Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 39

 

Г.Нямтулгад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаар шүүхийн тогтоолтой Г.Нямтулгад холбогдох эрүүгийн 201621010018 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор 2 /хоёр/ жил 6 /зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 3 /гурав/ сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Бургууд овгийн Гантулгын Нямтулга нь Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 28-ны орой иргэн Н.Баатарболдыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн иргэн Ч.Баасанжавыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хуурч мэхлэх аргаар залилаж 1.310.000 /нэг сая гурван зуун арван мянга / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаар шүүхийн тогтоолоор “Хэргийг мөрдөн байцаалтад буцааж” шийдвэрлэжээ.

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудын хүрээнд шүүгдэгч Г.Нямтулга нь хохирогч Н.Баатарболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, иргэн Ч.Баасанжавыг хуурч мэхлэх аргаар залилаж 1.310.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 50 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоно.

Г.Нямтулгыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан эсэхийг тогтоох шаардлагатай байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан бөгөөд энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалт явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ гэсэн хуулийн заалтад дээрх тохиолдол хамаарахгүй байна. Г.Нямтулга нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан эсэх нь эрүүгийн 201621010018 дугаартай хэргийн зүйлчлэл болон Г.Нямтулгад ял шийтгэл оногдуулахад нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй юм.

            Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа шуурхай байх зарчмыг алдагдуулж, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг заавал нэмэлт мөрдөн байцаалтаар гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч, хохирогч нарын эрхийг зөрчиж, тэднийг чирэгдүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийг заалтыг зөрчсөн гэж үзнэ.

            Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолд дурдагдсан заалт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул Ховд аймгийн Булган сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

            Бургууд овгийн Гантулгын Нямтулга нь Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 28-ны орой иргэн Н.Баатарболдыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн иргэн Ч.Баасанжавыг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хуурч мэхлэх аргаар залилаж 1.310.000 /нэг сая гурван зуун арван мянга / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн хэмээн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Г.Нямтулга нь урьд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдыг хуурч мэхлэн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 / хоёр / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан урьд тогтоолоор оногдуулсан ялаас 1 / нэг / сарын хорих ялыг энэ тогтоолоор 2 /хоёр/ сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн нийт 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байна.

Анхан шатны шүүх “Г.Нямтулга нь урьд 2015 оны 05 дугаар сарын 04-нд  буюу  2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд хамаарагдаж байна гэж дүгнэж өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулсан эсэхийг тогтоох шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан  нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар Г.Нямтулгын 3 сарын баривчлах ялаас хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хэд хоног нь өршөөгдсөн, энэ талаар эрх зүйн акт гарсан эсэх, эсхүл тэрээр баривчлах ялаа эдэлж дууссан бөгөөд түүний ялтай байдал нь өршөөлийн хуульд хамрагдсан эсэх нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Г.Нямтулгын дээр дурьдсан хувийн байдлыг тогтоож ирээгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй байна.

Мөн шүүгдэгч Г.Нямтулгыг  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн шүүгчийн захирамжийг хэрэгт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1, 318.2.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна.

Улсын яллагч энэ алдаагаа шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргаж өгөх шатанд засах боломжтой байжээ.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 04 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Г.Нямтулгад урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                               М.НЯМБАЯР                                                                        

                                     ШҮҮГЧИД:                                Д.КӨБЕШ

                                                                                       Б.ДАМБА