Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 309

 

 

М.Эрболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Цэрэндорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нандинцэцэгийн өмгөөлөгч А.Сандагдулам,

Ялтан М.Эрболд, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Эрболд, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2015250001394 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржогон овогт Мягмарбаатарын Эрболд, 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх  дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 7 дугаар гудамжны 208 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ үе хотхоны 104 дүгээр байрны 6 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр  шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  /РД:УЕ86062311/,

М.Эрболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” хотхоны 104 дүгээр байрны 6 тоотод эхнэр С.Одончимэгийг зодож баруун уушигны няцрал, баруун талын 2, 3, 4 дүгээр хавирганы шууд хугарал учруулсан, улмаар эхнэр С.Одончимэгийг “гэртээ шээлээ” гэх шалтгаанаар зодож 1 литрийн чацарганы савыг шидэж гавал тархины битүү гэмтлийн улмаас их, бага тархины суурь ба орой хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал гэмтэл учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Эрболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, зовоон тарчлаах шинжтэйгээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 13 жилийн хугацаатай хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнд ял болох 13 жилийн хугацаатай хорих ялд багтааж, М.Эрболдын биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 410 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, М.Эрболд нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нандинцэцэг нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Эрболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан М.Эрболд давж заалдах гомдолдоо: “...2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр эхнэр Одончимэгтэй ярилцан найзуудаа урихаар болж, найз Одонхүү, Батсайхан нартай холбогдох гэтэл Батсайханы утас холбогдохгүй байсан. Харин Одонхүү манайд ирэхээр болсон. Тэгээд би охин Анугаа усанд оруулаад байж байтал эхнэр маань хоол бэлэн болчихлоо найзуудаа дууд гэсэн. Удалгүй Одонхүү эхнэр Номиогийн хамт ирсэн. Ингээд сууж байтал Одончимэг “гэртээ хүн урьчихаад дэлгүүр гардаггүй юм уу” гэсэн. Тэгэхээр нь Одонхүүтэй хамт дэлгүүр орж 0.5 литрийн нэг шил архи, дөрвөн шил “Сэнгүр” пиво аваад гэртээ орсон. Одонхүү бид хоёр архиа уугаад, харин дөрвөн шил пивийг эхнэрүүд уусан. Одонхүүтэй орцонд тамхи татаж байтал тэрээр “маргааш хүүхдүүд хичээлтэй одоо харья” гэтэл талийгаач гарч ирээд “дахиад ганц ганц пиво ууя” гэсэн ба Одонхүү ч “яасан ч яахав” гэсэн. Тэгээд хоёр эхнэр дэлгүүр явж, 2.5 литрийн “Сэнгүр” пиво хоёр ширхэгийг авч ирээд ууцгаасан. Удалгүй пивоо ууж дуусгаад