Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 43

 

Б.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, ялтан Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 36/А дугаар шийтгэх тогтоолтой Б.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн 201421000339 дугаартай хэргийг ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 онд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Анчин овогт Баасанжавын Бат-Өлзий нь ялтай байх хугацаандаа буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Баасанжавын Бат-Өлзийг бусдын эд хөрөнгө хулгайлах, шүүхээс оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Бат-Өлзийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг хүнд ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангий 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Өлзийгийн цагдан хоригдсон 266 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Өлзийгөөс 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж хохирогч Л.Гансүхт олгуулж, нэхэмжлэгч С.Ган-Чөдөр, иргэний нэхэмжлэгч Г.Амарсанаа нар нь нэхэмжлэх зүйлгүйг дурдаж” шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Б.Бат-Өлзийг ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа ялтай байдлыг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй нь хууль зөрчиж байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамрагдах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно гэж заасан байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэ заалтыг шүүх буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Л.Гансүхийн гэрээс хулгайлсан хөөргийг мөрдөн байцаалтын шатанд 3 янзаар үнэлсэн байхад хөөргийг 10.000.000 гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анчин овогт Баасанжавын Бат-Өлзий нь ялтай байх хугацаандаа буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шатнаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг ялтан Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Бат-Өлзий нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзжээ.

Гэтэл тэрээр тэнсэн хянан хагалзах хугацаа дуусаагүй байхад буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 Мөн тэрээр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шатнаас оргон зайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Б.Бат-Өлзийгийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шатнаас оргосон гэмт хэрэг нь өршөөлд хамаарахгүй байна.

Харин түүний Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ялтай байдал,

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хоёр нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэх зарчмын шинжтэй зохицуулалтыг удирдлага болгон Б.Бат-Өлзийгийн өршөөлд хамрагдаж буй ялтай байдал, үйлдсэн гэмт хэрэг хоёрын аль нэгийг түүнд ашигтайгаар өршөөлийн хуульд хамааруулах нь зүйтэй.

Б.Бат-Өлзийгийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь түүнд ашигтай байх бөгөөд түүний эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Учир нь Б.Бат-Өлзийгийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнд “тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт заасан эрх зүйн үр дагвар үүсэхгүй юм.

Өөрөөр хэлбэл Б.Бат-Өлзийгийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ялтай байдал нь 2015 оны 09 дүгээс сарын 25-ны өдөр шүүхийн шатнаас оргосон гэмт үйлдэх үед дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 36/А дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Анчин овогт Баасанжавын Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Б.Бат-Өлзийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, ялыг нэмж нэгтгэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

                                ШҮҮГЧИД                                   Д.КӨБЕШ     

                                                                                 Б.ДАМБА