Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 727

 

Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ж.Энхжаргал,  

хохирогч Б.Сүхбаатар

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 344 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ж.Энхжаргалын бичсэн эсэргүүцлээр Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн 201624000593 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Батчулууны Батдэлгэр, 1972 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин” ХХК-д дотоод хяналтын албанд камерын ажилтан ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32 дугаар гудамжны 59а тоотод оршин суух,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: АР 72110503/,

            Яллагдагч Б.Батдэлгэр нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд “Тоёота Вероса” загварын 20-37 УНУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “7.7 дахь хэсэгт Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид; замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсний улмаас Б.Сүхбаатарын жолоодож явсан “Тоёота Приус” загварын 07-53 улсын дугаартай, тээврийн хэрэгслийг мөргөж 405.000 төгрөгийн шууд, 465.000 төгрөгийн нийт хохирол учруулсан, зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Б.Батдэлгэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч нь иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын 07-53 УНИ улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үнэлгээ тогтоолгохоор 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шинжилгээ хийлгэх тогтоол гаргасан байхад “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн авто машины үнэлгээний тайлан, тайлангийн хавсралтанд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай үнэлгээний тайлан гэж, мөн үнэлгээний тайлангийн баталгаа хэсэгт “...Үнэлгээний дүгнэлт нь энэхүү тайланг бэлтгэсэн цаг үеийн “Вендо” ХХК-ийн үнэлэлт дүгнэлт...” гэж, тайлан бичиж дууссан огноо хэсэгт 2016-06-23 гэж тэмдэглэн, мэргэшсэн үнэлгээчин Д.Амгалан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэснийг зөрчсөн зэрэг зөрчлүүд гарсан байх тул “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан үнэн зөв бодитой гарсан гэх үндэслэлгүй байна. Иймд иргэн Б.Сүхбаатарын 07-53 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг дахин тогтоох, шаардлагатай бол давтан шинжээчийн дүгнэлт гаргах,

2. Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Toyota Prius” загварын, 07-53 УНИ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянголын 34 дүгээр гудамжны харалдаа замд ертөнцийн зүгээр хойноосоо урд зүгт чиглэлтэй явж байхад 34 дүгээр гудамжнаас буюу баруун гар талаас “Toyota Virosa” загварын, 02-37 УНУ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирснээ миний машины баруун гол хэсэгт мөргөсөн...” гэж,

- Яллагдагч Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Тэр өдөр би 20-37 УНУ улсын дугаартай, “Toyota Virosa” загварын тээврийн хэрэгсэл жолоодоод төв зам руугаа эргэх гээд зогсож байхад хойноос урагшаа чиглэлд хар өнгийн “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэл урдуур өнгөрсөн. Тэгэхэд миний машины урд улсын дугаар орчим шүргэх шиг болсон. Гэхдээ надад нэг их мөргөлт, шүргэлт боллоо гэх мэдрэмж төрөөгүй...” гэж тухайн ослын талаар өөрөөр мэдүүлж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөв тогтоогоогүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл “иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл мөргөснөөс үүссэн үү, шүргэснээс үүссэн үү гэдгийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай,

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа,  тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж заасан.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэмжилтийн бүдүүвчийг үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахмад Д.Хадбаатарыг дээрх хэрэгт гэрчээр тогтоож байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, түүнчлэн гэрчээр Д.Хадбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд осол үйлдэгдсэн гэх дуудлагын дагуу очиж шалгахад Б.Сүхбаатар гэгч нь 20-37 УНУ улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашинтай явж байхад улсын дугаар тодорхойгүй “Toyota Virosa” загварын автомашин машин мөргөөд ослыг газрыг орхин зугтаасан гэж хэлсэн. Ингээд хэргийн газрын үзлэг хийсэн. Маргааш өдөр нь Б.Сүхбаатарыг дуудсны дагуу Баянхошууны гудамжинд очиход 07-53 УНИ улсын дугаартай, “Toyota Virrosa” загварын авто машин байсан. Тус машин ямар ч байсан эвдрэлтэй байсан. Яг хаанаа, ямар эвдрэлтэй байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, түүний өгсөн мэдүүлэг эргэлзээтэй, өөрөөр хэлбэл 07-53 УНИ улсын дугаартай, “Toyota Prius” загварын иргэн Б.Сүхбаатарын тээврийн хэрэгслийг 02-37 УНУ улсын дугаартай гэж зөрүүтэй мэдүүлсэн байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “...хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох хуульд заасан бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх...” үүднээс тухайн зам тээврийн осол, хэрэг болох үед “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэх Дашиймаа, түүний найз гэх хүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд татан оролцуулж, гэрчээр тогтоож мөрдөн байцаалтын ажиллагаа хийх, энэ нь талуудын тэгш эрх, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтооход чухал ач холбогдолтой байна.

4. Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарт Улаанбаатар хотын цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 400 дугаартай дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар танилцуулаагүй байгаа нь түүний эрхийг зөрчсөн гэж үзнэ. Иймд шинжээчийн 2016 оны 400 дугаартай дүгнэлтийг иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарт танилцуулах, хуульд заасан эрхийг нь хангах шаардлагатай гэж үзээд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Боржигон овогт Батчулууны Батдэлгэрт холбогдох эрүүгийн 201624000593 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлтэл яллагдагч Б.Батдэлгэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалын 970302 дугаарын үнэмлэх хавсаргагдаж ирснийг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Ж.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн 201624000593 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.1.2, 230.1.3, 230.2 дахь хэсгийг удирдлага болгон нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь үнэлээгүй, Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцээгүй зарим ажиллагааг хийлгэхээр заасан байх тул дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичлээ. Үүнд:

1.Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд Б.Батдэлгэр нь “Toyota Virosa” загварын, 02-37 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...”7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид; замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Сүхбаатарын жолоодож явсан “Toyota Prius” загварын, 07-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний 12 цаг 20 минутын орчимд гарсан ба хэрэг бүртгэгч хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилох тогтоолыг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-нд хүргүүлсэн байх ба тус компани нь осол гарахаас өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 20-ны үнэлгээг гаргах боломжгүй, үнэлгээг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нь “тайлан бичиж дууссан огноо” хэсгээс харагдаж байна. Харин 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэж огноо бичсэн нь техникийн алдаа гаргасантай холбоотой гэж үзэхээр байна.

Дээрх үнэлгээг гаргасан өдрийн зөрүүтэй байдал болон мөн үнэлгээний баталгаа хэсэгт “Вендо” ХХК-ийн үнэлэлт дүгнэлт гэж бичсэн. Яагаад үнэлгээний тайланд өөрийн нэр, хувийн дугаартай тэмдэгийг дараад гарын үсэг зураагүй талаар үнэлгээ гаргасан үнэлгээчин Д.Амгаланг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах боломжтой бөгөөд хохирлын үнийн дүнгийн бодит байдалтай хэргийн оролцогчид ямар нэгэн байдлаар маргаагүй болно.

Үнэлгээний тайланд иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын 07-53 УНИ улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үнэлгээ хийсэн нь загвар, дугаарын зөрүүгүй, гүйцэтгэгчийг төлөөлж Ч.Отгонсүрэн гарын үсэг зурж, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн болон Д.Амгалангийн хувийн тэмдэг тус тус дарагдсан байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хууийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар ...сэжигтэн, яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээгүй... гэж заасан байх бөгөөд “яллагдагч нь хохирогчоос өөрөөр мэдүүлсэн” гэдгээр хэрэг гарсан байдлыг зөв тогтоогоогүй гэж үзэх нь үндэслэлгүй байна. Харин сэжигтэн, яллагдагч, хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх, хэргийн бодит байдалтай хэрхэн уялдаж байгааг харьцуулан үнэлэлт, дүгнэлт хийх учиртай.

Энэ осол нь нэг чигийн болон эсрэг чигийн хөдөлгөөнтэй замд гараагүй, гол зам, гол замтай нийлж байгаа гарцын огтолцох хэсэг дээр гарсан ба хохирогч болон гэрч Д.Адъяа нар мэдүүлэхдээ “машины баруун талаас гол хэсэг рүү мөргөсөн” гэж мэдүүлсэн нь машинд үүссэн эвдэрлийн байдлаар тодорхой нотлогддог. Ослын газраас зугтаасан үйлдэл нь мөргөөд зугтаасан, шүргээд зугтаасан гэх нөхцөл байдлын аль нь ч байлаа гэсэн энэ хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэхгүй тул тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт шаардлагагүй гэж үзэж байна.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт “гэрчээр байцааж болохгүй” хүмүүсийг тодорхой заасан. Харин энэ хэрэгт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа хийсэн цагдаагийн ажилтныг гэрчээр байцаасан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатар болон гэрч Д.Адъяа нар нь “ослын газраас зугтаад явсан тээврийн хэрэгслийг олоод урд өдөр нь ослын газарт үзлэг хийсэн цагдааг дуудаж ирүүлсэн” гэж мэдүүлсний дагуу хэргийн бодит байдлыг тогтоохын тулд цагдаа Д.Хадбаатарыг байцаасан ба тэрээр мэдүүлэгтээ машины загварыг тодорхой зөв хэлсэн ба харин тухайн 2 тээврийн хэрэгслийн дугаарыг хооронд нь сольж мэдүүлсэн нь иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын “өөрөө эрж хайж яваад осол гаргаад зугтаасан тээврийн хэрэслийг олж тогтоосон” гэх бодит байдлыг үгүйсгэхгүй юм.

