Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 96

 

К.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Д.Буянжаргал

Ц.Амаржаргал

Прокурор                                          С.Баттамир

Ялтан                                                 К.Т-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан К.Т-ийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К-ийн Т-т холбогдох эрүүгийн 201609000171 тоот 1 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1979 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг 5 дугаар гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй урьд:

- 2005 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 147 дугаар зүйлийн 147.1  дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар

- 2011 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар

- 2013 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар

 -2014 онд Сум дундын 7 дугаар шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн гэх Жадаг овогт К-ийн Т нь 2016 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 13 дугаар байрны 2 дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехээс эд зүйл хулгайлж бусдад нийт 2.826.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх К.Т-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ялтан К.Т- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд ахлах дэслэгч О.Эрхэмзаяа надад хилсээр хэрэг тулгасан болно. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “намайг барьж аваад байцаалтаа өг, хэргээ хүлээ гэсэн. Би хулгай хийгээгүй гэхэд хулгай хийсэн Арзак чинь хэрэг хүлээх чадваргүй, тэгээд ч олдохгүй байна. Чи муу хулгайч гахай шиг амьдарч байхаар шоронд ороод улсын хоол зүгээр идэж бай гэж” дарамталж зодсон. Хэргийг даачих 09 дүгээр сарын 01-нд хуулинд өөрчлөлт орж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл анги байхгүй болно, прокурор дээр хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн. Энэ ярьсан зүйлүүд үнэн гэж бодоод зохиомол хэрэг хүлээсэн. Намайг энэ хэрэгт буруугүй гэдгийг н.Э- гэдэг залуу гэрчилнэ. Иймд хилс хэрэг хүлээсэн намайг цагаатгаж, буруутай этгээдэд нь зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэжээ.

Ялтан К.Т- давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би өөрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би н.А-аас мах, индукцэн плитка зэргийг нь авч зах дээр зарсан нь үнэн, н.А- эдгээр зүйлүүдийг хаанаас авсныг мэдэхгүй би хулгай хийгээгүй, олон сая төгрөгийн үнэтэй ажлын хувцсыг би аваагүй. Зам шалгалтаар явахад О.Эрхэмзаяа байцаагч надад тэр подвалыг зааж өгөөд, шуудайтай хувцсыг модны ёроолд тавьсан такси авчрах хооронд алга болсон гэж хэл гэж зааж өгсөн. Би хийгээгүй хэргээ хүлээсэн. Би худлаа яриагүй ээ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Баттамир гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. К.Т-ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоодсон. Хэрвээ үнэхээр К.Т- хилс хэрэгт шийтгэгдэх гээд байгаа бол энэ тухай мөрдөн байцаалтын шатанд хяналт тавьсан прокурорт гомдол гаргах, шалгуулах бүрэн боломжтой байсан. Яагаад шүүхэд хэрэг шилжсний дараа ийм зүйл ярьж байгааг нь ойлгомжгүй байна. Одоо түүний ярьж байгаа зүйлүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Ийм учраас түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Ялтан К.Т-ийг 2016 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр байгийн нутаг дэвсгэрт байх орон сууцны 13 дугаар байрны 2 дугаар орцны доод хонгилын оёдлын цех рүү хууль бусаар нэвтэрч, индукцэн плитка, хөлдөөсөн мах, ажлын хувцас зэрэг нийт 2.826.000 төгрөгийн эд зүйлүүдийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Ялтан К.Т- нь шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “... энэ гэмт хэргийг үйлдээгүй, мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч О.Эрхэмзаяа “намайг хилс хэрэг хүлээлгэхээр дарамталж, зодсон, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хууль өөрчлөгдөж чиний хэрэг хэрэгсэхгүй болно” гэсний дагуу хилс хэрэг хүлээсэн...” гэсэн үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч Л.Манхтай, П.Хөххүүхэн, Ж.Баасанхүү нарын мэдүүлгээр ялтан К.Т- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 13 дугаар байрны 2 дугаар орцны хонгилд байх оёдлын цехээс алдагдсан гэх индукцэн плитик болон махыг авч явж дээрх хүмүүст зарсан болох нь тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд К.Т-ийн өөрийн үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлгүүдийг дээрх гэрчийн мэдүүлгүүд давхар нотлож байгаа бөгөөд  гэрчүүдийн дээрх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн байцаалтын явцад К.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Ялтан К.Т- нь мөрдөн байцаагч О.Эрхэмзаяа хилс хэрэг хүлээлгэхээр дарамталсан гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд болон прокурорт хэрэг шилжсний дараа энэ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг мэдэж байгаа гэх н.Э-, н.А- нарыг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаагаагүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан нь буруу биш байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан К.Т-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                   

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Я.ТУУЛ

                             ШҮҮГЧИД                                                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Д.БУЯНЖАРГАЛ