Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 46

 

М.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, ялтан нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44/А дугаар шийтгэх тогтоолтой М.Давааням нарт холбогдох эрүүгийн 201621000119 дугаартай хэргийг, хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр хаалттай хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1999 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн.

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар 10 сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга авагдаж байсан, Харчин овогт Мягмархүүгийн Давааням.

 М.Давааням, П.Барсүрэн нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөх сүлд” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж, 582750 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Ургамал” захын 48 тоотод байрлах хохирогч Г.Баттөмөрийн гар утас засварын дэлгүүрийн цонхыг хагалж, нэвтрэн орж 1131500 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад байрлах хохирогч С.Хандхүүгийн Түмний буян нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж нэвтрэн орж 729000 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах хохирогч Г.Атаржаргалын “Дагина” гоо сайханы дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж 1539500 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол  багийн нутагт байрлах "Отма"  хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэж,  нэвтрэн орж 691250 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан, 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цаг 30 минутын орчим Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Зояаг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар хөлийг нь уяж түүний эзэмшлийн 8500000 төгрөгний үнэлгээ бүхий 72-08 ХОҮ улсын дугаартай “КОРОЛЛА” маркийн тээврийн хэрэгсэл болон 108000  төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Харчин овогт Мягмархүүгийн Давааням, Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Харчин овогт Мягмархүүгийн Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 / тав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,  Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэнг мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил, 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан ялд нь багтааж, шүүгдэгч М.Даваанямыг 5 / тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Барсүрэнг 5 /тав/ жил, 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч М.Даваанямд оногдуулсан 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Барсүрэнд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарын цагдан хоригдсон 186 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож ” шийдвэрлэжээ.

Хохирогч К.Зояа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо : Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу бодит хохирлоо ялтан нараас бүрэн гаргуулахыг хүсэж байна.  Дээрэмчид машин авч оргон зайлах явцад Ховд аймагаас Зэрэг сум Зэрэг сумаас буцаж Ховд аймагт ирэхэд замын батлагдсан тарифаар нэг км нь 800 төгрөгөөр бодоход 240.000 төгрөг мөн бусад хохиролууд нийлээд 363600 төгрөгийн хохирол бүрэн гаргуулж авахыг хүсэж байна гэв.

Ялтан нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                                 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй ялтан П.Барсүрэн, М.Давааням нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөх сүлд “ хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж 582750 төгрөгийн эд хөрөнгө хугайлсан болох нь хохирогч С.Наранцэцэг, гэрч Н.Золзояа, С.Уранчимэг, Г.Дариймаа, Б.Батцэцэг нарын мэдүүлгүүд, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт, хэрэг учралын газарт үзлэг хийж мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, насанд хүрээгүй П.Барсүрэн, М.Давааням нар сэжигтнээр байцаагдахдаа хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгт авагдсан гутлын мөр нь сэжигтэн М.Даваанямынх болохыг тогтоосон Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах “ Ургамал “ захын 48 тоот хохирогч Г.Баттөмөрийн гар утас засварын дэлгүүрийн цонхыг хагалж нэвтрэн орж 1131500 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан болох нь хохирогч Г.Баттөмөр, гэрч Ц.Жимсээ, Г.Сайнбилэг, К.Зоригт, А.Доржсүрэн, Д.Оюунбат нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Мөн насанд хүрээгүй ялтан П.Барсүрэн, М.Давааням нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад байрлах хохирогч С.Хандхүүгийн “Түмний буян“ нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж нэвтрэн орж 729000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан болох нь  хохирогч С.Хандхүү, гэрч М.Дашзэвэг нарын мэдүүлгүүд болон эд хөрөнгө хураан авсан тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, сэжигтэн П.Барсүрэн, М.Давааням нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр, Баруун бүсийн төв захад байрлах хохирогч Г.Атаржаргалын “Дагина “ гоо сайхны дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж 1539500 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан болох нь хохирогч Г.Атаржаргал, гэрч М.Дашзэвэг нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн баримтууд, сэжигтэн нарын хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

Мөн насанд хүрээгүй ялтан П.Барсүрэн, М.Давааням нар нь бүлэглэн давтан үйлдлээр машин механизм хэрэглэн 2016 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Ховд аймгийн Манхан сумын “Төгрөг гол“ багийн нутагт байрлах “0тма “ хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэж, нэвтрэн орж 691250 төгрөгийн эд хөрөнгө хугайлсан болох нь хохирогч Д.Цэрэннадмид, гэрч Б.Хуяг, Ц.Цогзолмаа нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт,эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, сэжигтэн нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Мөн насанд хүрээгүй ялтан П.Барсүрэн, М.Давааням нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цаг 30 минутын орчим Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Зояаг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар хөлийг нь уяж түүний эзэмшлийн 8500000 төгрөгийн үнэлгээ бүхий 72-08 ХОҮ улсын дугаартай “ КОРОЛЛА “ маркийн тээврийн хэрэгсэл болон 108000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч К.Зояа, гэрч С.Амарсайхан нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, сэжигтэн нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон байна. Ялтан П.Барсүрэн, М.Давааням нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. П.Барсүрэн, М.Давааням нар нь дээр дурдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэхдээ насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Харин хохирогч К.Зояагийн зөвхөн хохирлын талаар гаргасан “ ялтан нар миний машиныг дээрэмдэн авч “Зэрэг “ сум хүртэл явж байгаад цагдаад баригдаж ирсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба Зэрэг сум орсон буцаж Ховдод авч ирсэн зардал болох 240000 төгрөг, мөрдөн байцаагчид дуудагдсаны зардал 48000 төгрөг, машины банкинд байсан / А-92 / бензины үнэ 5л 10000 төгрөг, бариачаар бариулсны зардал 65600 төгрөг бүгд 363600 төгрөг гаргуулж өгнө үү гэх “ давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл: Хохирогчийн машиныг ялтан нар дээрэмдэн авч явж байгаад Зэрэг суман дээрээс цагдаад баригдаж ирсэн уг машиныг Ховдод буцааж авчирсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа боловч 1км-г хэдэн төгрөгөөр тооцож хохирлыг гаргах нь тодорхой бус байх тул хохирогчийн энэ талаарх  нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа болно. Иймд хохирогч К.Зояагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хохирогч К.Зояагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44/А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                         М.НЯМБАЯР                                

                    ШҮҮГЧИД:                                         Д.КӨБЕШ

                                                                               Б.ДАМБА