Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 59

 

  О.Эрхэмбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Н.Ундрах

          Шүүгдэгч О.Эрхэмбаяр

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан улсын яллагчийн эсэргүүцлээр О.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Эрхэмбаяр нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цэргийн анги салбар, цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас О.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жалайр овогт Одгэрэлийн Эрхэмбаярыг цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрхэмбаярыг 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрхэмбаярт оногдуулсан 1  жил, 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч О.Эрхэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрхэмбаярт оногдуулсан 1 жил, 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзсан ялтан О.Эрхэмбаяр нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх журамтай болохыг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар О.Эрхэмбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан улсын яллагч Н.Ундрахын эсэргүүцэлд:  Анхан шатны шүүх шүүгдэгч О.Эрхэмбаярыг цэргийн ангиас оргох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Эрхэмбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх түүний ялтай байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамааруулж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх цаг хугацааг “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1- заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн хүн хамаарна” гэж заасан байна.

Гэтэл шүүгдэгч О.Эрхэмбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Шар хадны замд О.Түвшинбаярын өмчлөлийн тоёота чейзер маркийн 17-98 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын а, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчин Ц.Цэгмэдийг мөргөж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн дүрмийн 2.5-ын “а”, “б”.“в”-д заасныг зөрчиж ослын газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлдээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар /хүндэвтэр гэмт хэрэгт/ 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй юм.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн хуулийн заалтуудтай нийцээгүй, хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Эрхэмбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Ундрахаас: Анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 94 дугаартай шийтгэх тогтоол гаргасан бөгөөд шүүх Эрхэмбаярт ял шийтгэл оногдуулахдаа тэнсэж хянан харгалзсан нь үндэслэлгүй байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Учир нь Эрхэмбаярын ялтай байдлыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан ялтай байдал нь дууссан гэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлсэн. Эрхэмбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэгт холбогдоод уг үйлдэлдээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн. Энэ нь өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйл болон 10 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх Эрхэмбаярыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж хорих ял оногдуулж түүнийг тэнссэн нь үндэслэлгүй юм.  Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна, мөн хуулийн бүх заалтад нийцүүлэн гаргасныг хууль ёсны гэж үзнэ гэсэн хуулийн заалтуудтай нийцэхгүй байна. Хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Улсын яллагчийн  гаргасан эсэргүүцлийг үндэслэн О.Эрхэмбаярт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд

О.Эрхэмбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Шар хадны замд О.Түвшинбаярын өмчлөлийн Кредит Монгол ХХК-ний зээлийн барьцаанд тавьсан Тоёото чейзер маркийн 17-98 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.5 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байхад /хх-54-56/

Шүүгдэгч О.Эрхэмбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалтыг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж,  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Эрхэмбаярт холбогдох 201616000173 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               П.ДОЛГОРМАА

                                               ШҮҮГЧИД                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА