Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 709

 

 

Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Алтантүлхүүр,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл  даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт  холбогдох эрүүгийн 201625031135 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржгон овогт Жамъянгийн Ганболд, 1957 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамжны 171 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тодорхой оршин суух хаяггүй,

Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1979 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1980 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ХМ57121171/,

Боржигон жижгээ овогт Нямдоржийн Цагаанчулуун, 1973 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 49-2 дугаар байрны 31 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД:ЧП73092819/,

Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 12 цаг 35 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган” бөөний төвийн гадна Б.Жанчивын эд хөрөнгийг авах зорилгоор түүний хоолойг боож, амь биед нь аюултайгаар хүч  хэрэглэн довтолж, 49.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ж.Ганболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар, Н.Цагаанчулууныг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Ж.Ганболдын цагдан хоригдсон 66, Н.Цагаанчулууны цагдан хоригдсон 56 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Н.Цагаанчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарын эдлэх ялын хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Ганболд давж заалдах гомдолдоо: “...2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 12 цагийн үед “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэд ганцаараа пиво уугаад зогсож байтал Б.Жанчив согтуурсан байдалтай ирээд яриа өдсөн. Би “пиво уух уу” гэхэд “үгүй, архи ууна” гэсэн. Биднийг ярилцаад зогсож байтал Н.Цагаанчулуун ирээд тэд маргалдаж барьцалдсан. Би Б.Жанчивын халааснаас нь цухуйсан 3500 төгрөгийг аваад тэднийг орхиод явсан. Тэднээс салаад дэлгүүрээс пиво авч ууж байгаад цагдаад баригдаж эрүүлжүүлэхэд хоносон. 2016 оны 7 дугаар сарын 17-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас Н.Цагаанчулуунтай бүлэглэн Б.Жанчивыг боож эд зүйлийг нь дээрэмдсэн гэсэн. Гэвч би Н.Цагаанчулуунтай бүлэглэн дээрэм хийхээр урьдчилан тохиролцоогүй, Б.Жанчив өөрөө ирж “архи ууя” гэж өдсөн. Н.Цагаанчулууныг Б.Жанчивтай маргалдаж барьцалдахад би огт оролцоогүй бөгөөд түүний халааснаас цухуйсан мөнгийг л аваад явсан. Хохирогчид учирсан гэмтлийг огт мэдэхгүй. Н.Цагаанчулуунтай дахиж уулзаагүй ба яагаад миний тухай ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй учир надад тулгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Прокурор Н.Алтантүлхүүр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Ялтан Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нар нь бүлэглэн, 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 12 цаг 35 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган” бөөний төвийн гадна Б.Жанчивын эд хөрөнгийг авах зорилгоор түүний хоолойг боож, амь биед нь аюултайгаар хүч  хэрэглэн довтолж, 49.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Жанчивын “...2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр тэтгэвэрээ авч эхнэртээ өгөөд хүнсний зүйл авахаар 50.000 төгрөг аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвөөс 2 хайрцаг тамхи, сүү, цөцгийн тос, боорцог зэрэг зүйл аваад харих гээд “Ган” худалдааны төвийн ойролцоо явж байхад бор царайтай, гудамжны бололтой залуу миний барьж явсан тортой зүйлийг булаах гээд татахаар нь би тороо тавиагүй. Тэгтэл миний хоолойг боосон бөгөөд ухаан балартсан. ...хоолойгоо боолгосноос хойш юу болсныг санахгүй байна...” /хх-17-18/,

Гэрч В.Эрдэнэсайханы “...2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хадмындаа байж байтал хадам эх Цэнджав “аав чинь “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна хүнд зодуулсан байна гэж хүн хэллээ” гэхээр нь очиход хадам аав Б.Жанчив “Ган” бөөний төвийн гадна довжоон дээр сууж байхаар нь босгох гэтэл босч чадахгүй байсан...” /хх-22/,

Гэрч Б.Чулуунбатын “...бичлэг дээрх эхлээд хохирогчтой уулзаж байгаа залууг танихгүй. Харин араас нь гарч ирээд хувцасаар нь хоолойг нь боож байгаад татаж унаган тортой зүйлийг нь аваад явж байгаа залуу нь “Бөмбөгөр”-ийн гадна бараа зөөгөөд олсон мөнгөөрөө архи авч уудаг Н.Цагаанчулуун гэх хүн байна. Түүнийг биеийн ерөнхий хэлбэр, алхаагаар нь таньж байна...” /хх-23/,

