Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 99

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                         Г.Яндаг

Ялтны өмгөөлөгч                            Б.Цэдэндамбаа

Ялтан                                               Б.Г-

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                 Д.Номин-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                                         Б.Хулан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 92А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбараа овогт Б-ийн Г-д холбогдох эрүүгийн 201509000552 дугаартай, 171/2016/0277/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 20 дугаар байрны 21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Жамбараа овогт Б-ийн Г /РД:ПМ87061310/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Г- нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Глобал Бридж” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого болох нийт 25.883.850 /хорин таван сая найман зуун наян гурван мянга найман зуун тавь/ төгрөг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 92А дугаартай шийтгэх тогтоолоор:

-Жамбараа овогт Балсангийн Ганширнэнг аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний буюу 25,883,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-гийн энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 151 /зуун тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Г-гээс 23,564,850 төгрөг, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 604 тоотод оршин суух иргэний хариуцагч Олхонууд овогт Пүрэвдашийн Золжаргал /МЙ84101070/-аас 849.960 төгрөг тус тус гаргуулж “Глобал бридж” ХХК-д олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“...Б.Чимэгбаяр нь 2015 оны 07 сарын 15-ны өдөр Б.Г-гээс 1.076.300 төгрөгний бараа болох пивыг авсан падаан болон 1.076.300 төгрөг тушаасан баримт, тухайн үед Б.Г-гийн утсаар нь холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй учраас өнөөдрийг хүртэл авсан барааныхаа үнийг өгөлгүй явсан тухай шүүх хурал дээр Б.Чимэгбаяр тодорхой яриад байхад иргэний хариуцагчаар таталгүйгээр шүүгдэгч Б.Г-д учруулсан хохирлын хэмжээнээс хасч тооцох үндэслэлтэй байсныг тооцсонгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаагүй 940.920 төгрөгийг Б.Г-гээс нэхэмжилж хохиролд оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь “Глобал Бридж” ХХК-ний эрхлэгч Б.Хулан өөрөө гарын үсэг зурж “Магнолиа” ХХК-д 626.400 төгрөг, Урт цагаанд 168.720 төгрөг хулээлгэн өгч, өгсөн авсан гарын үсэг падаан зэргээр нотлогдож байна. н.Төрхүү гэх 87.480 төгрөг, 58.370 төгрөгийн зарлагын падаан нь бичигдсэн боловч хүлээлгэж өгсөн, авсан хүний гарын үсэг байхгүй зэргээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байхад эөвхөн хохирогч Б.Хулангийн мэдүүлгээр шүүх үнэлж шүүгдэгч Б.Г- 940.920 төгрөгийг “Глобал Бридж” ХХК-д учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Г- “Глобал Бридж” ХХК-д 25.885.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч, үүнээс:

-Хохирогч Б.Хулан шүүгдэгч Б.Г-д бараа өгөөгүй байж бараа өгсөн мэтээр 2015 оны 07 сарын 09-ний өдрийн 1.858.800 төгрөгийн хуурамч падаан бичсэн

-2015 оны 07 сарын 25-ны өдөр шүүгдэгч Б.Г-гээс Архангай аймагт Б.Чимэгбаярын авсан барааны үнэ 1.076.300 төгрөг

-Шинжээчийн дүгнэлтэнд тооцогдоогүй хохирогч Б.Хулангийн гаргаж ирсэн 940.920 төгрөгний барааны падаан гэсэн дээрх падаануудын 3.875.720 төгрөгийг шүүгдэгч Б.Г-гийн “Глобал Бридж” ХХК-д учруулсан гэх 25.885.850 төгрөгнөөс хасч тооцох үндэслэлтэйг сум дундын шүүх анхаарч үзсэнгүй.

Шүүгдэгч Б.Г- нь “Глобал Бридж” ХХК-д учруулсан хохирол 22.010.130 төгрөгийг хүлээн зөвшөөрч үүнээс 1.243.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо “Глобал Бридж” ХХК-д 20.767.130 төгрөгний дутагдуулсан төлбөрөө төлнө. Шүүгдэгч Б.Г- нь 22.010.130 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 71 дугаар магадпалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа тодорхойлох хэсэгт зайлшгүй тодруулах шаардлагатай хавтаст хэрэгт авагдсан болон авагдаагүй баримтуудаар 7 зүйлийг шалгах үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байхад зөвхөн эдийн засгийн шинжилгээ хийлгэсэн нэг заалтыг биелүүлж бусад 6 заалтыг орхигдуулсан нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318, 319 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 92А шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Ялтан Б.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...1.858.800 төгрөгийн падаан хуурамчаар бичснийг шалгуулмаар байна. 22.010.130 төгрөгийг би хүлээн зөвшөөрч байна, үүнээс би 1.243.000 төгрөгийг хохиролд өгсөн байгаа. Одоо би 20.767.130 төгрөгийг төлж барагдуулна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хулан давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...24.942.930 төгрөг болон 940.920 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Б.Г-гийн биеийн байцаалтаас харахад Б.Г- эдийн засагч мэргэжилтэй, 1.858.800 төгрөгийн баримтад гарын үсэг зурсан талаар дарамт шахалт байна уу гэж асуухад “үгүй” гэж хариулсан. Б.Г- шүүх хуралдаан бүрт зөрүүтэй мэдүүлж байгаа нь үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна. Энэ нь ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл биш юм” гэв.