Одонхүү, эхнэрийн хамт явахаар болж бид тэднийг гаргаж өгсөн. Унтах гэж байтал эхнэр маань “дахиад пиво ууя” гэхээр нь “битгий балай юм яриад бай, одоо унт” гэтэл эхнэр маань уурлаад жижиг өрөөнд ороод чимээгүй байгаад байхаар нь надад уурлаад тэндээ унтах гэж байна гэж бодож байтал хувцсаа өмсөөд гадагш гарах гэж байхаар нь түүнийг алгадаад нуруу руу нь түлхчихээд том өрөөнд охинтойгоо унтсан. Унтаж байтал ус алдаж байгаа юм шиг чимээ гарахаар нь хартал охин маань хажууд байхгүй байсан. Гал тогооны өрөө рүү хартал эхнэр галын өрөөний шүүгээн дотор шээж байсан. “Яагаад шээгээд байгаа юм бэ” гэтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь шээснээс нь холдуулах гээд мөрнөөс нь таттал шээсэн дээрээ хальтираад хөргөгчний өмнө суусан. Би түүнээс “чи дахиад нэмээд уусан юм уу” гэтэл “миний уух чамд хамаагүй” гэхээр нь түүнд гэр орондоо шээгээд үнэхээр арчаагүй юм аа” гэтэл “чи арчаагүй гэж байгаа бол надаас салахгүй юу” гэхээр нь миний уур хүрээд тамхи татах гээд том өрөө рүү эргэхдээ гал тогооны ширээн дээр байсан ундааг аваад хойшоо савчихаад том өрөө рүү орсон. Тамхи татаад сууж байтал эхнэр хоёр удаа сонин амьсгал авсан. Тэгэхээр нь “битгий хүн айлгаад янз бүр болоод бай” гэтэл дахин сонин амьсгал аваад хөргөгч налаад унасан. Түүнийг түшиж аваад “яасан бэ, хайраа” гэтэл дуугарахгүй байхаар нь уурандаа ухаан алдчих шиг боллоо гэж бодоод цээжийг нь усаар норгох гээд угаалгын өрөө рүү өргөөд явтал огт амьсгалахгүй байсан. Тухайн үед сандраад хиймэл амьсгал хийсэн боловч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Айж сандраад цээжин дээр нь дарж байхдаа түргэн тусламж дуудаж, хадмууд руу хэлсэн. Удалгүй хадмууд орж ирсэн ба хадам эгч Цолмон хиймэл амьсгал хийсэн боловч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Төд удалгүй түргэн тусламж ирээд нас барсан байна гээд цагдаа дуудсан. Надад эхнэрийнхээ амь насыг хөнөөх, зодож цохих бодол байгаагүй. Түүнийг “сална” гэхээр нь уурандаа савтай ундааг хойш нь савчихсан, ончихно гэж бодоогүй. Тухайн үед айж сандрахдаа хиймэл амьсгал хийхдээ буруу хийж баруун талд нь олон удаа дарсан байсан. Хэрвээ зөв хийсэн бол эхнэр минь амьд байх байсан. Миний шидсэн ундааны саванд оногдоод нас барсан гэдгийг би ер мэдээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлттэй танилцаад мэдсэн. Би эхнэр, охин хоёртоо маш их хайртай, ийм байдалд хүрнэ гэж үнэхээр бодоогүй, маш их харамсаж байна. Эхнэр бид хоёр бие биедээ маш их хайртай, аз жаргалтай сайхан амьдарч байсан. Манай гэр бүлд хэн нэгнээсээ уйдсан, хөндий хоосон байгаагүй. Бидний охин Э.Ану 6 настай, 1 дүгээр ангид сурдаг. Одоо талийгаачийн эхтэй хамт амьдарч байгаа. Хадам эх мааань 60 гарсан өндөр настай. Миний балчир охины асран хамгаалах эцэг, эх хоёр нь байхгүй, хүнд нөхцөлд байгаа. Хэдийгээр эмээ болон ах, дүү нарын хайр, халамжинд байгаа боловч эцэг, эхээ байнга асууж сураглаж байгаа гэсэн.

Иймд охины минь ирээдүйг бодож, хэргийг бодитоор үнэлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Ялтан М.Эрболдын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс М.Эрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа “...М.Эрболд нь хохирогч С.Одончимэгийг алах, амь насыг нь хохироох шууд санаа агуулаагүй, амь хохирогчийн үхлийг хүсээгүй боловч хохирогчийг зодож, ундааны сав шидсэний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулж, үхэлд хүргэсэн шууд бус санаатайгаар үйлдэл хор уршигтаа хандсан нь нотлогдсон...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрболдын дээрх үйлдэл нь “болгоомжгүй” буюу “хөнгөмсгөөр найдсан” байх бөгөөд энэ нь түүний мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдоно.

Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь учир дутагдалтай бөгөөд амь хохирогчийн биед учирсан “...баруун талын 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал” гэмтэл нь хиймэл амьсгал, цээжний баруун талд хийх үед үүссэн байх боломжтой талаар шинжээч эмчийн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 782 дугаар дүгнэлтийн 3 дугаар заалтад бичигдсэн байхаас гадна шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа болно. Дээрх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд ялтан М.Эрболдыг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан М.Эрболдод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг, мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг, мөн зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нандинцэцэгийн өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх тус хэргийг хоёр удаа мөрдөн байцаалтад буцаасны эцэст шийтгэх тогтоол гаргасан. М.Эрболдын үйлдсэн гэмт хэрэг нь нэг өдрийн хоёр өөр цаг хугацаанд болсон үйлдэл тул прокурорын зүгээс хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг харин өмнөх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар бусдыг зовоон тарчлааж хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд М.Эрболдод нийт 13 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүхээс ялтны гэм бурууд дүгнэлт өгөх бүрэн боломжтой, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан М.Эрболд нь 2015 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” хотхоны 104 дүгээр байрны 6 тоотод эхнэр С.Одончимэгийг зодож “баруун уушигны няцрал, баруун талын 2, 3, 4 дүгээр хавирганы шууд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн “...өчигдөр буюу 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 16-17 цагийн орчим талийгаачтай уулзахад манайд орой Болдоогийн найзууд ирнэ гэж ярьж байсан. Тэгэхдээ миний ахар сүүл хөндүүрлээд байна, машин угааж байгаад асгасан усан дээрээ хальтираад хөхрүүлчихсэн чинь Болдоо хардаад уурлаад байгаа юм гээд үзүүлж байсан. ...миний дүүг тэр шөнө харгис хэрцгийгээр зодож байгаад амь насыг нь хохироосон байна. Талийгаач тэр шөнө миний төрсөн дүү Нандинцэцэгийн ажиллуулдаг “М” бааранд очиж 2 пиво уугаад дуу сонсож суухдаа уг бааранд ажилладаг Мягмарсүрэн гэх залууд “Эрболд миний толгой, хавирга руу өшиглөсөн, хавирга хугарсан бололтой гээд хавирга, хэвлий дээрээ дараад байсан гэсэн.” /1-р хх-40-42/,

Гэрч С.Нандинцэцэгийн “...2015 оны 2 дугаар сарын 9-ний шөнө баарандаа ажиллаж байгаад 01 цагийн үед хаагаад цэвэрлэгээ хийгээд байж байтал дүү Одончимэг халамцуу орж ирсэн. Харанхуй шөнө, согтууруулах ундаа хэрэглэчихээд машин жолоодоод гэхэд “Эрболдтой муудалцаад явж байна, нэг пиво өгчих” гэсэн. Яагаад муудалцсан юм бэ гэхэд талийгаач “машинаа угааж байгаад мөсөн дээр хальтирч унаад бөгс, гуя хэсгээрээ хөхөрсөн байсныг нь хараад хардаад маргалдсан” гэсэн. Тэгээд 2 шил “Сэнгүр” пиво уугаад “гэртээ харилаа” гээд 01 цаг 45 минут болж байхад гарсан. 02 цаг 06 минутад түүн рүү залгахад “гэртээ ирсэн байна, дажгүй яваад ирсэн” гэж байсан.” /1-р хх-45-47/,

Гэрч А.Мягмарсүрэнгийн “...2015 оны 2 дугаар сарын 9-ний шөнө ажил дээрээ байхад Одончимэг эгч согтуу орж ирсэн. ...уйлаад байхаар нь “та яасан бэ” гэхэд “манай нөхөр намайг зодоод би зугтаагаад гарч ирлээ” гэсэн. Тэгээд бариад үз дэ гээд духаа үзүүлэхэд зүүн хөмсөгнийх нь дээд хэсэгт үсэн дотроо эрхий хуруу хэртэй овойж хавдсан байсан. Өөрөө хэлэхдээ өшиглүүлсэн гэж байсан. Зүүн талын хавирган доогуур хөндүүрлээд амьсгалахад хэцүү байна, одоохондоо пиво уусан болохоор сайн мэдэгдэхгүй байна, маргааш өвчин орох байх гэж байсан. Юунаас болж зодсон талаар асуухад машинаа угааж байгаад хальтирч унаад нуруу нь хөхөрсөн байсныг нөхөр нь хардаад хаагуур хэнтэй явж байгаад нуруугаа хөхрүүлчихсэн юм гээд зодсон гэсэн.” /1-р хх-48-51/,

Гэрч Б.Мөнх-Одын “...Мягмарсүрэн надад хэлэхдээ 2015 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 00 цагийн үед ажил дээр нь ганцаараа халамцуу орж ирээд 2 шил пиво ууж суунгаа нөхөр маань намайг зодсон, толгой руу өшиглөөд овойчихсон гээд дух хэсгээ үзүүлэхэд зулай хэсэгт нь овойчихсон байсан гэсэн. Мөн хавирга хэсэг рүүгээ өшиглөсөн гээд хэвлий, хавирга хэсгээрээ бариад байсан гэсэн. Тэгээд гутраад явж байна, уумаар байна гээд 2 шил пиво их хурдан уучихаад гарахаар нь “согтуу байна, машин битгий барь” гэхэд өөрийнхөөрөө зүтгээд ээжийндээ очиж хонолоо гээд явсан гэж байсан.” /1-р хх-61-62/,

