Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00141

 

Х.Байгалмаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                      Хэргийн индекс 142/2015/0181/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           С.Ёндонсамбуу

            Шүүгдэгч                                           Х.Байгалмаа

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Оюунчимэг, Р.Цэрэнханд

            Хохирогч                                           Б.Алимаа, Ц.Саранцэцэг, Б.Золбоо

            Хохирогчийн өмгөөлөгч                Б.Долгорсүрэн, О.Сарантуул

           Нарийн бичгийн дарга                    Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолтой Х.Байгалмаад холбогдох, 201414000366 дугаартай, эрүүгийн хэргийг хохирогч Б.Золбоо, Ц.Саранцэцэг, Б.Алимаа, хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, О.Сарантуул, шүүгдэгч Х.Байгалмаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

-Монгол Улсын иргэн, 1970-04-05-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах механик технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сөүл хотхон 2-40а-104 тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1.д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Шарнууд овогт Хүрэлбаатарын Байгалмаа. /РД:ФЖ70040507/

 

- Шүүгдэгч Х.Байгалмаа нь Б.Золбоогоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийн гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

 

- Ц.Саранцэцэгээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж” 20.000.000 төгрөгийг дансаар залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Батбаярын дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-оос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Хаан” банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60.500.000 авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан,

 

- Б.Алимаагаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сар”-ын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Байгалмаад холбогдох хэргээс Б.Алимаагаас 70.000.000 төгрөг, Б.Золбоогоос 30.000.000 төгрөг, Ц.Саранцэцэгээс 41.360.000 төгрөгийг тус тус залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Байгалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Шарнууд овогт Хүрэлбаатарын Байгалмааг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар шүүгдэгч Х.Байгалмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн 12 нэр төрлийн 9.616.000 төгрөгийн эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сөүл 40/а байр 140 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хоригийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шүүгдэгч Х.Байгалмаагийн Е-1248551 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д тус тус зааснаар шүүгдэгч Х.Байгалмаагаас 13.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-24-67 тоотод оршин суух Ц.Саранцэцэг /ФД:73030207/-т олгож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2.т зааснаар Б.Алимаа, Б.Золбоо, Ц.Саранцэцэг нарын нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисныг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Байгалмаад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Хохирогч Б.Золбоо, хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Х.Байгалмаагийн дээрх үйлдлүүдээс ...Б.Золбоогоос 30.000.000 төгрөг ...залилан мэхлэж бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр буцааж өгөх зохиомол байдлыг зориудаар бий болгосон, эзэмшигч нарыг төөрөгдүүлж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба уг зээлүүдийг авахдаа талууд амаар болон бичгээр гэрээ байгуулж, харилцан хүү тохирч, гэрээний дагуу тодорхой хэмжээний хүүг төлж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт ...хохирогч Б.Золбоогийн мэдүүлгүүд, зээлийн гэрээнүүд, талуудын харилцан мөнгө шилжүүлж байсан “Хаан” банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. ...шүүгдэгч тухайн үед гахайн мах нийлүүлэх бизнес эрхэлж байсан болох нь... “Транс трейд” ХХК-тай байгуулсан 2012 оны 07 сард байгуулж байсан зээлийн гэрээнүүд, ...М.Мөнхтуяагийн “...Байгалмаа 2012 оноос хойш манай байгууллагад гахайн мах нийлүүлдэг байсан ...Ч.Отгондаваа 2013 оны 07 дугаар сараас хойш манай байгууллагад гахайн шулсан мах нийлүүлдэг...” гэх мэдүүлгүүд зэргээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж... гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Х.Байгалмаа зээлүүдийг авахдаа амаар болон бичгээр гэрээ байгуулж, харилцан хүү тохирч, гэрээний дагуу тодорхой хэмжээний хүүг төлж байсан гэж дүгнэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.

 

Б.Золбоогийн хувьд 2013 оны 08, 10, 12 дугаар саруудад зээл өгсөн зээлийн гэрээний үүргийн дагуу сар бүр 1.500.000-3.500.000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй ч дансны хуулгаар 30.000-2.000.000 төгрөг төлсөн байх ба нэг жилийн хугацаанд 11.205.000 төгрөг төлсөн. 2014 оны 07 дугаар сараар буюу Цагдаагийн байгууллагад хандсан үеэс төлбөр огт хийгээгүй.

 

Х.Байгалмаа, Б.Золбоо нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа гэж үзэж байгаа бол гэрээний үүрэг бодитоор биелсэн байх учиртай. Гэтэл тодорхой хэмжээгээр хүүг төлж байсан гээд залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа нь буруу юм.

