Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Эрдэнэ-Отгонд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Х.Анхцэцэг,

          Ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа,

          Хохирогч Г.Бямбадорж,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 70А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэл, ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар М.Эрдэнэ-Отгонд холбогдох эрүүгийн 2014 2600 05285 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгон, 1989 оны 3 дугаар сарын 25-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр хийцийн угсрагч мэргэжилтэй, “Элит Техно Металл Сервис” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамжны 36 тоотод оршин суух,

2009 оны 8 дугаар сарын 3-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:УУ89032572/,

 

М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжинд иргэн Г.Бямбадоржийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хэвлий, цээжин тус газарт хутгалж бие махбодид нь “...хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8 сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх ...” бүхий хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Эрдэнэ-Отгоны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Эрдэнэ-Отгоныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгоныг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгонд оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгоны цагдан хоригдсон 227 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгоноос 3.895.100 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бямбадоржид олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг чулуу, 1 ишгүй хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгаж, 1 ширхэг 100 төгрөгийн дэвсгэртийг эрх бүхий байгууллага буюу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, М.Эрдэнэ-Отгоны иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргах байтал 70А тоот шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж заасан байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 70А дугаартай шүүгчийн захирамж гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

           

            Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн атлаа эрх зүйн актын хувьд шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 70А шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай.

Анхан шатны шүүх М.Эрдэнэ-Отгонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан.

2. Шүүх буруу хууль хэрэглэсэн тухай.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасан “...хэнд ч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...” гэсэн заалт, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45, 79, 80, 82, 150, 151, 320 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэг. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр М.Эрдэнэ-Отгоныг цагдаагийн төлөөлөгч нар айлган сүрдүүлж, хөтөлж байцаан хэрэг хүлээлгэжээ. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өглөө М.Эрдэнэ-Отгоныг мөрдөн байцаагч н.Мөнхбат сэжигтнээр байцаахдаа 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн ажилтнууд хэрэг хүлээлгэсэн гэдгийг мэдсэн тул зөвхөн өмнөх мэдүүлгийг ярихыг шаардсан. М.Эрдэнэ-Отгоноор 29-ний мэдүүлгийг давтан яриулж хөтөлж байцаасан.

“...2014 оны 10 дугаар сарын 26-ны орой би гэрээс гарахдаа шаргал өнгийн пивор бариултай хутгыг аваад гарсан ... тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг заамдаад хоолой боохоор нь гэдэс рүү нь нэг удаа, цээжний орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд зугтсан, яаж хаагуур явснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд уулан дээр ганцаараа сууж байсан, би тэндээ хэсэг сууж байгаад гэртээ очиж унтсан, яг хэдэн цагийн үед гэртээ очиж унтсанаа санахгүй байна. ...би тэр ахыг хутгалчихаад айсандаа шоконд орсон байсан. ...би их айсан учраас хутгаа хаана хаяснаа үнэхээр санахгүй байна. Тухайн үед нилээн согтуу байсан учраас тэр ахтай хаана, аль гудамжинд таарснаа мэдэхгүй байна. Саарал өнгийн юүдэнтэй цамцаа хаана хаясанаа санахгүй байна. Би тэр ахыг урьд өмнө харж байгаагүй, одоо харвал танихгүй байх, учир нь гудамж харанхуй байсан. Хэдэн цагийн орчимд гарсанаа санахгүй байна, мөн тэр ахыг /нэрийг мэдэхгүй/ хэдэн цагийн үед хутгалсанаа үнэхээр санахгүй байна...” /1-р хх 124/ гэжээ.

М.Эрдэнэ-Отгон 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цагаас найз Т.Отгонбаяр, Б.Золбаяр, Амараа нарын хамт 2 пиво уусан бөгөөд 22 цагт гэртээ байхдаа согтуу байгаагүй. М.Эрдэнэ-Отгон Баянхошуунд оршин суудаг тул гэрийнхээ ойр орчмын газар, гудамжийг мэддэг байна.

Гэтэл М.Эрдэнэ-Отгон их айснаас болоод Баянхошууны аль гудамжинд, хэдэн цагт, ямар насны, ямар хувцастай, ямар зүс царайтай хүнийг хутгалсан, хаанаас ямар хутга авсан, хутгаа хаана хаясан, хаанаас юүдэнтэй саарал цамц авч өмссөн, юүдэнтэй цамцыг хаана хаяснаа мэдэхгүй байна гэсэн зохиомол мэдүүлгийг бусдын сүрдүүлгээр өгчээ.

