Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 713

 

  С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан,

     Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Чинбат,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, О.Баярбаясгалан,

            Иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Оюунбилэг,

            ялтан С.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

            ялтан М.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр,

            ялтан Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Э.Ганбат, 

ялтан Ч.Өлзийжаргал, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 104 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Нямсүрэн, Е.Досжан, ялтан С.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн, ялтан С.Нямсүрэн, Е.Досжан, Д.Болормаа нарын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарт холбогдох 2015260000212 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Буян овогт Содномын Наранбаатар, 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт их эмч ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байр, 89 тоотод оршин суух,

-Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 648.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ВЭ 82101178/,

2. Дүүрэгч овогт Сайнбаярын Нямсүрэн, 1987 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд болосролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт их эмч ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 51/7 байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧД 87120636/,

3. Ителибесшал овогт Едилханы Досжан, 1983 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны тасагт их эмч ажилтай, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байр, 63 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: БЮ 83022217/,

4. Боржигон овогт Мягмаржавын Энхцэцэг, 1968 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн уушигны тасагт их эмч ажилтай, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18А байр, 67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ДЭ 68052303/,

5. Торгууд овогт Доржсүрэнгийн Болормаа, 1974 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр, Ховд аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн бөөр дотоод шүүрлийн тасагт их эмч ажилтай, ам бүл 5; нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 27 дугаар байр, 56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ПБ 74010360/,

6. Боржигин овогт Чулууны Өлзийжаргал, 1966 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн элэг, цөс, хоол боловсруулах тасагт их эмч ажилтай, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар хороолол, 23В дугаар байр, 122 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТЕ 66052567/,

С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нар нь эмч, эмнэлгийн ажилтны үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Д.Энхжаргал нь 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарыг эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар С.Наранбаатарын хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялаар, Д.Болормаагийн хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялаар, М.Энхцэцэгийн хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялаар, Е.Досжаны хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялаар, С.Нямсүрэнгийн хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялаар, Ч.Өлзийжаргалын хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар С.Наранбаатар оногдуулсан хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялыг, Д.Болормаад оногдуулсан хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялыг, М.Энхцэцэгт оногдуулсан хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялыг, Е.Досжанд оногдуулсан хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялыг, С.Нямүрэнд оногдуулсан хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялыг, Ч.Өлзийжаргалд оногдуулсан хүн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дурангийн шинжилгээ хийлгэх үеийн 2 ширхэг фото зураг, бичлэгтэй СД 1 ширхэг, Д.Энхжаргалын амбулаториар эмчлүүлэгчдийн карт зэргийг хэрэгт хадгалж, ялтан нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгээс 3.460.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэд олгож, Иргэний хариуцагч өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, ялтнуудад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан С.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр зүрхний мэс засал, бөөр дотоод шүүрэл, нүдний мэс засал, уламжлалт эмчилгээний гэсэн 4 тасгийн дунд жижүүр эмчээр ажилласан. 23 цаг 55 минутад би хүлээн авах дээр очиход намайг өвчтнийг үзэхээс өмнө Е.Досжан болон уушгины тасгийн жижүүр эмч жижүүрийн ахлах Ч.Өлзийжаргал нар үзээд эмчилгээ эхэлсэн эмчилгээний шийдвэр гарсан байсан. Өвчтөнг үзээд зовиурыг асуухад “амьсгаадна, бачуурна, амьсгал бөглөчих гээд байна. Амьсгал гаргахад саадтай, шөнө унтаж чадахгүй, шээсний гарц муу байна” гэж байсан. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хүнд ухаантай, арьс салс цэвэр чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд зүрхний цохилт 105-110 удаа, артерийн даралт 100/70 мм муб цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэлт хүчилтөрөгч өгөөгүй байхад 88-92% байсан. Цусны сахар 4,1 ммоль/л. Уушгийг чагнахад 2 талдаа доод хэсгээр нойтон хэржигнүүртэй, баруун талд илүүтэй байсан. Өвчтний карттай танилцахад 2014 оны 12 дугаар сарын 22-ноос 30-ны өдөр хүртэл бөөр дотоод шүүрлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн, өмнөх өдрийн хүлээн авахаар ирээд буцсан тэмдэглэл, өглөө нь рентгенд харуулж баруун уушгины доод дэлбэнгийн хатгалгаа, чихрийн шижингийн онош тавигдсан байсан. Тухайн үед миний хариуцсан тасгийн эмгэг болох чихрийн шижин өвчний талаас яаралтай хэвтүүлэх шинж тэмдэг /цусны сахар ихсэх, хэт багасах, цусны сахар ихдэлтийн хүнд хэлбэрийн ком/ илрээгүй. Энэ нь шинжилгээгээр нотлогдсон байсан тул бөөр дотоод шүүрлийн тасагт яаралтай хэвтүүлэх заалтгүй байсан. Иймд энэ чиглэлээр хэвтүүлэх боломж байгаагүй. Уушгины талын хүндрэлийн асуудлыг уушгины эмч бүрэн хариуцаж хэвтүүлэх ёстой байсан. Гэтэл уушгины мэргэжлийн эмч “уушгины талаас хавдар, сүрьеэг яаралтай ялган оношлох шаардлагатай байна. Маргааш уушгины тасагт хэвтүүлэхээр очертой байна” гэж буцаах шийдвэрийг уушгины эмч гаргасан тул би өөрийн зүгээс чихрийн шижин өвчний зүгээс хийх эмчилгээнд анхаарсан. Хэрэв тухайн өвчтний бөөр дотоод шүүрлийн тасагт хүндрэл гарсан бол уушгины тасагт хэвтэх шаардлагатай хүнийг дотоод шүүрлийн тасагт авснаас хүндрэл гаргасан асуудалд орно. Өвчтөн Энхжаргалын нас барсан үндсэн өвчин нь уушгины хатгалгаа байсан гэж удаа дараагийн шүүхийн шинжилгээний дүгнэлт, шинжээч эмч нарыг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдсон. Энэ нь миний хариуцан ажиллаж байсан тасагт уушгины хатгалгааны MNS: 61362010 стандартыг уушгины нарийн мэргэжлийн жижүүр эмч нар ханган ажиллах ёстойг уг стандарт ба эмнэлгийн дотоод журам, ЭМСЯ-ны дотрын салбар зөвлөлийн шийдвэрт гэм буруугүйг нотолсон баримтууд байсаар байтал гэм буруутай гэж шийтгэж байгаад гомдолтой байна.

