Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 739

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Батмагнайд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          шүүгдэгч Л.Батмагнайгийн өмгөөлөгч Д.Гансүх,

          нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 336 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр 201624000640 дугаартай Л.Батмагнайд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бичээч овгийн Лодойн Батмагнай, 1980 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баясах Интернэйшнл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 108 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЖ80030815/,

 

Л.Батмагнай нь 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Титэм Плаза” худалдааны төвийн урд замд “Ford Tranzit” загварын 04-11 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 7.17 дахь хэсэгт заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Бат-Ирээдүйг мөргөж, амь насыг хохироон Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Л.Батмагнайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Батмагнайд холбогдох хэргийг хянаад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, түүнчлэн хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох хуульд заасан бүх арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнд:

            1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр И.Раншинг тогтоосон нь /хх 19/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13 дахь хэсэгт заасан “...хуулийн дагуу тогтоогдсон ...хохирогчийн төрсөн ...эцэг, эх...ийг” мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “...хохирогч нас барсан тохиолдолд түүний насанд хүрсэн гэр бүлийн гишүүн... хуульд заасан журмын дагуу байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй...” гэснийг зөрчиж садангийн хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчоор өгсөн мэдүүлэг “...би амь хохирогчийн ээжийнх нь төрсөн дүү байгаа юм. Эгч С.Долгоржав нь 5 хүүхэдтэй ба амь хохирогч нь түүний хамгийн бага хүү нь байсан юм. Ээж болон ах, дүү нар нь хөдөөний хүмүүс байдаг болохоор намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр, оролцуулж, итгэмжлэл хийж өгсөн....” /хх 21/ авагдсан байх боловч амь хохирогчийн ээж гэх Самбуу овогтой Долгоржав нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Өнөр” хороолол, 13 дугаар байрны 54 тоотод шилжин ирсэн тухай тодорхойлолт /хх 18 ар тал/ авагдсан байна.

            Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн хувийн байдлыг бүрэн тодруулаагүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл амь хохирогчийн гэр бүл болон төрөл садан, үр хүүхэд гэх зэрэг хүмүүсийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, мөрдөн байцаах ажиллагаанд тэднийг татан оролцуулж, хууль ёсны төлөөлөгчийг хэнээр төлөөлүүлэх тухай тэдний санал, хүсэлтийг тодруулах нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтооход чухал ач холбогдолтой байна. Дээрх зөрчил нь гэмт хэргийн улмаас амь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх бүхий этгээд нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн байна.

            Энэ нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан “хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хорын зардал, гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэсэн заалтыг хангахад хамааралтай байна.

            2. Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, явган зорчигчийн согтуурал шалгасан магадалгаа, гэрч Г.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 9 цаг өнгөрч байхад Баярт-Ирээдүй бид 2 дэлгүүрийн үүдэнд таарсан, намайг очиход талийгаач Пүрвээ, Сайхансамбуу, Энхбат, Алтангэрэл нартай юм ярьчихсан зогсож байсан. Тэд нарын хэн архи авсаныг мэдэхгүй, 0.75 граммын “Монгол Стандарт” архи гаргаж ирээд түүнийг нь бүгдээрээ хувааж уусан. Талийгаач бас уг архинаас уусан ...” гэж, гэрч А.Алтангэрэл мөрдөн байцаалтад өгсөн “...Осол болдог өдөр ... талийгаач Батмөнх, Энхбат нартай нийлчихсэн ... архи уучихсан сууж байсан...” гэж мэдүүлэг өгсөн,

            мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн /хх 113/ үзлэгийн тэмдэглэлд “...2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 18 цаг 15 минутад ... амнаас спиртийн төрлийн зүйл үнэртэнэ...” гэж тэмдэглэсэн байна.

Дээрх хэрэгт цугларсан нотлох баримт болон мэдүүлгээс дүгнэхэд тухайн зам тээврийн осол болсон гэх орчин нь замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээтэй, амь хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

             Гэтэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 414 дугаартай дүгнэлтэд “...явган зорчигч П.Баярт-Ирээдүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий, өөрөөр хэлбэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй тул техникийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргах нь зүйтэй байна гэжээ.

            Улсын яллагч С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д  “гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй”  гэжээ, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д “гэр бүлийн гишүүн” гэдэгт төрөл садангийн хүнийг хамааруулан заажээ.

            Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэжээ.

            Дээрх заалтаас үзэхэд хохирогч И.Раншин нь талийгаач П.Баярт-Ирээдүйн ээж болох С.Долгоржавын төрсөн дүү болох нь тогтоогдсон, энэ хэрэг хохирогчоор оролцуулах итгэмжлэлтэй байна.

            Мөн талийгаач П.Баярт-Ирээдүйн ар гэрийнхэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр И.Раншинг төлөөлүүлэх тухай хүсэлт, саналаа илэрхийлж, итгэмжлэл өгсөн, оршуулгын зардал бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй талаараа бичгээр илэрхийлжээ.

            2. 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавтаст хэрэгт авагдсан ямар ямар баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан талаар тодорхой дурдсан байна.

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: Осол болсон газрын замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, хорооллын доторх, хэрэгцээний зам, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв.

            Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчид “Ford Tranzit” загварын 04-11 УНК улсын дугаартай автомашин нь ухрах үйлдэл хийхдээ А цэгээр анх явган зорчигч Б.Батмөнх, П.Баярт-Ирээдүйг анх мөргөсөн гэх цэг, Б цэгээр явган зорчигч Б.Батмөнх унасан гэх цэг, 2 дугаар цэг нь П.Баярт-Ирээдүй унасан гэх цэг. А цэгээс зорчих хэсгийн урд зах хүртэл 2.1 метр, үл хөдлөх цэгийн харалдаа 2.7 метр, А цэгээс В цэг хүртэл 3.2 метр байв. А цэгээс явган хүний гарц хүртэл 20.0 метр байв. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын анхны үзлэгийн фото зургийн үзүүлэлт, гэрч холбогдогч нараас авсан тайлбар мэдүүлэг, хэргийн газрын анхны бүдүүвч зураг зэрэг нотлох баримтууд дээр үндэслэн дүгнэлтийг гаргасан байна.

            Шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргасан бөгөөд шүүгчийн захирамжид амь хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтэд талийгаач нь эмчилгээ хийлгэж байсан тул согтууруулах ундаа уусан эсэхийг тогтоох боломжгүй гэсэн бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 7 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 7.17 дахь хэсэгт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалт нь жолоочид хамааралтай заалт бөгөөд жолооч нь хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Иймээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

            Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

           

Шүүгдэгч Л.Батмагнайгийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.4, 3.9 дэх заалтуудыг явган зорчигч нь зөрсөн. Мөн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргуулах хүсэлтэй. Иймд захирамжийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх Л.Батмагнайд холбогдох хэргийг хянаад техникийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

            Харин Л.Батмагнайд холбогдох хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр И.Раншин тогтоогдсон нь үндэслэлтэй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжид энэ талаар дурдсан хэсгийг хүчингүй болгож, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

           

            Харин хохирогч П.Баярт-Ирээдүй нь тухайн нөхцөл байдалд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

            Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь хэсэгт дурдсан үндэслэлээр Л.Батмагнайд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Тээврийн прокурорын газраас Л.Батмагнайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч П.Баярт-Ирээдүйг ” П.Бат-Ирээдүй” гэж буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 336 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, тээврийн прокурорын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авч, 2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Л.Батмагнайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧИД                                              Б.ЗОРИГ

 

                                                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