Улсын яллагч Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй. Б.Г-гийн үйлдэл бүрэн тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт гарсан, хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагаа бүрэн хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Г-г 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд “Глобал Бридж” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого болох нийт 25.883.850 төгрөг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Г-г аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний буюу 25.883.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 92А дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал:

-1. Хохирогч “Глобал Бридж” ХХК-ний Дархан салбарын эрхлэгч Б.Хулан шүүхийн хэлэлцүүлэгт “...Борлуулагч Б.Г- 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдөр 1.858.800 төгрөгний бараа материал аваагүй боловч 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор 1.858.800 төгрөгийн үлдэгдэл гарсан тул “...Б.Г- 1.858.800 төгрөгний бараа материал авсан...”  гэж зарлагын баримт үйлдсэн гэж мэдүүлсэн.

Гэтэл ялтан Б.Г- мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийгээгүйгээс гадна надад 1.885.800 төгрөгийг бараа материалын үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх тул 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Глобал Бридж” ХХК-ний Дархан салбарын эрхлэгч Б.Хулан борлуулагч Б.Г-тэй тооцоо нийлж тооллого хийсэн тухай анхан шатны баримт, тооллогын акт болон бусад баримтаар борлуулагч Б.Г-д өр дутагдал үүссэн эсэхийг нотлох шаардлагатай байна.

-2. Анхан шатны шүүх Б.Г-гийн нэр дээр бичигдэж иргэн н.Төрхүүд өгсөн 145.800 төгрөгний /87480 төгрөг + 58320 төгрөг/ бараа материалын үнийг, “Магнолиа” хүнсний дэлгүүрт өгсөн 626.400 төгрөгний бараа материалын үнийг, иргэн н.Уртцагаанд өгсөн 168.720 төгрөгний бараа материалын үнийг Б.Г-гээс гаргуулахдаа зөвхөн ялтан, хохирогч нарын мэдүүлгүүдийг үндэслэл болгосон нь шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлүүдийг тодруулалгүй орхигдуулсан байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “...яллагдагч, шүүгдэгч нь хэргийг байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…” гэж заасан байдаг тул мөрдөн байцаалтын шатанд яллагдагч иргэн н.Төрхүү, н.Уртцагаан, “Магнолиа” хүнсний дэлгүүрүүдэд өгсөн бараа материалын үнийг төлөхийг зөвшөөрсөн гэсэн мэдүүлгээр гэм буруутай байдлыг тогтоох нь буруу юм. Мөн яллагдагчийн гэм буруугийн талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасныг баримтлан өөр бусад нотлох баримтуудаар давхар нотлуулах шаардлагтай.

Тухайлбал: Зарлагын баримт дээр бараа хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй тул нэр дурдагдсан иргэдээс мэдүүлэг авах, аж ахуйн нэгжийн данс, бүртгэлтэй тулгалт хийх замаар бараа материал авсан эсэхийг, бараа материал авсан бол хэзээ, хэрхэн эргэн төлөлт хийсэн болохыг банкны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн баримт, гэрчийн этгээдүүдийг байцаах зэрэг холбогдох шалгалтыг хийх нь зүйтэй.

-3 “Глобал Бридж” ХХК-ний хуулийн зөвлөх Д.Ариунболдын мэдүүлэгт “...Манай компанид худалдааны төлөөлөгчтэй борлуулагч, худалдааны төлөөлөгчгүй борлуулагч гэж 2 борлуулагч ажилладаг. Худалдааны төлөөлөгчтэй борлуулагч нь худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын дагуу барааг түгээх үүрэгтэй, Худалдааны төлөөлөгчгүй борлуулагч нь өөрөө захиалгаа олж борлуулалт хийх эрхтэй байдаг. Дархан салбар худалдааны төлөөлөгчгүй тул Б.Г- хаана ч бараагаа зарах эрхтэй гэж мэдүүлжээ. /хавтаст хэргийн 457 дүгээр тал/                     

Гэтэл “Глобал Бридж” ХХК нь иргэн Б.Г-тэй байгуулсан 010/15 тоот Борлуулалтын гэрээний 3.5-д “...Борлуулагч Балсан овогтой Ганширнэн ...Барааг борлуулах гэрээтэй дэлгүүр, лангуунд ...хүргэж өгөх үүрэг хүлээнэ...” гэжээ.

Иймд хуулийн зөвлөх Д.Ариунболдын мэдүүлэг, “Глобал Бридж” ХХК нь иргэн Б.Г-тэй байгуулсан 010/15 тоот гэрээний зохих заалттай зөрчилдөж байгаа тул борлуулагч Б.Г-гийн ажиллаж байсан “Глобал Бридж” ХХК-ний Дархан салбар нь худалдааны төлөөлөгчтэй эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Ийнхүү тогтоосноор борлуулагч Б.Г- компанитай байгуулсан 010/15 тоот борлуулалтын гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан эсэх, “Глобал Бридж” ХХК-ний Дархан салбарын эрхлэгч Б.Хулан борлуулалтын гэрээний хэрэгжилтэнд хэрхэн хяналт тавьж байсан зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой.

Ялтан Б.Г- нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Глобал Бридж” ХХК-ний борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого болох нийт 25.883.850 төгрөг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд “Глобал Бридж” ХХК-ний Дархан салбарын эрхлэгч Б.Хулан өөрийн шууд удирдлаганд буй ажилтнууддаа зохих хяналт шалгалт тавьдаггүй, анхан шатны бүртгэл, тооллогыг хууль, журмын дагуу хөтлөдөггүй, зарлагын болон тооллогын баримтыг нөхөж бичих зэргээр хуурамч баримт бүрдүүлж байсан үйлдлүүдэд нь гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 92А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.3, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 92А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох эрүүгийн 201509000552 тоот 3 хавтас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                     Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                          Б.МАНЛАЙБААТАР