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зохиомол мэдүүлгийг загнаж, айлган сүрдүүлж авсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4 дэх заалтыг зөрчжээ. Иймээс М.Эрдэнэ-Отгоны дээрх мэдүүлэг нотлох баримт болж чадахгүй байна.

Хоёр. М.Эрдэнэ-Отгон 9 дүгээр ангийн боловсролтой бөгөөд хэргийг шалгуулахаар хууль хяналтын болон хүний эрхийн байгууллагад өөрийн гараар 6 удаа өргөдөл бичсэн нь дараах үндэслэлтэй байна. Үүнд:

1. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын хорих 461 дугаар ангиас Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурор Б.Баян-Очирт гомдол гаргасан.

Өргөдөлд “...2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн цагдаа нар намайг дагуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр аваачин өрөөнд оруулангуутаа зодож, дарамтлан хэргээ хүлээ гэж зодсон. “Чи муу хүн хутгалчихаад үхсэндээ маяглаад худлаа хуцаад байгаа юм бэ, хэргээ хүлээ” гээд зодоод байсан. Миний бие тэсэхийн аргагүй өвдөж энэ хэргийг хийсэн гэж худлаа хүлээсэн. Намайг цохисон төлөөлөгч хуруугаараа өөрийнхөө хэвлийн зүүн хэсэгт, дараа нь баруун доод хэсэгт зааж “чи энд, энд хутгалсан биз дээ” гэж тулгасан. Тэгэхээр нь би айсандаа тиймээ тийм саяын таны заасан газар чинь хутгалсан юмаа” гээд амыг нь дагуулаад худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Тэгэхгүй бол намайг дахиж зодох гээд айлгаж далайлгаад байсан юм...” гэж бичжээ /1-р хх 147/.

Дүүргийн 2 дугаар прокурорын газраас энэхүү өргөдлийг 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн.

2. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хорих 461 дүгээр ангиас Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурор У.Солонгод цагдаагийн ажилтнуудад дарамтлуулсны улмаас худал мэдүүлэг өгсөн тухай гомдол гаргажээ /1-р хх 198/.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн м/б, а/х Б.Цогтбаяр 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр тус хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Б.Болдбаяр, У.Золзаяа нараас М.Эрдэнэ-Отгоныг зодож, эрүү шүүлт хэрэглэсэн эсэх талаар асууж тайлбар авсан байна /1-р хх 203-204/.  Гэхдээ м/б Б.Цогтбаяр гомдолд дурдсан хүмүүс, тэдний зургийг М.Эрдэнэ-Отгоноор таньж олуулах ажиллагаа хийлгүй, гэрч нарыг асуулгүй гомдлыг дутуу шалгаж хаасан болно.

3. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хорих 461 дүгээр ангиас Улсын Ерөнхий Прокурорын газарт өргөдөл гаргасан.

Өргөдөлд “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өглөө байцаагч Мөнхбат ирсэн. Намайг эрүүгийнхэн авч гараад өрөөндөө байцаах гэхээр нь би “энэ хэргийг хийгээгүй” гэж хэлсэн. Мөнхбат байцаагч намайг өрөөндөө үлдээгээд гарсан. Нэг ахмад цолтой хүн зөрж орж ирээд намайг өшиглөж, цохиж зодсон. Мөнхбат байцаагч буцаж орж ирээд “чи хэргээ хүлээсэн байна шүү дээ” гээд уурлаад айлгаад байсан. Тэгэхээр нь би айсандаа урьд орой өгсөн худал мэдүүлгээ давтаад өгсөн. Намайг өмгөөлөгчгүй байцааж дууссаны дараа нэг өмгөөлөгч оруулж ирээд гарын үсэг зуруулсан...”  /1-р хх 197/ гэжээ.

Улсын Ерөнхий Прокурорын газарт гаргасан энэ өргөдлийг 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн 2 дугаар прокурорын газарт албан тоотоор шилжүүлжээ. /1-р хх 199/

4. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хорих 461 дүгээр ангиас Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид гомдол гаргажээ. Өргөдлийг шалгуулахаар 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ерөнхий Прокурорын газарт шилжүүлсэн байна.