 

Шүүгдэгч Х.Байгалмааг гахайн махны бизнес эрхэлж байсан, эд хөрөнгийг буцааж өгөхгүй зориудаар зохиомол байдал бий болгосон эзэмшигч нарыг төөрөгдүүлсэн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

2013 оны 08, 10 дугаар саруудад авсан зээлээ сар бүрийн 10 хувиар, 12 дугаар сард 15.000.000 төгрөг авахдаа махны ашигтай бизнес эрхэлж байгаа дүү нартаа тусална... ашгаасаа сар бүр 3.500.000 төгрөг хүүнд өгнө гэж мөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэх үед Х.Байгалмаагийн гахайн махны бизнес нэгэнт зогссон, олон хүнд тодруулбал хохирогч Алимаа, Саранцэцэг болон бусад хүмүүст асар их өр ширтэй байсан. Зээлийн гэрээ бичгээр хийж, хүү амлаж байгаа ч бодитоор биелэгдэх нөхцөл байдал байгаагүй.

 

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаар тогтоолд: “...бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхэлж авах нь уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, ...барьцааны хөрөнгөгүй... зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагдана...” гэснийг шүүх огт үнэлээгүй.

Мөн тогтоолын “Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр дан ганцаар ашиг олох, гэрээний оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгдсэн учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийг гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж, байгуулсан нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэж тодорхой заасан залилан мэхлэх бодит үйлдэл хийгдсэн байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүх хийж чадсангүй.

 

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Золбоогийн хохирсон эрх ашгийг сэргээж, түүний хохирсон байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хохирогч Ц.Саранцэцэг давж заалдах гомдолдоо:

 

Хохирогч Ц.Саранцэцэг миний бие нь анх 2012 онд шүүгдэгч Х.Байгалмаа гэх эмэгтэйг мэдэх болсон. Тэр анх 2012 онд нөхөр Батбаярынхаа нэр дээр цалингийн зээлийг удахгүй авна, мөнгө зээлээч гэж надтай ирж уулзаж мөнгө зээлж авч байсан. Ингэж мөнгө зээлээч гэж ирэхдээ, нөхөр маань УБҮ-т олон жил ажилласан, өөрийгөө алтны уурхайд тогооч хийдэг 14 хоног ажиллаад 14 хоног амардаг гэж ярьж байсан. Мөн өөрийгөө алтны уурхайн захиралтайгаа нийлж хятадаас сэлбэг оруулж ирдэг сардаа маш их хэмжээний мөнгө олдог ашигтай наймаа хийдэг гэж өөрийгөө танилцуулж байсан. Мөн 4 дүгээр микрийн 24 дүгээр байранд 2 өрөө байр хөлслүүлдэг, өөрөө арктай нэг өрөө байранд амьдардаг, хотод байртай, ашгаа дан үл хөдлөх хөрөнгө болгодог гэж танилцуулсан. Ингээд эхний авсан мөнгөө удалгүй хүүтэй нь буцааж төлсөн. Үүнээс хойш олон удаа мөнгө зээлж авч эргүүлж өгч мөнгийг хүүтэй нь цувуулж өгдөг байсан. Энэ мэтчилэн 2012, 2013 онд их хэмжээгээр мөнгө авч өгдөг байсан.

 

2014 оны 01 дүгээр сарын 03-нд дансаар 20.000.000 /хорин сая төгрөг/ шилжүүлж авсан. Уг мөнгийг авахдаа миний наймааны оргил үе шинэ жил, цагаан сар, март гэх мэт баяр ёслолын өдрүүд байдаг юм. Би Улаанбаатар хотын бүх хиаман цехүүдийг гахайн өөхөөр хангаж байгаа, захиалга ихтэй, одоо цагаан сар болох учраас сайн бараа авч нөөцлөхгүй бол болохгүй, нэг сарын хугацаатай зээлж аваад цагаан сараар өгье гэж аваад огт өгөөгүй бүр нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Би цагаан сарын өмнөх үеэр мөнгөө нэхтэл, найз нь гадуур 100 гаран сая төгрөгний авлагатай, захирлууд гадаад гарсан 2 дугаар сарын 20-д гаргаад ирнэ гэсэн тэгэхлээр бүх тооцоо дуусна гэж хэлсэн.

 

Удалгүй 3 сар гаргаад би мөнгөө нэхтэл хотын том том захууд цагаан сараас хойш 14 хоног амраад сайн жигдэрч өгөхгүй байна одоохон надад мөнгө орж ирнэ, алтны уурхайгаас бас 40.000.000 төгрөг авах ёстой, 03 дугаар сарын 30-нд сарын сүүлд надруу дансаар явуулна гэсэн, тэгэхээр найз нь бүх тооцоог дуусгана гэж байнга надтай уулзаж тайвшруулан хэлчихээд явдаг байсан.

