Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 712

 

О.Гантулга, Г.Сайханбаяр нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Г.Эрдэнэ,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Гантулга, Г.Сайханбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Гантулга, Г.Сайханбаяр нарт холбогдох эрүүгийн 201625012442 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Боржигон овогт Оросоогийн Гантулга, 1995 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ундрам жонш” ХХК-д жонш ялгагчаар ажиллаж байсан гэх, ам бүл 3, эх, ах нарын хамт Орхон аймаг, Жаргалант сум, Толгойтын 3-6 тоотод оршин суух,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр суллагдсан, /РД: ФВ 95022711 /,

Дагнам бааз овогт Гантуяагийн Сайханбаяр, 1989 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 15а-427 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан /РД: УК 89050656 /,

О.Гантулга, Г.Сайханбаяр нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 16-18.30 минутын хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-252А тоот хашаанд байрлах иргэн Д.Самбуудоржийн өвлийн сууцны ар талын вакум цонхны салхивчийг түлхэн нэвтрэн орж, “Панасоник” загварын 32 инчийн LCD зурагт, удирдлагын хамт, MNBC суваг хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, улаан хүрэн өнгийн үүргэвч 1 ширхэг, бор эрээн бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч, бага бус хэмжээний буюу 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: О.Гантулга, Г.Сайханбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Оросоогийн Гантулга, Дагнам бааз овогт Гантуяагийн Сайханбаяр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.Гантулгад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, Г.Сайханбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Гантулга, Г.Сайханбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар О.Гантулга, Г.Сайханбаяр нарын цагдан хоригдсон нийт 100 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулж тус тус тооцох, О.Гантулга, Г.Сайханбаяр нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Ялтан Г.Сайханбаяр давж заалдах гомдолдоо: “…миний бие мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа ба бусдад учруулсан хохиролгүй. Би 3 настай нялх хүүхэдтэй. Хүүхэд маань миний нэрээр овоглодог. Эхнэр Э.Мөрөн одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Надад аав ээж байхгүй. Төрсөн, 2 эрэгтэй дүүтэй. Тэд маань нагац эгч Н.Ихзаяагийн гэрт түүний халамжид байдаг. Намайг удаан хугацаагаар ял аваад явах юм бол ар гэр, үр хүүхэд, эхнэрт туслах дэмжих хүн байхгүй. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг дахин хянан харгалзаж өгнө үү...” гэв.

            Ялтан О.Гантулга давж заалдах гомдолдоо: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ээж  Ш.Даваанямбуу 57 настай, өрх толгойлсон эмэгтэй байдаг. Мөн төрсөн ах О.Содномбагмийдорж хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй, гэртээ байдаг. Би настай ээж, өвчтэй ахыгаа асардаг байсан. Намайг удаан хугацаагаар ял авсан тохиолдолд ээж, ах хоёрт маань тусалж дэмжих хүн байхгүй. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хэргийг дахин шалгаж өгнө үү…” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан нар анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн утгатай давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч нар урьд хулгайн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан. Сүүлд 2016 оны 2 дугаар сард ял шийтгүүлээд суллагдаад 10 хоноогүй байхдаа дахин хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэхэд тэдэнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээх үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангажээ.

О.Гантулга, Г.Сайханбаяр нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 16-1830 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-252А тоот хашаанд байрлах иргэн Д.Самбуудоржийн өвлийн сууцны ар талын вакум цонхны салхивчийг түлхэн нэвтрэн орж, “Панасоник” загварын 32 инчийн LCD зурагт удирдлагын хамт, MNBC суваг хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, улаан хүрэн өнгийн үүргэвч 1 ширхэг, бор эрээн бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч, бага бус хэмжээний буюу 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Самбуудоржийн “...би 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонхны жижиг салхивч дотогш онгойсон, дээд талд нь байх агааржуулагчийн таг газарт унасан, уг өрөөний зүүн хойд талд байх шүүгээний хаалга онгорхой, хадаасаар хадаж тагласан байсан хаалгыг эвдэлсэн, гэр доторх эд зүйлийг онгичиж, байшингийн баруун урд талын унтлагын өрөөний салхивч онгорхой байдалтай байсан. Гэрээс зурагт, удирдлага, хүлээн авагчийн удирдлага, эдвэрхий гар утас, хүүхдийн цүнх, орны бүтээлэг алга болсон. Зурагт 600,000 төгрөг, орны бүтээлэг 15,000 төгрөг, гар утас 10,000 төгрөг, үүргэвч 20,000 төгрөг, хүлээн авагчийн удирдлагыг 10,000 төгрөгөөр тус тус үнэлнэ...” /хх-19-20/,