ХЭҮКомиссын албан бичигт гомдлын дагуу М.Эрдэнэ-Отгонтой уулзаж тодрууллаа: “...2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаа нар намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр дагуулж ирээд өрөөнд оруултал нэг цагдаа миний нүүр рүү 2 удаа цохисон. “Чи хүн хутгалчихаад хэргээ хүлээ, чамайг хорьж байгаад хүнд гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулна, хүчээр хүлээлгэж чадна” гэж дарамталж шахалт үзүүлж заналхийлсэн. Тэгээд өөр өрөөнд нэг өндөр туранхай цагдаа оруулаад миний толгой руу жижиг цахилгаан бороохойгоор цохиулж байгаад “жижиг цахилгаан бороохой сайн болохгүй байна, том цахилгаан бороохой олоод ир” гэхэд махлагдуу өндөр цагдаа гараад том цахилгаан бороохой олж ирээд дахин миний толгой руу цохиулахаар нь би тэсэхээ байгаад би хутгалчихсан гэж хэлсэн...” гэж тайлбарласан  /1-р хх 232/ гэжээ.

5. М.Эрдэнэ-Отгон 2015 оны 3 дугаар сард хорих 461 дүгээр ангиас Монголын Хуульчдын Холбоонд гомдол гаргасан.

Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо М.Эрдэнэ-Отгоны гаргасан өргөдлийг “гэмт хэргийн шинж агуулсан” гэж үзээд шалгуулахаар 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шилжүүлжээ /2-р хх 234/.

6. М.Эрдэнэ-Отгоны эх Н.Мөнхбаяр 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газарт гаргасан өргөдөлдөө: “...Миний хүүг эрүүгийн төлөөлөгч нар шөнөжин зодож, цахилгаан бороохойгоор цохиулж байгаад хэрэг хүлээлгэсэн байна. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорт өргөдөл гаргахад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү хуваарилан хүүгийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч Цогтбаяр, эрүүгийн төлөөлөгч Б.Болдбаяр, У.Золзаяа нараас байцаалт аваад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан хаасан байна. Энэ асуудлыг нарийвчлан шалгаж өгнө үү...”  /2-р хх 22/ гэжээ.

7. 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр а\х Б.Эрдэнэдэлгэр Г-238 дугаартай гомдлын дагуу М.Эрдэнэ-Отгоноор бусдыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн. М.Эрдэнэ-Отгон “...намайг 2 цагдаагийн ажилтан зодсон, би тэдний гэрэл зургийг харвал танина, эхний хүн нь өндөр нуруутай 170-175 см нуруутай жижиг дугуй нүүртэй, духны 2 талаар бага зэрэг халзан байсан, дараагийн хүн нь өндөр шар царайтай, дээд үүдэн нэг шүд унасан байсан...” гэж өргөдөлдөө дурджээ.

Таниулах үед М.Эрдэнэ-Отгон  “зураг дээр гурав дахь эгнээний баруун гар талаас 5 дахь албан хаагчийг зааж энэ нүүр нь тал гарсан хүн намайг цахилгаан бороохойгоор цохиулсан, харин эхний эгнээний баруун гар талаас эхний хүн намайг гаднаас орж ирэхэд шууд миний нүүр лүү цохисон хүн мөн шиг байна” гэж заасныг тэмдэглэлд тусгажээ. /3 хх 235/

М.Эрдэнэ-Отгон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр тус хэлтсийн ажилтнууд дарамталж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх эхний өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн м\б Б.Цогтбаяр, дараагийн өргөдлийг м\б, а\х Б.Эрдэнэдэлгэр нар шалгажээ. Б.Цогтбаяр нь М.Эрдэнэ-Отгоны хэргийг шалгаж байсан ажилтан юм. Б.Цогтбаяр, а\х Б.Эрдэнэдэлгэр нар өөрийн хэлтсийн ажилтнуудыг шалгахдаа өргөдөл гаргагч М.Эрдэнэ-Отгоны эх, эхнэр, ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй, өргөдөлд дурдсан ажилтнуудыг М.Эрдэнэ-Отгоноор биеэр таньж олуулах ажиллагаа хийлгүй өргөдлийг дутуу шалгаж хаасан болно. Иймээс М.Эрдэнэ-Отгоныг дарамталж хэрэг хүлээлгэсэн гэх асуудал одоо бүрэн шалгагдаж дуусаагүй байна.

