Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 717

 

                                                                                                                                        

 

                                                    И.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                                           

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                               

          Прокурор Д.Оюунгэрэл,                                         

          Ялтан И.Энх-Амгалан /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан И.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлуудаар 201525030946 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Ишцэрэнгийн Энх-Амгалан, 1976 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 1-29 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тодорхой оршин суух хаяггүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УШ 76022611/,

И.Энх-Амгалан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын сааданд Б.Батцэнгэлийг “агсам тавих гэлээ, аав хүү хоёр ийм байх ёстой юм уу” хэмээн маргалдан түлхэж унаган зодож, санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Энх-Амгаланг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар И.Энх-Амгаланг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан И.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 450 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 граммын “Бурхан халдун” нэртэй архины шил, саарал өнгийн аяга, бэлгэвч зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, И.Энх-Амгаланг бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан И.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Х.Тулгабаатар хамгийн сүүлд хэргийн газарт үлдээд шуудайтай зүйлээ янзлаад эхнэр бид хоёрыг явахыг хараад зогсож байсан хэрнээ “И.Энх-Амгалан намайг өдөөд байхаар нь би явчихсан” гэж удаа дараа худал мэдүүлэг өгсөн. Намайг явах үед талийгаач шонгийн харалдаа унтсан байсан. Гэтэл хавтаст хэрэгтэй танилцахад талийгаач саадыг голлоод гуталгүй хэвтэж байсан. Гуталыг нь тайлаад хажууд нь зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Мөн гэрч Б.Мөнх-Үйлс “Хар бараан өнгийн эрэгтэй хүн зодоод байсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаагч Ганзориг 2 дугаар сарын 4-ний өдөр болон мөн сарын сүүлээр ирж байцаалт авахад “би ухаанаа алдтал согтчихоод хүүхдээ тэвэрчихсэн байгаа эмэгтэйг орхиод ганцаараа явахгүй. Би яаж ганцаараа хэргийн газарт байсан байх вэ” гэж мэдүүлсэн. Гэтэл дараа нь гэрч Б.Мөнх-Үйлс “эмэгтэй хүн яваад байсан” гэж нэмж мэдүүлсэн байсан. Тиймээс мөрдөн байцаагч Ганзориг нь миний хэлсэн үгэнд тулгуурлан гэрч Б.Мөнх-Үйлсээс мэдүүлэг авсан гэж бодож байна. Мөн гэрч Б.Мөнх-Үйлс “бараан өнгийн хувцастай хоёр хүн ноцолдоод, “аав хүн ийм байх ёстой юм уу” гээд зодолдож байсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Х.Тулгабаатар “хөх өнгийн подволктой байсан” гэж мэдүүлсэн боловч би тухайн үед хөх өнгийн подволк өмсөөгүй, цэнхэр өнгийн цамц, хар жинсэн өмд, хар гутал, саарал саравчтай малгайтай байсан.  Мөн Х.Тулгабаатар ч талийгаачийг “аав” гэж дууддаг байсан. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэг ч удаа талийгаачийг “аав” гэж хэлэхгүйгээр Цэнгэл ах гэж ярьж байгаад эцэст нь “И.Энх-Амгалан Цэнгэл ахыг “аав” гэж дууддаг юм байна лээ” гэж хэлсэн байсан. Тиймээс түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтэй байна. Мөн “Х.Тулгабаатартай нүүрэлдэн байцааж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч мөрдөн байцаагч, прокурорын зүгээс “нүүрэлдүүлэх боломжгүй” гэх хариу өгч байсан. Х.Тулгабаатар нь талийгаачтай хамт амьдардаг хэрнээ яагаад авч яваагүй болох нь ойлгомжгүй байна. Би талийгаачийг нэг удаа түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн үед Х.Тулгабаатартай маргалдсан зүйл гараагүй...” гэв.

Ялтны өмгөөлөгч С.Пүрэвдорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйл буюу “...мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн” гэсэн заалтыг зөрчиж шийтгэх тогтоол гаргасан.

1. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хэргийн материалаар дахин гаргуулах шаардлагатай. И.Энх-Амгалан “би хохирогчийг нэг л удаа түлхэж унагасан, тэрээр ар дагзаараа унасан” гэж мэдүүлдэг бөгөөд үүнийг хамт байсан гэрч Б.Лхагвацэрэн гэрчилдэг. Гэтэл шинжээч эмч хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж үзсэн. Маргааш өглөө нь 10 цагт анх олж түргэн тусламж дуудсан гэрч Б.Эрдэнэхуяг “түүнийг цагаан байшингийн хажууд хэвтэж байсан, гүрээний судсыг нь дарж үзэхэд цохилж байхаар нь түргэн тусламж дуудсан” гэж мэдүүлсэн байхад хохирогч хаана хэвтэж байсныг заалгаагүй, хэрвээ заалгасан бол ялтан И.Энх-Амгалан, гэрч Б.Мөнх-Үйлс нарын хэргийн газрыг заалгасан зурагтай харьцуулж дүгнэлт хийх боломжтой байсан. Мөн түргэн тусламжийн дуудлагын бүртгэлийн хуудсыг хэрэгт хавсаргаагүй, түргэн тусламжийн эмчээс хохирогч хаана хэвтэж байсан талаар гэрчээр байцаалт аваагүй. Шинжээч эмчээс И.Энх-Амгалангийн мэдүүлснээр хохирогч ар дагзаараа унахдаа тархиндаа ямар гэмтэл авах боломжтой, мөн ийм гэмтэл авсан хүн босож явах, мөлхөж чадах эсэх, нүүр хэсгээрээ харж унахад дээрх гэмтлүүд учирсан байж болох эсэх талаар асууж тодруулаагүй.

