Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 719

 

                                                              Г.Батжаргаланд холбогдох эрүүгийн

                                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнх-Од,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Одын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Батжаргаланд холбогдох эрүүгийн 201525021488 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хошууд овогт Ганбатын Батжаргалан, 1991 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77-ийн 1 дүгээр байрны 74 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УЗ91080771/,

Г.Батжаргалан нь шунахайн зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 77 дугаар байрны 8 тоотод оршин суух 70 настай эмэгтэй Г.Заяаг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа уг гэмт хэргийг үйлдэхээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор хоолойг нь боож амьсгал бүтэлтэнд оруулан, хутгаар хүзүүг нь зүсэж онц харгис, хэрцгий аргаар санаатайгаар алсан,

- 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Г.Батжаргалангийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77-ийн 1 дүгээр байрны 74 тоотод оршин суух гэрт үзлэг хийх үед “Делта-9 тетрагидроканнабинол” гэсэн сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан, хүний амь бие, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Батжаргалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Батжаргалангийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Үүнд:

  1. Яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Тухайлбал шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаарх зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг тодорхойлон бичээгүй, хэт товч бичсэн нь түүнийг яллах хангалттай үндэслэл болж чадахгүй байна.
  2. Шүүгдэгч Г.Батжаргалан нь мөрдөн байцаалтын шатанд албан ёсоор өмгөөлөгч Д.Энхбаярыг авсан байх ба түүнийг татгалзаагүй байхад яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.7 дахь хэсэгт зааснаар ял нэмж сонсгон яллагдагчаар байцаахдаа түүний сонгосон өмгөөлөгчийг оролцуулалгүй, өмгөөлөгч Д.Батсүхийг оролцуулан байцаасны гадна “Өөрийн өмгөөлөгчтэйгээ байцаалт өгнө” гэж мэдүүлсэн байхад түүнийг байцаагаагүй ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
  3. Хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр цагдаагийн байгууллагын ажилтнууд оролцсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч мэдүүлсэнийг тодруулах,
  4. Шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоох шаардлагатай байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батжаргалан нь хамгийн сүүлд найзынхаа “МДМ” ХХК-д менежерээр ажиллаж байсан. Цалин мөнгө авч байсан гэж мэдүүлсэн тул үүнийг шалгаж тогтоох,
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Нокиа 6300” загварын гар утсыг шүүгдэгч Г.Батжаргалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...талийгаач эмээ энэ гар утсаа засуулахаар надад өгсөн” гэж мэдүүлсэн байх ба хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр талийгаачтай дээрх утсаар гэмт хэрэг гарахаас өмнө ярьж байсан байна. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд “...утас унтарсан асахгүй байв” гэж тэмдэглэсэн байх тул шинжээч томилж, уг гар утас нь ажиллагаатай байсан эсэхийг шалгаж тогтоолгох шаардлагатай.
  6. Дээрх хэрэгт талийгаачийн бөгжийг худалдаж авсан гэх Б.Оюунцэцэг нь бөгжийг шүүгдэгч Г.Батжаргалангаас 400.000 төгрөгөөр худалдаж аваад зүс таних эмэгтэйд 500.000 төгрөгөөр худалдсан гэж мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын явцад дээрх бөгжийг бусдад худалдсан гэдэг нь хавтаст хэрэгт нотлогдоогүй атлаа гэрч Б.Оюунцэцэгээс дээрх бөгжийг хураан авч, хохирогч Х.Одоос 400.000 төгрөгийг гаргуулан Б.Оюунцэцэгт хүлээлгэн өгсөн үндэслэлийг тодруулах ойлгомжгүй байна.
  7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд үндэслэн тухайн хэрэг учрал болсон өдрийн Г.Батжаргалангийн явсан маршрутыг цаг хугацаатай зураглал гарган хэрэгт хавсаргах,
  8. Гэрч Б.Цэдэндамба мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “...өөрийнхөө өрөөний ширээний шургуулганаас 25-30 см орчим урттай хар өнгийн бариултай хутга гаргаж ирээд надад үзүүлсэн. Тэгснээ хутгыг хугалчихъя гээд гэрийнхээ шалан дээр хутганы үзүүрээр дарж байгаад хутгыг хугалсан” гэж мэдүүлсэн тул дээрх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Г.Батжаргалангийн гэрт үзлэг хийх шаардлагатай байна.
  9. Яллах дүгнэлтийн хавсралтад “...камерын бичлэг бүхий компакт диск 1 ширхэг эд мөрийн баримтаар хүргүүлэв” гэсэн боловч хэрэгт 3 ширхэг СиДи ирсэн нь хэрэгт хамааралтай эсэхийг тодруулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд 201525021488 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол Г.Батжаргаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнх-Од давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ, мөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасны дагуу “Яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасны дагуу Г.Батжаргалангийн биеийн байцаалт, үйлдсэн хэргийн товч агуулга, зайлшгүй шаардлагатай 31 нотлох баримтуудыг дурдсан нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн.

