Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 4

 


М.Балдоржид холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч А.Энхбаатар, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Прокурор: Ц.Цэен-Ойдов
Ялтны өмгөөлөгч: Д.Ганхуяг /онлайнаар/
Ялтан: М.Балдорж /онлайнаар/ нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан М.Балдоржийн давж заалдах гомдлоор М.Балдоржид холбогдох эрүүгийн 201511000597 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, усжуулагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Зангиат”-ын 19- 05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, Бодонгууд овогт Михлайн Балдорж, /РД:ЖЯ-68121119/.
Шүүгдэгч М.Балдорж нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ивээл” хорооллын 07-08 тоотод Ф.Энхболдтой маргалдан таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн нүдэн тус газар гараараа цохиж зүүн нүдний хараагүйдэл буюу амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Михлайн Балдоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч М.Балдоржийг 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Балдоржид оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М.Балдоржийн ЖЯ-68121119 регистрийн дугаартай Монгол улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, ялтан М.Балдорж нь цагдан хоригдоогүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 100 000 төгрөг өгсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, ялтан М.Балдоржийн эзэмшлээс “Нокиа-1680с” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Нэргүйн 2016 оны 01 дүгээр сарын .....-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан М.Балдоржид авсан батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан М.Балдоржид авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.
Ялтан М.Балдорж давж заалдах гомдолдоо:
Миний хувьд Энхболдыг согтуурхаж, агсраад байхаар нь зүүн нүднийх нь доод хэсэгт /ясан дээр нь/ нэг удаа цохисон нь үнэн. Харин нүдийг нь сохлоогүй. Цохисны дараа анх харахад нүднийх нь дор шалбарсан байсан юм. Оюунцэцэг бид хоёрыг тэднийхээс гарах үед Энхболд хоёр хөлөө тэврээд сууж байсан. Тухайн үед хоёр нүд нь хараатай байсан. Энх-Отгоныг би энэ хэрэгт холбоотой гэж боддог. Энэ хэргийн талаар Батчимэг тэр хоёр л сайн мэдэж байгаа. Иймд үнэн зөвийг олж тогтоож өгөхийг хүсье гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
    М.Балдорж нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дахь “Ивээл” хорооллын 7-8 тоотод Ф.Энхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн нүдэн тус газар гараараа цохиж, зүүн нүдний хараагүйдэл буюу амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
 Хохирогч Ф.Энхболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би архи их уусан учир согтсон байсан. Маргах нь маргалдаж байсан. Балдорж гэнэт босож ирээд миний зүүн нүд рүү гараараа цохиж унагаасан. Надад 100 000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх,
Гэрч Л.Батчимэгийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Гэнэт Балдорж босч ирээд Энхболд ахын нүүр рүү нь цохиж унагаасан. Зүүн нүднийх нь дор язраад цус гарсан байсан. Тэр үед Оюунцэцэг цусыг нь арчсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй” гэх,
Гэрч Ж.Энх-Отгоны мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Балдорж, Энхболд ах хоёр хоорондоо маргалдаад байснаа Балдорж гэнэт босоод Энхболд ахыг цохисон” гэх,
Гэрч Ж.Оюунцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Гэнэт түс, тас хийх чимээ гараад Балдорж “би Энхболдыг цохисон” гэсэн. Яг цохисоныг нь хараагүй. Нүднийх нь доод хэсгээс цус гарч байхад нь би арчсан гэх мэдүүлгүүд болон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 895 тоот актад: “...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх,
01 тоот дүгнэлтэд: “...Ф.Энхболдын биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдсон. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд зэргээр нотлогдож, тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчилсэн байна.

М.Балдоржийн хохирогч Энхболдын зүүн нүдийг цохисон үйлдэл нь түүнд учирсан хор уршигтай шалтгаант холбоотой бөгөөд анхан шатны шүүх Ганбаатар, Наранбаатар нар нь хэргийн нөхцөл байдлын талаар харсан гэрч биш тул гэрчээр байцаах шаардлагагүй гэж үзсэн, гэрч Л.Батчимэг нь Энх-Отгонд “Чи хүний нүд сохолчихсон биз дээ” гэж хэлсэн талаарх Батсүхийн мэдүүлгийг үгүйсгэсэн зэрэг нь үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
М.Балдорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг хэргийн болон хэрэгтний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийн 325.1, 324 дүгээр зүйлийн 324.1-д заасныг удирдлага болгон тогтоох нь
1. Дорнод аймаг дахь Сум Дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар 551.1-д заасныг журамлан гэж нэмж,  2, 3 дахь заалтын 5 жил 1 хоног хорих гэснийг 3 жил 4 сар гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
                          

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                           А.ЭНХБААТАР
                                                                                                   Б.СҮХГОМБО