Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 725

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Л.Соёмбо,

            ялтан Ж.Төгөлдөрийн өмгөөлөгч А.Нацагдорж, А.Гантуяа,

            нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Төгөлдөр, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, А.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт холбогдох 201526020537 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Бодонгууд овгийн Жаргалсайханы Төгөлдөр, 1985 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг, “Дэлгэр” гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороо, 7-9 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЖН85090171/

 

2. Бахтар хуасай овгийн Баатарын Очирбат, 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хилийн харуулын дарга мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг, “Дэлгэр” гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЖН86061874/

Ж.Төгөлдөр, Б.Очирбат нар 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим согтуугаар, бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Гандантэгчинлэн” хийдийн зүүн талын замаар автомашинтай хөдөлгөөнд оролцож явсан иргэн Х.Батсайханы “зам чөлөөлөх” талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, Б.Очирбат автомашиных нь хаалгыг савж, хохирогчийг заамдан эрх чөлөөнд нь халдаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, Ж.Төгөлдөр хохирогчийн нуруун тус газарт модоор 2-3 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Очирбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Ж.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Төгөлдөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн, Б.Очирбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ж.Төгөлдөрт 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Очирбатад 3 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасч, Ж.Төгөлдөрийн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар, Б.Очирбатын нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Төгөлдөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Очирбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Ж.Төгөлдөрийн цагдан хоригдсон 68 хоног, Б.Очирбатын цагдан хоригдсон 5 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Очирбатад оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Төгөлдөр давж заалдах гомдолдоо: “... тухайн өдөр Х.Батсайханыг дуут дохио өгөөд шүргэх шахан зөрөхөөр нь Очирбат “дайрлаа” гэж хэлсэн ба хариуд нь “замаас зайлаач” гээд тэд хоорондоо маргалдаж, Б.Очирбат автомашины хаалгыг нээгээд хаасан чинь Батсайхан бууж ирээд түүнийг “муухай харлаа” гэж заамдаж хоолойг нь боогоод тавихгүй болохоор нь хажууд байсан хашааны модоор араас нь нэг удаа цохьсон. Энэ үйлдэлдээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн Х.Батсайханаас уучлалт гуйж, хоорондоо эвлэрсэн. Би Дорнод аймгаас хотод ирж барилгын ажил хийдэг. Урьд нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй, хохирогч гомдол саналгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг минь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ж.Төгөлдөрийн өмгөөлөгч А.Гантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гандантэгчинлэн хийдийн явган хүний замгүй нарийн гудамжаар хохирогч Х.Батсайхан автомашины дуут дохиогоо хангинуулан маш ойрхон зөрөхөөр нь замын хажуугаар явган явж байсан Б.Очирбат, Ж.Төгөлдөр нар жолоочид уурлаж “дайрлаа” гэж хэлээд автомашиных нь хойд хаалгыг татаад, хаасан. Энэ үед Х.Батсайхан бууж ирээд хаалгаа шалгаж үзээд хаалга нь зүгээр байсан ч гэсэн нэг нь өөдөөс духаараа муухай хараад байхаар нь хашаа руу түлхэхэд намайг өндөр залуу нь заамдаад авсан. Тэгэхэд нь би ч бас адилхан заамдаад авсан. Намхан залуу миний хойноос модоор цохьсон гэж хохирогч мэдүүлсэн /хх-55, 56/

Хэргийн байдлаас харахад энэ гэмт хэрэг хувийн сэдэлттэй, хоорондын учраа ололцохгүй байдлаас үүдэлтэй, хохирогч гомдол саналгүй, мөн өөрийн буруутай байдлаа хүлээн зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар хэргийг зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Ялтан Ж.Төгөлдөрийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэргийн зүйлчлэлийн талаар өмнө нь давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх шинжээч томилсон тогтоол хэрэгт байхгүй гэдгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, гомдлыг хэлэлцээгүй юм. Харин хэлэлцүүлгийн явцад автомашины зам дээр зориуд хөндөлсөж явсан эсэх, явган хүний зам тухайн хэсэгт байсан эсэх асуудлыг тодруулж улсын яллагчаас асууж байсан. Энэ байдлыг үндэслэж мөрдөн байцаагч хэрэг учрал болсон газарт үзлэг хийж фото зургаар баримтжуулсан. Үзлэгийн явцад автомашин зорчиж байсан хэсэгт явган хүнд зориулагдсан зам байхгүй болох нь тогтоогдсон.

Үүнээс үзэхэд Төгөлдөр, Очирбат нар зам голлон явж байсан араас ирсэн автомашин сигналдаж тэндээс маргаан үүсч хохирогч болох Батсайхан Очирбаттай маргалдан автомашинаасаа буун Очирбатыг хавсарч унагаасан. Төгөлдөр тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Очирбат хоолойгоо боолгосноос болж нүүр нь улайсан байхаар нь дранк модоор хохирогч Батсайханы нуруу руу нь цохиод зугтаасан гэдэг. Энэ талаар Төгөлдөр, гэрч Мөнхчимэг нар мэдүүлдэг ба анх цагдаагийн газарт гаргасан гомдолдоо автомашины араас гүйж жолоочийг цонхоор татаж барилцаад, заамдалцаад банзаар нуруу, бөөр рүү хүчтэй цохьсон гэх гомдол нь үгүйсгэгддэг.

Дээрх гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд Төгөлдөрийн үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн маргаан, барьцалдаанаас модоор цохьсон байхаар байна. Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” 41 дүгээр тогтоолд “Танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалттай нийцэж байна.

Мөн өмнө давж заалдах шатны шүүхэд хохирогч Батсайханы “гомдол саналгүй, хэргийг хааж өгнө үү” /хх-87/. Шинжээчийн 6455 тоот дүгнэлтэд “эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” зэрэг хөнгөрүүлэн үзэх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж байх тул Ж.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцэхдээ зүйлчлэл нь эргэлзээтэй байна. Гэхдээ  шинжээч  томилсон  тогтоол үйлдээгүй  байх  тул  энэ  алдааг засуулахаар буцаах нь зүйтэй гэж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Батсайхан нь автомашинд зам тавьж өгөөгүй гэж маргаан үүсгэж, улмаар автомашинаасаа бууж Очирбатыг барьж боох, хавсарч унагаах зэрэг довтолсон идэвхтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдсон тул Ж.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хэрэг гарсан газар нь хэдийгээр явган хүн явах замгүй ч автомашин, явган хүн хоорондоо зохицон явах бүрэн боломжтой засмал зам байдаг. Ж.Төгөлдөр, Б.Очирбат нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн замыг голлоод явсан байдаг. Хохирогч ард нь ирээд тэднийг зам чөлөөлөх талаар шаардлага тавихад нь Б.Очирбат автомашиныг нь цохьсон. Гэтэл хохирогчийг автомашинаасаа гарч ирэхэд нь маргаан үүсч заамдалцсанаар Ж.Төгөлдөр нь гарт тааралдсан модоор хохирогчийн нуруу руу нь 2-оос 3 удаа цохьсон. Ж.Төгөлдөр, Б.Очирбат нар жолоочийн шаардлагыг хүлээж аваад эвээр шийдвэрлэх боломжтой байсан. Хэрэг хувийн таарамжгүй харьцаанаас үүсээгүй, танхайн сэдэлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ж.Төгөлдөр, Б.Очирбат нар 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим согтуугаар, бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Гандантэгчинлэн” хийдийн зүүн талын замаар автомашинтай хөдөлгөөнд оролцож явсан иргэн Х.Батсайханы “зам чөлөөлөх” талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, Б.Очирбат автомашиных нь хаалгыг савж, хохирогчийг заамдан эрх чөлөөнд нь халдаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, Ж.Төгөлдөр хохирогчийн нуруун тус газарт модоор 2-3 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Х.Батсайханы: “... эхнэр Мөнхчимэгийн хамт ном уншуулаад “Гандантэгчинлэн” хийдийн хашааны зүүн талын үүдний хажууд өөрийн “Prius-20” загварын, 29-04 УНВ улсын дугаартай автомашинтай явж байхад зам дээр 2 согтуу залуу урдаас холдохгүй байсан. Тухайн үед “та хоёр замаас холдчих, энэ замаар олон автомашин явж байгаа шүү” гэхэд хэл амаар доромжлоод, хажуугаар нь гарахад автомашины хойд талын хаалгыг онгойлгоод хашаа руу савсан. Би буугаад хаалгаа үзэхэд зүгээр байсан. Би “яаж байна аа” гэхэд нэг залуу нь өөдөөс духаараа хараад байхаар нь түлхэхэд өндөр нь заамдаад авсан. Тэгэхээр нь би адилхан заамдахад нөгөө намхан залуу миний хойноос нуруу, бөөр рүү модоор цохиж унагаад зугтаацгаасан... Тухайн үед миний биед баруун гар шалбарч, нуруу нилэнхүйдээ хөхөрч гэмтсэн. Би 7 хоног эм тариа хийлгэж хэвтсэн...” /хх-55-56/,