 

Гэтэл 3 дугаар сарын 27-нд над дээр хүрч ирээд манай нөхөр Батбаярын дүү Золбоо гээд залуу байдаг юмаа, нодлин 470 маркийн машинтай байж байгаад аавдаа өгчихсөн. Өөрөө 570 маркийн машин 200.000.000-д авч унасан хувийн алтны уурхайтай баян залуу байдаг юм. Манай нөхрийн хамгийн том ахынх нь хүү тэр залуу “Хас” банкнаас 300.000.000 төгрөгний зээл авч байгаа юм байна. Тэр зээл гарахаар надад 50.000.000 төгрөг огт хүүгүй зээлүүлнэ гэсэн, тэр мөнгөнөөс найз нь чиний мөнгийг бүгдийг төлж дуусгаад сэтгэл амар Улаанбаатар хот явж ажлаа хийе гэж хэлчээд явсан. Тэгээд маргааш нь дахин над дээр ирээд Сараа миний найз нөгөө дүүгийн маань зээл нь 300.000.000 төгрөгөөр хурлаар ороод гарчихсан байна. Харин манай дүү Хасын захирал Энхнасантай амралт дээр архидаж байгаа, өндөр зээл гаргаж байгаа болохоор захирлыг нь дайлж байгаа гэнэ. Одоо тэд амралтнаас “Хас” дээр ирж байгаа. Манай дүүгийн зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг байгаа гэнэ. Тэр мөнгийн хаагаад зээл авах юм. Чи найздаа туслаад тэр мөнгийг нь олоод зээлийг нь хаагаад өгөөч, найз нь бас 50.000.000 төгрөг зээлж байгаа болохоор тус болчихмоор байна. Тэгвэл бүр надад баттай мөнгө өгнө гэж гуйж байгаад чи л найздаа тусал гээд гуйгаад байхаар нь 27.000.000 төгрөг аваад Байгалмаатай цуг “Хас” банкны гадаа очсон. “Хас” банкны гадаа миний машин дотор нэг хүнтэй утсаар яриад би банкны гадаа ирсэн байна гараад ир гэж ярьсан гэтэл цаана нь нэг хүн юм хэлээд тасалсан, гэтэл Байгалмаа эд нар банк нь дотор захирлынх нь өрөөнд бас архи ууж байна гэнэ, яасан ууж идэж ханадаггүй хүмүүс вэ гэж байсан. Манай дүү би их мөнгө авч байгаа болохоор хүнээс 27.000.000 төгрөг зээлж байгаагаа энэ банкны хүмүүст мэдэгдмээргүй байна. Намайг мөнгөө аваад гэртээ байж бай гэж байна. Харин хүүг нь урьдчилаад та өгчих гэж байна гэж надад тэр доор нь хүү гэж Байгалмаа 270.000 төгрөг өгсөн. Байгалмаа бүх зүйлээ үнэмшилтэй ярьж байсан. Нүүр царайны төрх нь худлаа ярьсан шинжгүй байсан. Ярьсан зүйлд нь бүрэн итгээд байрных нь гадаа 27.000.000 төгрөг өгөөд Байгалмааг буулгаад явсан. Маргааш зээл гарна гэж байсан учраас Байгалмаа руу залгатал утсаа хаагаад алга болсон. Байгалмаагийн энэ ярьсан бүхэн шал худлаа жүжиг байсныг сүүлд мэдсэн. Надаас авсан мөнгөө 7 сарын өмнө Найгалмаагаас авсан 20.000.000 төгрөгнийхөө өр хүүнд өгчихсөн байсан. Нөхрийн дүү Золбоо энэ тэр бүгд худлаа. Надаас мөнгө салгаж авахын тулд энэ бүгдийг сэдэж жүжиг тоглосон байсан. 2014 оны 04 дүгээр сарын 11-нд 14.000.000 төгрөгийг надад өгсөн. Харин 13.000.000 төгрөгийг огт өгөөгүй. Ингээд Байгалмаа нь 4 дүгээр сарын эхээр над дээр ирээд намайг уучлаарай би чамд худлаа ярьж мөнгө авсан нь миний буруу би одоо банкнаас мөнгө зээлж энэ бүх тооцоо мөнгө төгрөгөө өгье гэж ярьсан.

 

Ингээд зээл хөөцөлдөж байх явцдаа барьцаа дутаад байна хүний ордер тавих гэж байгаа 4.000.000 төгрөг хэрэг болоод байна одоохон зээл гарах гээд байна. 4.000.000 төгрөгийг 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан. Зээл хөөцөлдөж байх явцад ямар ч мөнгөгүй, материал бүрдүүлж байна. Мөнгө хэрэг болоод байна, найз нь нэг мөсөн мөнгө авч байгаад зээлээ гарахаар бүх тооцоогоо дуусгана. Миний найз шиг сайн хүн алга гээд надад өрөм, хайлмаг, тос, ааруул, цагаа идээ барьж гүйж байгаад 2.350.000 төгрөгийг мөн цувуулж авсан.

