Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 104

 

Б.Т-, Ш.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: 

Даргалагч шүүгч                                Я.Туул

Шүүгчид                                             Д.Буянжаргал

Ц.Амаржаргал   

Прокурор                                            Г.Яндаг

Цагаатгагдсан этгээдийн                        

өмгөөлөгч                                           Г.Цагаан

Цагаатгагдсан этгээд                        Б.Т-

                                                            Ш.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын даргалж шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 33А дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагч Г.Яндагийн давж заалдах эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Т-, Ш-гийн О- нарт холбогдох эрүүгийн 201301030443 дугаартай, 171/2015/0002/Э индекстэй хэргийг 2016 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан этгээд нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1970 оны 03 сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, агро-инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Шарнууд овогт Б-ын Т- /РД: ХМ70030311/

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 04 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Арвайн үндэс” ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 137 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Олхонууд овогт Ш-гийн О- / РД: ХЭ82041575/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Т- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Арвайн үндэс” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт 2011 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарыг хүртэл гэрээт борлуулагчаар, Ш.О- нь Дархан-Уул аймгийн “Арвайн үндэс” ХХК-ийн салбарт борлуулалтын менежерээр тус тус ажиллаж байхдаа 21.955.575 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 334 дугаартай  цагаатгах тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Төмөрчөдер. Ш.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Т-, Ш.О- нарыг цагаатгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1 2-т тус тус зааснаар шүүгдэгч Б Төмөрчедөрийн энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоног, Ш.О-гийн цагдан хоригдсон 22 хоног болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-т зааснаар Б.Т-, Ш.О- нараас 21.955.575 тегрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дүгээр зүйлийн 297.6.2-т зааснаар Б.Т- Ш.О- нарыг урьд бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор,

-Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус заажээ.

Улсын яллагч Г.Яндаг эсэргүүцэлдээ:

“...Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Т- нь 2011 оны 05 сард “Арвайн үндэс” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбартай гэрээт борлуулагчийн гэрээ байгуулан 2011 оны 10 дугаар сар хүртэл гэрээт борлуулагчаар, Ш.О- хэдийгээр борлуулалтын менежерээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ хуурамч гэж тайлбарлаж байгаа боловч 2011 оны 06 дугаар сараас 2011 оны 10 дугаар сарыг хүртэл борлуулалтын менежерээр ажиллаж байсан болох нь хэрэгт байгаа "Арвайн үндэс" ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж, "Арвайн үндэс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн болох архи, пиво зэргийг борлуулж байсан болох нь ажилд авсан тушаал, гэрээт борлуулагчтай байгуулсан гэрээ, Ш.О-, Б Т- нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд 2011 оны 10 дугаар сард гэрээг цуцалж тооцоо нийлэх үед гэрээт борлуулагч Б.Т-ийн хүлээн авсан бараа бүтээгдэхүүнээс 21.955.575 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдсан. "Арвайн үндэс” ХХК  нь гэрээт борлуулагч Б.Т-т бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч бараа бүтээгдэхүүнийг борлуулсан орлого, зарлагын тооцоог зөвхөн Б.Т-тэй хийдэг байсан нь нотлогдсон.

