Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 41

 

С.Хөхнохойд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, ялтан С.Хөхнохой, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч Г.Одгэрэл,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Буянбат, Ч.Энхээ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолтой С.Хөхнохойд холбогдох эрүүгийн 201621000109 дугаартай хэргийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ялтан түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Яргай овогт Сумъяагийн Хөхнохой нь Ховд аймгийн Буянт сумаас Мянгад сум явах чиглэлд засмал зам дээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 10-78 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8.а-д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.Чүлтэмийн амь насыг хохироосон, хохирогч Х.Оргил-Эрдэнэ, Г.Одгэрэл нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт үйлдсэнд холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ” Шүүгдэгч Яргай овогт Сумъяагийн Хөхнохойг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Яргай овогт Сумъяагийн Хөхнохойг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж” шийдвэрлэжээ.

Ялтан С.Хөхнохой түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэм буруугийн талаар болон зүйчлэлийн талаар маргаагүй юм. Харин хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдалд нийцээгүй хорих ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлд заасан Энэрэнгүй ёсны зарчмыг баримталсангүй. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан баривчлах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогч Г.Одгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхээ, Ч.Буянбат нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн хувийн байдалд нийцээгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Бид гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаангүй байна. С.Хөхнохой нь бага насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний нөхөр С.Хөхнохой бид 2 талийгаач ээж М.Чүлтэмийг 15 жил гэртээ өөрийн асрамжиндаа байлгаж асардаг байсан. М.Чүлтэм нь цус харвалтын улмаас байнгын хэвтрийн дэглэмтэй байдаг байсан. С.Хөхнохой нь архи дарс уудаггүй, элдэв зан ааш байхгүй талийгаач ээжийг маань 15 жил асарч ирсэн. Бидний хоёр дахь хүү болох Х.Оргил-Эрдэнийн биеийн байдал нь зүгээр болсон. Миний хувьд өрхийн орлого байхгүй бага насны 4 хүүхдүүдийн хамт өдөр хоногийг арай гэж аргалж байна. 4 хүүхэд маань өдөр болгон аав хаачсан юм гэж нэхэж надад үнэхээр хэцүү байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг нь тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан, харин хорих ялыг тэнсэн харгалзах эсэх нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал юм гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                             

Яргай овогт Сумъяагийн Хөхнохой нь Ховд аймгийн Буянт сумаас Мянгад сум явах чиглэлд засмал зам дээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 10-78 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8.а-д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.Чүлтэмийн амь насыг хохироосон, хохирогч Х.Оргил-Эрдэнэ, Г.Одгэрэл нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ялтан С.Хөхнохойгийн үйлдсэн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

 Харин ялтан С.Хөхнохой, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Ч.Энхээ, Ч.Буянбат, Г.Одгэрэл нарын “С.Хөхнохойд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

            Ялтан С.Хөхнохой нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 0-8 насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд ялтан С.Хөхнохой, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Ч.Энхээ, Ч.Буянбат, Г.Одгэрэл нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

“А.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сумъяагийн Хөхнохойд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 2 /хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн нэмэлт оруулж,

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял эдлэх хугацааг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэсэн өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Хөхнохойг цагдан хорих байрнаас сулалсугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                         М.НЯМБАЯР         

                                     ШҮҮГЧИД:                                         Д.КӨБЕШ

                                                                                                Б.ДАМБА