Гурав. Гэрч Т.Отгонбаяр, Б.Золбаяр нар тэр өдөр М.Эрдэнэ-Отгон ямар хувцастай явсныг санахгүй байна гэж мэдүүлдэг /2-р хх 64/.

2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрч Уянгоо мэдүүлэхдээ “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М.Эрдэнэ-Отгоныг найз Отгонбаяр утсаар дуудаад орой 18 цагийн орчим гараад явсан. Орой 22 цагийн орчим эмээ Нямсүрэнгийн гэрт ороход манай нөхөр М.Эрдэнэ-Отгон ээжтэйгээ муудалцаад, аяганд гараа авчихсан байсан. Тэгээд удалгүй бид 2 гэр лүүгээ ороод гарыг нь янзалчихаад, хүүхэд бид гурав унтацгаасан. Би шөнө 04 цагийн орчим хүүхдээ бие засуулахад М.Эрдэнэ-Отгон унтаж байсан. Манай нөхөр 2014 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа яваад ирээгүй. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөгөөд байцаагч Мөнхбат дуудсан. Хадам ээж бид 2 байцаагчийн өрөөнд ороход М.Эрдэнэ-Отгон “намайг хүн хутгалсан гэж хүчээр зодож байгаад хэлүүлсэн, би хүн хутгалаагүй” гэж хэлж байсан. Ц.Мөнхбат байцаагч манай гэр лүү очоод гэрт байсан нэг заазуур, иш нь хугараад унасан хутга байсны иш нь хугарсан хутганы зургийг аваад явсан...”  /1-р хх 92/ гэжээ.

Мөрдөн байцаагч нар шалгасан боловч М.Эрдэнэ-Отгоны авч явсан гэх хутга, өмсөж явсан гэх юүдэнтэй саарал цамц олдоогүй нь тэрээр зохиомол мэдүүлэг өгсөн учраас эх сурвалж нь тогтоогдоогүй болно.

Дөрөв. Гэрч Ц.Мөнхбат /мөрдөн байцаагч/ 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлэхдээ “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн төлөөлөгч а\х Болдбаяр, д\ч Золзаяа нар М.Эрдэнэ-Отгон гэх залууг өрөөнд оруулж ирсэн бөгөөд Бямбадоржийг хутгалсан этгээд гэж танилцуулсан...” гэжээ. /2-р хх 104/

м\б Ц.Мөнхбат хохирогч Бямбадоржийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчлээгүй байна. М.Эрдэнэ-Отгон 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнхбат байцаагч буцаж өрөөндөө орж ирээд “чи хэргээ хүлээсэн байна шүү дээ” гээд уурлаад, айлгаад байсан тул урьд орой төлөөлөгч нарт өгсөн худал мэдүүлгээ давтаад ярьсан гэдэг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл М.Эрдэнэ-Отгоныг сэжигтнээр байцааж хэрэг үйлдээгүй гэхэд хөтөлж мэдүүлэг авсан м\б Ц.Мөнхбатыг хэрэгт гэрчээр тогтоож, байцаалт авсныг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

Тав. Гэрч Б.Чинбат /өмгөөлөгч/ 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэхдээ “...Би 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр а\х Мөнхбат байцаагчийг даган өрөөнд нь ороход М.Эрдэнэ-Отгон гэх эрэгтэй байсан. Би түүнтэй ганцаарчлан уулзахад шөнө гудамжинд согтуу явж байгаад нэг хүнтэй маргаж түүнийг хутгаар хатгасан гэж ярьж байсан...”  /2-р хх 103/ гэжээ. Энэ мэдүүлэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.2 дахь заалтыг зөрчиж байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Зургаа. Мөрдөн байцаалтын үед 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.Бямбадоржоор зураг дээр өөрийг нь хутгалсан хүний зураг байгаа эсэх талаар таньж олуулах ажиллагаа хийжээ. /1-р хх 64-66/

Гэтэл хохирогчоор өөрийг нь хутгалсан хүнийг ямар зүс царай шинж тэмдэг, онцлогоор нь таньж болохыг урьдчилан асууж тэмдэглэлийн эхэнд тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн.

