Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 667

 

Р.Наранзул холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Ууганбаатар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Р.Наранзулын гаргасан давж заалдах гомдлоор Р.Наранзулд холбогдох эрүүгийн 201601080147 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Рэнчиндоржийн Наранзул, 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 37 дугаар гудамжны 246 тоотод оршин суух,

 - 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаатай жил хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 159 тоот шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 2 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ХА 71020212/,

Р.Наранзул нь ялтай байдал нь дуусаагүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 29 дүгээр гудамжинд хохирогч Х.Ерболыг илтэд үл хүндэтгэн "ямар ч шалтаг шалтгаангүйгээр" зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж хохирогч Х.Эрболын цээжин тус газар хутгалж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Р.Наранзулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Наранзулыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Х.Ерболын биед хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Рэнчиндоржийн Наранзулыг 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан 1 жил 7 cap 2 хоногийн хугацаатай хорих ялын зарим болох 3 сарын хугацаатай хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ялд нэмж нэгтгэн ялтан Р.Наранзулын биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сарын хугацаатай хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Р.Наранзулын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, ялтан Р.Наранзул нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16.5 см урттай, ногоон өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Р.Наранзулд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Р.Наранзул гаргасан давж заалдах гомдолдоо “...Миний бие өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч анхан шатны шүүх нь намайг анх хүмүүст эхэлж зодуулж, дээрэмдүүлсэн байдлын талаарх удаа дараагийн мэдүүлэг болон мөрдөн байцаагчийн баримтжуулж авсан зураг зэрэг баримтуудыг харгалзаж үзэн шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмч “…хохирогчийн биед эсгүүрийн жижиг хутганы үзүүрээр үүссэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэж дүгнэсэн. Мөн миний зүгээс хохирогчид эмчилгээний зардал, хохирлын мөнгө болох 210.000 төгрөгийг бүрэн төлж дууссан ба одоо хохирогч гомдол саналгүй болсон. Хамгийн чухал нь энэ хүнд хэцүү цагт миний ар гэрийн байдал маш хүнд байгаа юм. Үүнд: Миний сургуулийн насны хоёр хүүхэд, нэг оюутан хүүхэд, эхнэр бие давхар жирэмсэн үлдсэн. Би ар гэртээ ганцаараа ажил хөдөлмөр хийж, тэднийгээ тэжээдэг байсан. Миний гэр бүлийг харж хандах боломжтой ах дүү садан байхгүй юм. Иймд миний ар гэрийн гачигдалтай байдал болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийг журамлаж өгөхийг хүсэж байна…” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Р.Наранзул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь Р.Наранзулын үйлдсэн гэмт үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Хохирогч мэдүүлэгтээ "…намайг дэлгүүр явахад араас хараад байсан. Тэгээд эргэж ирэхэд үгийн зөрүүгүй хутгалсан…" гэдэг. Мөн Р.Наранзул шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгалсан гэдгээ хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Р.Наранзул нь ялтай байдал нь дуусаагүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 29 дүгээр гудамжинд хохирогч Х.Ерболыг илтэд үл хүндэтгэн "ямар ч шалтаг шалтгаангүйгээр" зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж хохирогч Х.Ерболын цээжин тус газар хутгалж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Ерболын: “…2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз нартайгаа уулзаж байгаад 23 цаг 50 минутын орчим гэртээ харих гээд явсан юм. Тэгээд “Буян Налайх” төвийн урд талын зогсоолоос таксинд суугаад Налайх дүүргийн 3 дугаар хороо “Хангай” дэлгүүрийн үүдэнд ирж буусан юм. Тэгээд манай хүүхэд чихэр захисан байсан учир хүүхдэдээ чихэр авахаар “Чононгоо” дэлгүүр рүү явж байхад нэг эрэгтэй хүн надтай зөрсөн. Тэр хүн надтай зөрөхдөө байн байн эргэж хараад байсан. Тэгээд би дэлгүүрт очтол хаалттай байхаар нь буцаад явсан. Буцаж явахдаа нөгөө хүний хажуугаар гартал тэр хүн “чамайг би алчихъя л даа, наашаа хүрээд ир” гээд гараараа миний цээж рүү хоёр удаа цохих шиг л болсон. Эхлээд бол хутгалсныг нь мэдээгүй. Тэгээд намайг цохихоор нь би зугтаагаад гэрэлд очоод хартал миний цээжнээс, цохьсон газраас нь цус гоожиж байсан. Тэгээд гэрлийн доор очоод зогсож байтал тэр хүн миний араас гартаа хутга бариад гүйгээд ирсэн. Араас гүйгээд ирэхэд нь ахаа та намайг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлтэл ирж хэсэг зогсож байгаад хутгаа хашаа руу шидчихээд цаашаа зугтаасан. Зугтаахаар нь би араас нь гүйгээд бариад авсан юм. Тэгээд би цагдаа дуудсан....” /хх-15-16/,

            гэрч Б.Бат-Өлзийгийн: “...2016 оны 3 дугаар сарын 18-ний өдөр гэрт байж байхад найз нь гээд Мөнхбат гэдэг залуу 21 цагийн орчим 0,5 литрийн нэг шил архитай ирсэн юм. Ажлаасаа буугаад явж байна гэж байсан. Мөнхбат  авч ирсэн архиа уугаад, хоол идчихээд яваад өгсөн. Тэгээд бид нар унтах гэж байхад 23 цагийн орчим Наранзул би дэлгүүр рүү ундаанд яваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэр шөнөө эргэж ирээгүй. Маргааш нь цагдаа дээр байна гэж байсан. Би цагдаа дээр яваад очтол хүн хутгалчихсан гэж байсан...” /хх-20-21/,

