Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Жаргалсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Жаргал,                                          

          Ялтан Я.Жаргалсайханы өмгөөлөгч Г.Амгалансуурь,

          Хохирогч Т.Батмөнх,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2016 2602 1072 дугаартай Я.Жаргалсайханд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүрд овгийн Ямбийдончирын Жаргалсайхан, 1978 оны 6 дугаар сарын 19-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оосорлогч, дохиочин мэргэжилтэй, Улаабаатар төмөр замын Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид оосорлогч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Сургуулийн 1-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕЭ78061977/,

 

Я.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 34-55 УБГ улсын дугаартай, “Грейс” загварын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа “эмэгтэй хүний утас булаалаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Батмөнхтэй маргалдаж, хоолойг нь боож, ухаан алдсан байхад нь боосон гараа тавьж, газарт унагаан, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Я.Жаргалсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Жаргалсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Я.Жаргалсайханыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.Жаргалсайханд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, Я.Жаргалсайхан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн зураг нь хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Я.Жаргалсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би аргагүй эрхэнд өөрийгөө хамгаалан хохирогчтой заамдалцсан. Тухайн үед цохиж, түлхэж аваагүй. Хохирогч Т.Батмөнхөөс болж амьдралдаа их том алдаа гаргасанг минь уучилж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Т.Батмөнхөд эмчилгээний зардал 3.100.000 төгрөгийг цалингийн зээл авч бэлнээр, албан ёсоор өгсөн. Одоо хохирогч ямар нэг гомдол саналгүй гэж шүүх хуралдаанд хэлсэн.

  Миний бие өнчин хоёр хүүхдээ харж, хандаж хүний дайтай явуулах гэж цаг наргүй ажилладаг. Иймд дээрх байдлыг харгалзан үнэн зөвийг олж, зүйл ангийг бууруулж өгнө үү...гэжээ.

 

Ялтан Я.Жаргалсайханы өмгөөлөгч Г.Амгалансуурь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

  Анхан шатны шүүх Я.Жаргалсайханы гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй боллоо гэж үзэж байна.

Учир нь: Я.Жаргалсайхан маргааныг эхлээгүй, тохиолдлын чанартай хохирогчийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор харилцан боолцсон болох нь нотлогдсон.

Я.Жаргалсайхан нь архи огт хэрэглэгдэггүй, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Я.Жаргалсайханы үйлдэлд хор уршгийг мэдсэн атлаа хүсэж юм уу, хүсээгүй боловч зориуд хүргэсэн гэх гэм буруугийн санаатай хэлбэрийн нотлох баримт байхгүй. Харин Я.Жаргалсайхан нь боосон гараа тавихад хохирогч М.Батмөнх газар савж унаад хүнд гэмтэл учирна гэдгийг мэдэлгүй, хайхрамжгүй хандсан нь гэрч У.Шинэбаяр, Ү.Төмөртогоо, Н.Болормаа нарын мэдүүлэг болон өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон байдаг тул түүний гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Т.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Я.Жаргалсайханд ямар нэгэн гомдол, саналгүй. Өөрийн ах шиг хүн учраас гомдол саналгүй, хохиролд 3.300.000 төгрөг авсан...” гэв.

 

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Я.Жаргалсайханы үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдлууд үндэслэлгүй…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Я.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 34-55 УБГ улсын дугаартай, “Грейс” загварын тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа “эмэгтэй хүний утас булаалаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Батмөнхтэй маргалдаж, хоолойг нь боож, ухаан алдсан байхад нь боосон гараа тавьж, газарт унагаан, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                       

            Хохирогч Т.Батмөнхийн “...надтай маргаан хийсэн эгч халамцуу байх шиг байсан бөгөөд утсаа гаргаж ирээд миний зургийг дарах гээд байсан. Тэгэхээр нь би тэр эгчийн утсыг булааж аваад хамт явж байсан 40 орчим насны ахад өгөх гээд тэгээд л ухаан алдчихсан. Бодоход тэр ах намайг боосон юм шиг байна лээ. Нэг сэрэхэд би микро автобусны урд талын хаалга түшээд зогсож байсан. Дахин ухаан ороход эмнэлэгт байсан. ...миний санаж байгаагаар 1-2 удаа боосон. Эхний боолтын манараа гараагүй байхад намайг дахиад боосон. Надад учруулсан гэмтлийг Я.Жаргалсайхан учруулсан. Намайг боогоод би хойшоо дагзаараа газар савж унаад надад гэмтэл учирсан. Би Я.Жаргалсайханыг зодож, цохисон зүйл байхгүй, зодоон хийж чадаагүй...” /хх 12-14/,  

           

            Гэрч Ү.Төмөртогоогийн “...утсаа гаргаад иртэл тэр хүүхэд миний утсыг шүүрээд авчихсан. Уг нь бол Я.Жаргалсайхан чимээгүй явж байгаад миний утсыг булаагаад авахаар нь “чи яагаад хөгшин настай хүний утас булааж байгаа юм” гээд миний утсыг авах гэхэд нөгөө хүүхэд гараа дээр өргөөд утсыг маань өгөхгүй байсан. Тэгээд Я.Жаргалсайхан утас руу цорвойход куртикнээс нь заамдаад авсан. Я.Жаргалсайхан ч гэсэн буцаагаад нөгөө хүүхдийг заамдаад авсан. Тэгтэл жолооч зогсоод, машины урд сууж явсан хоёр хүүхэд гарч ирээд хаалгаа онгойлгоод кондуктор хүүхдийг салгаад авсан. Тэгээд урд талын суудалд суулгаад микро автобус хөдөлсөн. Хэсэг явж байгаад дараагийн буудал таараад бид нар буух гэтэл урд сууж байсан кондуктор хүүхэд гүйж орж ирээд Я.Жаргалсайханыг заамдаж аваад гарсан. Тухайн үед харанхуй байсан ба 2-лаа заамдалцаад л зогсоод байсан. Нэг харахад нөгөө хүүхэд газар унасан байсан. Намайг харж байхад тэр хүүхдийг Я.Жаргалсайхан цохиж, зодож аваагүй, гар ч хүрээгүй. Заамдалцаж байгаад газар унахдаа тэр хүүхэд бэртсэн байх...” /хх 15-16/,