М.Эрболдын “...бид хоёр маргалдаад эхнэрийнхээ зүүн хацар луу нэг удаа алгадсан. Нуруу руу 2-3 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Гарч явах гээд байхаар нь орой болсон хойно хаашаа явах гээд байгаа юм бэ гээд түлхээд жижиг өрөөнд оруулаад хаалгыг нь хаасан. Тэгээд том өрөөндөө охиноо өвөртлөөд унтсан.” /1-р хх-179-180/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Талийгаач С.Одончимэг нас барахынхаа өмнө дүгнэлтэд дурдсан шинэ гэмтлүүд буюу 2-оос дээш олон тооны хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлүүд биедээ авсан байсан. Энэ нь өвтгөж, зовиур шаналгаа өгнө. ...хавирга нь хугарсан ч энгийн хөдөлгөөн хийхэд бага зэргийн зовиуртай, машин бариад явах боломжтой. Өгзөг цээжний цус хуралт хуучин, өгзөгний цус хуралт нь уналтаас үүсч болно.” /1-р хх-73-76/  гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаар шинжээчийн “...баруун уушигны няцрал, баруун талын 2,3,4-р хавирганы шууд хугарал, гялтан хальсанд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, гадна булан, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, тавхай, цээж, өгзгөнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба ...баруун талын 2,3,4-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүдийг үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, зүүн өгзөг болон цээжний цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд бүгд нас барахаас өмнө үүссэн байна.” /1-р хх-81-85/ гэх дүгнэлт,

“Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шинэ үе” хотхоны 104 дүгээр байрны гадна талыг харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн “...талийгаач 2015 оны 2 дугаар сарын 9-ний шөнийн 00 цаг 49 минут 20 секунтэд орцноосоо гарч ирэн 00 цаг 52 минут 40 секунтэд машинаа жолоодон хөдөлж байв. ...02 цаг 00 минут 20 секунтэд орц руугаа орж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Талийгаач орцноосоо ганцаараа гарч ирэн ...буцаж ирэхдээ ганцаараа орж байлаа”, /1-р хх-33/,

“М” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2015 оны 2 дугаар сарын 9-ний  шөнийн 01 цаг 08 минут 30 секунтэд баар руу орж, 01 цаг 47 минут 33 секунтэд хохирогч эмэгтэйн саарал цайвар өнгийн автомашин хөдөлж байгаа...” гэх тэмдэглэлүүд /1-р хх-34-35/ зэрэг нотлох баримтуудаар,

2015 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 02 цагаас 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” хотхоны 104 дүгээр байрны 6 тоотод эхнэр С.Одончимэгийг “гэртээ шээлээ” гэх шалтгаанаар зодож 1 литрийн чацарганы савыг шидэж гавал тархины битүү гэмтлийн улмаас их, бага тархины суурь ба орой хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн “...2015 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө унтаж байхад 04 цаг 40 минутын орчим утас дуугарах чимээгээр сэрсэн. ...ээж утсаар ярьж байхдаа “юу яриад байгаа юм бэ” гээд хашхираад утас нь тасарсан. “Юу болсон бэ, хэн бэ” гэж асуухад Болдоо залгаж байна “түргэн дуудаарай, зүрх нь зогсчих шиг боллоо” гээд утсаа тасалчихлаа гэсэн. Ээж Нандинцэцэг бид гурав гэрт нь очиход хаалга нь онгорхой байсан бөгөөд талийгаачийн нөхөр нь орилоод байгаа сонсогдсон. Гэрт нь ортол Эрболд талийгаачийн толгойг өвөр дээрээ тавиад тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Яасан бэ гэхэд “үхчихлээ шүү дээ, ээжээ би одоо яаж амьдрах юм бэ” гээд уйлаад байсан. Тэгээд Эрболд бид хоёр ээлжлээд цээжин дээр нь дараад амаараа хиймэл амьсгал хийсэн боловч уруул нь хөхөрчихсөн нас барсан нь мэдэгдэж байсан. Миний харснаар талийгаачийн зүүн нүдний дээд зовхи нь хөхөрсөн байсан. Бусад гэмтлийг анзаарч хараагүй.” /1-р хх-40-42/,

