Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 706

 

 

Н.Баянзул, Н.Гэрэлмаа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Мижиддорж,

Ялтан Н.Баянзулын өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Баянзулын гаргасан давж заалдах гомдлоор Н.Баянзул, Н.Гэрэлмаа нарт  холбогдох эрүүгийн 2014260005827 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овогт Намжилын Баянзул, 1963 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн бригадын төвд оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦЗ63043010/,

Олхонууд овогт Намжилын Гэрэлмаа, 1970 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн 4-5-89 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦЗ70091002/,

Н.Баянзул нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19-20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 115а тоот Ц.Буянжаргалын гэрийн гаднах таамбарт Р.Бямбасүрэнг Ц.Буянжаргалтай андууран толгойн тус газар нь цохиж, гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай, зулай хэсгийг хамарсан /100 гр/ хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн цусархаг няцрал бүхий хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт,

Н.Гэрэлмаа эрүүгийн 2014260005827 дугаартай хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хууль сануулан байцаалт авахад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.Баянзулыг “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03 цагаас 04 цагийн үед Н.Баянзул ах манай гэрт ирсэн. Ямар унаагаар ирсэн бэ гэхэд микро машинаар ирсэн гээд унтсан, тухайн үед Н.Баянзул ахаас архи үнэртэж байсан, маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 12 цаг хүртэл унтаж байгаад сэрээд утсаар ярьсан...” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Баянзулд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1,  Н.Гэрэлмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шийлжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Баянзулыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, Н.Гэрэлмааг гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Н.Гэрэлмаагийн үйлдсэн гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Баянзулыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Н.Баянзулд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Баянзулын цагдан хоригдсон 660 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Баянзулаас нийт 8.548.680 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гэрэлмаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Н.Баянзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Баянзулд авсан цагдан хорих, Н.Гэрэлмаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Н.Баянзул гаргасан давж заалдах гомдолдоо: “...Уг гэмт хэрэг нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Буянжаргалын гэрт болсон юм. Шинжээч эмч Туяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...уг гэмтлийг гараар цохиход үүсэхгүй гэж хэлсэн байдаг. Харин 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг гэмтлийг гараар цохиход үүсэхгүй...” гэсэн. Үүнийг үндэслээд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Харин өмгөөлөгч Б.Энх-Амгалан эмч Н.Туяагийн өгсөн мэдүүлгийг эсэргүүцэж, Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр цогцост дахин задлан шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээч эмч Г.Энхбаатар гаргасан дүгнэлтдээ “...уг гэмтлийг гараар цохиход үүсэхгүй. Гэмтэл авснаас хойш идэвхитэй хөдөлгөөн хийж болохгүй гэж дүгнэсэн байдаг. Шинжээч эмч Н.Туяа, Г.Энхбаатар нарын ийнхүү зөрүүтэй өгсөн мэдүүлгийг дахин нягталж шалгах, гэрч Ц.Буянжаргал, П.Энхжаргал нар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Н.Баянзулыг манайхаас хэдэн цагт явсныг мэдэхгүй...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн. Шүүгч Х.Одбаяр гэрч Ц.Буянжаргал, П.Энхжаргал нараас “та нар яагаад худал мэдүүлэг өгөөд байгаа” талаар асуухад дуугарахгүй байсан. Мөн гахайчин Д.Долгоржавыг дахин байцаах талаар хүсэлт тавьсан боловч байцаалт аваагүй. Тухайн үед шил архи уусан гэж намайг мэдүүлсэн байхад 3 шил архи гэж яригдсаар ирсэн ба үүнийг дахин шалгаж өгөх. Энэ хэрэгт огт хамааралгүй гэрчүүдийг олноор нь оролцуулсан. Мөн хэрэгт холбогдолтой гэрчүүд байхгүй байхад хэтэрхий нэг талыг барьж байсан. Гэрч Ц.Буянжаргал, П.Энхжаргал нарыг цагдан хорьж байцаалт авах тухай удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Гэрч Ц.Буянжаргал “би тасарчихсан байсан” гэж мэдүүлсэн тухай мөрдөн байцаагчид удаа дараа хүсэлт гаргасан боловч арга хэмжээ аваагүй. Гэрч Ц.Буянжаргал, П.Энхжаргал нар нь “...манайд ямар ч зодоон, хэрүүл, маргаан болоогүй...” гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Мөн дээрх гэрчүүд талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүйд маш их харамсаж байна. Амь хохирогчийн эхнэр Л.Алтантуяа анх өгсөн мэдүүлэгтээ “...би Н.Баянзулын талаар сайн мэдэхгүй, Ц.Буянжаргал, П.Энхжаргал нар нь маш их архи уудаг, уухаараа хоорондоо зодолддог, би нөхрөө тэдний гэр лүү явуулах дургүй. Хохирлоо энэ гурваар төлүүлнэ...” гэж мэдүүлсэн байсан хэрнээ дараагийн мэдүүлэгтээ “...Баянзул нь архи их уудаг, Буянжаргал, Энхжаргал нар арай дээр. Хохирлоо Баянзулаар төлүүлнэ...” гэж мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алтантуяа мэдүүлэгтээ амь хохирогчийг нэг удаа цохисон гэж мэдүүлсэн байгаа нь намайг нөхрөө алсан гэж бодоод байгаа боловч би хүн алаагүй. Бид 30 орчим жил найзалж нөхөрлөсөн хүмүүс.

Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин шалгах, гэрч Буянжаргал, Энхжаргал нар ийнхүү удаа дараа худал мэдүүлэг өгсөн байхад огт шалгахгүй зөвхөн намайг яллах гээд байгаад маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч Мандахнаран нь анхнаасаа хэргийн материалыг дутуу бүрдүүлж, нэг талыг баримталсан байх тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Н.Баянзулын өмгөөлөгч П.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Зөвхөн Н.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Лхагваа, Ц.Буянжаргал, П.Энхжаргал нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж энэ гэмт хэргийг Н.Баянзул үйлдсэн гэм буруутай гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Н.Баянзулын өөрийн мэдүүлэгт “амь хохирогчийг шанаан тус газар 1 удаа, толгойн ар талын дагзны хэсэгт 1 удаа, нийт 2 удаа гараар цохисон” гэж мэдүүлдэг. Эхний дүгнэлтийг шинжээч эмч Н.Туяа гаргасан. “Энэ дүгнэлтэд тухайн гэмтэл гараар цохиход үүсэх ямар ч боломжгүй” гэж дүгнэсэн байдаг. Яагаад гэвэл зулайн яснаас эхлээд дагзны хонхорхой хүртэл 25 сантиметрийн шугаман хугарал үүссэн. Энэ шугаман хугарал бий болсон учраас тархинд цусан хураа үүсэж, үүний улмаас үхэлд хүрсэн гэх дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтээр тухайн хэрэг хянан хэлэлцэгдэж байхад шинжээч эмч Н.Туяа анхан шатны шүүх хуралдаанд өөрийнхөө гаргасан дүгнэлтийг үгүйсгэж байсан. Үүнээс болоод Улсын Дээд шүүхэд хүртэл энэ хэрэг хэлэлцэгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг нэг мөр болгох, хэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай байгаа учраас эдгээрийг тогтоох хүсэлт гаргаж, Улсын Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэхдээ нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй явагдсан. Н.Баянзул болон бусад гэрч нараас 1-2 удаа байцаалт аваад шүүх рүү шилжүүлсэн. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “энэ гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжгүй” гэж дүгнэсэн. Шинжээч эмч нарын дүгнэлтэд “энэ гэмтлийг авснаас хойш ямар хугацаанд үхэлд хүргэх боломжтой вэ” гэдэг асуудал тодорхойгүй байдлаар шийдвэрлэгдсэн. Эхний шинжээч эмчийн дүгнэлтээр “ийм төрлийн гэмтэл авсан хүн 6-8 цагийн дотор амьд явах боломжтой” гэж дүгнэлт гарсан. Харин дараагийн шинжээч нарын дүгнэлтээр амьд явах боломжит хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн шинжээч нарын зөрүүтэй байдлаас болоод анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэсэн үндсэн дээр Н.Баянзулын өгсөн мэдүүлэг, гэрч Л.Лхагваагийн өгсөн мэдүүлэгт үндэслэж гэм буруутай гэж үзсэн. Гэрч Л.Лхагва нь Н.Баянзулын гэр бүлийн хүн. Цагдан хорих 461 дүгээр ангид очиж Н.Баянзултай уулзаад “чи юу гэж мэдүүлэг өгчихсөн юм бэ” гэхэд нь “өгсөн мэдүүлгийнх нь тухай ярьсан, тэр ярьсан зүйлийг нь байцаагч надад иймэрхүү байдлаар хэлсэн” гэдгийг дамжуулж хэлснийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Бусад энэ төрлийн гэмтэлтэй хэргүүдэд  6-8 цаг гэж цагийн хязгаар тогтоож өгдөг мөртлөө яагаад энэ хэрэгт шинжээч эмч нар амьд явах цагийг тодорхойлох боломжгүй гээд байгаа нь ойлгомжгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Энхжаргал “Н.Баянзул 21 цаг өнгөрөөгөөд манай гэрээс явсан” гэж мэдүүлдэг ч анхан шатны шүүх хуралдаанд энэ мэдүүлгээсээ гэнэт буцсан. “Та мөрдөн байцаалтын шатанд ийм мэдүүлэг өгсөн байна. Яагаад өнөөдөр мэдэхгүй, хэзээ явснаа санахгүй байна гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ буцаад байна вэ” гэхэд тодорхой тайлбар өгөөгүй. Хэрвээ үнэхээр гэрчийн мэдүүлгээр 21-22 цагийн орчимд явсан бол амь хохирогч 23 цагийн үед амьд байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Тэгвэл гэмтэл авснаас хойш 12-13 цагийн хугацаанд хохирогч амьд байсан байх. Эргэлзээтэй нотлох баримтыг бүх талаас нь нотлогдоогүй байхад Н.Баянзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял халдаасанд гомдолтой байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт архины шилний талаар яригдсан боловч шалгах ажиллагаа хийгдээгүй. Н.Баянзул “2 шил архитай очсон. Амь хохирогчийн гэрт очоод дахиад 2 шил архи авсан. Нийт 4 шил уусан” гэж мэдүүлдэг. Хэргийн газрын үзлэгээр 3 ширхэг архины шил хураагдсан. Харин 1 архины шил яасан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Н.Баянзул анхнаасаа “2014 оны 11 дүгээр сарын 20-ны орой архи ууж яваад Дарь-Эхэд байх найз М.Туяагийн гэрт очиж хоноод, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр түүний хүүхдийнх нь төрсөн өдөр байсан учраас өглөө хамт гарч “ХААН” банкнаас мөнгө авч өгөөд, тоглоомын газар тоглуулж, кино үзсэн” гэж тогтвортой мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг шалгах ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд огт явагдаагүй. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “ХААН” банкны данснаас гүйлгээ хийсэн эсэхийг шалгах боломжтой. Мөн найз Туяагийн гэрт очиход найз нь байсан гэж ярьдаг. Тэр найзыг нь гэрчээр дуудаж, үнэхээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Баянзул Туяагийн гэрт ирсэн үү гэдгийг тогтоох ажиллагааг огт хийгээгүй. Ийм хангалтгүй мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд байна. Тийм учраас эдгээр зүйлүүдийг нарийвчилж тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг ярих ёстой. Н.Баянзулын гараар 2 удаа цохисон гэдэг өөрийнх нь мэдүүлэгт үндэслэж ял халдаасан нь учир дутагдалтай...” гэв.

Ялтан Н.Баянзулын өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгч П.Отгонбаярын тайлбартай санал нэг байна...” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Ялтан Н.Баянзулын гомдолд шинжээчийн дүгнэлт дутуу хийгдсэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. Хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдсэн гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Н.Баянзул нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19-20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 115а тоот Ц.Буянжаргалын гэрийн гаднах таамбарт Р.Бямбасүрэнг Ц.Буянжаргалтай андууран толгойн тус газар нь цохиж, гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай, зулай хэсгийг хамарсан /100 гр/ хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн цусархаг няцрал бүхий хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтантуяагийн “...талийгаач руу 22 цагийн үед залгахад П.Энхжаргал гэх эмэгтэй гар утсыг нь аваад Н.Баянзул, Р.Бямбасүрэн хоёр  манайд ирсэн. Бид нар архи ууж байна, манай нөхөр тасраад уначихсан. ...Түүнээс хойш 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 07 цагийн үед талийгаач руу залгахад утсаа авахгүй байсан. Дараа нь 11 цаг 56 минутад 88089056 дугаарын утаснаас П.Энхжаргал залгаад талийгаачийг уртаар амьсгаа аваад сонин болоод байна, ус уулгахаар буцааж гаргаад хөл гар нь хүйтэн болоод байна гэхээр нь “яаралтай дусал залгачих” гэж хэлтэл бид нар тариа хийж чадахгүй, түргэн тусламж дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баасан ахыг дуудаад хоносон айл руу явж байхад талийгаачийг өнгөрчихсөн байна гэж нэг хүн утсаар хэлсэн. ...өмнөх өдөр нь хэлэхдээ Ц.Буянжаргал тасраад уначихсан байна. Харин Н.Баянзул одоо явах гэж байна гэж хэлсэн. Мөн өөрийгөө талийгаачийн хамт 0.75 литрийн архи уугаад үлдэх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачтай яръя гэхэд П.Энхжаргал түүнийг ярихгүй гэж байна гэсэн. Орой болсон байна, явна гэвэл битгий явуулаарай гэхэд явуулахгүй ээ, одоо бид хоёр ингээд амарна гэж хэлсэн. Намайг ярихаас өмнө талийгаач руу түүний төрсөн эх болох С.Роломжав 86788035 дугаараас залгахад утсаа авахгүй байсан гэсэн. Талийгаач Р.Бямбасүрэн нь ээжийг залгахад утсаа авахгүй байна гэж огт байхгүй. Энэ бүхэн надад сэжигтэй санагдаж байна. ...Талийгаач 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ гарч явахдаа цоо эрүүл гарч явсан ба тухайн үед ямар нэгэн гэмтэл, шарх аваагүй байсан. Би талийгаачтай 25 жил амьдарсан бөгөөд тархиндаа огт гэмтэл авч байгаагүй. ...нийт 13.932.646 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирол төлөгдөөгүй…” /1-р хх-67-73, 2-р хх-197/,  

