Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101

 

Д.Н-т холбогдох захиргааны

зөрчилтэй хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч Д-ийн Н-ийн давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч: Монгол улсын иргэн, 1984 оны 5-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, барилгын материалын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн хуучин хорооллын 22-52 тоотод оршин суух, Боржигон Д-ийн Н /РД:УД84052719/

Д.Н- нь 2016 оны 06 дугаар сарын 18, 2016 оны 08 дугаар сарын 11, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд удаа дараа архидан согтуурсан зөрчилд холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаартай шийтгэврээр:

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Боржигон Д-ийн Н-т 15 /арван тав/ хоног баривчлах шийтгэл ногдуулж,

-Д.Н-ийн баривчлагдсан хугацааг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хүргэгдэн очсон өдрөөс эхлэн тооцож, шийтгэврийн биелэлтэнд хяналт тавихыг Цагдаагийн газарт хариуцуулахаар тус тус заажээ.

Зөрчил гаргагч Д.Н- давж заалдах гомдолдоо:

“...Д овогтой Н миний биед ар гэрт гачигдалтай байхад 15 хоногийн баривчлах шийтгэл өгсөнд гомдолтой байна. Эхнэр яаралтай хагалгаанд орох болсон” гэжээ.

Тодорхойлох нь:

Зөрчил гаргагч Д.Н- нь нь 2016 оны 06 дугаар сарын 18, 2016 оны 08 дугаар сарын 11, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд удаа дараа архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн болох нь зөрчлийн тухай тэмдэглэл,  Д.Н-ийн эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчил гаргагчийн тайлбар болон зөрчлийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Зөрчил гаргагч Д.Н-ийн давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлын дагуу зөрчлийн материалыг шинжлэн судлаад “...ар гэрт гачигдалтай байхад 15 хоногийн баривчлах шийтгэл өгсөнд гомдолтой ...” гэх гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, ногдуулсан захиргааны шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүхээс Д.Н-ийн гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл нь тохирсон, хуульд нийцсэн тул шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Д.Н-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, Д.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Магадлалын хувийг зөрчил гаргагч болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                         Ц.АМАРЖАРГАЛ