Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Ч.Мөнхзул нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр Д.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн 201611000218 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, даралтат шугам хоолойн машиннист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз баг 5-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүгдүүд овогт Доржийн Түмэндэмбэрэл /РД: ЖЭ79070772/.

Доржийн Түмэндэмбэрэл нь 2016 оны 05 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг "Хөх чулуу" гэх газарт нутаглах иргэн Х.Баярсайханы хоттой хониноос 22-25 БРА улсын дугаартай, КИА маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэж 4 тооны хонь хулгайлж бусдад 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 346 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн 201611000218 тоот хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд  урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Мөнхзул эсэргүүцэлдээ: Д.Түмэндэмбэрэл нь машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэрч Б.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 19-20/-т 4 толгой хонийг хэн нэгэнд болон цагдаагийн ажилтанд хураалгасан тухай мэдүүлсэн зүйл байхгүй бөгөөд энэ хавтаст хэрэгт 4 хонийг хураан авсан тогтоол, тайлбар байхгүй. Түмэндэмбэрэл нь бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, харин гэрч Гансүхэд хонь зарна гэж итгүүлэн түүний тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор машин механизм хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутаг болох Дашбалбар сумын эрх бүхий албан тушаалтнуудаар үнэлгээ гаргуулсан ба эзэмшигч Б.Гансүх нь банкны лизингээр аваад төлж дуусаагүй учраас банкны нэр дээр лавлагаа гарч байгаа талаар тодорхой мэдүүлсэн байхад шүүх үнийг бодитойгоор тогтоож ирүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагааг огт хийгдээгүй мэтээр ойлгож, ач холбогдолгүй асуудлыг гүйцэтгүүлэхээр гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгч хуулийг тайлбарлах замаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                     ШҮҮГЧИД                                       О.БААТАРСҮХ

                                                                                    А.ЭНХБААТАР