Эрүүл мэнд, спортын яамны Дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Солонго /уушгины эмч/ болон шинжээч эмч Амгаланболд нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгээр “төрөлжсөн нарийн мэргэжлийн 3-р шатлалын эмнэлэгт уушгины өвчний MNS: 61362010 стандартын заалтыг биелүүлэх үүрэг нь их эмч М.Энхцэцэг, уушгины тасаг хариуцсан жижүүр эмч жижүүрийн ахлах эмч Ч.Өлзийжаргал нарт хамаатай” гэж мэдүүлсээр байхад мөн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 558 тоот дүгнэлт шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд /хх-88/ шинжээч эмч Ариунзулын хариултад “MNS: 61362010 уушгины хатгалгааны стандартыг уушгины нарийн мэргэжлийн бус тасгийн жижүүр эмчийг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ нь тухайн өдрийн уушгины тасгийн жижүүр эмч ба хүлээн авах тасгийн жижүүр ханган ажиллах ёстой” гэсэн дүгнэлт байгаа нь намайг уг хэрэгт холбогдолгүй болохыг шүүхийн шинжээч эмч нар нотолсон байна. Иймд миний бие уг хэрэгт холбогдолгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Е.Досжан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байсан. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 6 өдрийн 375 дугаар тушаалаар өвчтөнийг эрэмбэлэн ангилах, хэвтүүлэн эмчлэх талаар журамласан. Үүний дагуу өвчтөнийг хүлээн авч онош тавьж, холбогдох эмч нартай зөвлөлдсөн. Уг өвчтөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг жижүүрт гарч байх үед ирж дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Шинжээч эмч нарын дүгнэлтээр уушгинаас шалтгаалсан хатгалгаагаар нас барсан. Тухайн үед Өлзийжаргал эмч, Нямсүрэн эмчтэй хамт өвчтний биеийн байдлыг үзээд “өчигдөр ирэхэд нь уушгины өвчин гэсэн онош тавьсан байна. Маргааш хэвтүүлье” гэсэн. Тасагт хэвтүүлээгүй шалтгаан нь өвчтөний биеийн байдал хүнд бол яаралтай сэхээний эмчийг дуудах эмчилгээ хийх ёстой. Өвчтөний онош тодорхойгүй, холбогдох эмч нар эмчилгээ хийх тохиолдолд ажиглалтын хэсэгт байлгах ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Ялтан нарын хэний, ямар буруутай үйлдэл нь хохирогчийн үхлийн шалтгаантай холбоотой болохыг ялгаж дүгнээгүй. Нэг талыг барьсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнийн “...Досжан эмч өмдөө индүүдээд явж байсан...” гэх худал мэдүүлгийг үндэслэл болгосон.

2. Яаралтай тусламжийн жижүүр эмч болон жижүүрийн ахлах эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгийн жижүүр эмч нарын эрх, үүрэг нь Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн үйл ажиллагааны журмаар зохицуулсан эрх зүйн акт болох эмнэлгийн даргын А/49, А/50 тушаалаар зохицуулагдахыг үнэлээгүй.

3. Эрүүл мэнд, спортын яамны дэргэд Дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт болон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн задлан шинжилгээний дүгнэлтүүдээс харахад хохирогч уушигны хатгалгаа өвчнөөр нас барсан нь тогтоогдсон. Иймд миний бие уг хэрэгт холбогдолгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Ялтан С.Нямсүрэн, Е.Досжан, Д.Болормаа нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй бөгөөд ялтнуудын хэний ямар буруутай үйлдэл нь хохирогчийн үхлийн шалтгаантай ямар шалтгаант холбоотой эсэхийг дүгнээгүй. Бүх ялтнуудад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь гэм буруутай үйлдэл, үхлийн шалтгаан хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл хүлээн авах тасгийн болон төрөлжсөн нарийн мэрэгжлийн тасгийн жижүүр эмч нарын хэн нь уушгины эмгэгийн талаар мэдлэг чадвараар илүү мэргэшсэн, хэн нь уушгины эмгэгийн тасагт хэвтүүлэх шийдвэр гаргах эрхтэй зэрэг эмнэлгийн үйл ажиллагааны журмаар зохицуулсан эрх зүйн акт /Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн даргын тушаал №49, 51/-ийг үнэлээгүй.