Гэрч Д.Долгоржавын “...Талийгаач болон Н.Баянзул нарыг ирэхээс өмнө нь Ц.Буянжаргал, П.Энхжаргал нар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хоорондоо маргалдаж зодолдсон. Юунаас болсныг нь санахгүй байна. ...2014 оны 11 дүгээр сарын 20-21-ны хооронд манай гэрт Буянжаргал орж ирж хоноогүй. Тэр өдөр эхнэртэйгээ маргалдаж зодолдсон. ...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач Р.Бямбасүрэн, Н.Баянзул нар Ц.Буянжаргалын гэрт ирсэн. Би тэднийг хэдэн цагт ирсэн болохыг мэдэхгүй. ...Тэд нартай хамт архи уугаагүй. Намайг ороход тэр дөрөв ширээ тойроод ярилцаад сууж байгаа харагдсан. Намайг унтаж байхад П.Энхжаргал гаднаас орж ирээд та Р.Бямбасүрэнг өргөлцөөд гэрт оруулаад өгөхгүй юу гэж хэлсэн. Тэгээд П.Энхжаргалтай хамт гарч тэдний байшинд очтол байшингийн үүдний таамбар дотор талийгаач толгой нь ...үүд рүү чиглэсэн байдалтай, хажуу тийшээ харчихсан ганцаараа хэвтэж байсан. Талийгаачийн ойр орчимд юу байсныг би санахгүй байна. П.Энхжаргалын хамт талийгаачийг хоёр талаас нь сугадаж өргөөд байшин руу оруулж гэрийнх нь голд байх буйдан дээр хэвтүүлсэн. Тухайн үед талийгаач амьд байсан. ...түүнийг өргөөд босгож байхад гараараа намайг нэг удаа  түлхсэн. Энэ үед Н.Баянзул байхгүй байсан. Түүнийг хэзээ явсныг нь мэдэхгүй байна. Байшинд ямар нэгэн зодоон маргаан болсон шинж тэмдэг ажиглагдаагүй. Би талийгаачийг орон дээр хэвтүүлчихээд л гарсан. Талийгаачийн хэвтэж байсан газар цус байгаагүй…” /1-р хх-97-99, 2-р хх-127-128, 3-р хх-29/,

Гэрч Ц.Эрдэнэбатын “…2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11-ээс 12 цагийн хооронд миний “89192627” дугаарын утсанд манай ажлын газрын Бямбасүрэнгийн “96678084” дугаараас нэг эрэгтэй залгаж “энэ утасны хүний бие нь муу байна, түүний  эхнэрийнх нь дугаарыг мэдэх үү” гэж асуухаар нь би “наад хүн чинь яасан юм бэ” гэхэд “нууцгүй хэлье, өчигдөр орой ганц хоёр юм уусан юм” гэхээр нь “мэдэхгүй байна, өөр хүнээс асуугаад өгье” гээд ээжийн утсаар ажлын газрын Баасан гэж хүний утас руу залгаж “та авгайд нь хэлээд өгөх үү, Р.Бямбасүрэнгийн бие муу байна гэнэ” гэж хэлж байсан юм…” /1-р хх-100-101/,

Гэрч Г.Очбаатарын “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11-ээс 12 цагийн орчим намайг хүүгээ сургуулиас нь авах гээд хүлээгээд байж байтал над руу ээж маань утсаар залгаж “Буянжаргал ахын чинь гэрт нь ирсэн нэг хүнийх нь бие нь муудаад байна гэнэ, наана чинь эмч байвал дагуулаад ирэх үү” гэсэн. Тэгэхээр нь би 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт очиж хүний бие өвдөөд байгаа юм байна гэхэд өрхийн эмч нар манай хорооны хүн биш юм байна үзэхгүй, түргэн дууд гэж хэлсэн. Өрхийн эмнэлгээс гараад хүүхдээ сургуулиас нь авчихаад явж байтал Ц.Буянжаргал гэрийнхээ гадаа зогсож байсан ба намайг дуудахаар нь би машинтайгаа очтол эмнэлэг яваад өгөөч гэхээр нь өрхийн эмнэлгийн эмч нар чинь ирэхгүй гэж байна гэж хэлсэн…” /1-р хх-102-103/,