Шүүгдэгч Б.О- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Арвайн үндэс" ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хөдөө орон нутгаар борлуулдаг байсан, тухайн борлуулсан барааны мөнгөнөөс 5.0 сая төгрөгийг цалин мөнгө байдаггүй учраас хувьдаа завшсан, үлдэгдэл мөнгийг дэлгүүрүүдээр тарааж дуусгасан гэж мэдүүлдэг ба гэрч Цэрэнноровын мэдүүлэгт ”миний Хаан банкны дансаар орж ирсэн мөнгийг Ш.О- мэднэ. Тухайн мөнгийг би мэдэхгүй” гэх, мөн тухайн гэрчийн дансаар орж ирсэн мөнгөний утга “Арвайн үндэс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг зарж боруулсан барааны утга болон тухайн үед шүүгдэгч нарын борлуулалт хийж байсан цаг хугацаатай тохирдог, шүүгдэгч Ш.О- “Арвайн үндэс" ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг бусдад зарж борлуулсан, улмаар зарж борлуулсан барааны мөнгөнөөс хувьдаа завшсан, мөн бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээр тарааж үрэгдүүлсэн нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Шүүгдэгч Б.Т- нь “Арвайн үндэс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг Ш.О-тэй хамт зарж борлуулж байсан, мөн орон нутгуудаар бараа бүтээгдэхүүн зарж борлуулах тухай гэрээг байгуулан нийлүүлж байсан, орон нутгаар зарж боруулсан гэх дэлгүүрүүдийн холбогдох хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр Ш.О-, Б.Т- нар нь хамт ирж бараа бүтээгдэхүүн борлуулж мөн тухайн борлуулсан мөнгийг хүлээн авдаг байсан нь тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс Ш.О- Б Т- нарт холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудад эргэлзээ гарсан талаар дүгнэлт хийгээгүй. Мөн шүүгдэгч Ш.О-гийн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэг ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн талаар дурдаагүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д зааснаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Цагаатгагадсан этгээдийн өмгөөлөгч Г.Цагаан давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Энэ хэрэг иргэний хэрэг юм. Нотлох баримтаар иргэний журмаар хандах боломжгүй учраас цагдаад хандсан. Байцаалт авахдаа Ш.О-д тулгасан. Би хамт явна гэж хэлсэн. Нотлох баримтыг цуглуулж байгаа үйлдэл хууль бус учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Т- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Хэрэг 6 жил болсон. Миний эрх ашиг хөндөгдсөн. Эд хөрөнгийг битүүмжилсэн, гадагш явах эрхийг хассан. Хийгээгүй хэргийн талаар ингэж явна гэдэг надад хүнд байна, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...5.000.000 төгрөгийн талаар намайг хүлээн зөвшөөрсөн гэсэн асуудал яригддаг. Надаар гарын үсэг хүчээр зуруулсан. “Арвайн үндэс” компанид 5 сар ажиллаж байхдаа би нэг ч удаа цалин авч байгаагүй. Давхар чипс, чихэр зарж байсан мөнгөө л авсан. Дансны хуулбарт манай эхнэрийн данс орсон байсан” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2016 оны 08 дцгаар сарын 02-ны өдөр 116 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Б.Т-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Арвайн үндэс” ХХК-ийн салбарт 2011 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарыг хүртэл гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа, Ш.О-г 2011 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд “Арвайн үндэс” ХХК-ийн салбарт борлуулалтын менежерээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн “Арвайн үндэс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулах явцдаа нийт 21.955.575 төгрөгийн дутагдал гарган үрэгдүүлж үлэмж хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Прокурорын газраас Б.Т-, Ш.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Т-, Ш.О- нарыг цагаатгаж, 21.955.575 тегрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэдэнд урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсныг хүчингүй болгон цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй...“ байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал шүүгдэгч Б.Т-, Ш.О- нарыг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор буюу яллах дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхээс “...шүүгдэгч нар нь хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хууль бусаар, үнэ төлбөргүйгээр дур мэдэн бусдад өгч үрэгдүүлсэн болох нь нотлогдоогүй, эргэлзээ бүхий байна” гээд хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, “нотлогдоогүй, эргэлзээтэй” гэсэн хоёр өөр агуулгатай, хоорондоо зөрчилдсөн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хуулийн үндэслэлгүй болсон байна.

Анхан шатны шүүх нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудаас алийг нь үнэлж, алийг нь үнэлэхгүй үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлж заагаагүй, Б.Т-,  Ш.О- нар нь 2011 оны 05 сараас 10 дугаар сар хүртэл “Арвайн үндэс” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбартай гэрээ байгуулан гэрээт борлуулагчаар ажиллаж, "Арвайн үндэс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн болох архи, пиво зэргийг борлуулж байсан, энэ талаар Ш.О-, Б Т- нар өөрсдөө мэдүүлсэн, "Арвайн үндэс” ХХК нь Б.Т-т бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч, борлуулсан орлого, зарлагын тооцоог зөвхөн Б.Т-тэй хийж, Ш.О- нь хөдөө, орон нутгаар дээрх барааг зээлээр худалдан борлуулж байсан, орон нутгийн дэлгүүрүүдийн худалдагч нарыг гэрчээр байцаасан мэдүүлгүүд, улмаар 2011 оны 10 дугаар сард гэрээг цуцалж тооцоо нийлэх үед гэрээт борлуулагч Б.Т-ийн хүлээн авсан бараа бүтээгдэхүүнээс 21,955,575 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдсан зэргийг шүүхээс юу гэж үзэж байгаа талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлтийг өгөөгүй байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан, хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж болохоор зөрүүтэй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 33А дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Энэ өдрөөс эхлэн Б.Т-, Ш.О- нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай

 

                                              ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                             Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