Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 103

 

Д.О-, М.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Д.Буянжаргал

Ц.Амаржаргал

Прокурор                                          Д.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 427 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ы О, М-ын О нарт холбогдох эрүүгийн 201509000796 дугаартай, 171/2016/0116/Э индекстэй хэргийг 2016 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг, 07 дугаар байрны 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Тогоруутан овогт Д-ы О /РД:ТИ66011519/

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл-6, нөхөр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, 2 дугаар байр, 60 айлын 05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Эмчийнхэн овогт М-ын О, /РД:ПЭ75090621/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.О-, М.О- нар нь бүлэглэн 2015 оны 06 сараас 08 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн, иргэн Ц.Ганболороос 4,035,000 төгрөг, Ж.Отгонцэцэгээс 1,650,000 төгрөг, Б.Айжангаас 3,680,000 төгрөг, Н.Бат-Эрдэнээс 5,170,000 төгрөг, Г.Пунсалдуламаас 1,830,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч, бусдад 16.3650.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 427 дугаартай  шүүгчийн захирамжаар:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт Тогоруутан овогт Д-ы О, Эмчийнхэн овогт М-ын О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000796 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр,

-Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг заажээ.

Прокурор Д.Энхтуяа эсэргүүцэлдээ:

“...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд модны мөчир тайрч өгсөн байх ба тухайн мөчрийг ургах боломжтой эсэх, зохих журмын дагуу тайрч бэлдсэн эсэхийг нягтлан шалгаагүй, мөчрийн үнэлгээг шинжээч тогтоохдоо хохирогчийн тогтоосон үнэлгээгээр шууд үнэлсэн, ямар үндэслэлээр үнэлгээг тогтоосон нь ойлгомжгүй, хохирогч Г.Пунсалдуламд бэлэн төлсөн 4 сая төгрөгийг бэлэн өгсөн мөнгөний хохирол, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 2.8 сая төгрөгний үнэлгээ бүхий мөчрийн хохиролд тооцсон аль болох нь тодорхойгүй байх тул Г.Пунсалдулам, Ж.Отгонцэцэг нарын өгсөн гэх мөчрийн ургах боломжтой байсан эсэх, ямар журмын дагуу бэлдсэн болох, мөчрийг хэдийд яаж бэлдэж тээвэрлэдэг болох зэргийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна гэж дурджээ.

Дээрх 2 иргэнээс жимсний бут модыг авсан үйлдлийн арга 2 өөр байхад шүүх энэ тал дээр ямар нэгэн дүгнэлт хийлгүй прокурорын хүчин төгөлдөр болсон тогтоолд дурдсан асуудлыг шалгуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан хохирогч Г.Пунсалдуламын 2015 оны 07 дугаар сарын эхээр Д.О- захирал надад "бид нарт жимсний мод хэрэгтэй байна, би чамаас жимсний мод ширхэгийг нь 1500 төгрөгөөр бодож авна, бид нар цааш нь хүмүүст зарах гэж байгаа юм" гэж хэлэхээр нь би Орхон жимс ногооны сангийн аж ахуйгаас эхлээд 1500 ширхэг, дараа нь 2500 ширхэг жимсний мод ширхэгийг нь 700 төгрөгөөр бодож хүнээс 2.800.000 төгрөгөөр авч Д.О-д өгсөн. Эхний 1500 ширхэг жимсний модыг авчирч өгөхөд Д.О- захирал Баатарнямд хүлээлгээд өгчих гэж хэлсэн учраас Баатарнямд өгсөн. Дараагийн 2500 ширхэг модыг Д.О- захиралд өөрт нь ажил дээр нь аваачиж өгсөн юм. Байрны урьдчилгаа мөнгөтэйгээ нийлээд нийт 5.830.000 төгрөг болсон. Үүнээс 2 дугаар сарын 28-29-ний үеэр би Д.О- захирлаас жимсний модны үнэ болох 4 сая төгрөг авсан. Үлдэгдэл 1.830 000 төгрөгийг аваагүй байгаа. Тухайн үед хөдөлмөрийн гэрээг Отгонцэцэг гэдэг хүнтэй байгуулсан. Д.О- намайг “чи мэдээллийн ажилтан учраас гадуур сайн мэдээлэл тараа, чиний цалин 500,000 төгрөг” гэж хэлсэн. “Олон хүн энэ хөтөлбөрт хамруулах юм бол чиний цалин өсөх болно” гэж байсан. Д.О- "манай компани Капитал банктай гэрээтэй, банкны асуудалд санаа зоволтгүй” гэж хэлэхэд би итгэсэн. Би "Тосон сүмбэр өргөө” ХХК-ий захирал Д.О-д гомдолтой байна. 1.830.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр энэ үйлдэл Д.О- Пунсалдуламын хоорондох иргэний эрх зүйн харилцаа байсан учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх энэ залилангийн хэрэгт хамааруулан шалгахаар буцаасан үндэслэлгүй юм.