Таниулах үед бичгийн цаасан дээр 4 хүний зургийг байрлуулж, цагаан өнгийн юүдэн малгайтай цамц өмссөн, гадуураа бараан өнгийн хувцастай М.Эрдэнэ-Отгоны зургийг “2” гэсэн дугаартай байрлуулжээ.

Харин бусад 3 хүний зураг нь юүдэнтэй малгайтай цамц өмсөөгүй, дан футболк эсвэл дан срочикин цамц өмссөн, гаднах байдлаараа М.Эрдэнэ-Отгонтой төсгүй, өөр хувцастай хүмүүсийн зургийг байрлуулж, эдгээр 3 хүний хаана оршин суудаг, ямар овог нэртэй, хэдэн настай болохыг тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн.

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд “...хохирогч Л.Бямбадорж 4 ширхэг зургийг харснаа “2” гэсэн тоон дээр байгаа залуу намайг хутгалсан залуу мөн байна. Энэ залуу цагаан өнгийн юүдэнтэй цамц өмссөн байна. Энэ залуу тухайн үед гадуураа хар өнгийн куртик өмсөөгүй, энэ цамцтайгаа явж байсан гэж тайлбарлав...” гэжээ.

Л.Бямбадорж таньж байгаа хүний /М.Эрдэнэ-Отгон/ юүдэнтэй цамц өмссөн байдлаар таньсан гэж тайлбарласан нь таньж олуулах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн болно.

Долоо. Л.Бямбадоржоор 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.Эрдэнэ-Отгоныг зургаар таньж олуулах ажиллагаа хийх үед Л.Бямбадорж М.Эрдэнэ-Отгоны зургийг харснаар түүний зүс царайг таньж мэдэхээр болжээ.

2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Л.Бямбадоржоор өөрийг нь хутгалсан хүнийг биеэр нь таниулах ажиллагаа явуулахын өмнө хохирогчоос өөрийг нь хутгалсан хүнийг ямар зүс царай, шинж тэмдгээр нь таньж болохыг урьдчилан асуугаагүй, тэмдэглэлийн эхэнд тусгаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь заалт зөрчигдсөн.

Л.Бямбадоржоор өөрийг нь хутгалсан хүнийг биеэр таниулах ажиллагаа явуулахдаа гаднах байдлаараа адил төстэй хүмүүсийг таниулах байтал 1989 онд төрсөн М.Эрдэнэ-Отгоныг 1990 онд төрсөн М.Түвшинбаяр /1 нас дүү/, 1995 онд төрсөн Б.Түмэнжаргал /6 нас ах/ , 1976 онд төрсөн Ж.Бат-Очир /12 нас ах/ нарын хамт зогсоож байгаад олон насны зөрүүтэй хүмүүстэй хамт биеэр нь олуулах ажиллагаа явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх заалтыг зөрчсөн болно. /1-р хх 172/

Найм. Л.Бямбадорж 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр архи уусан байх үедээ гэмт халдлагад өртсөн. Архи уусан байсныг нь түүний ой санамжид сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Иймээс хохирогч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч ирсэн. Хохирогч Бямбадорж 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “...сэжигтнийг 16-17 орчим насны, 165 см орчим өндөртэй, туранхай, шардуу царайтай залуу байсан, царайг нь би тодорхой хэлж чадахгүй байна, сайн санахгүй байна, тэгэхэд сар гарсан өдөр шиг байсан...” /1-р хх 27/ гэсэн.

Хохирогч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “...Хэрэг гарсан өдөр Мөнхцагааны хамт нэг шил архи уусан...” гэж мэдүүлсэн /1-р хх 67/.  Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 31-ний шүүх хуралдаанд Л.Бямбадорж надад 4000 гаруй төгрөг байсан, 2 шил архи уусан, эхний шилийг гүүрний тэнд, дараагийн шил архийг Мөнхцагааны гэрийн тэнд уусан...” гэж мэдүүлгээ өөрчилсөн /2-р хх 37/.

Гэрч Т.Мөнхцагаан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “...Бямбадоржтой хамт 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2 шил архи уусан, эхний архийг 19 цагийн орчим ууж эхэлсэн гэж бодохоор сүүлийн архийг 23 цагийн орчим дууссан гэж бодож байна. Сүүлийн архийг ууж дуусаад Л.Бямбадорж машинаас буугаад явсан гэжээ. Энэ нь Л.Бямбадоржийн мэдүүлэгтэй зөрдөг /1-р хх 72/.

