

 

Гэрч З.Болорхандын ...Миний хүү Чингис 1991 онд төрсөн айлын ганц хүү. Манайх Орхон аймагт 1981 онд шилжин ирсэн. Хүү маань 13 дугаар сургуулийн харъяа байсан тусгай сургуульд 7 дугаар анги хүртлээ сурсан... Дараа нь Оюутолгой компанид туслах ажилтан хийж байгаад гарсан. ...Тэрнээс хойш тогтсон ажил төрөл байгаагүй. Эхнэр хүүхэд гэр бүл байхгүй. Урьд нь 2-3 удаа хулгайн хэргээр шоронд ял эдэлсэн ч зан байдлын хувьд их даруухан, элдэв муу зан ааш байхгүй хүүхэд гэж эхийнх нь хувьд хэлмээр байна. Хаана байгааг нь мэдэхгүй Цагдаагийн газраас хүмүүс ирж уулзсан. Түүнийг хайж байгаа гэсэн... мэдүүлэг / хх-ийн 25-р хуудас / болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, түүнчлэн түүнд гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгаа гаргасан тухай тэмдэглэл, эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, Б.Чингисийг эрэн сурвалжилсан тухай баримтууд зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Б.Чингист холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан байх тул түүний гаргасан “... би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй..., би буруугүй учраас үнэн зөвийг олж өгнө үү...” гэсэн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Чингисийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР                                                                                           

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                                                                          Ц.ТУЯА