2. Эрүүл мэнд, спортын яамны дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Солонго /уушгины эмч/ болон шинжээч эмч Амгаланболд нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр “төрөлжсөн нарийн мэргэжлийн 3 дугаар шатлалын эмнэлэгт уушгины өвчний MNS: 61362010 стандартын заалтыг биелүүлэх үүрэг нь их эмч М.Энхцэцэг, уушгины тасаг хариуцсан жижүүр эмч, жижүүрийн ахлах эмч Ч.Өлзийжаргал нарт хамаатай” гэж мэдүүлсэн байхад дотоод шүүрэл бөөрний эмгэгийн тасгийн эмч С.Нямсүрэн, Д.Болормаа болон Е.Досжан нарыг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон.

3. Талийгаач Д.Энхжаргал нь уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээ хийсэн акт, дүгнэлтүүдээр тогтоогдсон /хх-43, 46/. Энэ нь өвчтөн эмнэлэгт ирсэн үед хүлээн авах яаралтай тусламжийн эмч нар болох С.Наранбаатар, Е.Досжан нар үзээд тухайн үедээ уушгины төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгийн жижүүр эмч М.Энхцэцэг, Ч.Өлзийжаргал нарыг дуудаж үзүүлээд тэдний шийдвэрийн дагуу буцаасан нь тогтоогдсон байхад ажил үүрэг болон мэдлэг чадвар дадлага туршлагын хувьд уушгины төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн эмчийн алдаа дутагдлыг тэднээс доош түвшний эмч нарт халдаах нь шударга ёсонд нийцээгүй болно.

4. Бөөр дотоод шүүрлийн тасгийн жижүүр эмч Д.Болормаа, С.Нямсүрэн нар нь хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч нарын дуудсанаар очиж үзлэг хийж бөөр дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн тасагт хэвтүүлэх эмгэг байхгүй байгааг тогтоож өгсөн байхад тэднийг ямар үндэслэлээр бөөр дотоод шүүрлийн тасагт өвчтөн Д.Энхжаргалыг хэвтүүлээгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Ялтан С.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх нь нэг талыг барьсан, шударга үнэнд нийцээгүй, хүний биеийн анагаах шинжлэх ухааны ойлголт, судлагдахуун, эмнэлэг болон эмнэлгийн эмч, ажилтны хууль, журмыг зөв ялгаж салгаагүй шийдвэр гаргасан байна. Тогтоолд С.Наранбаатар миний хэлсэн мэдүүлгийг буруу ойлгож бичсэн. Тухайлбал: “нарийн мэрэгжлийн хоёр эмчийн тусламжийг авч өвчтнийг үзүүлсэн тул өвчтнийг амбулаториар үзүүлэхийг зөвлөөд буцаасан” гэжээ. С.Наранбаатар миний бие яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмч хийхдээ 3 дугаар эмнэлгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А15 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааны журам, 2-р хавсралтын яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт мөрдөгдөх эрэмблэн ялгалтын үйл ажиллагааны журамд заасан эмчийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Миний бие журамд зааснаар үйлчүүлэгчийг хүлээн аваад яаралтай тусламжийн хуудсыг хөтлөн анхны үзлэг хийж, оношыг тогтоож, эрэмблэн ангилаад бөөр дотоод шүүрлийн тасгийн жижүүр эмч Д.Болормаа, уушгины тасгийн жижүүр эмч М.Энхцэцэг нарыг дуудаж үзүүлсэн. Тэдгээр эмч нар үзээд эмч Д.Болормаа нь тусгай бичгийн цаас дээр цаашид яахыг бичиж өгсөн. Мөн эмч М.Энхцэцэг нь яаралтай тусламжийн цаасны шийдвэрлэх хэсэгт шийдвэрээ бичиж амбулаториор үзүүлэхийг зөвлөөд, тасагт хүлээн авахгүй гэсэн тул буцаасан /хх51-54/. Энэ үйл ажиллагааг журамд заасны дагуу хийсэн. Харин жижүүр эмч Д.Болормаа, М.Энхцэцэг нар нь 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А49 тоот тушаалд заасан тасагт хүлээн авах жижүүр эмч нарын эрх, үүргийг хэрэгжүүлдэг, А49 тушаалын хоёрдугаар хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.7, 4.8-д заасан. Үүнд: жижүүр эмч нь яаралтай тусламжийн хэсгээр тусламж үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдэд дэлгэрэнгүй үзлэг хийж хэвтүүлэх болон буцаах асуудлыг шийдвэрлэн дэвтэрт бүртгэл хөтөлнө гэсэн байдаг.

