Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 692

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Я.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Байгалмаа,

ялтан Я.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Я.Түвшинжаргалд холбогдох 201201051308 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өгөөмөр овогт Ядамсүрэнгийн Түвшинжаргал, 1985 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 8-318 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 2002 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2. 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 8 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

3. 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, ЙЮ85030832 регистртэй;

 

Я.Түвшинжаргал нь урьд бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1149 тоотод оршин суух М.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн орж “Самсунг” загварын 42 инчийн зурагт, “нокиа 6300” загварын гар утас хулгайлж, 740,000 төгрөгийн хохирол,

2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-0084 тоотод оршин суух Л.Лхагвасүрэнгийн гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтрэн орж “Тошиба” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 180,000 төгрөгийн хохирол, нийт 920,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор ялтан Я.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор ялтан Я.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 cap хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Түвшинжаргалд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил хорих ял дээр мөн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 cap хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн ялтан Я.Түвшинжаргалын биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 cap хорих ялаар тогтоож, Я.Түвшинжаргалыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жил 6 cap хорих ялд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 cap хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 cap хорих ялаар тогтоож, түүний өмнөх шийтгэх тогтоолоор биеэр эдэлсэн 2 жил 10 cap 5 хоногийн ялыг оруулан хасаж, биечлэн эдлэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил 7 cap 25 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Я.Түвшинжаргалын цагдан хоригдсон 440 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Я.Түвшинжаргалаас 920,000 төгрөг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Я.Түвшинжаргал давж заалдах гомдолдоо: “...Миний бие Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолд “Чингэлтэй дүүрэгт хулгайн 2 удаагийн үйлдэл дээр шалгагдаж байгаа талаар удаа дараа хэлж, уг хоёр удаагийн үйлдлийг нэгтгэн шалгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан талаар шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх 2 удаагийн үйлдлийг нэгтгэн шалгаж, шийдэж өгөөгүй мэдсээр байж буруу шийтгэж тогтоол гаргаснаас болж онц хүнд гэмт хэрэгт дахин шийтгүүлж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул хэргийг дахин шалгаж, нэгтгэн шийдэж өгнө үү.

Мөн уг 2 үйлдлийг нэгтгэн шалгуулах талаар гэрч М.Амартүвшингийн “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг. Би 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорих 461 дүгээр анги дээр очиж Я.Түвшинжаргалаас байцаалт авсан ба шалгахад Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэг байсан гэж гэрчлэн мэдүүлсэн нь 2014 оны 9 дүгээр сарын 22-нд болсон Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас 39 хоногийн өмнө байцаалт авч байсан нь тогтоогдсоор байтал, миний хийгээгүй хэрэг дээр хийсэн гэж тулгаж яллаад байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн хулгайн 2 удаагийн үйлдэл болон Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1172 дугаар шийтгэх тогтоол дээрх 9 удаагийг үйлдлийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн төлөөлөгч Мижидсамдан, мөрдөн байцаагч Ганзориг нар нь чамайг цагдан хорих 24 сарын хугацаа дуустал энэ хэргүүдээр будилуулж байгаад батлан даалтад гаргаж өгье гэж хууран мэхлэж нийт 19 үйлдэл хүлээлгэснээс өнөөгийн байдлаар 11 удаагийн үйлдлийг шийдээд байгаа. Энэ хэргүүдийн гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг дотор миний царай төрх, биеийн өндөр, насны зөрүү, гарын хээ зэрэг бүгд зөрүүтэй байгаагаас гадна гэрч, хохирогч нар 2 хүнд, 4-5 хүнд дээрэмдүүлсэн гэх мэдүүлгүүд байдаг.

Хохирогч Алтанзул “өндөр туранхай хүнд дээрэмдүүлсэн”, хохирогч Сарантуяа “хоёр хүнд дээрэмдүүлсэн”, хохирогч Уянга “Өлзийбаяр, Түвшинжаргал хоёрт эд зүйлсээ алдсан”, хохирогч Батжаргал “манай зурагтыг өндөр хүн авсан”, гэрч Содбилэг “Өлзийбаяр, Түвшинжаргал хоёроос хар, цагаан өнгийн 2 утас авсан”, хохирогч Эрхэмбат “намайг 4-5 залуучууд дээрэмдсэн” гэж мэдүүлсээр байтал хэрэгт холбогдолтой гэх 2 хүн, 4 хүнийг шалгаж тогтоохгүйгээр ганцхан намайг яллаж эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул өмнөх 1172 дугаар шийтгэх тогтоол дээрх хэргүүдийг дахин шалгаж хэргийг хамт үйлдсэн, уг хэргийг хийсэн гэх Хоовон хочтой Батсүрэн, Жанцан хочтой Жанцандорж, Баадка хочтой Баатарсүрэн, Алтан-Од, Ганзориг, Тэмүүлэн, Мижидсамдан, Өлзийбаяр нарт ямар учраас хууль үйлчлэхгүй байгаа болон ял завшиж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. М.Мөнхжаргал, Л.Лхагвасүрэн нарын гэрээс уг хэргийг хийсэн этгээдийн хурууны хээ хавтас хэрэгт авагдсан байдаг ба уг хурууны хээ миний хурууны хээтэй таарахгүй байхад надад ял тулган яллаж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул дахин шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Я.Түвшинжаргалын өмгөөлөгч Н.Бадамцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Хэрэг цугларсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд Я.Түвшинжаргалыг 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Мөнхжаргалын, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Л.Лхагвасүрэнгийн гэрт нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх баримт хангалтгүй, сэжигтэн, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс өөр баримт байхгүй байна. Хэргийн газрын үзлэгээр хурууны хээ олдож хэрэгт авагдсан байтал уг хурууны хээ нь Я.Түвшинжаргалын хурууны хээ мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн уг хоёр хулгайн гэмт хэрэг гарсан даруйд шаардлагатай ажиллагааг хийгээгүй атлаа дан ганц зөвхөн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Ялтан Я.Түвшинжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл хууль зүйн үндэслэлтэй, тохирсон гэж үзэж байна. Харин хохирлын хэмжээг 192,000 төгрөгөөр тооцсон нь буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Я.Түвшинжаргалд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 11 жил 6 сарын хорих ялаар тогтоосон. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас тус бүр хасаад үлдсэн ялыг нэмж нэгтгэсэн байна. Тийм учраас шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт дүгнэсэн “...нэмж нэгтгэсэн Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т тус тус заасан ял өршөөлд хамрагдсан болно...” дүгнэлт нь тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаар шийтгэх тогтоолоор ялтан Я.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 8 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 cap хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хассугай...” гэсэн заалтаас зөрүүтэй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хуулийн ёсны ба үндэслэлтэй байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “...Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно...” гэж тус өршөөлийн хуулийг ял эдэлж байгаа ялтанд хэрэглэх талаар заасныг анхан шатны шүүх анхааран хэрэглэвэл зохихыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 105 дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Түвшинжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол ялтан Я.Түвшинжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.              

                                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

                        ШҮҮГЧИД                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                  Д.ОЧМАНДАХ