Гэрч П.Гүндэгмаагийн “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11-ээс 12 цагийн орчим манай гэрээс доошоо урд хэсэгт амьдардаг Ц.Буянжаргал гэх хүн надтай манай үүдэнд тааралдсан. Түүнээс нүүрээ яачихаа вэ гэж асуутал өчигдөр орой манай гэрт 2 найз ирсэн юм. Тэгээд бид нар шоудсан юм ...найзуудынх нь нэгнийх нь бие муудаад байна, түргэн тусламж дуудах хэрэгтэй байна гэж надаас асуусан. ...Тэгэхээр би хүүдээ Буянжаргал ахын чинь гэрт ирсэн хүний бие нь муудаад байна гэнээ, чи наанаасаа эмч олоод ирэх арга байна уу гэж хэлсэн. Тэгээд манай хүү 12 дугаар хорооны өрхийн эмнэлэгт очиж эмч байгаа эсэхийг асууж болсон хэргийн талаар хэлэхэд манай хорооны хүн биш, бид үйлчлэхгүй, та нар түргэн тусламж дууд гээд ирээгүй…” /1-р хх-104-105/,

Гэрч Г.Ганчимэгийн “...манай дэлгүүрт 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Ц.Буянжаргал гэх хүний эхнэр нь болох 40-50 орчим насны эмэгтэй нүүрэндээ бараан өнгийн маск зүүсэн нүүр нь нилээн хавдаж, хөхөрчихсөн орж ирсэн. Тухайн үед өмнө нь харагдаж байгаагүй, шар царайтай, намхан нуруутай 40-50 орчим насны, туранхай, яс томтой хүнтэй хоёулаа орж ирсэн. Одоо миний санаж байгаагаар 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи, 1 жижиг савтай ундаа аваад гарсан…” /1-р хх-109-110/,

Гэрч П.Энхжаргалын “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Р.Бямбасүрэн, Н.Баянзул 2 халамцуу 750 граммын 2 шил “Улаанбаатар” архитай ирсэн. Тэгээд манай нөхөр бид дөрөв тэр 2 шил архийг хувааж уусан. Р.Бямбасүрэн, Н.Баянзул бид 3 Биокомбинат руу орж 0.75 граммын 1 шил архи аваад дөрвүүлээ талыг нь уугаад тал нь үлдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 01-ээс 02 цагийн үед бие засах гээд гартал Р.Бямбасүрэн үүдний таамбарт хажуу тийшээ харсан байрлалтай хэвтэж байсан. Тэгээд манай урд хашааны Д.Долгоржавыг гэрээс нь дуудаад түүнтэй хамт Р.Бямбасүрэнг үүдний таамбараас өргөж гэрт оруулаад орон дээр унтуулсан. Тэгэхэд ширээн дээр бид нарын ууж байгаад үлдээсэн 750 граммын тал шил “Улаанбаатар” архи харагдаж байсан. Тэгээд би 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрч байх үед босоход Р.Бямбасүрэнгийн орны өмнө 750 граммын архины хоосон шил байж байсан. Ширээн дээр үлдээсэн тал архи байхгүй байсан. Тэгэхээр нь би дотроо үлдээсэн тал шил архийг Р.Бямбасүрэн уугаад дуусгасан байна гэж бодсон. Гахай, тахиагаа хооллож байгаад 10 цагийн үед гэртээ орж ирэхэд талийгаач унтаж байснаа сонин амьсгалаад байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Толгой нь халуунтай байхаар нь хүйтэн жин тавиад хөл нь хүйтэн байхаар нь шилэнд ус хийгээд хөлөн дээр нь тавьсан. 103 руу залгаж түргэн дуудсан чинь 93083590 гэсэн өрхийн эмнэлгийн дугаарыг өгсөн. Уг дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд талийгаачийн эхнэр Л.Алтантуяа руу нь залгаад талийгаачийг чичрээд, сонин амьсгалаад байна гэтэл эхнэр нь даралт нь жаахан унадаг, аналгин тариагаар хийчих гэхээр би тариа хийж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд өрхийн эмнэлгийн эмч ирж үзээд даралт нь унасан байна гэж хэлсэн. Тэгээд ирсэн эмч тариа хийх гэсэн чинь тариа нь орохгүй байсан. Тэгээд Р.Бямбасүрэн нас барсан. Талийгаач нь манай гэрээс гараагүй…” /1-р хх-113-115/,

Гэрч Ц.Буянжаргалын “...Миний багын найз Р.Бямбасүрэн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед найз Н.Баянзултай хамт 750 грамм “Улаанбаатар” гэх архи 2 шилийг авч ирээд манай эхнэр П.Энхжаргал бид дөрөв хувааж уусан. Тэгээд П.Энхжаргал, Н.Баянзул хоёр дэлгүүр явж 1 шил архи авчирч уусан гэж өглөө надад хэлсэн. Би орой 22 цагт согтоод унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед босоход Р.Бямбасүрэн орон дээр унтаж байсан. П.Энхжаргал, Р.Бямбасүрэнг орон дээр уртаар амьсгалаад байна гэж надад хэлсэн. ...10 цаг өнгөрч байхад түргэн дуудахад өрхийн эмнэлгийн эмч нар 12 цагийн үед ирж үзээд Р.Бямбасүрэнг амьсгал хураасан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бид нар хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 18-нд эхнэр Энхжаргалтай согтуу маргалдаж ноцолдоод П.Энхжаргал миний нүүрэнд шарх үүсгэсэн. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг өнгөрч байхаас эхлэн талийгаач Р.Бямбасүрэн уртаар амьсгалаад байсан. ...Н.Баянзул 2014 оны 11 дүгээр сарын 20-ны орой хэдэн цагт явсныг нь мэдээгүй, орой 22 цаг өнгөрч байхад унтаад өглөө нь сэрээд эхнэрээсээ асуухад өчигдөр орой явсан гэж хэлсэн…” /1-р хх-116-118/,

Гэрч Л.Лхагваагийн “...Би Н.Баянзултай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзаад түүнээс “чи яасан юм бэ, болсон асуудлыг үнэн зөвөөр хэл” гэхэд  “Ц.Буянжаргалын гэрт 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түүний эхнэр П.Энхжаргал болон талийгаач Р.Бямбасүрэн нарын хамт архи уугаад сууж байтал Ц.Буянжаргал гэнэт эхнэр рүүгээ дайрч уурлаад эхнэртэйгээ маргалдаад байхаар нь түүнийг болиоч гэхэд над руу дайраад байсан” гэж хэлсэн. Үүнээс болж дургүй нь хүрээд гараад тамхи татаад зогсож байтал араас нь нэг хүн гараад ирэхээр нь түүнийг  гараад ирлээ гэж бодоод нэг сайн хашраагаад цохьчихоё гэж бодоод толгой руу нь гараараа 2 удаа цохисон гэсэн. Түүний цохисон хүн нь Ц.Буянжаргал биш талийгаач Р.Бямбасүрэн байсан гэж хэлсэн. Цохиулсныхаа дараа талийгаач Р.Бямбасүрэн, Н.Баянзултай барьцалдахад Ц.Буянжаргал, П.Энхжаргал 2 гарч ирээд салгасан гэсэн. Тэгээд бүгдээрээ буцаж орж хоорондоо эвлэрцгээж дахиж нэг шил архи уусан ба архи дуусахаас өмнө тэндээс гараад явсан гэсэн. Ц.Буянжаргал, П.Энхжаргал нарыг ямар нэг байдлаар талийгаачийг цохиж зодсон, маргалдсан талаар огт хэлээгүй…” /1-р хх-126-128, 129-130/,

Гэрч М.Туяагийн “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн орчим манай гэрт Н.Баянзул орж ирэнгүүтээ л уйлаад миний найз өнгөрчихлөө, Р.Бямбасүрэнтэй Биокомбинатад найзындаа архи ууж байтал нас барчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд надаас архи аваад өг гээд байсан ба түүнд архи өгөөгүй. ...миний найз нас барчихлаа гэж үү гээд уйлаад л байсан. Н.Баянзул надад тодорхой зүйл хэлээгүй. ...Тэгээд би орой 17 цагт гэртээ ирэхэд Н.Баянзул унтаж байсан. Тэгээд сэрснээ цай уумаар байна гээд манай хүүхдээр цай хийлгэж уусан. Гэтэл гэнэт манай хүү ээжээ “Н.Баянзул ах уначихлаа” гэж хэлэхээр нь хартал ухаан алдчихсан, гар хөл нь чангарчихсан, шүдээ тас зуучихсан байсан. Тэгэхээр нь би түргэн дуудаж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт архины гүн хордлого оноштойгоор яаралтай тусламжийн тасагт хүргүүлсэн…” /1-р хх-131-132/,

Э.Баянзулын сэжигтнээр өгсөн: “...Ц.Буянжаргалын гэрээс гараад гадаа зогсож байсан. Цонхноор харахад Ц.Буянжаргал хувцасаа өмсөөд гарч ирэх гэж байх шиг харагдахаар нь түүнийг гарч ирэх гэж байна гэж бодоод байшингаас гарч ирсэн хүний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд дахиад нэг цохисон чинь Ц.Буянжаргал биш Р.Бямбасүрэн байсан. 2 дахь удаад цохих үед Р.Бямбасүрэн гэдгийг таньсан. Тэгээд Ц.Буянжаргал, П.Энхжаргал хоёрыг маргалдаад байхаар нь талийгаачид “би явлаа, чи явахгүй юм уу” гэхэд “яв, яв” гээд байшингийн үүдэнд үлдсэн. ...талийгаач таамбараас гарч ирэх үед түүний зүүн шанаанд нэг удаа, эргээд харах үед түүний дагз руу нэг удаа цохисон. Орой 20 цагийн үед цохисон. ...Би цохисон учраас айгаад байсан....” /1-р хх-228-229/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн 2169 тоот дүгнэлтэд: “…Талийгаачийн цогцост гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай зулай хэсгийг хамарсан /100гр/ хатуу хальсан доор цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нас барахаас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.4 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Р.Бямбасүрэн нь ABO системээр А II бүлгийн цустай байна. Талийгаач нь гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай, зулай хэсгийг хамарсан /100гр/ хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас нас баржээ…” /1-р хх-144-145/ гэх дүгнэлт,

Шинжээч эмч Н.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...уг гэмтэл гараар цохиход үүссэн байхыг үгүйсгэхгүй. ...гараар маш хүчтэй цохих үед үүсэх боломжтой...” /3-р хх-169/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 443 тоот дүгнэлтэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр гаргасан 2169 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Баруун зулай, чамархай ясны далд хугарал, тархины дух, баруун чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун духны няцрал гэмтлийг авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан хүн хэдэн цагийн дараа нас барахыг тогтоох боломжгүй...” /4-р хх-51-53/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын “...талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг гарсан гэх айлд ирэхээс өмнө уг гэмтлийг аваагүй байна. Хэргийн материалд авагдсан мэдээллээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаас эхлэн талийгаач болон уг айлд байсан хүмүүс архи уусан байхаар дурдагдсанаас үзэхэд уг цаг хугацаанаас хойш гэмтэл үүсгэгдсэн гэж үзэж болно. Уг гэмтлийг авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийж явах боломжгүй. Хүний биеийн өөрийн онцлог байдлаас шалтгаалан гэмтэл авсан хүн хэдэн ч цаг комын байдалтай байж болно. Тухайн үед яаралтай задлан шинжилгээнд орсон учраас хэдэн цагт гэмтэл авсан гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Эмнэлгийн тусламж яаралтай цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломжгүй. Учир нь тархины зөөлөн бүрхүүл доор их хэмжээний цус харвалт, няцралт үүссэн байна...” /4-р хх-60-62/ гэх мэдүүлэг,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 15 тоот дүгнэлтэд: “…Н.Баянзул нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Баянзул хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдолтой байсан байна. Н.Баянзул нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. Н.Баянзул нь одоо оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Баянзулд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна…” /1-хх-170/ гэх дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-4-13/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-16-18/, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-35-50/ зэрэг нотлох баримтуудаар,

Н.Гэрэлмаа эрүүгийн 2014260005827 дугаартай хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хууль сануулан байцаалт авахад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03 цагаас 04 цагийн үед Н.Баянзул ах манай гэрт ирсэн. Ямар унаагаар ирсэн бэ гэхэд микро машинаар ирсэн гээд унтсан, тухайн үед Н.Баянзул ахаас архи үнэртэж байсан, маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 12 цаг хүртэл унтаж байгаад сэрээд утсаар ярьсан...” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь:

Н.Гэрэлмаагийн гэрчээр өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг Эрдэнэт хотод байхад 15 цагийн орчим ах Н.Баянзул залгаад “ах нь хүн амины хэрэгт холбогдчихлоо, нэг найзтайгаа архи уусан юм, тэр маань нас барчихжээ, тэр найзынхаа гар утас руу залгасан чинь цагдаа нар утсыг нь аваад энэ хүн чинь нас барсан байна, та ирж байцаалт өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та очиж байцаалт өг” гэж хэлсэн. Тэгтэл Н.Баянзул ах өөрийгөө цагдаа нарт “Эрдэнэтэд явж байна” гэж хэлсэн, хэрвээ байцаагч намайг асуувал Эрдэнэтэд байгаа гэж хэлээрэй гэж гуйсан. Би ахыг та хотод байгаа биз дээ, очиж байцаалт өг гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би түүнтэй дахин холбоо барих гэсэн боловч утас нь тасраад холбогдохгүй байсан. Маргааш орой нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 22-ны орой цагдаагаас залгаад танай гэрт Н.Баянзул хэзээ ирсэн юм бэ гэж асуухаар нь өнгөрсөн 5 дахь өдрийн үүрээр 03-04 цагийн хооронд согтуу ирсэн гэж худлаа хэлсэн. Түүнээс манайд ирээгүй, надаас гуйсан болохоор нь би цагдаа нарт ирсэн гэж хэлсэн юм. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний орой манай гэрт цагдаа нар ирж мэдүүлэг авахад худал мэдүүлэг өгсөн. Н.Баянзултай холбогдох гээд болохгүй болохоор нь түүний утас руу цагдаад очиж байцаалт өг гэж 2 удаа мэссэж бичсэн. Түүний утас руу залгахад М.Туяа гэх эмэгтэй утсыг нь аваад эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Н.Баянзул ах надтай ярихдаа согтуу байсан. Хаана байгаа юм бэ гэж асуухад “ганданд байна” гэж хэлсэн бөгөөд ингэж хэлэхдээ уйлж байсан. Түүнийг гуйсан болохоор худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна...” /1-р хх-123-125/,