“...Өвчтний биеийн байдлыг үзэж эрэмблэн ялгасан нь оновчгүй, амин үзүүлэлт гайгүй байсан тул...” гэжээ. Өвчтний биеийн байдлыг эрэмблэн ялгах нь Эрүүл мэндийн сайдын 375 тоот тушаалын 5 дугаар хавсралтад “яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт мөрдөгдөх Эрэмблэн ялгалтын үйл ажиллагааны журамд хэрхэн ангилахыг хүснэгтээр гаргасан байдаг учир түүний дагуу ангилсан. Тухайн үед өвчтнөөс асууж биеийн байдлыг чагнаж, хэмжиж үзээд тэмдэглэгдсэн амин үзүүлэлт юм. Үүнийг би зохиогоогүй. Бодит үзлэгийг сувилагч Дуламсүрэнгийн хамт хийж яаралтай тусламжийн хуудаст тэмдэглэгдсэн болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 143, 558, 937 дүгнэлтүүд улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн дүгнэлт, гэрч Б.Баатарсүрэнгийн мэдүүлгүүдээр нотлогдож байна гэжээ. Эдгээр дүгнэлтүүд нь дутуу, эргэлзээтэй, бодит байдал үйл ажиллагааны журамд дүгнэлт өгч чадаагүй тул дахин нарийн мэргэжлийн дүгнэлтүүдийг гаргуулсан байхад түүнийг анхаарч харалгүй анализ хийн ялгалгүй шийдвэрийн үндэслэл болгожээ. Тухайлбал шинжээчийн дүгнэлтүүд нь талийгаачийг уушгины цусан хатгалгааны улмаас нас барсан гэжээ. Дүгнэлтэд идээт хордлого, уушгины үрэвслийн саарал элэгшлийн үе, архаг өвчнүүд, эмийн хэрэглээ, эмч эмнэлгийн ажилтнуудын дагаж мөрдөх эрх, үүрэг, үйл ажиллагааны стандарт, журам гэх мэт бүтэн цогц асуудалд эргэлзээтэй хариулт өгсөн тул бид нарын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг гаргуулах хүсэлт тавьж гаргуулсан.

Салбар зөвлөлийн дүгнэлтүүд нь урьд гаргасан дүгнэлтүүдийг шинжлэх ухаан, хууль журмын дагуу дүгнэсэн, эмийг эмчийн зааврын дагуу хэрэглээгүйг баталсан байдаг. Мөн өвчний эмгэг, эмч нар ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлах дүрэм, журмыг тайлбарлаж дүгнэж тогтоосон байдаг. С.Наранбаатар би яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа эмчийн үүргийг зохих журмын дагуу биелүүлсэн. Иймд хэргийг дахин хянаж, намайг уг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү” гэв.

Ялтан С.Наранбаатарын өмгөөлөгч С.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс С.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг хэрэгжүүлсэн. Харин нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн яллах талыг барьж шийдвэр гаргасан. Шийтгэх тогтоолд С.Наранбаатар өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Энхжаргал нас барсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэжээ.

1. Шинжээчийн №143 тоот дүгнэлт нь өвчтөн Д.Энхжаргал нь ямар өвчний улмаас нас барсныг тогтоосон, эмнэл зүйн талаас гаргасан дүгнэлт ба нэг хүний бүрэлдэхүүнтэй. /хх-43, 45/,

2. Шинжээчийн №558 тоот дүгнэлт нь хэн нэгийг ялгаварлахгүй нийтэд нь буруутгасан ба MNS: 61362010 стандарт зөрчсөн гэх ойлголтыг гаргаж ирсэн ба 3 хүний бүрэлдэхүүнтэй. Ямар үндэслэлээр хэрхэн зөрчсөнийг тайлбарлаагүй. /хх-72-75/,

3. Шинжээчийн №937 тоот дүгнэлт нь дээрх хоёр дүгнэлтийн адил гэх боловч шинжээч эмч буруутай этгээдийг тогтоохгүй гээд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг гаргаагүй. /тогтоох-үнэлэх/,

4. Улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн дүгнэлт нь эмч нарын буруутайг тогтоох боломжгүй. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй. /хх-65-70/, Харин эмч нар Эрүүл мэндийн яамны №375 тоот тушаал, Шастины нэрэмжит улсын төв 3 дугаар эмнэлгийн даргын А51 тоот тушаалуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах ёстой гэсэн.

Эдгээр дүгнэлтүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.1, 18.1.8, 19.1, 20.1 заалтуудыг зөрчсөн. Мөн тавьсан асуултад тодорхойгүй буюу үндэслэлгүй эргэлзээтэй хариулсан байсан тул шүүгдэгч болон өмгөөлөгч бусад оролцогч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй Эрүүл мэнд, спортын яамны эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн, эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн, дотрын мэргэжлийн салбар зөвлөлүүдийн дүгнэлтүүдийг гаргуулсан.

1. Эрүүл мэнд, спортын яамны эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт нь: идээт хордлого биш харин талийгаач нь уушигны цусан хатгалгаа өвчний улмаас нас барсан, архаг өвчнүүд нь эмнэл зүйн үндсэн шинжүүдийг бүдгэрүүлдэг, уушигны хатгалгаагаар өвчлөх нөхцлийг бүрдүүлдэг, чихрийн шижинтэй, үүний улмаас халдварт өвчинд өртөмхий зэрэг шалтгааныг тогтоож өгсөн.