Хохирогч Л.Бямбадорж “...2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Т.Мөнхцагаанаас 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжинд буюу зүүн салааны хуучин эцсээс салсан юм. Тэгээд шууд хойшоогоо гэр лүүгээ явсан...” гэж мэдүүлгээ өөрчилсөн.

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “...хохирогч шөнө 00 цаг өнгөрч байхад Т.Мөнхцагааны гэрийн тэндээс гэр лүүгээ явсан. Би 10 гаруй минутын дараа хутгалуулсан. Архи уусан газраас манай гэр хүртэл 500 метр гаруй зайтай байх...” гэжээ.

2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гэрч Г.Ганбаяр өгсөн мэдүүлэгтээ “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 03 цагийн орчим “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11-11 тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Гэрт ороход 50-55 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн байсан. Манай эхнэр хөдөөнөөс ирж байгаа гээд утас нь тасарчихсан юм. Ах нь хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор доошоо явж тосох санаатай гудамжны үзүүрт явж байсан чинь насаар залуу, малгайтай цамцтай, малгайгаа өмссөн эрэгтэй тааралдаад мөрлөөд, намайг бариад авахаар нь би “яаж байгаа юм бэ миний дүү” гэхэд тэр залуу гэдэс хавьцаа 2-3 удаа цохих шиг болсон, халуу оргиод доошоо суутал нөгөө залуу жалга дагаад дээшээ гүйсэн гэж ярьсан...” гэжээ. Л.Бямбадоржийн энэ ярьсан зүйл 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй эрс зөрдөг.

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Т.Мөнхцагааны “...Бямбадоржтой 2 шил архи уугаад салсан. Гэхдээ гүүрэн дээр архи уугаагүй...” гэснээр тэдний мэдүүлэг зөрсөн. /2-р хх 40/

Хохирогч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө сэжигтний барьж байсан хутганы иш шар өнгөтэй байсан гэсэн бол 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд би хутгыг хараагүй, би хүзүүгээр нь тэвэрсэн гэдэг нь худлаа гэж мэдүүлгээ өөрчилсөн. /2-р хх-46/

Ес. Одон орон Гео физикийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Н.Тунгалагийн тодорхойлолтод “...2014 оны 10 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө, 02-03 цагийн хооронд тэнгэр саргүй байсан. Нар 19 цаг 20 минутад жаргасан...”  /3-р хх 91/ гэжээ.

“Филипс” ХХК-ийн тодорхойлолтод “...2014 оны 10 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 11 дүгээр гудамжинд гэрэлтүүлэг огт байхгүй болно...”  /3-р хх 92/ гэжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2015 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн лавлагааг үзэхэд “2014 оны 10 дугаар сарын 26-ны орой 23.31 цагт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-36 тоотоос ирсэн Мөнхбаяр 95173124 дугаарын утсаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, согтуугийн дуудлага өгчээ. /3-р хх 95/ Харин энэ дуудлагад хутгатай холбоотой дуудлага өгөөгүй байна.

2016 оны Шүүх Сэтгэц эмгэг судлалын 434 дүгнэлтэд “...Г.Бямбадорж нь 1992 онд толгойдоо цохиулсан, дараа нь машинтай онхолдож гэмтэл авч байсныг...” тэмдэглэжээ /3-р хх 95/.

Одонтын 11-10 тоотод оршин суугч гэрч Д.Алтанчимэг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ “...манай дээд талын 11 тоотын айлын хүмүүс хэцүү амьдралтай, байнга агсам согтуу тавьдаг, нөхөр Бямбаа нь архи уудаг гэж эхнэр нь надад ярьж байсан. 2013 онд энхэр Бямбаагаа зодоод хөөгөөд явуулсан...”  /1-р хх 81/ гэжээ.

2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр Одонтын 11 дүгээр гудамж харанхуй, гэрэлтүүлэггүй, гадаа саргүй байхад хохирогч Г.Бямбадорж нь 2 шил архи уусан согтуу үедээ юүдэн малгай өмссөн сэжигтний нүүр царайг буюу чих, үс, хамар, эрүү, уруул, хөмсөг, нүд, духыг нүүрний ерөнхий хэлбэрийг таниагүй нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний өгсөн “...царайг нь би тодорхой хэлж чадахгүй байна, сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгээс тодорхой байна.

