Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 9

 


Д.Оюунбатад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд
Прокурор: Д.Энхжаргал
Ялтан: Д.Оюунбат нар оролцов.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Оюунбатын давж заалдах гомдлоор түүнд  холбогдох эрүүгийн 201623000213 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1966 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийд”-ийн 03-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Доржсүрэнгийн Оюунбат /РД:СЭ 66050679/,
Д.Оюунбат нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “Хийд”-ийн 03-13 тоотод буюу өөрийн гэртээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Т.Энхсайханыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нуруун тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Оюунбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Д.Оюунбатыг  05 /таван/  жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Оюунбатад оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунбатын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн төмөр бариултай хутга 1 ширхэг, Монгол стандарт нэртэй архины шил, хохирогч Т.Энхсайханы өмсөж явсан цамц, малгай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба  түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Ялтан Д.Оюунбат нь давж заалдах гомдолдоо: Д.Оюунбат би 2009 онд авто осолд орж гэмтлийн болон “Шар хад”-ны сэтгэцийн эмнэлэгт хоёр сар гаруй хэвтэн эмчлүүлж, эмчийн байнгын хараа хяналтад байдаг. Иймд ар гэрийн амьдрал болон эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Оюунбат нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг “Хийд”-ийн 3-13 тоотод өөрийн гэртээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Т.Энхсайханыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нуруун тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...Оюунбат ах бид хоёр архины мөнгө хувааж гаргаад дэлгүүрээс архи авч уусан. ... Жаргал эгч Оюунбат хоёр муудалцаад Оюунбат ах Жаргал эгч рүү дайрсан. Би болиулахаар урдаас нь бариад автал миний зүүн дал руу хутгаараа дүрсэн. Би булаацалдаж байгаад хутгыг нь салгаж авсан. ...гомдолтой байна гэх /хх-ийн 12-13 тал/,
Гэрч А.Соёлгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Оюунбат, Жаргал хоёр архи ууж байснаа муудалцаж  Оюунбат нь хутга аваад Жаргал руу дайрсан. Манай нөхөр Энхсайхан болиулах гэтэл Оюунбат уурлаад түүний зүүн дал руу хутгаараа дүрсэн гэх /хх-ийн 16 тал/,
Гэрч Д.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Оюунбат, Энхсайхан бид гурав архи хувааж уусан. Оюунбат хутга бариад намайг ална гээд өөдөөс дайрсан. ...Энхсайхан, Оюунбатыг боль гээд тэврээд авахад дал руу нь хутгаараа дүрсэн гэх /хх-ийн 18 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүү Энхсайхан утсаар яриад “Хийд”-ийн сууринд хүнд даландаа хутгалууллаа гэж хэлсэн. Би цагдаад мэдэгдэн, цагдаатай хамт очиход манай хүү нэг жижиг байшин дотор сандал дээр суучихсан ар дал хэсгээс нь цус гараад цамц нь нэвтэрсэн байсан. Юу болсон талаар асуухад Соёлгэрэл нь хэлэхдээ: ...энэ орон дээр согтуу унтаж байгаа Оюунбат, Жаргалтай муудаад хутга аваад дайрахаар нь Энхсайхан болиулсан чинь даланд хутгалсан гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэхэд 368 000 төгрөгийн зардал гарсан. Энэ төлбөрөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 тал/
Шүүгдэгч Д.Оюунбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлгүүд.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн: ...Т.Энхсайханы биед цээжний хэнхэрцэгийн зүүн ар хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдсон, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 169 дүгээр дүгнэлт /хх-32  тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 3-7 тал/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтны давж заалдах гомдлын тухайд: ...Д.Оюунбатад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул түүний ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ
                                                                                                   Б.ДЭНСМАА