            гэрч Н.Энхбатын: “...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз Х.Ерболтой уулзсан. Тэр өдөр 21-23 цагийн орчим уулзсан. Х.Ербол, Ганбаяр бид гурав “Можо” нэртэй паабад юм ярьж сууж байгаад тухайн паб хаах болоод бид гурав харихаар явсан. Бид гурав хороо руу хамт таксидаад 3-р хорооны хажууд Ганбаяр бид хоёр харих гэж буугаад Х.Ербол дэлгүүр орж хүүхдэдээ чихэр авна гээд бид хоёроос салаад явсан. Ганбаяр бид хоёр шууд харьсан. Маргааш нь Х.Ерболыг хүнд хутгалуулсан гэдгийг мэдсэн...” /хх-23/,

            гэрч З.Ганбаярын: “...тэр өдөр цэргийн баяр болж байсан учир бид нар найзуудаараа уулзаад “Можо” караокед сууцгааж байгаад 23 цаг өнгөрөөгөөд 00 цаг болох гэж байхад Х.Ербол, Энхбат бид гурав харих гээд таксидаад 3 дугаар хороонд очсон.  Таксинаас буугаад Энхбат бид хоёр харих гээд явсан. Х.Ербол дэлгүүр орж хүүхдэдээ чихэр авна гээд салаад явсан. Маргааш нь явж байгаад хүнд хутгалуулсан гэж байсан...” /хх-25/,

            гэрч Р.Мөнхзулын: “...Шөнө 00-01 цагийн хооронд гэртээ унтаж амарч байхад хашааны хаалга тогшихоор нь хаалга  нээтэл цагдаагийн алба хаагчид байсан. Тэд орж ирээд манай хашаанд унасан байсан хутгыг үзлэг хийж хураан авсан. Ямар хутга байсныг хараагүй. Тэр өдөр манай гадаа юу болсон талаар мэдээгүй унтаж байсан юм...” /хх-26/,

            Р.Наранзулын сэжигтнээр өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчим манай найз Д.Мөнхбат цэргийн баяр гээд нэг шил 0,5 литрийн архитай ирсэн юм. Тэрийг нь Мөнхбат бид хоёр хувааж уугаад, Мөнхбат яваад өгчихсөн юм. Мөнхбатыг явсны дараа гэртээ байж байгаад 23 цаг өнгөрөөгөөд 00 цагийн орчим дэлгүүр орж ундаа авах гээд дэлгүүр явсан. Тэгээд явж байтал 29 дүгээр гудамжны буланд хэдэн залуучууд зогсож байсан. Би хажуугаар нь яваад өнгөрөх гэтэл нэг өндөр залуу гүйж ирээд намайг бариад авсан. Тэгээд надаас архины мөнгө байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн чинь намайг боосон. Намайг боохоор нь би зөрүүлээд өөрийг нь заамдаад автал нөгөө залуус нь ирээд намайг тойроод авсан. Тэгээд халаас руу гараа хийгээд миний халаасанд байсан 2000 төгрөгийг аваад намайг нөгөө өндөр залуу үүрээд шидчихсэн. Тэгээд газар унагаад тал талаас өшиглөөд байсан. Тэгэхээр нь би босоод та нарт дээрэмдүүлнэ гэж байхгүй гэтэл тэр хэд тараад зугтаачихаар нь намайг боосон өндөр залууг араас нь хөөгөөд гүйтэл гүйцээгүй юм. Тэр хэд тэгээд зугтаагаад явсан. Тэгээд буцаад харих гээд явж байгаад бүдрээд унатал миний гутлын түрийнээс гутал өөлдөг, ишийг нь лентээр ороочихсон жижиг хутга унасан. Тэгээд тэрийгээ бариад алхаж байтал урдаас нэг залуу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би тэр залууг та нар яахаараа хүн дээрэмддэг юм гээд тэр залуутай барилцаж аваад хутгаараа айлгах зорилготой хий савтал хутгаараа цээжинд нь хатгачихсан. Тэгтэл тэр залуу та чинь яаж байна, та хүн андуураад байна гэж хэлэхээр нь би хутгаа шидчихсэн юм. Хаашаа шидсэнээ санахгүй байна. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирсэн. Би тэр залууг эмнэлэг явъя гэсэн чинь зүгээрээ цагдаа ирэхээр болъё гэж хэлээд түргэн дуудуулаагүй. Тэгээд цагдаа руу явсан” /хх-47/,

Р.Наранзулын яллагдагчаар өгсөн: “…Ерболыг эхэнд муудсан хүнтэйгээ андуурснаас болж ийм зүйл болсон…” /хх-50/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Х.Ерболын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ¹08 эш/135 тоот дүгнэлт /хх-38/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Р.Наранзулд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Р.Наранзулд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Х.Наранзулаас “...би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч анхан шатны шүүх нь намайг анх хүмүүст эхэлж зодуулж, дээрэмдүүлсэн байдлын талаарх удаа дараагийн мэдүүлэг болон мөрдөн байцаагчийн баримтжуулж авсан зураг зэрэг баримтуудыг харгалзаж үзэн шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Гэмт хэрэг гарсан байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ялтан Х.Наранзул нь ялтай байдал нь дуусаагүй байхад, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Ерболын цээжин тус газар хутгалж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд ялтан Р.Наранзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Х.Наранзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                  Д.МӨНХТУУЛ

                                                                               Д.ОЮУНЧУЛУУН