 

            Гэрч Н.Болормаагийн “...тухайн үед хажууд сууж явсан Я.Жаргалсайхан, Ү.Төмөртогоо эгчийн утсыг Т.Батмөнхөөс авах гэхэд өгөхгүй байсан. Тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. Т.Батмөнх ухаан алдаад унасан. Микро автобус зогсож Т.Батмөнх гадаа гараад Я.Жаргалсайханыг “буугаад ир” гээд хашгираад гүйгээд байсан. Я.Жаргалсайхан гарахгүй микро автобус дотроо суугаад байсан чинь Т.Батмөнх заамдаж байгаад чирээд гаргасан. Тэгээд Ү.Төмөртогоо эгч бид хоёр микро автобуснаас буугаад гарсан чинь 2-лаа унасан байсан...” /хх 19-20/,

 

            Гэрч У.Шинэбаярын “...нэг эмэгтэй манай кондуктор Т.Батмөнхтэй хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн чинь хажуугаас нь 40 орчим насны эрэгтэй эмэгтэйгээ өмөөрөөд Т.Батмөнхийг боосон. Би хоороллын эцэс дээр зогсоод, буугаад заалныхаа хаалгыг нээгээд салгахын завдалгүй Т.Батмөнх ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь би Т.Батмөнхийг алгадаад сэргээсэн. Т.Батмөнх сэргэж босч ирээд дайраад хэрэлдсэн. Тухайн үед Я.Жаргалсайхан “ахын дүү тайвшир” гээд тайвшруулах арга хэмжээ авсан чинь Т.Батмөнх нөгөө залуутай дахин боолцож авсан. Би салгах гээд оролдож байх үед машин өнхрөхөөр нь сандраад машин дээрээ очиж араагаа салгачихаад гүйгээд ирэхэд Т.Батмөнх манарсан байдалтай ухаан нь балартчихсан, Я.Жаргалсайхан хоолойг нь боосон байсан гарынхаа барьцаа тавьсан. Т.Батмөнх тэр дороо газар дагзаараа саваад унасан...” /хх 80/,

 

            Гэрч Н.Эрдэнэцэцэгийн “...манай нөхөр машинаа зогсоогоод буугаад очсон чинь Т.Батмөнх ухаан алдаад унасан байсан. ...гадаа гараад тэр хоёр дахин боолцоод Т.Батмөнх газар унасан. ...манай машинд сууж байсан хүмүүс л “наадах чинь боож байгаад түлхчихлээ шүү дээ” гээд Я.Жаргалсайханыг яриад байсан...” /хх 81-82/,

           

            Шинжээч эмч Б.Ганзоригийн “...Т.Батмөнхийн биед дагзны суурь хэсгээс дээш лямбда заадас даган баруун зулай яс руу үргэлжилсэн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн ар доод хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хүзүүнд үүссэн цус хуралт гэмтэл нь боолтын улмаас үүссэн байх боломжтой, мөн үрэх, нидрэх зэргээс үүссэн байх боломжтой. Харин нүүрний зөөлөн эдийн няцрал нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр, гавал тархины гэмтэл нь бүхэлдээ нэг удаагийн үйчлэлээр тус тус үүсгэгдэх гэмтэл юм. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, учрах үедээ амь биед аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл юм, дээрх хүнд гэмтэл нь хохирогчийг боосны улмаас ухаан алдаж, дагз хэсгээр савж унах үед үүсэх боломжтой гэмтэл юм...” /хх 23-24, 79/ гэх мэдүүлгүүд,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Т.Батмөнхийн биед дагзны суурь хэсгээс дээш лямбда заадас даган баруун зулай яс руу үргэлжилсэн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн ар доод хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна…” гэсэн 4796 тоот шинжээчийн дүгнэлт /хх 21-22/,

Эд мөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/, хохирол төлсөн баримтууд /хх 48-60/, хохирогч Т.Батмөнхийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 61-70/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 77-78/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүхээс Я.Жаргалсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Я.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нар  “хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулах гэсэн санаа зорилго агуулаагүй” гэж гомдол гаргаж байгаа боловч гэм буруугийн хэлбэрийн хувьд тэрээр хохирогч Т.Батмөнхийг гэмтээх санаа зорилго агуулаагүй боловч уг хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл хийсэн байх тул шууд бус санаатай үйлдсэн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Я.Жаргалсайханы хоёр удаагийн боолтын улмаас Т.Батмөнх нь ухаан алдаж унахдаа хүнд гэмтэл авсан байх бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байгаа ба мөн мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн “... хохирогчийг боосны улмаас ухаан алдаж, дагз хэсгээр савж унах үед үүсэх боломжтой гэмтэл юм ...” гэсэн мэдүүлэгээс үзэхэд түүнийг бусдын биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай ялтан Я.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Я.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОЮУНЧУЛУУН

 

                                 ШҮҮГЧИД                                              Б.ЗОРИГ

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