Гэрч Ц.Тэрбишийн “...2015 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө унтаж байтал 04 цаг 55 минутад утас дуугараад хүргэн Эрболд уйлаад “зүрх нь зогсчихлоо” гэж сандарсан байдалтай хэлээд утас нь тасарсан. ...сандраад охин Цолмон, Нандинцэцэг нарыг сэрээгээд Эрболдын гэр лүү явсан. Гэрт нь ороход том өрөөний гол хэсэгт Одончимэг толгой хэсэг нь урагшаа харсан, хэвлий, нүүр царай нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба биедээ пудволка, хөхний даруулга, дотуур өмднөөс өөр хувцасгүй байсан. Гарын үзүүр нь хөхөрсөн байсан бөгөөд бид сандарч олон удаа дуудсан боловч сэргэхгүй, ямар ч ухаангүй байсан. Түргэн тусламж ирээд нас барсан байна гээд цагдаа дуудсан. Эмч ирэхээс өмнө хиймэл амьсгал хийж өөрсдийн чадах бүхий л аргыг хэрэглэсэн боловч ухаан ороогүй. ...Миний охин ээж рүүгээ явлаа гэж гараад гэр лүүгээ явчихсан юм билээ. Тэгээд шөнө гэртээ ороход нь Эрболд түүнийг дахин зодож амь насыг нь хохироосон байсан. ...ер нь л байнга бие нь хөхөрсөн байдаг байсан. Асуухаар юманд цохьсон гээд хэлдэггүй байсан. ...2015 оны 2 дугаар сарын 8-ны орой талийгаач охин минь 16, 17 цагийн орчим манайд ирэхдээ үсээ самначихсан, намирсан үстэй байсан, харин үүрээр нас барсных нь дараа очиход түүний үс ширэлдсэн, үсдүүлсэн юм шиг арзайсан байсан.” /1-р хх-56-58/,