Арав. 2014 оны 10 дугаар сарийн 27-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжны хамгийн баруун талын хашааны /1а тоот/ урд талд 3.2м зайд шороон дээр 100-ын дэвсгэрт 1 ширхэг, түүнээс 25см зайд цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 4 чулууг нотлох баримтаар авсан. Мөнгөн дэвсгэртээс зүүн тийш 12м зайд /хохирогч Г.Бямбадоржийн гэр лүү явах замд/ бариулгүй хутганы ажлын хэсгийг эд мөрийн баримтаар хураан авсан.

Мөнгөн дэвсгэрт байсан газраас Одонтын 11 дүгээр гудамжны 11 тоот буюу Г.Бямбадоржийн гэр хүртэл 200м зайтай байна.

Хохирогч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...би ахад нь мөнгө байхгүй гээд 500, 1000 төгрөгийг утастайгаа гаргаж ирэхэд нөгөө залуу цохиод авах шиг болсон...” гэдэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...нотлох баримтаар авсан бариулгүй хутган дээрээс цус илрээгүй, хүрэн улаан зүйлээр бохирлогдсон чулуун дээрх цусыг хүн амьтны цус болохыг тогтоох боломжгүй, чулуун дээрх цус эрэгтэй хүний цус байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан чулуун дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...”  /1-р хх 97/ гэжээ.

Өөрөөр хэлбэл эдгээр чулуун дээрээс Г.Бямбадоржийн 3 дугаар бүлгийн цус илрээгүй, бариулгүй хутган дээрээс цус илрээгүй тул хэргийн нотлох баримт болж чадахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд Г.Бямбадоржийг хутгалсан хутга олдоогүй.

3. Шүүх нотлох баримт дутуу үнэлсэн тухай

Хайрханы 17-36 тоотоос /шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны гэр/ урд зүгт авто замаар автобусны 4 буудал яваад /Г.Галбадрахын хэмжсэнээр 3094 алхам/ Одонтын 11 дүгээр гудамжны 1а тоот буюу хэрэг гарсан газар, хохирогч Г.Бямбадоржийн гэр байдаг гудамж байна. /2-р хх 116/

Одонтын 11 дүгээр гудамжны 1а тоотоос урд зүгт 1км орчим зайд 104 дүгээр дунд сургууль байна. /2-р хх 117/

Хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 03.22 цагт “Улаан” дэлгүүрийн дэргэдүүр авто замаар хойноосоо урд зүгт юүдэнтэй саарал өнгийн малгайтай цамц өмссөн хүн гүйж камерийн бичлэг нотлох баримтаар авагджээ.

104 дүгээр сургуулийн галч Банзрагч “...2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 03 цагаас хойш юүдэнтэй цамц өмссөн нэг хүн урагшаа маш хурдан гүйж байхыг харсан, холоос харсан тул нүүр царайгаар нь танихгүй...” гэдэг.

Банзрагч 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...надад үзүүлсэн бичлэг дээрх хүн мөн байна. Энэ өдөр Цогтбаяр байцаагч бичлэг үзүүлж байцаалт авсан болохоор тодорхой зүйлийн талаар ярьсан гэжээ. /2-р хх 208/

2014 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 03.22 цагт “Улаан” дэлгүүрийн дэргэдүүр юүдэнтэй малгайтай цамц өмссөн хүн гүйж байгаа камерийн бичлэгийг мөрдөн байцаагч галч Банзрагчид үзүүлэхэд тэрээр гүйж байгаа хүнийг хараад таньжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 204 тоот тогтоолд “2014 оны 10 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө 00.03 секундийн гэх бичлэг дэх юүдэн цамцтай гүйж яваа хүний дүрс, түүний ямар шинж байдал нь шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонтой төстэй байгаа эсэх, насны байдал зэргийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн хүрээнд шалгах боломж байгаа эсэхийг тодруулж энэ талаар зохих ажиллагааг хийх” гэж дурдсан. /2-р хх 58/