2. Эрүүл мэнд, спортын яамны эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт нь талийгаач эмийг удаан хэрэглэснээс үүссэн гаж нөлөө, эм нас барахад нөлөөлсөн зэргийг тогтоосон. Мөн эмийн гаж нөлөө хориглосон заалтыг бичсэн. Гэхдээ талийгаачийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн эм, тарианы тухай 8-р заалтад бичсэн боловч үндэслэлтэй хариулт өгөөгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад их маргалдсан. “эмнэлэгт эуфиллин хийсэн бол эуфиллины тун хэтэрсэн байна. Тун хэтэрснээс хүн үхэлд хүрэх эсэх нь хүний биеийн онцлогоос шалтгаална” гэсэн. Мөн 2012 дугаар сарын 22-ны өдрөөс 31-ний өдөр гэж андуурч бичсэн. Дүгнэлтийг гаргахад 6 гишүүн оролцсон бол дүгнэлтийг баталгаажуулж гарын үсэг зурахдаа 3 гишүүн гарын үсэг зуржээ.

3. Эрүүл мэнд, спортын яамны дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт нь: урьд гарсан шинжээчийн №143, 558, 937 тоот дүгнэлтүүд болон улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн дүгнэлтүүдийн үндэслэлийг тодорхой үнэн зөв, үндэслэлтэй хариулсан.

Улсын Дээд Шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолын 15 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “хүндэтгэх шалтгаагүйгээр” гэдгийг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдлыг хэлнэ, ... “зохих ёсоор биелүүлээгүй” гэдгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгоно” гэж тогтоосон.

С.Наранбаатар нь яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмч хийж байхдаа Эрүүл мэндийн яамны 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 375 тоот тушаалын 5 дугаар хавсралтын эрэмблэн ялгалт хийсэн “төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн яаралтай туламжийн тасаг нэгжийн ажиллах” үлгэрчилсэн журмын 3.4, 3.5, яаралтай туламжийн эрэмблэн ялгалтын үндсэн зарчмын 3.1 дэх заалтыг үйл ажиллагаа хэрэгжүүлэн биелүүлсэн байдаг. Мөн Шастины нэрэмжит улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн даргын А51 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын “яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааны журам”, хоёрдугаар хавсралтын “яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт мөрдөгдөх эрэмблэн ялгалтын үйл ажиллагааны” журмын 3-д заасан эмчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. /хх-23-27, 29-30, 51-54/,

Дээрх Эрүүл мэндийн яамны 375 тоот, даргын А51 тоот тушаалыг биелүүлсээр байхад биелүүлснийг дүгнэлтүүдээр тогтоосон байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь хэргийг үнэн зөв, шударга хууль ёсны шийдвэрлэсэнгүй. /1хх-51-54, 1хх-65-70, 2хх-23-30, 1хх-118, 1хх-126/,

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзэлгүй гагцхүү эмнэл зүйн гаргасан дүгнэлтийг үнэлэн шийдвэр гаргасан. Энэ хэрэг нь эмнэл зүй, эмч нарын ажил үүргээ гүйцэтгэх гэсэн нарийн мэргэжлийн хэд хэдэн асуудал тавигдан шалгагдсан ба түүнийг мэргэжлийн шинжээч эмч нараар тогтоолгон, бодит дүгнэлтийг гаргуулсан хэрэг юм. Гэтэл шүүх дэлгэрэнгүй дүгнэлтээ барилгүй товч нотлох баримт дутуу байхад гаргасан дүгнэлтийг барьж нарийн мэргэжлийн асуудлыг ялгаж салгалгүй, үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан тул ялтан С.Наранбаатарыг цагаатгаж өгнө үү” гэв.

Ялтан М.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амьсгал бачууралт дан ганц уушгинаас болдоггүй. Дотрын эмчийн үзлэгийн тэмдэглэлд бүх зүйл тодорхой байгаа. Өвчтөний биеийн байдлыг үзэхэд хоолой нь сөөлттэй байсан. Түүнээс өвчний байдлыг нь тодруулахад хориод жилийн өмнө төрөхдөө цус их алдсан, дараа нь чихрийн шижин өвчтэй болсон, дотоод шүүрлийн булчирхайн өвчтэй гэж хэлж байсан. Өвчтөнд хатгалгааны шинж байгаагүй. Түүний бачууралт, амьсгаадалтыг тодруулах шаардлагатай байсан. Өвчтөн өмнөх оны 10 дугаар сард хоолой нь өвдөж эмчлүүлж байсан  бөгөөд түүнийг бамбайн эмчилгээ хийлгэж эм уу гэсэн боловч эм уугаагүй байсан. Чих, хамар, хоолойн талаас ямар нэг өвчин байгаагүй. Рентгенд харахад уушгины баруун доод хэсгийн хатгаатай байсан. Маргааш өглөө 8 цагт ир гэж түүнд хэлээд орны захиалга өгсөн. Өвчтөний оношийг заавал ялгаж байж эмнэлэгт хэвтүүл гэсэн заалт байхгүй. Дээрх хэлсэн зүйлс гар карт дээр тодорхой байгаа. 2015 оны 2 дугаар сарын 6-ны орой түүний биеийн байдал яаж хүндэрч ирсэн бэ гэдгийг би мэдэхгүй. Амьсгал дутагдалгүйгээр хүн хатгалгаагаар нас бардаггүй бөгөөд амьсгал дутагдаж эцэст нь хүчилтөрөгчийн аппаратад орж байж нас бардаг. Хатгалгаа нь үхлийн шууд шалтгаан болохгүй...” гэв.

