Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

Ц.Цолмонбаярт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

            Нарийн бичгийн дарга                   Г.Намуунзул

            Прокурор                                          Б.Ичинхорол

            Хохирогч                                           Т.Баатархүү

Ялтан                                                 Ц.Цолмонбаяр

Ялтны өмгөөлөгч                            Ө.Батболд                             

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ц.Цолмонбаярын гаргасан давж заалдах гомдлоор  Ц.Цолмонбаярт  холбогдох эрүүгийн 201611000327 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Дорнод аймгийн Дашбалбар суманд 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хан-Уулын 1 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Харгана овогт Цэцэгийн Цолмонбаяр /РД-ЖЛ86092432/.

            Ц.Цолмонбаяр нь 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Модон гүүрний зүүн талд Хэрлэн голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Т.Баатархүүгийн зүүн гарыг хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор: Цэцэгийн Цолмонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ц.Цолмонбаярт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Ц.Цолмонбаяр нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирогч Т.Баатархүү нь 2500000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэйг мэдэгдэж, Ц.Цолмонбаярын эзэмшлээс таван ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ялтан Ц.Цолмонбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2016 оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Цолмонбаяр давж заалдах гомдолдоо: Би Баян-Уул сумын хийдэд хар бага наснаас шавилан суусан лам хүн. Миний бие урд нь архи ууж цагдаа сэргийлэхээр орж байгаагүй бөгөөд тэр өдөр чухам юу болсныг мэдэхгүй байна. Намайг мэдэхгүй гэдгийг далимдуулан Дамбацэдэн, Отгонтуяа, Очирбарс, шинжээч эмч нар бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгч байгаагаас гадна Баатархүү нь өмнө байсан хугарлаа шинэ гэмтэл хэмээн ярьж надаас 2.5 сая төгрөг нэхэмжлээд байна. Би энэ амьдралдаа амаар болон биеэр хүнд хор уршиг уруулж байгаагүй. Манай ах дүү нар хохирогч Баатархүүд зуу гаруй мянган төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Миний үйлдсэн гэмт хэргийг уучлан өршөөж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Давж заалдсан гомдлын тухайд тусгайлан гаргах саналгүй гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Цолмонбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг, модон гүүрний зүүн талд Хэрлэн голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.Баатархүүгийн зүүн гарыг хугалж “зүүн атгаал ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Баатархүүгийн “...Цолмонбаяр намайг зүгээр байж байхад арагш нь түлхэж унагаад миний баруун гар руу цохиод байсан...би уурлахад миний зүүн гарыг барьж аван мушгиад намайг дараад авсан. Энэ үед миний гар хүчтэй өвдөж түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Г.Дамбацэрэнгийн “...Цолмонбаяр бидний араас 19 цагийн орчим Түмний хишиг гэдэг 0,75 литрийн архи авч ирээд задалсан. Тэр архийг Цолмонбаяр, Очирбарс хоёр хувааж уусан...Би хүүхдүүддээ хоол хийж өгч байхад Цолмонбаяр босчихсон Баатархүүгийн зүүн гарыг мушгиад унагааж байгаа харагдсан, мөн дээрээс нь цохих гэж байхад нь би очиж салгаад Баатархүүг босгоход зовиурлаад миний зүүн гар эвгүй болчихлоо гэхээр нь Очирбарсыг дуудаж эмнэлэгт үзүүл гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, хохирогч Т.Баатархүүгийн биед учирсан гэмтлийн зэрэг, шинж чанарын талаар гарсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх Ц.Цолмонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ц.Цолмонбаяр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн байх ба хохирогч Т.Баатархүү нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Хохирол төлбөрөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн  тул  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан Ц.Цолмонбаярт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Цэцэгийн Цолмонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Ц.Цолмонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                        ШҮҮГЧИД                            О.БААТАРСҮХ

Л.НАРАНБАЯР