Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 10

 

Ц.Адъяад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд
Прокурор: Д.Энхжаргал
Ялтан: Ц.Адъяа нар оролцов.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ц.Адъяагийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201623000157 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын “Ёлын нуур” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Их чонод овогт Цэвэгмидийн Адъяа /РД:СБ91021711/,
Ц.Адъяа нь танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт иргэн Н.Долгормааг ТОЗ-8 маркийн буугаар цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Их чонод овогт Цэвэгмидийн Адъяаг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяаг 05 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ц.Адъяад оногдуулсан 05 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  150408 гол төмрийн дугаартай, 59879 замгийн дугаартай ТОЗ-8 маркийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж тус тус шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Адъяа нь давж заалдах гомдолдоо: ...Тухайн үед би эхнэрээ буугаар цохиогүй хэдий ч архи дарс ууж эхнэрээ зодсондоо маш их харамсч хойшид архи, дарснаас хол байж, гэр бүлтэйгээ зөв боловсон харьцах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлголоо. Эхнэр, долоон сартай хүү, ээж, эмчилгээгүй, хүний асаргаанд байдаг аав гээд миний гэр бүлийн 4 хүн харж хандах хүнгүй үлдсэн. Миний болоод гэр бүлийн минь хувьд маш хүнд шийдвэр тул анхан шатны шийтгэх тогтоолыг дахин нэг харж ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Ц.Адъяа нь танхайн сэдэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт иргэн Н.Долгормааг ТОЗ-8 маркийн буугаар цохиж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:    
            Хохирогч Н.Долгормаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Адъяа Мөнхбаярын утсаар над руу залгаад “чи хаана байна, юу хийж байна гэж асуусан ...би төв дээр байна, хүү халуураад байна гэхэд, ...битгий худлаа яриад бай янхан минь чамайг ална” гээд утсаа тасалсан. ....Намайг Батаа ахынд байхад Адъяа өөрийнхөө калибрь буутай хүрч ирээд намайг зодсон. Миний толгой руу нэг цохиод би ухаан алдаад юу болсныг мэдээгүй эмнэлэгт сэрсэн. Намайг удаа дараа зодож байсан эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Ямар нэгэн эмнэлэгт үзүүлсэн бичиг байхгүй. ...одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх /хх-ийн 30-33 тал/,
Гэрч Г.Цогзолын мөрдөн байцаалтад өгсөн: ...Мөнхбаяр, Адъяа бид гурав ...архи уусан. ...2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө намайг гэртээ байж байхад Адъяа өөрийнхөө хүүхдийг тэврээд манай гэрт орж ирээд би эхнэрээ зодчихлоо гэж хэлсэн... гэх /хх-ийн 41 тал/,
Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Адъяа, Цогзол бид гурав гурван шил архи уусан. ...Цогзол гэр рүүгээ ганцаараа явсан. Харин Адъяа бид хоёр гэрт нь очиж унтсан. Адъяа гэрээсээ хэдэн цагийн үед гарсан эсэхийг мэдээгүй. Намайг өглөө сэрэхэд Адъяа байхгүй байсан...” гэх /хх-ийн  42 тал/,
Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Намайг гэртээ байж байхад Адъяа эхнэр хүүхдээ аваад хүрээд ирсэн. Эхнэрийгээ зодсон байхаар нь би Адъяаг загнасан... гэх /хх-ийн 43 тал/,
Гэрч С.Бумаажавын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг дуудлагаар очиход Адъяа би эхнэрийгээ 2 хоногийн өмнө зодсон гэж хэлсэн. ...” гэх /хх-ийн 45 тал/,
Шүүх эмнэлгийн: дүгнэлтэд: ...Долгормаагийн биед тархи доргилт зүүн чамархайн суурийн тархины эд дэх олон тооны цус хуралт, эдийн няцрал, шулуун синус, тенториумын зүүн хэсэг, зүүн дагз, бага тархины зүүн дэлбэнгийн субарахниод зай, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн субарахнондаль зайн цус харвалт, зүүн талын 7, 8, 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, бараан зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх 6615 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 50 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх бүрэн, бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд  хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, үйлдлийг зөв зүйлчилж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Долгормаа нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаагүй нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн үйл ажиллагаатай холбоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Ялтны давж заалдах гомдлын тухайд: Анхан шатны шүүх ялтан Ц.Адъяагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан хуульд заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулсан байх тул түүний ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Адъяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ
                                                                                                   Б.ДЭНСМАА