Ялтан М.Энхцэцэгийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Энхцэцэгийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас эхэлж оролцсон бөгөөд шүүхийн шийтэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Эдгээр эмч нар эмнэлэгт 2 удаа хандсан хүнийг буцаасны улмаас тухайн хүн нас барсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эмч нар өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ биелүүлэлгүй гэмт хэрэг үйлдсэн боловч одоо бие бие рүүгээ бурууг чихэж байна. М.Энхцэцэг эмч өвчтөнг бусдаасаа хамгийн их дагуулан явж, өглөөнөөс өдрийн 12 цаг хүртэл шинжилгээнд хамруулж, оношийг нь тодруулж, тусламж үзүүлэх үүргээ хамгийн их биелүүлсэн. Гэтэл одоо бүгдээрээ уушгины эмч буруутай юм шиг ярьж байна. Өдрийн 12 цаг 30 минут гэхэд өвчтний онош нь тодорч түүнд антибиотик эмчилгээ бичиж өгөөд бусад өвчтнүүдээ үзэхээр явсан байдаг. Харин өвчтнийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ирэхэд нь М.Энхцэцэг эмч хүлээн аваагүй. Эрүүл мэндийн яамны Дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл өвчтөн нас барах хүртэл 7 цагийн хугацаанд ямар үйл явдал болсон бэ гэдэг нь эргэлзээтэй байдаг. Давж заалдах гомдол гаргаагүй боловч хуульд зааснаар хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү...” гэв.

Ялтан Ч.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хүлээн авсан. Хүн нас барсанд харамсаж байна...” гэв.

Ялтан Ч.Өлзийжаргалын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Өлзийжаргалын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж ажилласан. Талийгаачийн үхлийн шалтгаан болон хэний буруу вэ гэдгийг тогтоолгохоор хүсэлтүүд гаргаж байсан боловч хүлээн аваагүй. Шүүхийн шийтгэх тогтоолоор эмч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцсон. Би Ч.Өлзийжаргалтай ярилцаж байгаад бид ял шийтгэл авсан, аваагүй гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилахгүй тул давж заалдах гомдол гаргаагүй. Бусад өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг сонсоод үнэхээр харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар дурдсан. Эрүүл мэндийн яамны дотрын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх юм бол миний үйлчлүүлэгч гэм буруугүй. Уушгины 2 эмч буруутай гэж бүгд хэлж байна. Ингэж ёс зүйгүй хандаж байгаад гомдолтой байна. Эрүүл мэндийн яамны дотрын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр талийгаач уушгины цочмог үрэвсэл, идээт хордлогоор нас барсан гэдгийг үгүйсгэсэн бөгөөд “эуфлин, сальбутанол зэрэг эмийн зохисгүй хэрэглээ гэнэтийн үхлийн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна” гэсэн. Хохирогч уушгины өвчнөөс болоод нас барсан, түүнийг эмнэлэгт хэвтүүлээгүйгээс болоод үхсэн гэж байна. Гэм бурууг тогтоохдоо эмч, эмнэлгийн ажилтан нар өвчтөнд туслалцаа үзүүлээгүйгээс нас барсан гэж дүгнэсэн. Уг дүгнэлтэд “хэвтүүлээгүй” гэсэн зүйл байхгүй. 2015 оны 2 дугаар сарын 6-ны орой Ч.Өлзийжаргал уушгины тасгийг хариуцан ажиллаж байсан. Өвчтнийг орой ирэхэд нь тухайн өдрийн өглөө М.Энхцэцэг эмчийн хийсэн эмчилгээг харсан байдаг. Өвчтөнд эмчилгээ хийгээрэй гэсэн болохоос түүнийг явуулаарай гэж хэлээгүй. Өвчтнийг явуулсан гэдгийг Ч.Өлзийжаргал маргааш нь мэдсэн. Е.Досжан өвчтнийг явуулах уу, үгүй юу гэдгийг асуух ёстой байсан. Явуулснаараа буруудаж байгаа юм бол миний үйлчлүүлэгч явуулаагүй. Тэрээр хийх ёстой ажлаа хийсэн. ”Уушгины өвчнийг эмчлэх 6136 тоот стандартыг Ч.Өлзийжаргал, М.Энхцэцэг нар зөрчсөн” гэсэн. Ч.Өлзийжаргал өвчтнийг эмнэлэгт хэвтүүлэх журмын заалтыг зөрчөөгүй. Хэрэв зөрчсөн бол яаж зөрчсөн бэ гэдгийг тогтоох ёстой. Эрүүл мэндийн яамны дотрын өвчний мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр талийгаач уушгины өвчнөөс биш эуфлин зэрэг тариаг гэрийн нөхцөлд хийснээс болж нас барсан. Хэдийгээр ял шийтгүүлсэн боловч “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан учир давж заалдах гомдол гаргаагүй. Ч.Өлзийжаргал гэм буруугүй тул түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасгийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Хэрэв өвчтөн чихрийн шижин өвчний эрсдэлтэй байсан бол түүнд тусламж үзүүлэх байсан. Тухайн өдөр түүний биеийн байдлыг үзэхэд цусан дахь сахарын хэмжээ тогтвортой байсан. Чихрийн шижин өвчний талаас нь арга хэмжээ авах, хэвтүүлэх шаардлагатай байсан бол хэвтүүлэх байсан. Би өөрийн үүргийг биелүүлсэн. Хохирогчийн хүүхэд “Манай ээж чихрийн шижингээ хянаад, эмээ уугаад байж байгаа” гэж тухайн үед хэлж байсан. Тэр үед өвчтөн чихрийн шижингийн талаар эмчид хандаагүй. Цусан дахь сахар хэвийн хэмжээнд байна гээд намайг дуудаж үзүүлээгүй бол би буруутах ёсгүй байсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтүүдээр намайг буруугүй болохыг хангалттай нотлосон. Хүний амь нас хохирсонд харамсаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хэн нь буруутай байсан бэ гэдгийг тогтоож өгнө үү. Би өөрийгөө буруугүй гэж бодож байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмч нар өөрсдийгөө буруугүй мэтээр ярьж 2 жил боллоо. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. М.Энхцэцэг эмч манай ар гэрийнхэнд тусласан ба шүүхийн шийтгэх тогтоолыг ч хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна. Эмч Ч.Өлзийжаргал, М.Энхцэцэг нар хэргээ хүлээж, уучлалт гуйж байгаа учир тэдэнд гомдол саналгүй. Эмч нар анхнаасаа уучлалт гуйсан бол би ингэж явах шаардлага байгаагүй. Бусад шүүгдэгч нарт харин гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд Ч.Бат-Эрдэнийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүл мэндийн яамны дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж эмч нар хэлж байна. Дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч Х.Солонго, эм эмнэл зүйн шинжээч эмч Энхжаргал нар талийгаачийг “эмийн зохисгүй хэрэглээнээс болж нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл эм, эмнэл зүйн дүгнэлтээр хохирогч эмийн зохисгүй хэрэглээнээс болж нас бараагүй болохыг тогтоосон. Шинжээч эмч Х.Солонго үүнийг няцааж чадаагүй. Тиймээс дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг нотлох баримтын үндэслэл болгоогүй. Тухайн дүгнэлтийг шүүх үндэслэл болгохгүй байх эрхтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй эс үйлдлийг хамрах юм. Тухайн үед хохирогч хэвтэн эмчлүүлэх боломжтой байсан ч түүнийг хэвтүүлэн эмчлээгүй. Тэрээр чихрийн шижинтэй, уушгины хатгаа өвчинтэй байсан. Та бүгд зөвлөлдөөд өвчтнийг хэвтүүлэн эмчилсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан. Шат шатандаа ажлаа хийсэн бол амьд байх байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хүний амь нас хохирсонд манай эмч нар гэм буруутай болохыг шүүх тогтоосон учраас иргэний хариуцагчийн хувьд хохирогчийн хохирлыг гэм буруутай эмч нараар бүрэн төлүүлж барагдуулсан. Эрүүл мэнд, Спортын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалын 5 дугаар хавсралтыг ярьж байна. Үүний нийтлэг үндэслэлийн 1.2 дахь заалтад эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд нь өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, тусламж үзүүлэх үйлчилгээний хүрээний хүн амын төвлөрөлийг үндэслэн Яаралтай тусламжийн газар, нэгжийн ажиллах журам дүрмийг боловсруулан мөрдөнө гэж заасан. Энэ журмыг үндэслээд эмч нарын яриад байгаа А49 тоот тушаалыг гаргасан. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар өөрт ашигтай заалтуудаа барьж тайлбар хийж байна. Жижүүр эмч нь Яаралтай түргэн тусламжийн төвөөр тусламж үйлчилгээ авахаар ирсэн өвчтөнд дэлгэрэнгүй үзлэг хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг зохих удирдамжийн дагуу үзүүлж, хэвтүүлэх болон буцаах асуудлыг 2 цагийн дотор шийдвэрлэн түргэн тусламжаар ирэгсдийн дэвтэрт бүртгэл хөтөлнө” гэж заасан. Жижүүр эмч хэвтүүлэх эрхтэй. Эмнэлгийн даргын гаргасан тушаал шийдвэрийг буруугаар тайлбарлаад байна. 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/49 тоот Журам батлах тухай тушаал нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдррийн 375 тоот яамны сайдын тушаалыг баримталж гаргасан. Энэ нь хууль, дүрэм, журамд нийцсэн. Хохирлын хувьд нийт 6.160.000 төгрөг нэхэмжилсэн. Өмнө нь М.Энхцэцэг 1.100.000 төгрөг, Ч.Өлзийжаргал 1.100.000 төгрөг, С.Нямсүрэн 500.000 төгрөг төлсөн байсан. Үлдсэн 3.460.000 төгрөгийг бусад эмч нараар хувааж төлүүлсэн. 1 эмчид 990.000 төгрөг ногдсон...” гэв.

Прокурор М.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Нямсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй  гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нар тухайн үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон нь хангалттай нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Бат-Эрдэнэ, гэрч Баатарсүрэн болон бусад гэрч нарын мэдүүлгээс харахад эмч нар хуулиар тогтоосон дүрэм, журмаа биелүүлээгүй. Хохирогч эмнэлэгт 2 удаа хандсан байдаг. Гэтэл хүлээж аваагүй. Талийгаач 2012 оноос тус эмнэлэгт хэвтэн чихрийн шижин өвчнөө эмчлүүлж байсан. Эмч нар өөрийн харъяаллын дагуу ирсэн өвчтнийг эмчлэхэд хайхрамжгүй хандсан. Тэд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна...” гэв.