Гэрч С.Батсайханы “...бичлэг дээрх эхлээд хохирогчтой уулзаж байгаа залуу нь Ж.Ганболд байна. Ж.Ганболд нь “Бөмбөгөр” худалдааны төв, Урт цагааны орчмоор байнга архидан согтуурч явдаг залуу байна. ...араас нь гарч ирсэн саравчтай малгайтай, хохирогчийн тортой зүйлийг татаад авч байгаа залуу нь “Цагаанаа” гэж дууддаг хүмүүсийн бараа зөөж өгдөг залуу байна...” /хх-24/,

Н.Цагаанчулууны сэжигтнээр өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Содон бөмбөгөр” худалдааны төвийн орчим ганцаараа тамхи татаад зогсож байтал Ж.Ганболд ирээд “энд тамхи болон цүнхтэй зүйл барьсан согтуу өвгөн явж байна, архины мөнгө гарчих юм биш үү, чи очоод боочих” гэж хэлэхээр нь очоод хувцасных нь захаар хоолойг нь боотол Ж.Ганболд халаасыг нь уудалсан. Би тортой эд зүйлийг нь аваад “Бөмбөгөр” худалдааны төвийн хогийн савны ойролцоо очоод торон дотор байгаа зүйлийг нь үзэхэд 1 хайрцаг тамхи, сүү, боорцог, савтай цөцгий зэрэг зүйл байсныг 20.000 төгрөгөөр зараад Ж.Ганболдтой уулзаад “халаасанд нь юу байсан” гэхэд 3500 төгрөг байсан...” /хх-51/,

Ж.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 12 цагийн үед дэлгүүрээс пиво аваад уугаад зогсож байтал Б.Жанчив ирсэн. Би “пиво уух уу” гэж асуухад “уухгүй, архи ууна” гэж хэлсэн. Тэгтэл Н.Цагаанчулуун ирээд Б.Жанчивтай маргалдсан. Би халаасанд нь байсан 3500 төгрөгийг авсан. Хохирогчийн авч явсан тортой зүйлийг аваагүй...” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7890 дугаар шинжээчийн “Б.Жанчивын биед баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-26/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-7/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-12-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-19/ болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхэд ялтан Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Ж.Ганболдын “…би Н.Цагаанчулуунтай бүлэглэн дээрэм хийхээр урьдчилан тохиролцоогүй, Б.Жанчив өөрөө ирж “архи ууя” гэж өдсөн. ...уг дээрмийн хэрэгт огт оролцоогүй, хохирогчийн халааснаас цухуйсан мөнгийг л аваад явсан...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь ялтан Ж.Ганболд, хохирогч Б.Жанчивыг согтууруулах ундаа хэрэглэсэн байгааг урьдаас мэдэж, түүний эд хөрөнгийг дээрэмдэхээр эхэлж довтолсон болох нь “Ган” бөөний төвийн хяналтын камерын бичлэг, Н.Цагаанчулууны “...Ж.Ганболд намайг очоод боож бай, өөрөө халаасыг нь үзээд мөнгө байвал авъя гэж ярилцаад очсон...”, Ж.Ганболдын “би өвгөнтэй архи уух талаар ярилцаад зогсож байсан. ...архины халуунд халаасыг нь уудлаад мөнгийг нь авчихсан юм...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь халдлагад өртөж байгаа этгээд рүү шууд чиглэж довтолгоо хийсэн байдаг бөгөөд уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн буюу довтолгоо хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог онцлогтой.

Ялтан Н.Цагаанчулууныг хохирогчид хүч хэрэглэн хоолойг нь боож, татаж унагаан тортой эд зүйлийг нь авах үед ялтан Ж.Ганболд түүний халаасыг уудлан мөнгийг нь авч, үйлдлээрээ нэгдэн бусдын эд хөрөнгийг бүлэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогджээ.

Ийнхүү тэдний гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Жанчивын биед баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн хөмсөгт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулснаас гадна сэтгэл зүйн дарамтанд орсон нь хохирогчийн мэдүүлэг /хх-17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7890 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-26/ зэргээр хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн байх тул ялтан Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин ялтан нарын цагдан хоригдсон хоногийг тооцож үзэхэд Н.Цагаанчулуун 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 98 хоног, Ж.Ганболд 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 67 хоног тус тус хоригдсон байх бөгөөд цагдан хоригдсон хоногуудыг буруу тооцсон, мөн ялтан нарын цагдан хоригдсон хоногуудыг эдлэх хорих ялд нь оруулан тооцох гэж ойлгомжгүй дүгнэсэн байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “...Ж.Ганболдын цагдан хоригдсон нийт 66, Н.Цагаанчулууны цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай...” гэснийг “...Ж.Ганболдын цагдан хоригдсон нийт 67, Н.Цагаанчулууны цагдан хоригдсон 98 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОЮУНЧУЛУУН

                        ШҮҮГЧИД                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Н.БАТСАЙХАН