Хохирогч Отгонцэцэгийн хувьд хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаад байрны урьдчилгаа төлбөрт өгөх бэлэн мөнгөгүй учраас Д.О-гийн тавьсан саналын дагуу түүнд 1000 ширхэг үхрийн нүдний модыг нэг ширхэгийг нь 1500 төгрөгөөр бодож тооцон өгч урьдчилгаа мөнгөндөө тооцуулсан байна. Иймээс хохирогч Отгонцэцэгийн хохирлын дүнг 1,500,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй юм. Энэ үйлдлийг дахин шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

М.О-, Д.О- нарын бусдыг залилан мэхлэх санаа зорилго хэрэгжсэн нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогддог бөгөөд харин бусдыг залилан мэхлэх үйлдэлд Урангоо, Энхбаяр нар хамтран оролцсон гэж үзэж эдгээр хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл тогтоогдоогүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй. Урангоо, Отгонсамбуу, Энхбаяр, Отгонхишиг нарын хооронд компаний мөнгийг хэн хэдийг авсан, хэрхэн зарцуулсан талаар дотоод тооцоо байж болох боловч Урангоо, Энхбаяр нарын хувьд залилангийн гэмт хэрэгт хамтран оролцоогүй учраас энэ асуудлыг Урангоо, Энхбаяр нараас нарийвчлан тодруулалгуйгээр, зөвхөн шүүгдэгчийн тогтворгүй мэдүүлгийг үндэслэн хэргийг шууд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.О- нь мөрдөн байцаалтын болон анхны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Энхбаяр энэ үйлдэлд хамаагүй. Энхбаяр мөнгө авч байгаагүй талаар мэдүүлсэн. Тэгтэл 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр Энхбаяр, Урангоо нар бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байсан талаар ярьж мэдүүлсэн тул улсын яллагчийн зүгээс Урангоо, Энхбаяр нарыг шүүх хуралдаанд гэрчээр дуудан тодруулах талаар санал тавихад шүүх бүрэлдэхүүн улсын яллагчийн саналыг хангахаас татгалзаж, шийдвэр гаргалгүйгээр, гэрч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар заалтыг үндэслэж хүсэлтийг хангахаас татгалзсан талаар тодорхой шийдвэр гаргаагүй нь үндэслэлгүй болсон байна.

Шүүхийн шийдвэрийг шүүгч уншин сонсгоод шийдвэрээ тайлбарлахдаа тус компаний дансанд орсон 32,0 сая төгрөг орсон байхад 16.0 сая төгрөгөөр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөрүүтэй байх тул энэ асуудлыг шалгуулах шаардлагатай байна гэж тайлбарласан боловч тогтоолд энэ үндэслэлийг бичилгүй орхигдуулсан байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж шүух хуралдаан явуулж, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 427 тоот шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Хэргийг анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд буцаасан 427 тоот шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Д.О- нь хүмүүст хэдэн төгрөгийн хохирол учруулсан болон М.О- хүмүүсийн өгсөн гэх урьдчилгаа мөнгөнөөс хэдэн төгрөг өөртөө ашигласан эсэхийг нарийвчлан тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна, анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 427 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 427 дугаартай  шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Прокуророос Д Отгонсамбуу. М.О- нарыг бүлэглэн 2015 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд “орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа” гэж хуурч мэхлэн, иргэн Ц.Ганболороос 4,035,000 төгрөг, Ж.Отгонцэцэгээс 1,650,000 төгрөг, Б.Айжангаас 3,680,000 төгрөг, Н.Бат-Эрдэнээс 5,170,000 төгрөг, Г.Пунсалдуламаас 1,830,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч, бусдад 16.3650.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй зүйл болох  “... модны мөчир тайрч өгсөн, тухайн мөчир ургах боломжтой эсэх, зохих журмын дагуу тайрч бэлдсэн эсэхийг нягтлан шалгах,  мөчрийг хэдийд яаж бэлдэж тээвэрлэдэг болох зэргийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай...” гэж, түүнчлэн прокурорын хүчин төгөлдөр болсон тогтоолд дурдсан асуудлыг шалгуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх талаар үнэлэлт дүгнэлтээ өгч, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй.

            Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 427 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч М.О-, Д.О- нарт урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                      ШҮҮГЧИД                                             Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