ХЯНАВАЛ:

С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоогоогүй, үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Хавтаст хэргийн материалыг судалж үзэхэд яллагдагчаар татах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа болон тэдний гэм бурууг ялгаж зааглаагүй байна.

 Мөн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нар нь эмч, эмнэлгийн ажилтаны үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Энхжаргал нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллагдана” гэсэн байх бөгөөд шүүгдэгч нар эмч, эмнэлгийн ажилтаны ямар үүргээ хэрхэн, яаж биелүүлээгүй талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нийтэд нь  “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд дээрхи яллах дүгнэлтээр шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй, бие биеэ үгүйсгэсэн шинжтэй байна.  

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Задлан шинжилгээ хийсэн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 143, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дүгнэлт, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 558, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 937 дугаар дүгнэлт гэсэн нийт дөрвөн удаагийн шинжилгээ хийгджээ.

  Тухайлбал: Задлан шинжилгээний 143 дугаар дүгнэлтэд “...талийгаач нь уушгины цусан хатгалгааны улмаас нас баржээ. 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол амь насыг аврах боломжтой...” /1хх-43-45/,

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаагийн дүгнэлтэд: “... 143 дугаар дүгнэлтээр баруун уушгины доод дэлбэнгийн хатгалгаа гэж оношилсныг өвчтөнийг оношлоогүй гэж үзэхээргүй байна. Түүнд шинж тэмдгийн эмчилгээ хийсэн хэдий ч шалтгааны эсрэг арга хэмжээ аваагүй байна. Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх эсхүл Ажиглалт-Хяналтын хэсэгт авах шаардлагатай байсан...” /1хх-65-70/, 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 558 дугаар дүгнэлтэд “...урьд гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 143 дугаар дүгнэлтийн онош, дүгнэлт, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй санал нэг байна. Талийгаач уушгины цочмог үрэвсэл буюу хатгалгааны улмаас амьсгалын дутагдал, идээт хордлогоор нас баржээ...жижүүр эмч нар талийгаачийг хүлээн авч эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой. 2015 оны 1 дүгээр сарын 5, 6-ны өдрийн 3 дугаар эмнэлгийн жижүүр эмч нар Монгол Улсын стандартын Эрүүл мэндийн технологи: уушгины үрэвслийн оношлогоо эмчилгээ МNS6136:2010 стандартыг зөрчсөн байна...” /1хх-72-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нарын 937 дугаар давтан дүгнэлтэд “...шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 143 дугаар дүгнэлт, хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн давтан 558 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2015 оны 1 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд эмч нар өвчтнийг үзэж биеийн байдлыг үнэлэх боломжтой байжээ. 2015 оны 1 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд өвчтнийг үзсэн жижүүр эмч нар Монгол Улсын стандартын Эрүүл мэндийн технологи, уушгины үрэвслийн оношлогоо эмчилгээ MNS6136:2010 стандартыг зөрчсөн байх ба шинжээч эмч буруутай этгээдийг тогтоохгүй...” гэсэн /2хх-148-150/ байх ба дээрх дүгнэлтүүдээр талийгаачийн үхлийн шалтгааныг “уушгины хатгалгаа” гэж тодорхойлоод, Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн жижүүр эмч нарын эс үйлдэхүйтэй холбоотой мэтээр дүгнэжээ.

 Эдгээр дөрвөн дүгнэлтүүдийн хүрээнд прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл хэрэг шүүхийн шатанд шилжсэний дараа яллагдагч нар болон тэдний  өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн шинжээч томилж Эрүүл мэнд, Спортын яамны эмгэг судлалын салбар зөвлөл, Эм зүй, эм судлалын салбар зөвлөл, Дотрын мэргэжлийн салбар зөвлөл гэсэн мэргэжлийн 3 салбар зөвлөлөөр шинжилгээ хийлгэжээ.

          Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн комиссын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16/07 дугаартай дүгнэлт /3хх-6-9/, Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн комиссын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/08 дугаартай дүгнэлт /3хх-22-23/, Дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн комиссын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн дүгнэлт /3хх-29-31/ зэргээс үзэхэд мөрдөн байцаалтын явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийн ихэнхи заалт буюу талийгаач Энхжаргалын нас барсан өвчний шалтгаан үгүйсгэгдсэн, мөн MNS6136:2010 стандарт нь  хэнд хамааралтай болон хэн хэн зөрчсөн эсэх талаар өөр өөрөөр  дүгнэгдсэн. Мөн салбар зөвлөлийн комиссын дүгнэлтүүд нь ч нэг нэгийгээ үгүйсгэх байдлаар зөрүүтэй гарсан байна. 

Дээрхи дүгнэлтүүд гарснаар 2015 оны 11 дүгээр сарын 13 ны өдөр буюу яллах дүгнэлт үйлдэгдэх үеийн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудад шинэ нөхцөл байдлууд бий болсон байхад мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдийг удирдлага болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 Шүүхийн шатанд хийгдсэн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн дүгнэлтүүдийг үнэлж тодруулан яллах дүгнэлтэд тусгах, шаардлагатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах ажиллагааг хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс зөрүүтэй олон дүгнэлтүүдээр шүүгдэгч нарын гэм бурууд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгож, эмч нарыг цагаатгах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол С.Наранбаатар, М.Энхцэцэг, Е.Досжан, Д.Болормаа, С.Нямсүрэн, Ч.Өлзийжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН