Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 731

 

 

Ё.Хүрэлбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          улсын яллагч Н.Анхбаяр,

          шүүгдэгч Ё.Хүрэлбаатарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

          хохирогч Ц.Тодгэрэл, түүний өмгөөлөгч Ж.Батхүү,

          нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 259 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Н.Анхбаярын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Ё.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 2016 2400 0577 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Далай овгийн Ёндонгийн Хүрэлбаатар, 1964 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ачаа тээврийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт халгайтын 1 дүгээр гудамжны 143 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ64052930/,

Ё.Хүрэлбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар байрны баруун замын зорчих хэсэгт 49-28 УНЯ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “...Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хохироглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Тодгэрэлийг мөргөж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Ё.Хүрэлбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ё.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дараах ажиллагааг нэмж шалгаж тогтоох нь зүйтэй. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоон ирүүлэх шаардлагатай.

2. Техникийн шинжээчийн дүгнэлт болон Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт нь Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн албан бичигт үндэслэгдэн гарсан гэж үзэхээр байна. Гэтэл уг баримтыг хууль ёсны баримт мөн эсэх талаар эргэлзээ бүхий баримтыг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтыг үндэслэн гаргасан дүгнэлтүүд шүүгдэгчийн гэм буруутай байдлыг тогтооход учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч Б.Ербуланыг байцаасан тэмдэглэлүүд “...бид дүгнэлт гаргахаас өмнө нь Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотоор тухайн өдрийн мэдээллийг авсан болно...” /хх-ийн 71/,

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8/350 дугаартай албан бичигт “...Улаанбаатар цаг уурын өртөөний мэдээгээр 2016 оны 13-нд 20 цаг 52 минутад жаргаж, 21 цаг 48 минутаас харанхуй болно. Оройны 20 цагийн мэдээгээр үүлэрхэг, алсын барааны харагдац чөлөөтэй, салхи хойноосоо 3 м/с, харин 22:22-23:14 хооронд сул хүчтэй бороо орсон байна. 23 цагт алсын барааг тодорхойлох боломжгүй гэж ажигласан байна...” гэх баримт /хх-ийн 72/,

Өмгөөлөгч Г.Дамдинсүрэнгээс /Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1-477 дугаартай албан бичиг/ шүүхэд гаргаж өгсөн баримтад “...Улаанбаатар хотод бодит ажиглалтын мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны орой 21 цаг 52 минутад нар жаргаж, 22 цаг 48 минут хүртэл гэгээтэй байсан байна...” гэх баримт зэргээс үзэхэд Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8/350 дугаартай албан бичигт 2016 оны хэдэн сарын 13-ны өдрийн ажиглалтын мэдээг тодорхойлсон нь ойлгомжгүйн гадна өмгөөлөгчөөс сүүлд ирүүлсэн баримттай илтэд зөрүүтэй байна. Дээрх баримтуудын аль нь үнэн болохыг тогтоосны эцэст автомашины техникийн үзүүлэлт стандартад нийцэж буй эсэх, техникийн шинжээч Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн а-д заасан “...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй...” гэх нөхцөл байдлыг зөв тодорхойлох үндэслэл болно гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр өмгөөлөгч Г.Дамдинсүрэн нь шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учиртайг тэмдэглэвэл зохино.

3. Шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Батцэцэг, хохирогч Ц.Тодгэрэлийг зам хөндлөн гарч явахдаа гар утсаар ярьж явсан бөгөөд автомашинд мөргөгдсөний дараа ослын газар орчмоос түүний гар утсыг олж жолоочид хүлээлгэн өгсөн тухай мэдүүлгийг өгсөн. Хохирогч Ц.Тодгэрэлийн ийнхүү гар утас хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь дүрмийн зохих заалтыг зөрчсөн эсэх, энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлөх эсэхийг тодруулах.

4. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчээс үзэхэд хохирогч машинд мөргөгдсөн гэх А цэгээс мөргүүлээд унасан гэх Б цэг хүртэл 5.9 метр газарт шидэгдсэн байдаг. Мөн техникийн шинжээчийн дүгнэлтэд “...49-28 УНЯ улсын дугаартай “Toyota prius 10” загварын автомашин нь явган зорчигчийг мөргөөд зорчих хэсэг дээр тормозны мөр үлдсэн байх тул тормозны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй...” гэжээ. Дээрх байдлуудаас тормозны мөр үлдсэн боловч хурдыг тодорхойлох боломжгүй гэснийг шинжээчээр тайлбарлуулахаас гадна хохирогч тодорхой хүчний үйлчлэлээр 5.9 метр газар шидэгдэхэд автомашины хурдыг тодорхойлох боломжтой эсэхийг шалгах.