Харин яллагдагч Б.Батдэлгэр мэдүүлэхдээ “...би хүү Батсуурь болон түүний найз эрэгтэйн хамт явж байсан. Нөхөр Отгончинбат Баянхонгор аймаг руу хүний бие муудаад явсан. Хүү Батсуурь Архангай аймагт дадлага хийж байгаа. Түүний найзын нэрийг мэдэхгүй...” гэж мэдүүлсэн ба нөхөр Отгончинбат, хүү Батсуурь нарынх нь утсаар холбогдож мөрдөн байцаалтад ирж мэдүүлэг өгөх талаар хэлэхэд “хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад очихгүй” гэснийг мөрдөн байцаагч хэрэгт тэмдэглэсэн байдаг.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт “гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан байдаг тул яллагдагч Б.Батдэлгэрийн хүү Батсуурь, нөхөр Отгончинбат нарыг хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгүүлэхээр албадах боломжгүй юм.

Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатар, гэрч Д.Адъяа, гэрч Д.Хадбаатар нарын мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэн Б.Сүхбаатарын жолоодож явсан “Toyota Prius” загварын автомашинд зорчиж явсан Дашиймаа гэгчийг гэрчээр байцаалгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгасан.

4. Эрүүгийн хуулийн 261 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.5 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч нь “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан үед хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтэй танилцах” гэж заасан. Мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, түүнчлэн шинжээчийг байцаасан тэмдэглэлийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогчид танилцуулах бөгөөд тэдгээр нь дүгнэлт, тайлбарыг татгалзах, тайлбар өгөх, түүнчлэн шинжээчид асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхийг хүсэх эрхтэй...” гэж заасан тул техникийн шинжээчийн дүгнэлтийг иргэний нэхэмжлэгчид танилцуулах, түүнийг тайлбар гаргах болон бусад эрхээр хангах үндэслэл хуульд заагдаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагч Б.Батдэлгэрийн гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 344 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичлээ...” гэв.

Хохирогч Б.Сүхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхээс Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэж, Б.Сүхбаатарын 07-53 УНИ улсын дугаартай, “Toyota Prius- 20” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон дүгнэлт,  үнэлгээний тайлан үнэн зөв бодитой гарсан гэх үндэслэлгүй,  албан ёсны тамга тэмдэггүй, огноо зөрүүтэй, шинжээчийн гарын үсэг зурагдаагүй тул үнэлгээг дахин тогтоолгох, яллагдагч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зөрүүтэй тул Б.Сүхбаатарын тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл мөргөснөөс үү, шүргэснээс үү гэдгийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох, мөн техникийн шинжээчийн дүгнэлтийг иргэний нэхэмжлэгчид танилцуулаагүй, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийн ахмад Д.Хадбаатарыг гэрчээр байцаасан зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэн зөрчлийг засуулахаар мөрдөн байцаалтад хэргийг буцаажээ.

 Эдгээр мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдээс заримыг давж заалдах шатны шүүхээс тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал анхан шатны шүүх “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.   

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар “.. нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна. Үнэлгээ хийсэн үнэлгээний мэргэжилтэн үнэлгээ тайланг хэзээ хийсэн талаар зөв тусгаагүйн дээр үнэлгээнийхээ үнэн зөв эсэхийг батлаагүй  байх тул хуулийн дээрхи шаардлагыг хангасан гэж үнэлэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

  Энэ талаар прокурор “бичиг техникийн алдаа” гэж  тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байх ба хуульд нийцсэн үндэслэл бүхий тайлбар биш. 

Иймд шүүгчийн захирамжид заасан дээрхи үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагааг хийх нь   зүйтэй гэж үзлээ.

 Харин шүүгчийн захирамжид заасан бусад үндэслэлүүдийг дахин шалгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, прокурор Ж.Энхжаргалын бичсэн эсэргүүцэлийн 2,3,4 дэх заалтуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.        

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1  дэх хэсэгт заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 344 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж,  2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, Прокурорын   бичсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлээс шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудын талаар бичсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Л.ДАВААСҮРЭН        

ШҮҮГЧИД                                                                   Ц.ОЧ

                                                                                   Д.ОЮУНЧУЛУУН