2. И.Энх-Амгалан нь Х.Тулгабаатарыг сэжиглэн энэ хэргийг үйлдсэн гэж үздэг. “би эхнэртэйгээ явахад тэр хохирогчтой хамт үлдсэн” гэдэг. Энэ хүнийг дахин шалгах шаардлагатай.

3. Гэрч Б.Мөнх-Үйлсийг энэ хэрэгт сэжиглэн шалгуулмаар байна. Хэрэг болсны маргааш цагдаагийнхан ирэхэд хаалга тайлж уулзаагүй. Мөрдөн байцаагч хөтөлж байцааснаар ам дагуулж худлаа ярьсан. Сүүлийн мэдүүлэгтээ “залуу нь хөгшнөө зодохыг сонссон, нэг эмэгтэй нааш цааш явсан” гэж мэдүүлсэн. Хэрэг болсон шөнө Б.Мөнх-Үйлс өөрөө согтуу байсан бөгөөд байрных нь гадна согтуу хүн хэвтэж байхад нь хөөж явуулахын тулд өшиглөж зодсон байх магадлалтай.

4. И.Энх-Амгаланг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа түүний хувийн байдлыг хангалтгүй шалгасан. Түүний ял шийтгэлийг өөр овгоор шалгасан. 2002 онд шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргаагүй. Түүний эхнэр Б.Халиунаас байцаалт авч, хоёр хүүхдийнх нь бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй. Сурч байсан сургуулиудаас тодорхойлолт аваагүй. Яагаад тэнүүчлэн амьдрах болсон талаар шалгаагүй.

5. 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн магадлалд заасан санаа зорилго, сэдэлтийг тогтоохоор нэг ч удаа байцаалт аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй, ойлгомжгүй байдал үүсээгүй тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Шинжээч эмч Долгормаа “уг хугарлууд нь нэгээс нөгөөд дамжаагүй, тус тусдаа хүч үйлчилсэнээр үүссэн. Зүүн нүдний дээд зовхины гэмтэл нь зулайн хэсгийн хугарлаас үүссэн байх боломжтой. Эсхүл нүдний хэсэгт тусдаа хүч үйлчилсэнээр үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн байдаг. Хэдийгээр И.Энх-Амгалан “би цээж рүү нь түлхсэн” гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд И.Энх-Амгалан нь талийгаачийн нүд рүү цохиж, өшиглөж, зодоод байсан болох нь тогтоогдсон. Гэмт хэрэг гарсан хугацаанд талийгаачийн хажууд И.Энх-Амгалангаас өөр хүн байгаагүй тул хугацааны хувьд болон И.Энх-Амгалан, түүний хамтран амьдрагчийн мэдүүлгээр тус хэргийг И.Энх-Амгалан үйлдсэн болох нь тогтоогдсон. Одоо гэрч Б.Эрдэнэхуягаас хохирогч хаана хэвтэж байсан болохыг асууж тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй болсон. Мөн шинжээч эмчээс “хохирогч дагзаараа унахад ямар гэмтэл авах боломжтой вэ” гэдгийг асуухаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь үндэслэлгүй. Шинжээч эмч ямар гэмтэл учирч болохыг тогтоох боломжгүй. И.Энх-Амгалан нь удаа дараа Тулгабаатарыг сэжиглэсэн гомдол гаргаж байсан тул Тулгабаатарыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаад үйлдэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон. Мөнх-Үйлсийг хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй. Мөрдөн байцаагч Мөнх-Үйлсээс мэдүүлэг авахдаа ам дагуулан, хөтөлж байцаасан гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ субъектив санаанд хөтлөгдөж давж заалдах гомдол гаргасан байна. Мөрдөн байцаагч гэрч Мөнх-Үйлсийн өмнөх мэдүүлэг дээр нь үндэслэн тодруулах асуултуудыг тавьсан байдаг. Мөн давж заалдах гомдолд ялтны хувийн байдлыг хангалтгүй шалгасан гэж байна. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлийг тодруулах хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “И.Энх-Амгалангийн сэдэлт, санааг тогтоох” гэх заалт байгаагүй. Зөвхөн И.Энх-Амгалангийн төрсөн охин 2 сартай Э.Энхцэцэгийн нас барсан шалтгааныг тогтоохоор зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                                               ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

И.Энх-Амгаланд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулснаас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлжээ.

Өмнө нь давж заалдах шатны шүүхээр энэ хэргийг шийдвэрлэхдээ И.Энх-Амгалан, Б.Лхавацэрэн нарын төрсөн охин Л.Энхцэцэгийн нас барсан нөхцөл байдал, шалтгааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслээр дахин шалган тогтоож, дээрх үйл баримтад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан бөгөөд хангалттай байцаан шийтгэх ажиллагаа хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд дээрх нөхцөл байдлын талаар шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны дараа И.Энх-Амгалангийн гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Энх-Амгаланд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ялтан И.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол И.Энх-Амгаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ДАВААСҮРЭН                                  

                        ШҮҮГЧИД                                           Д.МӨНХТУУЛ

                                                                                    Н.БАТСАЙХАН

 

.