Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 728

 

  Д.Энхмөнхөд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Н.Анхбаяр,

яллагдагч Д.Энхмөнх,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 375 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр Д.Энхмөнхөд холбогдох эрүүгийн 201624000601 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт Дамдиндоржийн Энхмөнх, 1998 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4;  эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 80 дугаар гудамж 10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УХ 98062731/,   

            Яллагдагч Д.Энхмөнх нь согтуурсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр 32 дугаар байрны арын гүүрний хойд талд 03-21 УНП улсын дугаартай, “Тоёота Марк-2” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1.а/ Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолооны эрхийн үнэмлэх биедээ авч явна, 2.5.а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5.в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.7.а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2/ Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 8.11/ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна, 9.2/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас “Nissan Skyline” загварын 29-20 УНС улсын дугаартай автомашин, “Тоёота Приус” загварын 24-09 УБТ улсын дугаартай автомашин, “Хьюндай Аксент” загварын 55-70 УНЦ улсын дугаартай автомашин, “Тоёота кролла” загварын 24-17 УНН улсын дугаартай автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргаад, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Д.Энхмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг зөв тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээдийг мөрдөн байцаалтаар зөв тогтоох, тухайн тээврийн хэрэгслүүд нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болохыг холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулах, уг тээврийн хэрэгслүүдэд учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч, эсхүл бодитоор эзэмшиж байгаа этгээдийн аль нь шаардах, нэхэмжлэх эрхтэй болохыг тодруулах шаардлагатай. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Ж.Должингийн унаж явсан гэх 29-20 УНС улсын дугаартай “Nissan Skyline” загварын тээврийн хэрэгсэл нь “Эрэл банк” ХХК-ийн эзэмшлийн /хх-69/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Батбаярын унаж явсан гэх 24-17 УНН улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгсэл нь “Мөнхөд Дээшлэх” ХЗХ-ны эзэмшлийн /хх-77/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батсүхийн унаж явсан гэх 24-09 УБТ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэл нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эзэмшлийн /хх-76/,

Иргэний нэхэмжлэгч О.Улсболдын унаж явсан гэх 55-70 УНУ улсын дугаартай “Hyundai Accent Verna” загварын тээврийн хэрэгсэл нь “Их Мөнх Наран” ХХК-ийн эзэмшлийн /хх-73/,

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй гэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих иргэн М.Нугтай гэх хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. М.Нугтай нь “би өөрөө бичиг үсэг мэдэхгүй тул бичиж өгөх боломжгүй” гэж хэрэгт хавсаргаж ирүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус зөрчсөн байна. М.Нугтай нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, байцаан шийтгэх ажиллагааны зохих ажиллагааг хийх,

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг” зөв тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй хөрөнгийн үнэлгээг гаргуулсан. Түүнчлэн тээврийн хэрэгслүүдэд учирсан хохирлыг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудын захиалагч гэх хэсэгт “СХД ЗЦТасаг” гэж бичсэн нь мөрдөн байцаагчийн тогтоолоор үнэлгээг хийсэн нь үндэслэлтэй байх боловч уг тогтоолыг хэрэгт хавсаргаагүй. Мөн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зураагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар “...Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулсан байна...” гэснийг тус тус зөрчсөн.

3. Иргэн Э.Ягаанааг прокурорын тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байцаан шийтгэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татсан байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хэний эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах этгээд гэж татан оролцуулсан болохоо тайлбарлаагүй, түүнчлэн нэхэмжлэлийг зөвшөөрөх эсэх талаар тайлбар гаргах эрхийг нь эдлүүлээгүй, мөн байцаан шийтгэх ажиллагаанд ямар эрх, үүрэгтэй оролцох болохыг танилцуулаагүй, байцаалтын тэмдэглэл үйлдээгүй зэрэг зөрчилтэй болсон, энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

4. Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, тухайлбал иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих М.Нугтайд ямар хэмжээний хохирол учруулсныг дурдаагүй, яллагдагч Д.Энхмөнх тухайн зам тээврийн осол гаргасан зөрчилдөө ямар арга хэмжээ авагдсан зэргийг тэмдэглээгүй. Энэ талаар баримт байхгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн шаардлага хангаагүй гэж үзэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Д.Энхмөнхөд холбогдох эрүүгийн 201624000601 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлтэл яллагдагч Д.Энхмөнхөд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг дараах үндэслэлээр хуульд нийцээгүй байна гэж дүгнэв.

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Ж.Должин, Ч.Батбаяр, Б.Батсүх, О.Улсболд нарын жолоодож явсан тээврийн хэрэгслүүдэд зам тээврийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” ...иргэний нэхэмжлэгч гэж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн бөгөөд түүнийгээ сэргээлгэхээр шаардлага тавьсны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээдийг хэлнэ.” Өөрөөр хэлбэл дээрх иргэний нэхэмжлэгч нар нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй иргэд гэж үзнэ. Шүүгчийн захирамжинд “...уг тээврийн хэрэгслүүдийг “Эрэл банк” ХХК, “Мөнхөд дээшлэх” ХЗХ, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Их Мөнх Наран” ХХК-ийн эзэмшлийнх талаар дурьдсан хэдий боловч тухайн тээврийн хэрэгслүүд нь хуулийн этгээдийн эзэмшилд банкны зээлийн гэрээ, барьцаат зээлийн үйлчилгээний үндсэн дээр бүртгэлтэй, эзэмшигчийн нэрийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд тэдгээрийн мэдүүлэг зэргээр уг иргэдийн өөрийн шудрагаар олж авсан эд хөрөнгөд учирсан хохирлоо барагдуулах талаар гаргасан хүсэлтийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд “...Иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан эдийн хохирлоо барагдуулах хүсэлтэй иргэн байж болно...” гэж тодорхойлсон. Мөн хуулийн 115 дугаар зүйлд зааснаар “...гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн иргэн түүнийгээ нөхөн төлүүлэхээр зохих этгээдэд холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй албан тушаалтанд хандаж тавьсан шаардлагыг эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл гэнэ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч М.Нуг нь нэхэмжлэл гаргах шаардлага тавиагүй ба энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан тэмдэглэлд тусгаж баримтжуулсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлд “...тухайн этгээд нэхэмжлэх эрхээ ойлгож мэдсэн атлаа хохирлоо төлүүлэх талаар шаардлага тавиагүй бол нэхэмжлэл гаргаагүй гэж ойлгоно...” нэхэмжлэхгүй байгаа шалтгааныг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй албан тушаалтан шалгаж тогтоож мөрдөн байцаагчийн тэмдэглэл үйлдэж тодруулсан нь дээрх ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн хэрэг эцэслэн шийдвэрлэхэд бүрэн боломжтой.

Мөн үнэлгээний тайланд гарын үсэг зураагүй нь Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд үнэлгээчин нь өөрийн гарын үсэгтэй дардсыг даран баталгаажуулсан байна.

Прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагч Д.Энхмөнхийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.Ягаанааг иргэний хариуцагчаар татсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар тайлбарлан өгч тогтоолд тэмдэглэл үйлдсэн нь хуульд нийцнэ. Мөн байцаалтын тэмдэглэл үйлдээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай” ...Эрүүгийн байцаан шийтгэх хуульд иргэний хариуцагчаар татах тухай прокурор тогтоол гаргана. Тухайлбал прокурор иргэний хариуцагчаар татаж байцаалт явуулна гэж хуульчилсан эрх зүйн зохицуулалт байхгүй.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-4 дэх хэсэгт заасны аль нь хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд М.Нугтайд ямар хэмжээний хохирол учирсан, яллагдагч Д.Энхмөнхийн тээврийн хэрэгсэлд ямар арга хэмжээ авагдсан талаар дурдах, тэмдэглэл байхгүй гэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүй санаатай хийснээр төгссөнд тооцогддог. Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг санаатай орхиж явсан үйлдлийг хэргийн газрыг орхиж зугтаасан гэж үзнэ. Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн гэмт хэрэг нэг бүрт үйлдлийн арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол зэргийг заавал зааж дурдах ёстой гэж ойлгож болохгүй.

Яллагдагч Д.Энхмөнхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь захиргааны шийтгэл хүлээлгэх хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. Яллагдагч Д.Энхмөнх нь бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба түүнээс бусдад төлөх хохирол төлбөргүйг дурьдах нь зүйтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 375 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв. 

Шүүгдэгч Д.Энхмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурортой ижил саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

          Д.Энхмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 375 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.Энхмөнхөд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдож тогтоогдоогүй байх бөгөөд үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаануудыг хийх шаардлагатай байх тул прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 375 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Л.ДАВААСҮРЭН

                     ШҮҮГЧИД                                                                Ц.ОЧ

                                                                                                      Д.ОЮУНЧУЛУУН