Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 42

 

Ш.Оргилсайханд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, ялтан Ш.Оргилсайхан, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  хохирогч Б.Батбилэг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолтой Ш.Оргилсайханд холбогдох эрүүгийн 201621000083 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, Наран овогт Шагдарын Оргилсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00.00 цагийн орчим хохирогч Б.Билэг-Өрнөхийн хэвлийн тус газар хутгалж санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ” Шүүгдэгч Наран овогт Шагдарын Оргилсайханыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ш.Оргилсайханыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ш.Оргилсайханд оногдуулсан 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ш.Оргилсайханы  2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 105 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн 200 толгой бог мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн тайлбарт өс хонзон гэдэгт хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд, гэмт этгээдэд өөрийнх нь үзэл бодол үнэлэмжинд нийцээгүй гэж дургүйцэн гомдож түүнээс хариу авах хорсол тайлах гэсэн санаа зорилгыг ойлгоно. Энэхүү сэдэлт нь шүүгдэгч зөвхөн хохирогч хоёрын хоорондын харилцаанаас гадна, гэр бүлийн байдал зэргээс үүссэн байж болно гэжээ. Өөрөөр хэлбэл Ш.Оргилсайхан эхнэртэйгээ хардах нэрийдлээр өс хонзон санаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, шалтгааныг тодорхойлоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 296 дугаар зүйлд заасан хуулийг ноцтой зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан ялтан болон гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээс харахад хувийн таарамжгүй харьцаа гэхээсээ илүү хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодол, үнэлэмжинд нийцээгүй гэж дургүйцэн гомдож, түүнээс хариу авах, хорсол тайлах гэсэн санаа зорилготой байсан нь нотлогдсон. Анхан шатны шүүх нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тодорхой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд Тогтоолын тодорхойлох хэсэг... гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл шалтгааныг тодорхойлно.

 Гэтэл шийтгэх тогтоолд дээрхи хуулийн дагуу бичигдээгүйгээс гадна хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйл, 319 дүгээр зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, Ш.Оргилсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3-д зааснаар ял өөрчилж сонсгож өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа учраас давж заалдах гомдол гаргаагүй юм. Харин хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн  зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Б.Батбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хорих ялыг өөрчлөн хүндрүүлж ял оноож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Наран овогт Шагдарын Оргилсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00.00 цагийн орчим хохирогч Б.Билэг-Өрнөхийн хэвлийн тус газар хутгалж санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох  нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын “ Ш.Оргилсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3-д зааснаар ял өөрчилж сонсгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбилэг, гэрч Ч.Алтанхуяг, С.Солонго нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр “ялтан Ш.Оргилсайхан нь 2004, 2007 онуудад талийгаач Б.Билэг-Өрнөхтэй эхнэрээ хардсаны улмаас зодолдож байсан, хэрэг учрал болохоос 3 сарын өмнө ялтан Ш.Оргилсайхан нь гэрч Ч.Алтанхуягтай маргах үед  Ч.Алтанхуяг нь “танай авгай чинь Б.Билэг-Өрнөхтэй унтдаг ш дээ чи муу мэдэхгүй байгаа юм уу гэж хэлсэн” зэрэг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт тогтоогдсон байна.

Иймд ялтан Ш.Оргилсайхан нь хувийн сэдэлтээр талийгаач Б.Билэг-Өрнөхийн хэвлийн тус газар хутгалж, санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл ялтан Ш.Оргилсайхан эхнэрээ хардсан хардалтын улмаас бусдыг санаатай алсан гэх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, эсхүл танхай болон өс хонзонгийн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Иймээс Ш.Оргилсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “анхан шатны шүүх өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гэрч Ш.Баясгалан, Ш.Цэдэнбал, Ч.Баяраа Ч.Алтанхуяг, М.Отгончимэг нарыг гэрчээр оролцуулах, өмгөөлөгч миний бие С.Солонгыг гэрчээр оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шийдвэрлээгүй, Ш.Цэдэнбал гэх гэрч шүүх хуралдаанд согтуу мэдүүлэг өгсөн гэх мэт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчлүүд хэрэгт байгаа” гэх тайлбарын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгаж үзвэл:

Өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг  2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ “ гэрч Ш.Баясгалан, Ш.Цэдэнбал, Ч.Баяраа Ч.Алтанхуяг, М.Отгончимэг нарыг өмгөөлөгч Ж.Энхжаргал гэрч С.Солонгыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт[1] тус тус гаргажээ.

Харин гэрч М.Отгончимэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай шүүхэд бичгээр хүсэлт[2] ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр хуралдаан даргалагч хүсэлт гаргасан өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс гэрч  М.Отгонжаргалыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтой талаар асуугаад өмгөөлөгч боломжтой[3] гэсэн учраас шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан байна.

Ингэхдээ гэрч Ш.Баясгалан, Ш.Цэдэнбал, Ч.Баяраа, Ч.Алтанхуяг, С.Солонго  нарыг шүүх хуралдаанд оролцуулсан байна.  Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд гэрч оролцуулсан тохиолдолд шүүхээс ямар нэгэн эрх зүйн акт гаргах шаардлагагүй бөгөөд харин өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй, гэрчүүдийг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж, тогтоол гаргах нь зүйтэй юм.

Мөн гэрч Ш.Цэдэнбал нь согтуу гэдэг нь шүүх хуралдааны үед илэрсэн бөгөөд түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нь нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                      М.НЯМБАЯР                                                                        

                    ШҮҮГЧИД:                                    Д.КӨБЕШ

                                                                         Б.ДАМБА

 


[1] Хоёрдугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудас

[2] Хоёрдугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас

[3] Хоёрдугаар хавтаст хэргийн 101 дүгээр хуудас