Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 6

 

Д.Даваанямд холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд
Прокурор: Д.Энх-Амар
Ялтны өмгөөлөгч: Т.Хүдэр
Ялтан: Д.Давааням нар /онлайнаар/ оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Д.Даваанямд холбогдох эрүүгийн 201517000362 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүрэг, 04 дүгээр хороо, Их амны 12-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Сум дундын 19 дүгээр шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, бие эрүүл, Үрээ овогт Дугаржавын Давааням, /РД:ЛК-69040110/.
Д.Давааням нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багт оршин суух иргэн Х.Ганболдын гэрт сэтгэцийн өвчний учир группэд байдаг Г.Намчимыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хурьцал үйлдэж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Үрээ овогт Дугаржавын Даваанямыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хурьцал үйлдэж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар шүүгдэгч Д.Даваанямыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан Д.Даваанямд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг үсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золд зардлын мөнгө 100 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Золын нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 481.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн Дугаржав овогтой Даваанямын өмгөөлөгч миний бие Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар 20-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.Давааням нь 2015 оны 11 дүгээр 24-нд Х.Ганболдын гэрт сэтгэцийн өвчний учир группэд байдаг Г.Намчимийг биеэ хамгаалаж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хурьцал үйлдэж, хүчиндсэн гэх байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Г.Намчим нь хэрэг болох үед оюуны хүнд хомсдолтой, хэрэг хариуцах чадваргүй, биологийн буюу хуанлийн нас нь 22, сэтгэл зүйн нас нь 5-6 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогтой ойролцоо байна гэж сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт гарсан байдаг. Уг дүгнэлтээс харахад хохирогч Г.Намчим нь үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгөх чадваргүй байна.
Д.Давааням нь хохирогчийг хүчиндсэн гэх байдал шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн № 488 тоот дүгнэлтээр тогтоогдоогүй, хохирогч Г.Намчимийн биед гэмтэл учраагүй, түүний бэлэг эрхтэнээс эр бэлгийн эс илрээгүй, өмсөж байсан дотоожноос нь эр бэлгийн эс илэрээгүй гэсэн дүгнэлт нь хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдээгүйг нотлож байгаа юм.
Гэрч Т.Цэвэлмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өөр бусад шалтгаанаар бэлэг эрхтэний салстууд улайж болно гэж мэдүүлж байгаа нь шинжээч эмчийн дүгнэлтэнд зах ирмэгээрээ онгон хальс урагдаж, улайсан гэсэн дүгнэлт үгүйсгэгдэж болохоор байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тодорхой заасан байтал эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж, ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Д.Давааням нь хийгээгүй хэрэгтээ хилсээр цөөнгүй хугацаагаар цагдан хоригдож байна. Түүний хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө зөрчигдөж, эрүүл мэнд, ар гэрийнхний ажил амьдрал багагүй хохирол учирч байгааг анхааралдаа авч түүнийг энэ хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг баримтлан Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлийн 126.1-т заасан гэмт хэрэгт холбогдоод байгаа Д.Даваанямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Давааням нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багт оршин суух иргэн Х.Ганболдын гэрт сэтгэцийн өвчний учир группэд байдаг Г.Намчимыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хурьцал үйлдэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Намчимын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намчимаас хэлмэрч Сувдаагаар дамжуулан Г.Намчимд хавтаст хэрэгт дугаарлаж наасан 3 хүний зураг үзүүлээд, “энэ гурван хүнийг таних уу” гэхэд Д.Даваанямын  зургыг толгой дохисон үйлдэл үзүүлсэнийг хэлмэрч Д.Сувдаа “танина гэж байна” гэж орчуулав. Энэ хүн миний дүүг яасан бэ гэхэд баруун гараа өмд рүүгээ хийгээд нааш цааш хөдлөөд эвгүй дуу авиа гаргахад хэлмэрч Д.Сувдаа ингээд хөдлөөд байгаа нь өөртэй нь үйлдсэнийг хэлж байна гэв. Миний дүүг босоод зогсож байхад ингэсэн үү, хэвтүүлж байгаад ингэсэн үү гэхэд хажуу тийшээ гараа дэрэлсэн үйлдэл үзүүлсэнийг хэлмэрч Д.Сувдаа хэвтүүлсэн гэж орчуулав” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 тал/