 

2014 оны 05 дугаар сарын 22-нд над дээр бөөн баяр хөөр болсон гүйж орж ирээд найзынх нь зээл “Хаан” банкнаас 200.000.000 төгрөгөөр батлагдаад гарахаар боллоо. Ёстой чиний бүх мөнгийг хүүтэй нь тооцоод өгнө өө. Миний найз надад ёстой маш их тусалсан шүү гэж баахан ярьж сууж байгаад явсан. Маргааш өглөө бүр эрт 2014 оны 05 дугаар сарын 23-нд над дээр ирээд найз нь “Хаан” банкнаас зээлээ авах гэсэн чинь “Худалдаа хөгжлийн банк”-нд байгаа 76.000.000 төгрөгөө манай банкинд байршуул тэгээд гэрээгээ хийгээд зээлээ ав гээд байна. Чамаас өөр туслах нэг ч хүн алга, одоо бүх юм ок болчихсон гэж гуйж байгаад 53.000.000 төгрөгийг бэлнээр, би утаснаас 7.500.000 төгрөгийг шилжүүлж нийт 60.500.000 төгрөгийг авсан. Гэтэл Байгалмаа нь 2014 оны 05 дугаар сарын 30-нд миний зээл гарахгүй болчлоо гээд байршуулсан мөнгө 60.500.000 төгрөгнөөс 45.490.000 төгрөгийг нь өгч 15.010.000 төгрөгийг дутуу үлдээсэн.

 

Ингэж дутуу өгөхдөө “Голомт” банкны эврика дээр байдаг салбарын захирал Эрдэнэбат гэж залуу манай хүргэн Мөнхбатын найз байгаа юм. Тэр зээл баараагүй гаргаж өгнө гэсэн. Тэгэхээр найз нь яг өгнө гээд явсан. Зээл аваад өгнө гэсэн нь худлаа болохыг сонссон. Олон хүнд өртэйг мэдээд мөнгө олж өгөөч гэхэд уурлаж шүүх цагдаадаа ханд гэх болсон.

 

  1. 2014 оны 01 дүгээр сарын 03-нд наймааны оргил үе ашигтай наймаа хийдэг гэж 20.000.000 төгрөг /хэргийн материал дотор баримт байгаа/,

 

  1. 2014 оны 03 дугаар сарын 28-нд худлаа ярьж хуурч авсан 27.000.000 төгрөгний үлдэгдэл 13.000.000 төгрөг /хэргийн материал дотор баримт байгаа/,

 

  1. Зээл хөөцөлдөж байна гэж 2014 оны 04 дүгээр сарын 21-нд дансаар авсан 4.000.000 төгрөг/ шилжүүлсэн баримт байгаа/,

 

  1. Зээл хөөцөлдөж байх явцад цувуулж авсан 2.350.000 төгрөг,

 

  1. Байршуулсан 60.050.000 төгрөгний үлдэгдэл 15.010.000 төгрөгний үлдэгдэл огт өгөгдөөгүй хэргийн материал дотор гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

 

Нийт 54.360.000 төгрөг Байгалмаа авсан. Одоо болтол огт төлөөгүй. Би урьд оны авсан мөнгийг хүүтэй төлж байсан одоо огт өгөхгүй гэж байгаа нь иргэний харилцаа юм уу.

 

Байгалмаа нь 2014 оны 01 дүгээр сард надаас мөнгө авахдаа орлогын оргил үе 100.000.000 төгрөг авна. 40.000.000 төгрөг уурхайгаас удахгүй орж ирнэ. Зээл авахаар боллоо гэж баяр хөөр болж ирээд мөнгө зээлсэн. Тухайн үед бусад их хэмжээний өртэй байсан гэдгийг мэдээгүй. Түүнд итгэх итгэлийг минь хөсөр хаяж бусдад өгөх өрөө төлсөн. “Голомт” банкнаас зээл гаргуулж өгнө гэж итгүүлэн авчихаад 2-3 хоногийн дараа... цагдаа шүүхдээ өгөхгүй юу, би юу ч өгөхгүй гэж авирлаж байгаа нь итгэлийг эвдэж байгаа үйлдэл биш гэж үү.

 

Манай өмгөөлөгч Д.Оюунчимэг надаас өндөр мөнгө авсан. Бүх шүүгч прокурортой яриад намайг ялгүй гаргаж өгнө гэх мэтчилсэн мөнгө зээлж аваад 2 жил болж байгаа хүндээ ярьсан байна лээ. Хүнийг ингэж хохироож олон айлын амьдрал орон гэрээр тоглож, хэл амаар доромжилчихоод би цагаадчихсан, эд нар намайг гүтгэсэн гэх мэтчилэн янз бүрийн ташаа мэдээлэл цацаад явж байна.