Мөн дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 40 тоот тогтоолд “М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэрэгт юүдэнтэй, биеийн тамирын цамцтай, эрэгтэй хүн гүйж байгааг ар талаас нь авсан камерийн бичлэг нотлох баримтаар авагджээ. Энэ бичлэг дээрх царай нь үл харагдах хүн, М.Эрдэнэ-Отгон мөн эсэхийг тодруулах зорилгоор өмгөөлөгч нарыг байлцуулан туршилт явуулах тухай хүсэлтийг хүлээн авсан” /2-р хх 93/

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч болон өмгөөлөгч “Г.Өлзий-Орших шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоноос камерийн бичлэг дээрх “Улаан” дэлгүүрийн дэргэдүүр гүйж байгаа юүдэн малгайтай цамцтай хүн та мөн үү гэж асуухад М.Эрдэнэ-Отгон “би биш ээ” гэж хариулсан. /1-р хх 209/

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Н.Болормаа хохирогч Л.Бямбадоржоос “камерийн бичлэг дээр “Улаан” дэлгүүрийн дэргэдүүр гүйж байгаа юүдэн малгайтай цамцтай хүнийг та харсан уу, гэж асуусан Л.Бямбадорж “энэ гүйж байгаа хүн намайг хутгалсан хүнтэй их төстэй байна” гэж хариулсан.

2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 03.22 цагт “Улаан” дэлгүүрийн камерт юүдэн малгайтай цамц өмссөн хүн гүйж байгаа бичлэг хийгджээ.

Энэхүү камерийн бичлэгээс хойш 12 минутын дараа 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 03.35 цагт Цагдаагийн хэлтэст хохирогчийн гэрээс хүн хутгалуулсан тухай дуудлага өгсөн.

10 жилийн 104 дүгээр сургуулийн галч Банзрагч 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 03 цагаас хойш юүдэнтэй цамц өмссөн хүн авто зам дагуу урд зүг маш хурдан гүйж байхыг харжээ.

“Улаан” дэлгүүрийн камерт бичигдсэн хүнийг удаа дараа үзэхэд М.Эрдэнэ-Отгонтой төсгүй, түүнээс арай биерхүү хүн харагддаг.

Бид бичлэг дээрх үл таних хүн Л.Бямбадоржийг хутгалсан хүн байж болзошгүй гэж үздэг. Энэ хүн хэн бэ. М.Эрдэнэ-Отгон мөн үү гэдгийг тогтоож өгөхийг прокуророос удаа дараа хүссэн боловч мөрдөн байцаалт дутуу явагдаж шалгаж тогтоож өгсөнгүй. Юүдэн цамцтай гүйж яваа хүн М.Эрдэн-Отгон мөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгасангүй. Иймээс Л.Бямбадоржийг хутгалсан хэргийн жинхэнэ эзэн холбогдогч тогтоогдоогүй гэж үзнэ. М.Эрдэнэ-Отгонд хорих ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70А захирамж нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байх тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Камерийн бичлэгт бичигдсэн хүнийг хэн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа гаргасан хэдий ч шинжээчийн дүгнэлтээр түүнийг тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн учраас тухайн дүрс бичлэгт бичигдсэн хүнийг М.Эрдэнэ-Отгон гэж үзэх боломжгүй юм. Энэ хэргийн сэдэлт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ. Өмнөх цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул түүнийг цагаатгах боломжтой гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогч Л.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү, миний бие маш их гомдолтой байна, би хүн гүтгээгүй, хохирлын мөнгө аваагүй...” гэв. 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.22 дахь хэсэгт “шийтгэх тогтоол” гэж шүүгдэгчийг гэм буруутайг нотолж, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг”,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна”, мөн зүйлийн 290.3 дахь хэсэгт “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж тус тус хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, М.Эрдэнэ-Отгоныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа, 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 70А дугаартай шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол гаргаж, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Анхцэцэг, ялтны өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарт шүүгчийн захирамж, харин ялтны өмгөөлөгч Н.Болормаад шийтгэх тогтоол гардуулж, мөн хэрэгт хавсаргасан байна.

 

Дээрх байдлаас дүгнэхэд М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэрэгт анхан шатны шүүх хоёр өөр эрхийн акт гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

           

Иймд дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцэл, ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын хамтран гаргасан гомдолд энэ талаар бичсэн хэсгийг тус тус хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан ялтан М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлын бусад хэсгийг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 70А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