Шүүх “Яллах дүгнэлтэд нотлох баримтуудыг хэт товч бичсэн нь яллах үндэслэл болж чадахгүй байна” гэж үзсэн боловч ямар эрх зүйн хэм хэмжээг зөрчсөний улмаас яллах үндэслэл болж чадахгүй байгааг дурдаагүй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн улсын яллагчаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 261, 262 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт цугларсан яллах талын 35 нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж хэлэлцүүлэн, шүүгдэгч Г.Батжаргалангийн гэм буруутайг нотлох ажиллагааг явуулж, ялын шүүмжлэлийн явцад тэдгээрийг шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримт болох талаар дүгнэлт хийсэн. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байтал “Яллах дүгнэлтэд тодорхойлон бичээгүй, хэт товч бичсэн нь яллах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасан “Шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд үнэлнэ”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Г.Батжаргаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч ял сонсгохдоо өмгөөлөгч оролцуулан ял сонсгож, сонсгосон ялтай нь холбогдуулан байцаалт авах гэсэн боловч яллагдагч Г.Батжаргалан нь “Сонгосон өмгөөлөгчтэйгээ байцаалт өгнө” гэснээр байцаалт өгөхөөс удаа дараа татгалзсан. Мөн сонгосон өмгөөлөгч Д.Энхбаяр нь байцаан шийтгэх ажиллагаанд 7 удаа ирж оролцоогүй талаар тэмдэглэлүүд хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 195, 196, 3 дугаар хавтасны 92-101, 214-218 дүгээр талуудад авагдсан болно.

Ийм учраас мөрдөн байцаагч өөрт олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчид урьд сонсгосон ялыг өөрчлөхдөө, мөн хуулийн 199, 201 дүгээр зүйлд тус тус заасны дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулсан болно.

Мөрдөн байцаагч дээрх ажиллагааг гүйцэтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 199, 200, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан ажиллагаануудыг шат дараалан гүйцэтгэн, ял өөрчилж сонсгосон тогтоолыг танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөний эцэст нэн даруй байцаах үүргээ хэрэгжүүлэн, байцаалт авах үед яллагдагч “Өөрийн сонгосон өмгөөлөгчтэй байцаалт өгнө” гэж мэдүүлсний дагуу байцаах ажиллагаа дуусгавар болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил биш юм.

Энэ ч үүднээс шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тогтоолын удирдлага болгосон хуулийн заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 дахь хэсгийг дурдаагүй гэж үзнэ.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэнийг хөндлөнгийн гэрч гэнэ” гэж заасны дагуу хэргийн газрын үзлэгт оролцсон хөндлөнгийн гэрч нар нь хэрэгт хувийн сонирхолгүй этгээдүүд юм. Гэтэл шүүх мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан дээрх нотлох баримтуудыг, няцаах, үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт “Хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр цагдаагийн ажилтнууд оролцсон байж болзошгүй” гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн тааварлаж хэлснийг үндэслэн “Өмгөөлөгчийн мэдүүлгийг тодруулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Батжаргалангийн хувийн байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн гүйцэд тогтоосон болно. Тухайлбал эцэг Ганбат, эх Наранцэцэг, найз Даваасүрэн, Одмаа, Төгс-Эрдэнэ, Тамир болон бусад хүмүүсийг гэрчээр байцаасан тэмдэглэл, Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, “Рояал” академи, “Монгол модель” ангентлагт суралцаж байсан талаарх лавлагаа, урьд нь ял шийтгэгдэж байсан эсэх талаарх лавлагаа, хаана хэзээ төрсөн, оршин суугаа газрын байдлыг тогтоох замаар яллагдагчийн хувийн байдлыг намтарчилсан байдлаар тогтоосон болно.

Харин шүүгдэгч Г.Батжаргалан нь шүүхийн хэлэлцүүлэгт “МДМ” ХХК-д менежерээр ажиллаж байсан талаар мэдүүлсэн нь шүүгдэгч Г.Батжаргаланг гэм буруутай эсэхийг тооцох, түүний хувийн байдлыг тогтооход шийдвэрлэх нөлөөтэй зүйл биш, эсхүл мөрдөн байцаалтын ажиллагаагаар заавал хийж гүйцэтгэвэл зохих зайлшгүй шаардлагатай ажиллагаа биш харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг хэт дөвийлгөн авч үзсэн хэлбэр юм.

5. Амь хохирогч Г.Заяа нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэрч, хохирогч нартай утсаар ярьж байсан болох нь нотлох баримтаар батлагдсан. Шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэг хуулиар хүлээгээгүй шүүгдэгчийн зөвхөн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Эмээ надад энэ гар утсаа засуулахаар өгсөн” гэсэн мэдүүлгийг дангаар нь үнэлж, хэрэгт цугларсан түүний гэм бурууг нотолсон бусад нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн заалт болон нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй дүгнэлт юм.

6. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл шүүхийн дээрх заалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн мэт ойлгогдож байна. Учир нь шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн мэтээр дүгнэлт хийж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

7. Мөрдөн байцаагч хэрэг болсон газрын ойр орчимд байрласан камерын бичлэгүүдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126-127 дугаар зүйлд заасан журмын дагуу үзлэг хийж, мөн хуульд заасны дагуу бэхжүүлж, хуулбарлан, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан болно. Тодруулбал мөрдөн байцаагч нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн гүйцэтгэсэн байна.

Гэвч “Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах журам”-д “Зураглал гаргах” гэсэн байцаан шийтгэх тодорхой ажиллагааг заагаагүй байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан үзлэгийн тэмдэглэл, бэхжүүлсэн камерын бичлэг нь Г.Батжаргалангийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэм хэмжээний дагуу бүрдүүлж цуглуулсан байхад шүүх хуульд тусгайлан заагаагүй ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр заасан байна.

8. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Г.Батжаргалангийн оршин суух Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77-ийн 1 дүгээр байрны 74 тоотод хэрэгт ач холбогдолтой зүйлийг илрүүлэхээр мөрдөн байцаагч үзлэг хийсэн болно. Хэрэв Г.Батжаргалангийн гэрт үзлэг хийснээс хойш 1 жил 2 сарын дараа шүүх дахин үзлэг хийх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай бол хэрэг гарсан болон бусад газар, орон байранд үзлэг хийж болно” гэж заасны дагуу хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэлгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлд “...эд мөрийн баримтад гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олоход ач холбогдол бүхий эд зүйлийг тооцно” гэж заасны дагуу камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болно.

Харин хэрэгт авагдсан 2 ширхэг СиДи нь Г.Батжаргалангийн хувийн байдлыг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийх явцад цугларсан гэрэл зураг, мэдээлэл бүхий компакт диск юм.

Уг бичлэг бүхий дискийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь шүүхэд хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд нотлох баримт болно гэж дүгнэвэл хувийн байдлыг тогтоосон нотлох баримтын хэмжээнд, үгүй бол нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй талаараа шүүх дүгнэлт хийгээд шийдвэр гаргахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчих асуудал үүсэхгүй юм.

Нөгөө талаас авч үзвэл дээрх 2 СиДи-г хэрэгт хавсарган шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гүйцэтгэснийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал яагаад болж байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин эхлэн хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Одын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Батжаргалангийн гэмт үйлдэл нотлогдсон ба эдгээр баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс прокурор Б.Мөнх-Одын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Ө.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байна. Иймээс шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин эхлэн хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолын үндэслэл болсон 9 заалтыг дэмжиж байна. Иймд прокурор Б.Мөнх-Одын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Хэргийн материалыг судлахад, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан, хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдалд зөв дүгнэлт  хийгээгүй  байна.

Прокуророос Г.Батжаргаланг шунахайн сэдэлтээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хоолойг боох, хоолойг хутгаар зүсэх зэрэг онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатайгаар алсан, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан, хүний амь бие, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлжээ.

Нэг: Прокурор нь Г.Батжаргаланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн … үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэсэн заалтуудыг бүрэн гүйцэт биелүүлээгүй байна.

Прокурор нь Г.Батжаргалангийн холбогдсон хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэргийг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдахдаа эдгээр нийлмэл гэмт хэрэг бүрийг ямар нотлох баримтаар үндэслэж нотлож байгаагаа тодорхой заалгүй, хавтаст хэрэгт байгаа бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн гарчиглан  жагсааж  бичсэн байна.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ уг дүгнэлтэд хэнийг ямар төрлийн хэрэгт, нотлох баримтуудын аль хэсгийг үндэслэн яллаж байгаагаа тодорхой бичих нь байцаан шийтгэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчээс ямар төрлийн хэрэгт ямар үндэслэлээр яллагдаж байгаагаа мэдэж авах, мэтгэлцэх, шүүн таслах ажиллагаанд эрх тэгш байдалтай оролцох, эрх, эрх ашгаа хамгаалах үндэслэл болох ба нөгөө талаас прокуророос шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргээ хэрэгжүүлж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.4, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан хуульд нийцсэн үйл ажиллагаа юм.

Иймээс прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь дээр дурдсан хуулийн шаардлагад нийцээгүй буюу прокурор хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

Хоёр: Хэргийн материалд шүүгдэгч Г.Батжаргалангийн боловсрол эзэмшсэн байдлын талаар /2хх-234-238, 246-250, 3хх-1-22 дугаар талд/ баримтууд байна. Эдгээрийн дийлэнх хэсэг нь Герман хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлсэн байх боловч, албан ёсны орчуулгагүй тул түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Батжаргалан нь 1991-2005 онуудад Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотод төрж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суурь боловсролыг эзэмшсэн, 2007-2012 оныг хүртэл хугацаанд Холбооны Бүгд Найрамдах Герман, Франц улсуудад дахин суралцаж, цэргийн алба хаасан, 2012 оноос Монгол улсын иргэний харъяалал тогтоолгосон тухай, мөн гэрч Т.Ганбатын /эцэг/ “...Батжаргалан нь Монгол хэл муу мэднэ ... ярих, унших, ойлгох, бичихдээ тааруухан...” /2хх-65/, гэрч Б.Наранцэцэгийн /эх/ “...Батжаргалан нь унаган Герман хэлтэй, Англи, Франц хэлээр сайн ярьж чадна... Монгол хэлээр ярьж өөрийгөө илэрхийлэхдээ тааруухан, уншихдаа ойлгоц муутай, бичихдээ алдаа их гаргадаг...” /2хх-67/, гэрч Д.Даваасүрэнгийн /найз/ “...надтай Англи хэлээр харилцдаг байсан...” /1хх-240/, гэрч Т.Тамирын /найз/ “...Батжаргалан надтай Англи хэлээр ярих гээд байдаг...” /2хх-6/ гэсэн мэдүүлгүүд байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд Г.Батжаргалан нь Монгол хэлээр ярих, унших, бичих бүрэн чадвартай эсэх нь эргэлзээтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 47 дугаар зүйлд заасан “...Монгол хэл мэддэггүй бол өөрийн эх буюу мэддэг хэл, бичгээр ... орчуулагчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх ... хэргийн холбогдох бүх материалтай бүрэн танилцах эрхээр хангагдах, ... орчуулагч хийх, мэдлэг чадвартай хүнийг орчуулагчаар томилох...” гэсэн заалтуудыг хэрэгжүүлсэн байдал тодорхойгүй, онц хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Батжаргалангийн энэ байдлыг бүрэн тогтоож хуульд нийцүүлсэн ажиллагааг хийх,

Гурав: Мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүхээс тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсаны гадна эд мөрийн болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, хадгалах ажиллагаа зөрчилтэй болсон, яллагдагчийн эрх зөрчигдсөн тухай анхан шатны шүүхийн тогтоолд заасан заалт үндэслэлтэй  байна. 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн тогтоол болон энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, уг тогтоол болон магадлалд заасан үндэслэлээр Г.Батжаргаланд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, мөн дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэг Прокурорын газарт очтол Г.Батжаргаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                 ШҮҮГЧИД                                                   Н.БАТСАЙХАН

                                                                                                      Д.МӨНХТУУЛ