 

Байгалмаа нь цагдаагийн байгууллагаар шалгагдах явцдаа 2015 онд Мөнхтуяа гэгч хүнээс 45.000.000 төгрөг ХЗХ-ноос 70.000.000 төгрөг 3 хүнээс их хэмжээний мөнгө аваад өгөхгүй. Тэр хүмүүст битгий цагдаад ханд, би төлнө шүүхэд өгч, эвлэрүүлэн зуучлагчид өг гээд шүүгчийн захирамж гаргуулчихаад төлөлт хийдэггүй. Тэр хүмүүс аргаа бараад байж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолоор Байгалмаагийн Саранцэцэгээс авсан:

 

2014 оны 01 дүгээр сарын 03-нд авсан 20.000.000 төгрөг

2014 оны 04 дүгээр сарын 21-нд авсан 4.000.000 төгрөг

2014 оны 04 дүгээр сарын 20-нд авсан 2.350.000 төгрөг

2015 оны 05 дугаар сарын 23-нд авсан мөнгөний үлдэгдэл 15.010.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

 

Байгалмаа нь мөрдөн байцаалтын шатанд нэг ч төгрөг өгөхгүй, төлөхгүй гэдэг бөгөөд мөнгөө төлсөн гэж мэдүүлсэн. Шүүх хурлын завсарлагаанаар Мөнхтуяа гэж өртэй эмэгтэй нь асуухад “Арван жил гэж прокурор яллаж байна, гайгүй байхаа” гэж ярьж байсан нь олон удаа хуралдааныг хойшлуулж, шүүх бүрэлдэхүүний шүүгч нарт яриа хөөрөө хийж нөлөөлсөн байна гэж эргэлзээ төрлөө.

 

Шүүхийн өмнө би төлөхгүй гээд байгаа хүнийг хэрэгсэхгүй болгодог нь үнэхээр шүүх энэ хэрэгтэнд сайн үйлчиллээ. Хэрэгтэн Байгалмаагийн үйлдлийг үнэхээр иргэний харилцаа гэж байгаа нь түүний хэлсэн төлөхгүй гэсэн мэдүүлэгтэй харьцуулахад дэндүү ойлгомжтой юм биш үү.

 

Яаж ийгээд мөнгө төгрөг авсан ч юм уу, танил тал нь нөлөөлсөн ч юм уу, тэрэндээ яаж ч чадахгүй хорих ял оноохгүйн тулд өршөөлд хамруулахын тулд дээрх үйлдлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, өршөөлд хамруулсан нь түүнд л хууль дэндүү сайн үйлчлэн хохирогч миний эрх ашгийг хуулийн дагуу хамгаалсангүй.

 

Шүүх гэм буруутай гэж байгаа юм бол ял оногдуулахгүй шууд л гэм бурууг нь өршөөсөн. Би ойлгохдоо гэм буруутай гэж тооцоод ял оногдуулчихаад дараа нь өршөөлийн хуулиараа оногдуулсан ялыг нь өршөөдөг гэж ойлгосон. Ял ч оногдуулахгүй шийдсэн нь хэтэрхий шударга бус хээл хахуульд өртөв үү гэж эргэлзэхэд хүрлээ.

 

Байгалмаа нь энэ хэрэгт шалгагдаад бизнесээ хийж чадахгүй, дандаа шүүх дээр дуудагддаг байсан гэж ичихгүй тэнэг хүмүүсийг хуурч байгаа мэт ярьж байсан. Гэтэл бизнесээ хийж байна гээд дандаа шүүхээс чөлөө авч сардаа нэг хоёр удаа л ирж бүртгүүлж байсан. Үүнийг шүүх огт анхаараагүй.

 

2014 оны 01 дүгээр сард 20.000.000 төгрөг надаас авахдаа Алимаа, Золбоо, хүргэн гээд байсан Мөнхбат гэх хүмүүст төлбөртэй байсан юм билээ. Энэ нь хэргийн материалд байгаа хохирогч нарын мэдүүлгээс харагддаг. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд маш их гомдолтой байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр. буцааж өгнө үү.