Учир нь гэрч М.Батцэцэг болон хохирогч нар шүүгдэгч Ё.Хүрэлбаатарыг их хурдтай явсан, шүүгдэгч нь 25-40 орчим км/цагийн хурдтай явсан гэж мэдүүлдэг бөгөөд дээрх нөхцөл байдлаас үндэслэн осол болох үеийн хурдыг нарийвчлан тогтоох шаардлагатай.

5. Техникийн шинжээчийн дүгнэлт хэт ерөнхий байдлаар тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Тодгэрэлийг “... ...” гэж, шүүгдэгч Ё.Хүрэлбаатарыг “... ...” гэж ерөнхийлсөн байдлаар дүгнэсэн учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Тодгэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан нөхцөлийн аль хэсгийг зөрчсөнийг тогтоогоогүй байна. Хохирогч Ц.Тодгэрэлийн мөргөгдсөн гэх А цэгээс хоёр тийш /урдаас хойш/ чиглэлд явган хүний гарц хэдэн метр зайд буюу үзэгдэх хүрээнд явган хүний гарц байсан эсэх, эсвэл ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүйгээр зам хөндлөн гарсан эсэхийг тогтоосны үндсэнд түүнийг замын хөдөлгөөний зохих заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

6. Шаардлагатай гэж үзвэл осол болсон үеийн цагийг нарийвчлан тогтоох, хохирогчийн гар утасны орсон, гарсан дуудлагыг шалгах, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн зөрүүтэй мэдүүлгүүд болон гэрч М.Батцэцэгийн мэдүүлсэн “хохирогч гар утсаар ярьж зам хөндлөн гарч явсан” гэх нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний дараа хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 259 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг дараах үндэслэлээр хуульд нийцээгүй байна гэж дүгнэв.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоох ирүүлэх шаардлагатай гэжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг болон тусгайлсан нөхцөлийг тогтоох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг болон тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх үндэслэл болно. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үндсэн зорилт, зарчмаас урган гарч буй шаардлага юм. Иймд шүүгчийн захирамжийн дээрх заалт хэт нийтлэг заалт байх бөгөөд хэрэгт ямар ажиллагаа хийгдэж уг заалтыг хангуулах нь тодорхой бус байна шүүхээс гарч байгаа аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой байх зарчмыг агуулна.

2. Техникийн шинжээчийн дүгнэлт болон Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт нь Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн албан бичигт үндэслэгдэн гарсан гэж үзэхээр байна. Гэтэл уг баримтыг хууль ёсны баримт мөн эсэх талаар эргэлзээ бүхий баримтыг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтыг үндэслэн гаргасан дүгнэлтүүд шүүгдэгчийн гэм буруутай байдлыг тогтооход учир дутагдалтай байна.

Хэрэгт авагдсан гэрч М.Батцэцэгийн мэдүүлэг болон Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тухайн орой бүрэнхий болон гэрэлтүүлэг хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс өмгөөлөгчийн шүүхийн шатанд гаргаж өгсөн дээрх албан бичиг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт хэмээн хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

3. Шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Батцэцэг нь хохирогч Ц.Тодгэрэлийг зам хөндлөн гарч явахдаа гар утсаар ярьж явсан бөгөөд автомашинд мөргөгдсөний дараа ослын газар орчмоос түүний гар утсыг олж жолоочид хүлээлгэн өгсөн. Хохирогч Ц.Тодгэрэлийн ийнхүү гар утас хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь дүрмийн зохих заалтыг зөрчсөн эсэх, энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлөх эсэхийг тодруулах,

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч М.Батцэцэг мэдүүлэхдээ “би уг иргэнийг гар утсаараа ярьж явсан гэж харсан, яг ярьж явсан эсэхийг хараагүй” гэж мэдүүлсэн ба явган зорчигч гар утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь дүрмийн заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй ба уг үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлөх эсэхийг хохирогч Ц.Тодгэрэл гар утас хэрэглээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байхад уг асуудлыг тодруулах боломжгүй.

4. 49-28 УНЯ улсын дугаартай “Toyota prius 10” загварын автомашин нь явган зорчигчийг мөргөөд зорчих хэсэг дээр тоормосны мөр үлдсэн байх тул тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй гэжээ. Уг асуудлыг тоормосны мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж дүгнэлтэд тусгасан байхад заавал тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлд зааснаар “...шүүх гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах буюу тодруулах зорилгоор шинжээчийг байцааж болно...” гэсний дагуу дээрх асуудлыг тодруулах боломжтой.

5. Техникийн шинжээчийн дүгнэлт хэт ерөнхий байдлаар тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл “хохирогч Ц.Тодгэрэл” гэж, “шүүгдэгч Ё.Хүрэлбаатар” гэж ерөнхийлсөн байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Тодгэрэл Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан нөхцөлийн аль хэсгийг зөрчсөнийг тогтоогоогүй байна.

