Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 100

 

Ц.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         Б.Сүрмандах

Хохирогчийн өмгөөлөгч                 Л.Азжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргалын бичсэн давж заалдах гомдол болон улсын яллагч Д.Энхтуяагийн давж заалдах эсэргүүцлээр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндоржийн О-т холбогдох эрүүгийн 201609000032 тоот 2 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д механик инженер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух, одоо “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д механик инженер ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Дархчууд овогт Ц-ийн О- нь 2002 оны 06 дугаар эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух гэр бүлийн гишүүн өөрийн эхнэр М.Н- болон хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нарыг үл хүндэтгэн эхнэр М.Н-д хүч хэрэглэн удаа дараа зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүү О.Төгөлдөр болон охин О.Сарангуа нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан, үүний улмаас эхнэр М.Н-, хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нарыг хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгож, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.О-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дэх хэсэгт зааснаар Ц.О-ын давтан үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас эхлэн гэр бүлийн гишүүн эхнэр М.Н-г удаа дараа зодсон, нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж хүү О.Төгөлдөр болон охин О.Сарангуа нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан, үүний улмаас М.Н-, О.Төгөлдөр, О.Сарангуа нарыг хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгож догшин авирлаж танхайрсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Ц.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.9 дэх хэсэгт зааснаар Ц.О-ыг М.Н-гийн хохиролд 600.000 төгрөг төлснийг дурдаж, 3.125.744 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Хохирогч М.Н-гийн өмгөөлөгч Л.Азжаргал шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... хохирогч М.Н- болон насанд хүрээгүй хохирогч О.Төгөлдөр болон О.Сарангуа нарын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэргүй орхигдуулсан гэх хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ц.О- давтан үйлдлээр удаа дараа зодсон гэх 2002, 2007, 2008, 2014 оны үйлдлүүд тогтоогдохгүй байна гэжээ. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.5 дахь хэсэгт хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг хүртэл хууль сануулан авсан мэдүүлгүүд тул хууль зүйн хувьд үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна. Хохирогч М.Н- нь уг хэрэгт өөрийн тодорхой хэмжээгээр нотлож чадах тоймтой 6 удаагийн Ц.О-ын хууль бус үйлдлийг гаргаж ирсэн бөгөөд гэр бүлийн хүрээнд болдог нуугдмал шинжтэй тул  тэр бүр цагдаа, эмнэлэгт хандаж байгаагүй байдаг. Тэгээд хохирогчийн өгч буй мэдүүлэг нь өвчний түүх, карт шинжээчийн дүгнэлтүүдээр баталгаажин хангалттай тогтоогдож байна. Хохирогч М.Н-, ОУ-ын өвчний 10 дугаар ангилалаар F43.22 код бүхий дасан зохицохуйн эмгэг, сэтгэл түгшүүрлэх, сунжирсан хариу урвал, О.Төгөлдөр, О.Сарангуа нар нь F43.22 код бүхий дасан зохицолтыг эмгэг, зан үйлийн давамгайлсан хариу урвал гэх сэтгэцийн өвчнөөр өвчилсөн болох нь шүүх сэтгэц эмгэг судалалын удаа дараагийн  дүгнэлтүүдээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн мөртлөө яг хэдийн хугацаанд үүссэн гэдгийг тогтоох боломжгүй учраас Ц.О-ыг учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж байгааг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна. Сэтгэцийн эмгэг судлалын эмч нарын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсгүүдэд хэн өөртэй хэрхэн харьцдаг, айдас түгшүүртэй байдаг талаараа хэлж өвчний онош тогтоогдсон шүү дээ. Үүнээс хэн учруулсан нь тодорхойлогдож байна гэж үзэж байна. Гэр бүлийн амьдралын хугацаанд буюу 2002 оноос гэр бүлийн хүчирхийлэлд байсаар ирсэн бөгөөд М.Н- 2014 оны 12 дугаар сарын 20-ний өдөр сэтгэцийн эмчид үзүүлэхэд сөрөг сэтгэл хөдлөлөөс шалтгаалсан архаг ядаргаа, сэтгэл гутрал гэсэн онош тогтоогдож байсан бөгөөд энэ хугацаанаас хойш энэ байдал даамжирч ОУ-ын өвчний ангилалын F43.22 код бүхий өвчинд хүргэсэн.

Мөн гэмтлийн хүндэвтэр зэргийг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтүүдээр эдгэрэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж байхад эдгэрэх хугацаагаар нь хүндэвтэр зэрэгт оруулж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 10-нд анхны Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаанууд гар байхад дээрх оношнууд тогтоогдсон бөгөөд хамгийн сүүлд шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр “сэтгэцийн эмгэг нь засрал сайжралд орж буй байдалтай” гэж гэдэг тул шинжээчийн дүгнэлтүүдийн хоорондох 5 сарын хугацаа нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар буюу удаан хуацаагаар сарниулсан гэдгийг хангалттай нотлох нотолгоо болж харин ч нарийвчлан тогтоогдож байан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Ц.О-ын гэр бүлийн гишүүдтэйгээ харьцаж буй хүчирхийлэл нь эрүүл, согтуу аль үедээ үйлддэг бөгөөд гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг зөрчиж хамтын амьдралын ёс горимд харшилсан үйлдлийг хийж догшин авирлаж гэр бүлийн гишүүдийн бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа үйлдлээр илэрдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр зүйлчлэх нь боломжтой гэж үздэг. Ер нь эцэг нь насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ эсрэг хувийн таарамжгүй харьцаатай байна гэж үзэж болохгүй бөгөөд танхайрах гэмт хэрэг нь онолын хувьд нэг хүн лүү ч чиглэсэн шинжтэй үйлдэгдэж болно гэж үздэг. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Улсын яллагч Д.Энхтуяа шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ: “ ...Шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шүүх Ц.О-ын бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, мөн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, давтан үйлдлээр догшин авирлаж танхайрсан үйлдэлд дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй, хэт нэг талыг барьсан хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Ц.О- нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхааралын төвд байлгахыг эрмэлзэж “хоол хийсэнгүй, өглөө эрт босож цай хийж өгсөнгүй” гэх зэрэг ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг удаа дараа гаргаж хүний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах, амрах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж хамтын аж байдлын ёс горимд харшилсан санаатай үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 4 дүгээр байрны 55 тоотод оршин суух гэр бүлийн гишүүн М.Н-д хүч хэрэглэн удаа дараа зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтлүүд учруулсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан, Ц.О-ын дээрх үйлдлийн улмаас эхнэр М.Н-, хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нар нь хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгосон зэргээр догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдсон болно.

Хохирогч биедээ хөнгөн зэргийн гэмтлүүд авсан, сэтгэцийн өвчтэй болсон зэрэг шинж нь догшин авирлаж үйлдсэн танхайрах гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байхад шүүх Ц.О-ын үйлдлийг хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж илтэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Шийтгэх тогтоолд хохирогчийн нэхэмжилсэн 3.725.744 төгрөгнөөс 570.200 төгрөгийг Ц.О- бүрэн төлсөн, бусад зардал нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан холбогдож гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 3.125.744 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас 3.125.744 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тооцохдоо зөвхөн “гэм хор учруулсан холбоотой зардалд хамаарахгүй” гэж товч дүгнэж, үндэслэл шаардлагаа тодорхой дурдаж өгөөгүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж заасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг гэж хуульд заагаагүй үндэслэл баримталж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргал: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Ц.О-ын хохирогч М.Н-г 2002, 2007, 2008, 2012, 2014 оны үйлдлүүдийг тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй ээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн  42.5.2-т зааснаар хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд хохирогчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь бүгд хууль сануулан өгсөн мэдүүлгүүд бөгөөд түүнийг хууль зүйн хувьд үнэлэх боломжтойгоос гадна дээрх мэдүүлгүүд нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдож байхад шүүх яагаад тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Мөн түүнчлэн Ц.О-ын гэр бүлийнхээ гишүүдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулж, эрүүл, согтуу ямар ч үедээ дарамталдаг, зоддог танхайн үйлдлийн улмаас хохирогч М.Н- болон хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нар сатгэцийн эмгэг өвчтэй болж улмаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, одоо биеийн байдал нь сайжирч байгаа болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын үзлэгийн тэмдэглэл, өвчтний хэвтэн эмчлүүлсэн түүх, удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд одоо ч бүрэн эдгээгүй байгаа болох нь сүүлд шүүхээс томилогдож дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь 4 долоо хоногоос дээш хугацаагаар эмчлэгдэж эдгэрдэг бөгөөд хохирогч нарт анхны үзлэг хийснээс хойш шинжээч нарын сүүлчийн дүгнэлт гартал 5 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд хохирогч нарын сэтгэгцийн эмгэг нь бүрэн эдгээгүй засрал, сайжралыг олж байгаа гэсэн байхад шүүх “эдгэрэх хугацаагаар нь эдгэрэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж байхад эдгэрэх хугацаагаар нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт оруулсан нь үндэслэлгүй байна” гэж үзсэн нь буруу гэж бодож байна. Гэмтлийн зэрэг тогтоох зааварт зааснаар бол гэмтлийн зэрэг тогтоох хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийн зөвхөн нэг л шалгуур үзүүлэлтийг хангаж байхад гэмтлийн зэргийг тогтоож болохоор заасан байдаг. Тийм учраас хохирогч нарт учирсан сэтгэцийн эмгэг нь эдгэрэх хугацаагаараа л эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь нотлогдсон гэж үзэж байна. Мөн Ц.О-ыг хувийн таарамжгүй харьцаатай, хэн алиных нь буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч М.Н-гийн шүүгдэгч Ц.О-тай ямар нэгэн таарамжгүй харьцаатай байсан болон түүний  буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан гэж үзэх нотлох баримт байхгүй бөгөөд өөрийн төрсөн хүүхдүүдтэйгээ буюу насанд хүрээгүй хохирогч нартай хувийн таарамжгүй харьцаатай байх үндэслэлгүй юм. Ийм учраас шүүх хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах: Шүүхийн шийтгэх тогтоол хууль ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгдэгч Ц.О- бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, давтан үйлдлээр догшин авирлаж танхайрсан үйлдэлд дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүй, хэт нэг талыг баримталсан, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ц.О- нь өөрийн эхнэр М.Н-г “хоол хийсэнгүй, өглөө эрт босож цай хийж өгсөнгүй, ажил хийсэнгүй” гэх зэрэг ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр танхайрч 2002 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл гэр бүлийн гишүүд болох эхнэр, хүүхдүүдээ илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчиж тэдний амгалан тайван айдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон, энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Н- болон хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нар нь сэтгэцийн эмгэг өвчтэй болж улмаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, одоо энэ өвчин нь бүрэн эдгээгүй, тэдний сэтгэцийн эмгэг өвчнийг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад шүүх Ц.О-т аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ерөөсөө танхайн гэмт хэрэг нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж өөрийн танхайн үйлдлээрээ бусдын амгалан тайван байдлыг алдуулж догшин авирладаг шинжээрээ иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч М.Н-гийн буруутай, хууль бус үйл ажиллагаа энэ гэмт хэрэг нөлөөгүй, анхан шатны шүүх хохирогчийн буруутай үйл ажиллагаа энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч М.Н-гийн хохиролд төлбөрт нэхэмжилсэн шаардлага болох 3.725.744 төгрөгнөөс Ц.О-ын төлсөн гэх 600.000 төгрөгийг хасч, үлдэх 3.125.744 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заагаагүй, үндэслэлээ тайлбарлахгүйгээр хэрэгсэхгүй болгосон  гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ц.О- холбогдох танхайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг гэж хуульд заагаагүй зүйл хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Тодорхойлох нь:

Ц.О- нь давтан үйлдлээр 2002 оны 06 дугаар сараас эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 4 дүгээр байрны 55 тоотод гэр бүлийн гишүүн эхнэр М.Н-, хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа гарыг үл хүндэтгэн эхнэр М.Н-д хүч хэрэглэн удаа дараа зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нарын амгалан тайван байдлыг алдагдуулсан үүний улмаас М.Н-, хүү О.Төгөлдөр, охин О.Сарангуа нарыг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах сэтгэцийн өвчтэй болгож, догшин авирлаж танхайрсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.О-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ц.О-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн  хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргалын давж заалдах гомдол болон улсын яллагч Д.Энхтуяагийн давж заалдах эсэргүүцлийг хүлээн авч дараах дүгнэлтийг хийж, Ц.О-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлүүдийг заагаагүй байгаагаас гадна хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ “гэр бүлийн таарамжгүй харьцаа, хэн алины буруутай харилцаанаас болж маргалдсаны улмаас ахуйн хүрээнд үйлдэгдсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүгдэгч болон хохирогч нарын хоорондын ямар, ямар харилцааг таарамжгүй харилцаа гэж үзэж байгаа болон хохирогчийн болон шүүгдэгчийн ямар, ямар буруутай үйлдэл нь ахуйн хүрээний хувийн шинжтэй, шүүгдэгч нийгмийн хэв журам зөрчөөгүй болох нь түүний үйлдлийн ямар шинжээр тогтоогдож байгаа зэргийг тодорхой заагаагүй байх бөгөөд ийнхүү дүгнэсэн нь Ц.О-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй болжээ.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нарын дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэхдээ  хохирогч нар сэтгэцийн эмгэг өвчтэй болж энэ өвчний улмаас эмнэлгийн тусламж авч, дээрх өвчин нь засарч сайжирч байгаа болох нь тогтоогдсон, энэ талаар шинжээчийн дүгнэлтүүд зөрүүгүй байхад хүний биеийн гэмтлийн зэрэг тогтоох нэг гол шалгуур болох “учирсан гэмтлийн эдгэрэх хугацаа”-гаар гэмтлийн зэргийг тогтоосныг яагаад үндэслэлгүй гэж үзсэн ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ц.О-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Ц.О-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3, 320 дугаар зүйлийн 320.1, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлийг удирдага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.О-т холбогдох эрүүгийн 201609000032 тоот 2 хавтас хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Ц.О-т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                         ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                       Ц.АМАРЖАРГАЛ