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....би 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын төв яваад ...ирэхэд охин Намчим маань миний үгийг ч сонсохгүй уйлаад өмдөө тайлаад баруун ор руугаа заагаад амьсгаадаад хөдлөөд хаалга руу заагаад байсан. Тэгэхээр нь бэлэг эрхтэнийг нь үзтэл улайсан холгосон байдалтай байсан. Би гэрээсээ гараад нөхөр дээрээ очоод охин чинь яачихаад байгаа юм өмдөө тайлаад сонин үйлдлүүд үзүүлээд уйлаад байна охиныг чинь хүн айлгачихсан байна хэн ирсэн юм бэ гэхэд хонь хашчихаад ороход зүгээр байсан шүү дээ сая Давааням л орж гал түлчихээд гарч ирээд би явлаа гэсэн. ...Сүрхийбаатарын хамтаар Даваанямын гэр рүү явж байтал наад талын айлын гадаа морь нь уяатай байхаар нь орсон чинь Давааням Ихээгийн гэрт ганцаараа байж байсан. Та яагаад хүүхэд айлгачихсан юм бэ гэсэн чинь “Зол минь зүгээр байгаарай” гээд дахин дахин хэлээд байсан. Тэгээд сумын цагдаад мэдэгдсэн. Энэ хэргээс болж нааш цааш их явсан. Буудлаар байрлаж гадуур хоол идэж байсан. Давааням дөнгөж хурал эхлэхийн өмнө өмгөөлөгчтэйгээ хамт очиж зардлын мөнгө гэж 100 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, /хх-ийн 15 тал/

    Гэрч Т.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....Г.Намчим нь 23 настай боловч 7-8 настай хүүхдийн бие сэтгэхүйн хөгжилтэй жаахан охин байсан. ...Г.Намчимийг орон дээр гаргаж байгаад бэлэг эрхтэнийг нь харахад бэлгийн уруул завсар улайлттай харагдаж байсан. Гадна биеийн байдалд ил харагдах шарх байгаагүй. Г.Намчим нь айж сандарсан. Зүрхний цохилтын тоо олширсон байсан. Би яг нарийн мэргэжлийн эмч биш ерөнхий мэргэжлийн эмч бөгөөд тэр өдөр дуудлагаар яваад анхны үзлэгийг Г.Намчим гэх охины биед хийхэд хэсэг газрын үзлэгээр бэлэг эрхтний салстууд улайсан цусархаг шингэн зүйл гарсан байсан. Охин хальс нь тэр өдөр гэмтсэн байсан гэж үзэж байна. Тэгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэдэг зөвлөгөө өгсөн гэх мэдүүлэг, /хх-ийн 16 тал/

Хэлмэрч Д.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Намчим нь ярьж чадахгүй ч гэсэн хүний ярьж хэлж байгааг ойлгож түүндээ хариу үйлдэл үзүүлж байна. Давааням гэх хүний зургийг хараад танина гэсэн үйлдэл үзүүлж байна. Давааням гэх хүний зургийг харуулаад уг хүн яасан юм бэ гэхэд өмд рүүгээ гараа хийж дуу гарган нааш, цааш хөдөлж өөрийг нь хүчирхийлсэн гэсэн үйлдлийг үзүүлж байна. Өөр үйлдэл бол үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-14х/

             Гэрч Р.Доржнамжимын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд Давааням ах Ганболдтой уулзчихаад Ганболд ахын гэр рүү давхичихсан. Ганболд ах бид хоёр хонио хашаа руу тууж очоод ялгаж байхад Давааням ах гэрээс гарч ирээд гал түлэх үү гэж асуухад нь Ганболд ах гал түлчих манай охин даарчихаж магадгүй гэж байсан. Тэгээд нэлээн удсаны дараа Давааням ах гарч ирээд мориндоо мордоод би явлаа тэнгэр муухай байна гээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-19х/
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн Би Намчимыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үзсэн. Намчимын онгон хальс нь 1, 4-н цагт урагдалттай улайсан байсан. Уг гэмтэл хэрэг гарсан гэх цаг хугацаатай тохирч байгаа” гэх мэдүүлэг,
Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны актад: Г.Намчим оюуны хүнд хомсдол өвчинтэй, болсон асуудлыг бодитоор тусган өөрийн сэтгэхүйн насандаа тохирсон мэдүүлэх чадвартай, Г.Намчимын биологийн буюу хуанлийн нас 22 нас, сэтгэлзүйн нас нь 5-6 настай хүүхдийн сэтгэхүйн онцлогтой ойролцоо байна гэх, /хх-ийн 23-25 тал/, Давааням нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай болно гэх дүгнэлт, /хх-ийн 27-29 тал/ шүүх шинжилгээны албаны шинжээчийн 488, 489 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх Д.Даваанямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, энэ зүйл хэсэгт заасан хэмжээний хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Давааням нь Г.Намчимыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндсэнээс өөр этгээд үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл бүхий сэжиг, таамаг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                           Г.БОЛОРМАА
                                                                                                   Б.ДЭНСМАА