Гэрч Т.Амаржаргалын “... Би Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүлд 116 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлээр ахлах ахлагч Т.Алтан-Үрэлийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхдаа эргүүлээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монгол цэргийн музейн гудамжаар ороход гудамжинд үл таних хар фудболктой залуу согтуу, зурагт тэвэрчихсэн явж байхаар нь саатуулан бичиг баримтыг нь шалгаж байтал араас нь дээгүүрээ цэнхэр өнгийн жинсэн цамцтай залуу ирсэн. Тэгтэл хар фудболктой залуу цэнхэр цамцтай залууг хараад нүдээрээ яв гэсэн дохио өгсөн. Тэгэхээр нь шууд зогсоогоод шалгасан. Зурагт, цүнхийг хаанаас авсан талаар асуухад тодорхой юм хэлэхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд жижүүрт хүлээлгэж өгөх гэтэл хэргийн холбогдолтой согтуу хүн авахгүй гэсэн. Тэгэхээр нь машиндаа суулгачихаад 5 дугаар хороон дээр дуудлага авчихаад явж байтал Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-252а тоотод хулгай орж, зурагт алдагдсан гэх дуудлага авсан. Тэр дуудлагаар яваад очтол гэрийн эзэд зурагт, хүүхдийн цүнхтэй хувцас, удирдлага, хуучин нокиа гар утас зэрэг зүйлүүд алдагдсан байна гэж хэлсэн. Ингээд нөгөө 2 залуугийн бариад явж байсан эд зүйлийг дуудлага өгсөн хүмүүст харуулахад эд зүйлээ танисан...” /хх-24-25/,

Ялтан О.Гантулгын яллагдагчаар өгсөн “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би маш их согтуу байсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ санахгүй байна. Нэг мэдэхэд хулгайн эд зүйл авсан явж байгаад цагдаад баригдсан. Хаанаас яаж хулгай хийснийг Сайханбаяр илүү мэдэх байх. Хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх-60-62/, “...Анх мэдүүлэг өгөхдөө хэрэг хийгээгүй гэж мэдүүлсэн. Тухайн үед Г.Сайханбаяр зурагт, эд зүйл бариад явж байсан болохоор мултарчих байх гэж бодсон. Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Сайханбаяр бид 2 буудлаас гарсан. Би их согтолттой байсан. Нэг мэдэхэд айлын хашааны гадаа зогсож байсан ба Г.Сайханбаяртай хамт айл руу ороод зурагт, цүнх, гэх мэт зүйл авсан. Хашаанаас гараад цагдаа нарт баригдсан. Айл руу орохдоо цонхыг нь түлхэж орсон...” /хх-63/,

          Ялтан Г.Сайханбаярын яллагдагчаар өгсөн “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гантулга, Төмрөө, Төмрөөгийн найз нартай буудлаас гарч ирж байхад нь таараад Энхбатын гэр лүү Гантулгыг дагаж явсан. Гантулга замдаа айлын хашаа руу давж ороод хэсэг алга болж байгаад гарч ирэхдээ зурагт, үүргэвч үүрчихсэн гарч ирсэн. Бид 2 хулгайлсан эд зүйлийг авч яваад цагдаад баригдсан. Гантулга дотогш нэвтэрч хулгай хийсэн. Би хашааны гадна зогсож байсан. Гэхдээ би хулгай хийнэ гэж бодоогүй. Надад ийшээ ороод ирье гээд орсон. Би хулгайн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-69-71/ гэх мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/, эд зүйлийн үнэлгээ /хх-73/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоожээ.

Ялтан О.Гантулга, Г.Сайханбаяр нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхээс  О.Гантулга, Г.Сайханбаяр нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан О.Гантулга, Г.Сайханбаяр нараас: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Ар гэрийн байдлыг харгалзан ялыг хөнгөлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ялтан О.Гантулга, Г.Сайханбаяр нар нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт тус бүр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, хорих ангиас суллагдмагц дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул О.Гантулга, Г.Сайханбаяр нарын ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.Гантулга, Г.Сайханбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.Гантулга, Г.Сайханбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                            ШҮҮГЧИД                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН