Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 8

 

Ж.Бат-Эрдэнэд холбогдох захиргааны
зөрчлийн талаар

        Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга А.Цэрэндуламыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 283 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Ж.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлоор Ж.Бат-Эрдэнэд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Баянмөнх”-ийн 07-22 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, Мэнгээ овогт Жамсранжавын Бат-Эрдэнэ. (РД: СИ-63011812)
    Зөрчил гаргагч Ж.Бат-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэн танхайрсан зөрчилд холбогджээ.
       Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 283 дугаар шийтгэврээр: Зөрчил гаргагч Мэнгээ овогт Жамсранжавын Бат-Эрдэнэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 10 /арав/ хоног баривчлах  шийтгэл ногдуулж, зөрчил гаргагч болон цагдаагийн байгууллагад шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэврийг мөн өдрөөс эхлэн биелүүлэхийг даалгаж, зөрчил гаргагч нь эс зөвшөөрвөл шийтгэвэр гардаж авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
    Зөрчил гаргагч Ж.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Би шүүхийн шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийтгэврийг хянаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

       Зөрчил гаргагч Ж.Бат-Эрдэнэ нь  2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн 7-22 тоотод өөрийн гэртээ дагавар охин О.Оюун-Эрдэнийг “хүүхдээ аваад зайл” гэж хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан зөрчил гаргасан болох нь Ж.Бат-Эрдэнэ, О.Оюун-Эрдэнэ нарын цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, цагдаагийн албан хаагч Х.Барсболдын илтгэх хуудас, цагдаагийн алба хаагчийн зөрчлийн талаар авсан тайлбар зэргээр тогтоогдсон байна.
    Ж.Бат-Эрдэнийн хувийн байдлыг нь харгалзан үзэж 15000 төгрөгөөр торгож шийтгэвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж үзлээ.
            
    Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

    Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 283 дугаартай шийтгэврийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “10 хоног баривчлах” гэснийг “15000 төгрөгөөр торгох” гэж өөрчилсүгэй.    Хоёр. Шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
    Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.


                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
          ШҮҮГЧИД                      Б.ДЭНСМАА
                                                                                        Я.АЛТАННАВЧ