 

Маш их гомдолтой байна. Нэгэнт энэ хүн хүнээс мөнгө авчихаад өгөхгүй гэж байгаа юм бол тэр оногдох ял, хариуцлагаа үүрэх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хохирогч Б.Алимаа давж заалдах гомдолдоо:

 

Хохирогч Б.Алимаа миний бие нь анх 2012 онд шүүгдэгч Байгалмаа гэх эмэгтэйг багын найзаараа /О.Жадамба/ дамжуулан танилцаж мэдэж эхэлсэн. Ингэж танилцахдаа хятадаас гахайн өөх их хэмжээгээр оруулж ирээд Монголд байгаа том том хэдэн хиамны үйлдвэрт нийлүүлдэг өндөр ашигтай гэх мэтээр ярьдаг байсан. Тэгээд их мөнгө л байх тусмаа илүү их ашигтай. Мөн шинэ жил, цагаан сарын үеэр маш их эрэлттэй байдаг төдийгүй энэ үед оргил ачаалалтай байдаг гэж ярьж итгүүлсэн.

 

2012 онд найзаараа дамжуулан мөнгө зээлж эхэлсэн. 2012 онд хар дэвтэр дээрээ бичиж 28.000.000 төгрөг, 2013 онд зээлийн гэрээ хийж 55.000.000 төгрөг зээлчихээд уван цуван төлж барагдуулсан гэж үзээд тооцоогоо дуусгаж байсан.

 

2013 оны 12 дугаар сарын 26-нд 70.000.000 төгрөг зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Энэхүү мөнгөө зээлэхдээ одоо яг шинэ жил, цагаан сарын оргил ачааллын үе гэж зээлсэн. Харин энэхүү мөнгийг зээлснийхээ дараа хүү гэж 13.000.000 төгрөг өгсөн боловч зээлсэн мөнгө маань яаралтай хэрэг болсон тул 13.000.000 төгрөгөө үндсэн мөнгө гэж тооцоод үлдэгдлээ даруйхан өгөхийг шаардсан. Тухайн үед Байгалмаа өөрийн гараар үлдэгдэл 63.000.000 төгрөгийг төлөх графикийг бичүүлж авсан. Байгалмаа өөрийнх нь бизнесийн мөнгө удаашрах төлөвтэй байна. “Хаан” банкнаас зээл хөөцөлдөж байна гэж үнэ худал нь мэдэгдэхгүй их хугацаа авсан. Цаг хугацаа явах хэрээр ярьж буй зүйлүүд нь худлаа болох нь мэдэгдэж бас нэлээдгүй олон хүмүүст их хэмжээний өртэй болох нь сонсогдож байсан учраас хуулийн байгууллагад шалгуулахаар 2014 оны 05 дугаар сард хандсан. Энэ хугацаанд 5,6 хүнд их хэмжээний өртэй мөн өмнө нь шүүхээр орж шийтгүүлж байсныг мэдэгдсэн. 2,3 хүн шүүхээр явж шүүхийн шийдвэр дээр байгаа.

 

Хохирогч Саранцэцэг, Золбоо нарын шүүх хуралдаанд ярьж байгаа зүйл нь надад ярьсан зүйлтэй адилхан байгаа юм. Байгалмаатай танилцуулж байсан багын найзын /О.Жадамба/ маань байрыг ББСБ-д 40.000.000 төгрөгт тавьж одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа. Эдгээр хүмүүст нэг ч төгрөг өгч өр төлбөрийн барагдуулаагүйгээс гадна ямар ч төлөх шинжгүй ярьдаг.

 

Энэ хэрэг иргэд хоорондын иргэний харилцаа юм бол энэ хүн бүхэл бүтэн 2 жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын үед төлөхгүй гээд мэдүүлэг өгөөд байдаг нь ямар учиртай юм.

 

Маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Байгалмааг өршөөлд хамруулах гэж зүтгэсэн нь тодорхой байна. Нэгэнт энэ хүн авсан мөнгөө төлөхгүй гэж байгаа бол зохих хариуцлагаа үүрэх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Уг шийтгэх тогтоолоор иргэн Ц.Саранцэцэгийн 41.360.000 төгрөг, Б.Алимаагийн 70.000.000 төгрөгийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Х.Байгалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т заасан зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд уг гэмт хэргийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн Х.Байгалмаа нь хуурч мэхлэх аргаар Ц.Саранцэцэгээс 27.000.000 төгрөгийг авсан байна гэж мөчид дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл ангийн диспозицид заасан итгэл эвдэх аргын талаар шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.

 

Х.Байгалмаа нь хохирогч Б.Алимаа, Ц.Саранцэцэг нараас урьд нь мөнгө зээлж авч байсан. Тэдний итгэлийг төрүүлэх хэмжээнд бодит бус байдлыг бодитой мэт ярьж мөнгөө цувуулан өгч дуусгадаг байсан. Урьд нь үүсгэж байсан харилцаан дээр тулгуурлан хүүтэй нь өгнө гэж мөнгө авч түүнийгээ эргүүлж төлөхгүй гэж баттай шийдсэн нь мөрдөн байцаалтын шатанд өөрийнх нь өгсөн ...урьд нь хангалттай төлж байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг зэргээс харагддаг.

 

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж болох итгэл эвдэн мөнгийг аваад өгөхгүй байгаад огт дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл ангийг зөв хэрэглэж чадсангүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд дурьдсан “...эд хөрөнгийг өгөхгүйгээр буцаан өгөх зохиомол байдлыг зориудаар бий болгосон...” гэх дүгнэлт нь:

 

  • Хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй,
  • Шүүхийн хэлэлцүүлэгт нэг талыг барьсан /энэ объектив талын шинжийг тодорхойлох нөхцөл байдлуудыг зохих ёсоор тодруулаагүй, гэмт үйлдлийн агуулга/
  • Гэм бурууг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй,
  • Шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн шүүх хэргийн талаар дүгнэлт хийсэн зэрэг нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

 

            Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий зарчмууд болох:

 

  • Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим.
  • Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим.
  • Шударга ёсны зарчим.
  • Энэрэнгүй ёсны зарчим.
  • Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим.
  • Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим хэм хэмжээг зөрчсөн.

 

            Мөн шүүгдэгчийг хорихгүй, өршөөлийн хуульд хамруулахын тулд зүйлчлэлийг 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчилж, өршөөлийн хуулийг хэрэглэхдээ дээр дурьдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмууд, хэм хэмжээг зөрчсөн.

 

            2015 он 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйл буюу хуулийг хэрэглэх тухай 10.6.д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд 10.7.д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасан.

 

            Гэтэл шүүгдэгч төлөх төлбөр байхгүй, нэг ч төгрөг төлөхгүй гэдэг мэдүүлгийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Эдгээр бүх байдал нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 

            Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Байгалмаа давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор намайг Саранцэцэгээс 27.000.000 төгрөг залилж авсан гэсэнд гомдолтой байна.

 

Би 27.000.000 төгрөгийг худал хэлж хуурч мэхлэж аваагүй. Нөхрийн төрсөн ахын хүүхэд Золбоо зээл авах гэж байгаа гэж яриагүй. Үүнийг Саранцэцэг өөрөө зохиосон. Надаас мөнгөө өдөр хоногоор хүүлж бодоод их мөнгө нэхдэг байсан. Тэгээд би чамд зээл хөөцөлдөж өгье гээд өөрөө хүртэл миний дансанд мөнгө байршуулаад л байсан нь тогтоогдсон шүү дээ. Энэ зээлийг бүтээж өгөөд өөрийнхөө хүүлж, хий өсгөөд байсан мөнгөө л авах гэсэн ш дээ. Би Саранцэцэгээс авсан мөнгөө маш сайн өсгөж өгсөн.

 

Найгалмаагийн зээлийн үлдэгдлийг хаах гэж Саранцэцэг бид 2 ярилцаад өгсөн мөнгө. Найгалмаагаас би 20.000.000 төгрөг авсан байсныг Саранцэцэгээс авч хаагаад Найгалмаагаа эргүүлээд зээл авч банкинд байршуулахаар тохиролцсон боловч Найгалмаа өгөөгүй юм. Тэгээд би Саранцэцэгийн танил найз Ижилмаад машинаа барьцаалж 14.000.000 төгрөг авч өгсөн. 20-иод хоногийн дараа хоёулаа зээл авах гэж энэ бүгдийг хийчихээд намайг залилсан гээд байгааг шүүх хүлээгээд авсанд гомдолтой байна. Үлдэгдэл 13.000.000 төгрөгийг авсан гэдгээ шүүх хурал дээр хүлээсэн шүү дээ.

 

Иймд хэргийг хянаж намайг гэм буруугүй гэж тогтоож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Ёндонсамбуу дүгнэлтдээ:

 

Хохирогчдын давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэх  саналтай гэв.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Орхон аймгийн Прокурорын газраас  Х.Байгалмааг :

 

          - Хохирогч  Б.Золбоогоос 2013-08-20-нд 10.000.000 төгрөг,  2013-10-20-нд  5.000.000 төгрөг, 2013-12-16-нд15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг залилан мэхэлж авсан,

 

        - Хохирогч  Ц.Саранцэцэгээс 2014- 01-03-нд 20.000.000 төгрөг  2014-03-28- нд 27.000.000 төгрөг, 2014-04-20-нд 2.350.0000 төгрөг, 2014-04-21-нд 4.000.000 төгрөг, 2014-05- 23-ны өдөр “Хаан” банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60.500.000 авснаас 15.010.000 төгрөгийг буцааж өгөлгүй  нийт 68.360.000 төгрөг залилан мэхэлж авсан,

 

          - Хохирогч Б.Алимаагаас 2013-12-26-нд 70.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

           Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд дээрх үйлдлээс хохирогч Ц.Саранцэцэгээс 2014 оны 03 дүгээр сарын 28-ны өдөр  27.000.000  төгрөг авсан нь залилангийн гэмт хэргийн шинжийг агуулж байна  харин бусад үйлдэл нь  ...залилан мэхэлж бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүйгээр, буцааж өгөх зохиомол байдлыг зориудаар бий болгосон,эсхүл  эзэмшигч нарыг төөрөгдүүлж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба  зээл авахдаа талууд амаар болон бичгээр гэрээ  байгуулж, харилцан хүү тохирч, гэрээний дагуу тодорхой хэмжээний хүүг төлж байсан болох нь  хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдож байна... гэсэн  дүгнэлт хийж,

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д зааснаар  Б.Алимаагаас 70.000.000 төгрөг, Б.Золбоогоос 30.000.000 төгрөг, Ц.Саранцэцэгээс 41.360.000 төгрөгийг тус тус залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Байгалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг  бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

           Шийтгэх тогтоолыг хохирогч  нар эс зөвшөөрч  “... шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бидний эрх ашгийг зөрчсөнд  гомдолтой байна..., хэргийг дахин шалгаж  үнэн зөвийг  тогтоож биднийг хохиролгүй болгож өгнө үү ...” гэсэн  давж заалдах гомдол гаргасан  нь  үндэслэлтэй гэж үзлээ.

 

           Хэрэгт авагдсан нотлох баримтаас  үзвэл:

 

          -  Х.Байгалмаа  нь  анх  хохирогч    нараас тус тус   хэдэн төгрөгийг ямар хугацаатай,  хэдэн хувийн хүүтэй зээлсэн болох нь тодорхойгүйгээс тэднээс хэдэн төгрөг зээлсэн, зээлсэн мөнгөнөөс хэдийг нь ямар хугацаанд эргэн төлсөн, эсхүл  хэдэн төгрөгийн хүү төлж одоо хэдэн төгрөг төлөгдөөгүй байгаа нь тодорхой бус,

 

           Тухайлбал: оролцогчид зээлийн гэрээ байгуулахдаа зээлсэн мөнгийг өгч авалцсан мөнгөний хэмжээгээр үү, эсхүл  өмнөх зээлийн үлдэгдэл түүний хүү, дараа нь авсан  зээл түүний хүү зэргийг давхардуулан гэрээнд тусгасан эсэх,

 

          - Х.Байгалмаа зээлийн хүү гэж их хэмжээний мөнгө төлсөн гэж  мэдүүлдэг харин хохирогч нар  үндсэн зээл төлөгдөөгүй гэж мэдүүлж байгаагаас үзвэл  түүнийг яг бусдын хэдэн төгрөг залилсан болох нь тогтоогдоогүй,  

 

          - Түүнчлэн  Х.Байгалмаа дээрх  мөнгийг  авч байсан  хугацаанд  үнэхээр  гахайн махны бизнес бодитойгоор  хийж байсан уу..., эсхүл бизнес хийнэ..., гэж бусдыг залилсан уу гэдгийг  тогтоогоогүй,  мөн энэ нь биелэгдэх боломжтой байсан эсэх,   алтны уурхайн захиралтай нийлж Хятад улсаас сэлбэг оруулж  их ашиг олж байсан   эсэх,  бусдад орон сууц хөлслүүлдэг эсэх, бусдаас зээлсэн мөнгийг гэрээнд заасны дагуу зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь тодорхой бус байна.

 

          Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан  хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу  тэрээр  бусдын хэдэн төгрөгийг залилсан болох,  эрүүгийн гэмт хэрэг эсхүл  иргэд хоорондын зээл мөн эсэх / гэмт хэргийн сэдэлт /, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг нотолж  тогтоогоогүй байна.

 

          Иймд хохирлын тооцоог бүрэн хийх, тооцоо хийхдээ зөвхөн хохирогчдын мэдүүлгээс гадна бусад нотлох баримтыг цуглуулж түүнд хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд одоогоор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй  гэж үзлээ.

 

            Хохирогч нарын “ ...хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэсэн давж заалдах  гомдлыг хүлээн авч, Х.Байгалмаагийн гаргасан  “ ...хэргийг хянаж намайг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү...” гэсэн  гомдлыг хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул  хянаж  дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.1., 318 дугаар зүйлийн 318.2.1., 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Орхон  аймаг  дахь  Сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй  болгож,  Шарнууд  овогтой  Хүрэлбаатарын  Байгалмаад  холбогдох 

201414000366 дугаартай, 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг  нэмэлт ажиллагаа хийлгэхээр  Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.  

          

            2. Хохирогч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Х.Байгалмаагийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй  орхисугай.

 

            3.Хэрэг Прокурорт очтол Х.Байгалмаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          З.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                                                                                                            Ц.ТУЯА