Мөн жолооч Ё.Хүрэлбаатарын хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан хавсралтын аль заалтыг зөрчсөнийг бүрэн тодорхойлж ирүүлээгүй байх тул гэжээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 16/31432 дугаартай шинжээчийн “...уг автомашины ерөнхий өнгө үзэмжийн шаардлагыг хангахгүй, их гэрлийн тусгалын шаардлагыг хангахгүй байна. Автомашины зүүн болон баруун талын их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй. Автомашины осол 22 цагийн үед үйлдэгдсэн нь гэрэлтүүлэг асаах шаардлагатай үед болсон байна. Автомашины гэрлийн тусгалын хүч тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын хэмжээнд хүрэхгүй байгаа нь үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлнө...” гэх дүгнэлт,

Шинжээч Б.Ербуланы “... “Toyota prius 10” загварын автомашины их гэрлийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд их гэрлийн тусгалын эрчим, хүч стандартын шаардлага хангахгүй, тохиргоо алдагдсан байсан. Машины зүүн талын их гэрлийн хувьд асаж байсан боловч гэрлийн хүч хүрэхгүй, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсанаас гэрлийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй, мөн их гэрлийн цайр бүдгэрснээс их гэрлийн тусгал харагдах орчинд нөлөөлдөг, “Toyota prius 10” загварын автомашины баруун талын их гэрэл нь 1100cd байсан нь мөн стандартын шаардлага хангахгүй, H2 гэрэл хэмжих багаж дээр 10.000cd дээш байж стандартын шаардлага хангадаг...” гэх мэдүүлэг,

2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 457 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч нь Ц.Тодгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт “...явган зорчигч нь явган хүний гарч буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон ба дээрх заалтын аль алинд нь хамаарна. Мөн жолооч Ё.Хүрэлбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон. 2 дугаар хавсралтын 5-д “...гэрэлтүүлэг хэрэгсэл...”, 5.2 “...хол ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан...” гэсэн заалтыг зөрчсөн гэдгийг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6. Шаардлагатай гэж үзвэл осол болсон үеийн цагийг нарийвчлан тогтоох хохирогчийн гар утасны орсон, гарсан дуудлагыг шалгах, М.Батцэцэгийн мэдүүлсэн “хохирогч гар утсаар ярьж зам хөндлөн гарч явсан гэх нөхцөл байдлыг тодруулах” гэжээ. Дээрх заалт нь хэргийг шийдвэрлэхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, аль эсвэл хэргийн бодит байдлыг тогтооход ямар ач холбогдолтой талаар тодорхой дурдаагүй, “шаардлагатай гэж үзвэл” гэж дүгнэсэн нь нөгөө талаар шалгахгүй байж болох утгаар тодорхойлогдоно. Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэхэд Ё.Хүрэлбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар байрны баруун замын зорчих хэсэгт 49-28 УНЯ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а дахь хэсэгт заасан Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас дүрмийн 2 дугаар хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашинаар хөдөлгөөнд оролцохыг хориглосон байхад дүрмийн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоноос явган зорчигч Ц.Тодгэрэлийг мөргөж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ё.Хүрэлбаатарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Тодгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гараад нийт 154 хоног өнгөрч байна. Ё.Хүрэлбаатарт үнэхээр их гомдож байна. Гэмт хэргээс улмаас учирсан гэм хор бүрэн арилаагүй. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Ц.Тодгэрэлийн өмгөөлөгч Ж.Батхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан  шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2, 4 дэх заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

            ХЯНАВАЛ:

            Ё.Хүрэлбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 3, 5, 6 дугаарт заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах шаардлагагүй байх тул шүүгчийн захирамжийн 1, 2, 3, 5, 6 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 4 дэх заалтад дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах нь зүйтэй бөгөөд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Үүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд “...49-28 УНЯ улсын дугаартай автомашины зүүн урд дугуйнаас уг зорчих хэсгийн үргэлжилсэн цагаан шугам хүртэл 6.10 метр, зүүн хойд дугуй 5.90 метр, уг автомашины тоормозны мөрний урт 0.50 метр хэмжээтэй байх бөгөөд уг автомашины урд копуд хонхойсон байв...” гэснээс үзэхэд уг зам тээврийн осол гарахад жолоочийн зүгээс Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг хэрэгжүүлсэн эсэх, Ё.Хүрэлбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай байна.     

            Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 4 дэх заалт болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр Ё.Хүрэлбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 259 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 3, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын яллагчийн эсэргүүцлийн 1, 2, 3, 5, 6 дахь заалтуудыг хүлээн авч, 4 дэх заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Тээврийн прокурорын газарт очтол Ё.Хүрэлбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