М.Эрболдын “...Шөнө 04 цагийн орчим сэрэхэд би ганцаараа унтаж байсан. Харин гэрт шоржигносон чимээ гараад байхаар нь босоод гэрлээ асаатал эхнэр маань гал тогооны шүүгээний хаалгыг онгойлгочихсон дотуур өмдөө тайлаад тогооны шүүгээ рүү шээж байсан. “яагаад гэр орондоо шээгээд байгаа юм бэ, наадахаа цэвэрлээч” гэж хэлээд татсан чинь шалан дээр унасан. Эхнэр маань “би мэдэж байна” гээд над руу харахад архи нэмээд уусан байсан. ...тэгээд “чи надаас салаач” гэхээр нь ширээн дээр байсан уугаад тал нь үлдсэн байсан 1 литрийн чацарганы шүүсийг эхнэр лүүгээ шидэхэд түүнийг оносон, яг хаана нь оносоныг мэдэхгүй байна. Тэгтэл эхнэр “хэг” гэсэн авиа гаргаад хойшоо гэдийгээд эхэр татаад явчихсан. Тухайн үед эхнэр газар суучихсан байсан. Би битгий худлаа хүн айлгаад байгаач гээд татаад цээжийг нь илэхэд уртаар амьсгаа аваад таг болчихсон. Ванны өрөө рүү оруулаад толгойг нь усаар шавшихад амьсгалахгүй байхаар нь шалан дээр хэвтүүлж байгаад хиймэл амьсгал хийгээд цээжин дээр нь дарсан боловч ямар ч өөрчлөлт байхгүй байсан. ...эмнэлэг рүү ярьж түргэн тусламж дуудаад хадам ээж рүүгээ  хэлсэн. Хадмууд ирэхэд эхнэрийн зүрх нь зогсчихсон байсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. ...өгзгөн дээр нь 2 хөхрөлт байгаа, тэр нь 2-3 хоногийн өмнө машинаа угааж байгаад газар хальтирч унаад гэмтсэн гэж байсан. Бусад гэмтэл нь надаас болсон.” /1-р хх-179-180/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...хохирогчийг үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь толгойд үйлчилсэн хүчний үйлчлэлээр учирна. Хохирогчийн толгойн баруун, зүүн хуйханд цус хуралт үүссэн нь толгойд үйлчилсэн хүч хаана үйлчилснийг тодорхойлж байна. Хохирогч Одончимэгийг үхэлд хүргэсэн уг гэмтэл учирсан даруйдаа шууд үхэлд хүргэнэ. Ямар нэг хөдөлгөөн хийх, ярих зэрэг үйлдэл хийж чадахгүй.” /1-р хх-73-76/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаар шинжээчийн “...талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас их, бага тархины суурь ба оройг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дагзны том нүхний хатуу бүрхүүл доорх цусан хураа, духны хуйханд цус хуралт, баруун уушигны няцрал, ...гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба их, бага тархины суурь ба оройг хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун талын 2,3,4-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүдийг үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, зүүн өгзөг болон цээжний цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд бүгд нас барахаас өмнө үүссэн байна. Талийгаачид задлан шинжилгээгээр элэгний архаг үрэвсэл тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачийн цусанд 1.6 промилл спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. АВО системээр В (III) бүлгийн цустай байна. Талийгаачийн үтрээний арчдас, наалдац, шулуун гэдэсний арчдас дээр эр бэлгийн үрийн шингэн илрээгүй байна. Нас барах үедээ жирэмсэн биш байжээ. Нас барах үед сарын тэмдэг ирээгүй байна.” /1-р хх-81-85/, шүүх сэтгэц эмгэг судлалын 200 тоот дүгнэлтүүд /1-р хх-121-123/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-8-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-15-22/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-23-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс 2015 онд батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар М.Эрболдын ялтайд тооцох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх М.Эрболдыг зовоон тарчлаах шинжтэйгээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч А.Мягмарсүрэнгийн “...Одончимэг эгч согтуу орж ирсэн. ...уйлаад байхаар нь “та яасан бэ” гэхэд “манай нөхөр намайг зодоод би зугтаагаад гарч ирлээ” гэж байсан. ...зүүн хөмсөгнийх нь дээд хэсэгт үсэн дотроо эрхий хуруу хэртэй овойж хавдсан, өшиглүүлсэн гэж байсан. Зүүн талын хавирган доогуур хөндүүрлээд амьсгалахад хэцүү байна, ...нөхөр нь хардаад хаагуур хэнтэй явж байгаад нуруугаа хөхрүүлчихсэн юм гээд зодсон гэсэн.”, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...хавирга нь хугарсан ч энгийн хөдөлгөөн хийхэд бага зэргийн зовиуртай, машин бариад явах боломжтой.” гэх мэдүүлгүүд нь камерын бичлэгт бичигдсэн талийгаачийн гэрээсээ гарч яваад буцаж ирсэн цаг хугацаатай тохирч байх ба талийгаачийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь нас барахаас нь өмнө учирсан гэдгийг нотолж байна.

Түүнчлэн шинжээчийн “...баруун талын 2,3,4-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүдийг үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, зүүн өгзөг болон цээжний цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд бүгд нас барахаас өмнө үүссэн байна.” гэсэн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа бөгөөд ялтан М.Эрболдыг зовоон тарчлаах шинжтэйгээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Учир нь зовоон тарчлаах шинжтэйгээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь удаан хугацааны туршид байнга зодох замаар бие махбодийн өвдөлт, сэтгэцийн шаналал учруулан хүч хэрэглэснээс эсхүл нэг удаагийн үйлдлээр уг гэмтлийг учруулсан боловч энэ нь харгис хэрцгий аргаар удтал өвтгөсөн үйлдлийг хамруулан ойлгох бөгөөд ялтан М.Эрболдын үйлдэлд энэхүү гэмт үйлдэл тогтоогдоогүй болно.

Иймд ялтан М.Эрболдын өмгөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхийг...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсэг болон ялтан М.Эрболдын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхэд Э.Анугийн хууль ёсны асран хамгаалагч томилох асуудлыг харьяа дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

1 дэх заалтын “М.Эрболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, зовоон тарчлаах шинжтэйгээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”. гэснийг,

“М.Эрболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “...мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг,

“...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар М.Эрболдод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилж, М.Эрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнд ял болох 13 жилийн хугацаатай хорих ялд багтааж, М.Эрболдын биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 2 жилийн хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнд ял болох 13 жилийн хугацаатай хорих ялд багтааж, М.Эрболдын биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан М.Эрболд, түүний өмгөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ  

                 

                ШҮҮГЧИД                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН