Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102

 

Н.Т-, Н.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул                                               

Шүүгчид                                            Д.Буянжаргал

Ц.Амаржаргал

Прокурор                                          А.Оргилбаяр

Хохирогч                                           М.Ц-

Хохирогчийн өмгөөлөгч                   Д.Цагаандарь

Ялтан                                                Н.Э-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Э-ын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-ийн Т, Н-ийн Э нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-ийн Т нарт холбогдох эрүүгийн 201609000125 тоот 1 хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Буян-Орших” барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25-53 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Харагчин овогт Н-ийн Т /РД:ТВ78072167/

2. Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, металлургийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 50 мянгатын 4 дүгээр хороо, 20-62 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Харагчин овогт Н-ийн Э /РД:ТВ74080565/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Т-, Н.Э- нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогзолбоо” фитнесс төвийн байранд иргэн М.Ц-г ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлын байранд нь нэвтрэн орж, өөрсдийн дүү Н.Буян-Оршихтой эд хөрөнгийн маргаантай асуудалд нь дургүйцэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжлон, улмаар үйлдлээрээ нэгдэн иргэн М.Ц-г бүлэглэн зодож бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүд, зүүн бугалганд цус хуралт, зүүн сарвуу, 4 дүгээр хуруунд нь зулгаралт, 2 хөлийн гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, ялтан Н.Т- нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн М.Ц-г бүлэглэн зодох явцдаа тус фитнесс төвд ашиглаж байсан “Спиннинг КС-5800” загварын дугуйг санаатайгаар түлхэж унаган эвдэлж 60,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Н.Т-, Н.Э- нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Н.Т-ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэлж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Н.Э-ыг 260 цагийн албадан ажил хийлгэх ял, Н.Т-ийг 03 сар 20 хоног /гурван сар хорь хоног/-ийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Н.Т-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд багтааж, эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Т-т оногдуулсан 2  жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,

-Н.Т-, Н.Э- нар нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Ц- нь эм тариа авсан гэх 70.800 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т-, Н.Э- нарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх,

-Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус зааж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Э- давж заалдах гомдолдоо:

“....Миний бие иргэн М.Ц-г бүлэглэн зодож бие махбодид нь гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх 260 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулсан. Миний хувьд М.Ц-г зодсон, цохьсон асуудал огт байхгүй, М.Ц-г сайн танихгүй. 3 давхарт байдаг үйл ажиллагаа явуулдаг “Цогзолбоо” фитнесс төвд орж өөрөө танхайрсан асуудлыг ярьж зохицуулахаар очсон. Гэтэл хэл амаараа учраа олохгүй юм байна. Миний ямар үйлдлээр М.Ц-д гэмтэл учирсан эсэхийг тогтоогоогүй. Хоёулаа нийлж бүлэглэж зодсон гэж үзэж ял шийтгүүлсэндээ би маш их гомдолтой байгаа тул хэргийн үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Н.Э- тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Ц- тайлбартаа:

“...Би маш их гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...”  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Цагаандарь тайлбартаа:

“...Ялтан нарт хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал харагддаггүй. Би зодоогүй гэж ялтан нар хэлдэг. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй гэж ялтан Н.Э- давж заалдах гомдол гаргасан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал биш, харин хүндрүүлэх нөхцөл байдал юм. Ялтан нар хэргийг бүлэглэж үйлдсэнд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хөнгөн ял шийтгэл оногдуулсан...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүхээс ялтан Н.Т-, Н.Э- нарын гэмт үйлдэлд хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Т-, Н.Э- нарыг бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогзолбоо” фитнесс төвийн байранд иргэн М.Ц-г ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлын байранд нь нэвтрэн орж, өөрсдийн дүү Н.Буян-Оршихтой эд хөрөнгийн маргаантай асуудалд нь дургүйцэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжлон, улмаар үйлдлээрээ нэгдэн иргэн М.Ц-г бүлэглэн зодож бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүд, зүүн бугалганд цус хуралт, зүүн сарвуу, 4 дүгээр хуруунд нь зулгаралт, 2 хөлийн гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, ялтан Н.Т-ийг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн М.Ц-г бүлэглэн зодох явцдаа тус фитнесс төвд ашиглаж байсан “Спиннинг КС-5800” загварын дугуйг санаатайгаар түлхэж унаган эвдэлж 60,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Н.Т-, Н.Э- нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Н.Т-ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэлж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Н.Э-ыг 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Н.Т-ийг 03 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Т-т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагыг хангасан хэдий ч албадан ажил хийлгэх ял болон хорих ялыг хаана, ямар дэглэмд, яаж эдлүүлэх талаар шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй орхигдуулсан байна.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй ялтны хорих ялыг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан заалтыг хэрэглээгүй нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлтийг оруулж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ялтан Н.Э-ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн үзэхэд Н.Э-, Н.Т- нар  нь  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Ц-гийн мөрдөн  байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-28-29, 190-192-р тал/, гэрч Ц.Лхагвасүрэн, Л.Отгонцэцэг, С.Отгонбаяр, Б.Отгончимэг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /хх-33, 34, 36, 37-р тал/, хохирлын үнэлгээ, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-5-р тал/, хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс үйлдэгдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй. 

Анхан шатны шүүхээс ялтан Н.Э-, Н.Т- нарт оногдуулсан ял нь тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 137 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын дараа 41 гэсэн заалтыг нэмж: 

“41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Э- нь оногдуулсан 260 цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг түүнд анхааруулж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Н.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж нэмэлт өөрчлөлт оруулан найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                             Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