Н.Баянзулын сэжигтнээр өгсөн: “...би айгаад шууд хорих байх гэж бодоод 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дүү Н.Гэрэлмаа руу яриад “намайг цагдаа нар асуувал Эрдэнэтээс өнөө орой гараад явсан” гэж хэлээрэй гэж захисан...” /1-р хх-228-229/ гэх мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-48-57/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтын хүрэлцээ хангалттай, эдгээр нотлох баримтуудаар Н.Баянзулыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, Н.Гэрэлмааг мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарчээ.

Ялтан Н.Баянзул “...шинжээч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, хэргийн материалыг дутуу бүрдүүлэн нэг талыг барьж ял шийтгэл оногдуулсан байх тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэсэн гомдол гаргажээ.

Түүний гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг хэрэгт авагдсан баримтаас судлан үзэхэд ялтан Н.Баянзул “...талийгаачийг таамбараас гарч ирэх үед түүний зүүн шанаанд нэг удаа цохиод, эргээд харах үед дагз руу нэг удаа цохисон. Орой 20 цагийн үед цохисон...” гэсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2169 дүгээр “...Талийгаач нь гавлын баруун зулай яснаас доош дагзны баруун хэсгийг дайрч суурь ясны арын хонхор хүртэл үргэлжилсэн 25 см урттай шугаман хугарал, тархины баруун дух, чамархай, зулай хэсгийг хамарсан /100гр/ хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлтийг шүүх эмнэлгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээний 443 дугаар дүгнэлтээр “...үндэслэлтэй...” гэж дүгнэсэн байгаа нь эргэлзээгүй байх ба шинжээч эмч Н.Туяагийн “...уг гэмтэл гараар цохиход үүссэн байхыг үгүйсгэхгүй. ...гараар маш хүчтэй цохих үед үүсэх боломжтой...”, шинжээч эмч Г.Энхбаатарын “...талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг гарсан гэх айлд ирэхээс өмнө уг гэмтлийг аваагүй байна. ...Уг гэмтлийг авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийж явах боломжгүй. Хүний биеийн өөрийн онцлог байдлаас шалтгаалан гэмтэл авсан хүн хэдэн ч цаг комын байдалтай байж болно. ...Эмнэлгийн тусламж яаралтай цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломжгүй. Учир нь тархины зөөлөн бүрхүүл доор их хэмжээний цус харвалт, няцралт үүссэн байна...” гэж тайлбарласан мэдүүлгүүд нь хэргийн нөхцөл байдал болон ялтан, гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирч байгаагаас гадна эргэлзээтэй гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн ялтан Н.Баянзул амь хохирогчийг 2 удаа цохиод гараад явсан, түүнээс хойш талийгаачид үхэлд хүргэх гэмтэл учруулсан байж болзошгүй гэсэн гомдол гаргасан  боловч гэрч М.Туяагийн “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн орчим манай гэрт Н.Баянзул орж ирээд “Р.Бямбасүрэн хамт архи уугаад байж байтал нас барчихлаа” гээд уйлаад байсан...”, гэрч Л.Лхагваагийн “...Ц.Буянжаргал, П.Энхжаргал хоёр ямар нэгэн байдлаар талийгаачийг цохиж зодсон, түүнтэй маргалдсан талаар Н.Баянзул надад огт хэлээгүй...” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа бөгөөд ялтан Н.Баянзулын амь хохирогчийн шанаа, дагз руу үргэлжлүүлэн цохисон үйлдлийн улмаас үхэлд хүргэх гэмтэл учирч амь нас нь хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалыг дутуу бүрдүүлсэн, нэг талыг барьж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан гэх зөрчил тогтоогдоогүй тул ялтан Н.Баянзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын 10/033694 дүгээр иргэний үнэмлэхний лавлагаанд “Олхонууд овогт Намжилын Баянзул” гэсэн байхад шийтгэх тогтоолд “Олхонуд овогт Намжилын Баянзул” гэж буруу бичсэн алдаа гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1, 3 дахь заалтуудын “...Олхонуд овогт Намжилын Баянзулыг...” гэснийг “...Олхонууд овогт Намжилын Баянзулыг...” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Н.Баянзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОЮУНЧУЛУУН

                        ШҮҮГЧИД                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Н.БАТСАЙХАН