- Гэрч Ж.Мөнхчимэгийн: “...“Prus-20” загварын, 29-04 УНВ улсын дугаартай автомашиныг нөхөр Батсайхан жолоодон Гандангийн замаар явж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 залуу явж байсан. Хойноос нь дуут дохио өгөхөд тухайн  залуус холдохгүй нөхөртэй хэрүүл хийгээд байсан ба  нэг залуу нь автомашины хойд тал руу цохьсон. Нөхөр буугаад автомашин цохьсон гэх залуутай барьцалдаж аваад хэрүүл хийж байхад нөгөө залуу нь гартаа мод барьж ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд нуруу руу нь 2-3 удаа цохьсон...” /хх-61-62/ гэх мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хийсэн шинжилгээгээр Х.Батсайханы биед ар нуруунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №6455 дугаар дүгнэлт /хх-11/,

- Б.Очирбатын яллагдагчаар өгсөн: “... тухайн үед найз Төгөлдөрийн хамт нэг шил архи хувааж уугаад автомашины замаар алхаж явтал хойноос нэг автомашинтай ах ирээд “замаас холдооч” гэхэд нь би “дайрлаа” гэсэн. Нөгөө ах бууж ирээд надтай барьцалдаад авахад би өөдөөс нь заамдсан. Гэтэл Төгөлдөр салгах гээд чадахгүй байсан болохоор гудамжинд байсан прүс модыг аваад нөгөө ахын нуруу руу цохьсон...” /хх-67-68/,

- Ж.Төгөлдөрийн яллагдагчаар өгсөн: “... тухайн үед дайрлаа гэж маргалдсан. Жолооч ах, Очирбаттай барьцалдаж аваад бие биеэ заамдаад салахгүй байхаар нь би салгах санаатай хашааны буланд байсан модыг аваад нуруу руу нь 1 удаа цохьсон...” /хх-70/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан байна. 

 

Ж.Төгөлдөр нь бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, Б.Очирбат нь бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулжээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Ж.Төгөлдөрт тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу ялын тодорхой хэсгийг өршөөн хасч, Б.Очирбатад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэл бүхий байна.

 

Хохирогч Х.Батсайхан нь зам чөлөөлөх шаардлага тавьж автомашины дуут дохио өгсөн ялимгүй зүйлийг шалтаг болгон хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийн автомашины хаалгыг савж, автомашинаа бүрэн бүтэн эсэхийг шалгахаар бууж ирсэн хохирогчийг заамдсан Б.Очирбатын үйлдэл болон хохирогчийн нуруунд модоор цохьсон Ж.Төгөлдөрийн үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзэв.

 

Тодруулбал: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлд замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн хүлээх үүргийг журамласан байдаг. Энэ зүйлийн 3.1 дэх хэсэгт “Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэж заасан байх ба мөн зүйлийн 3.9 дэх хэсгийн б/ дэх заалтад “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулах”-ыг, г/ дэх заалтад “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”-ыг тус тус хориглосон байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь нийгмийн аюулгүй байдлыг хангах, хүний Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд аж төрж, амьдрах эрхийг баталгаатай эдлүүлэх зорилгоор төрөөс тогтоосон хэм хэмжээ бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр хамгаалагдсан “Нийгмийн хэв журам” гэсэн ойлголтод хамаарна.

 

Гэтэл Ж.Төгөлдөр, Б.Очирбат нар нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх дүрмийн явган зорчигчийн үүргийг эс биелүүлж, хориглосон заалтыг зөрчин замын зорчих хэсгийг хаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан байдалтай явж байсан ба энэ үед тухайн замаар автомашин жодоодож явсан хохирогчийн зам чөлөөлөх талаар тавьсан шаардлагыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж автомашинд нь халдан, хохирогчийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул давж заалдах шатны шүүх, Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хэргийг хянан хэлэлцэхэд саад болох ноцтой зөрчил гараагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл болгон хөнгөрүүлж, өөрчлөхийг хүссэн ялтан Ж.Төгөлдөр, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, А.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

         1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Төгөлдөр, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, А.Гантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

М.ПҮРЭВСҮРЭН