Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 14

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

                              Даргалагч шүүгч        Б.Батзориг

                              Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                                  Д.Буянжаргал

                    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхоролын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаартай “Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч нарын давж заалдсан гомдлоор Ц.Даваадорж, Ц.Эрдэнэцогт нарт /Сонгуулийн тухай хуулийн 79.2/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс “Мандал сумын Монгол Ардын намын хорооны 19 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мандал сумын Ардчилсан намаас Улсын Их Хурлын 26 дугаар тойрог, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар тойрогт нэр дэвшигч нар нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн” гэх гомдол мэдээллийг шалгаад материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.    

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх 2016 оны 06 дугаар сарын  22-ны өдрийн 58  дугаартай  шүүгчийн захирамжаар:

-Сэлэнгэ аймаг Мандал сумын ТОССК-ийн 126 айлын орон сууцны гадна талын урд талын хананд Ардчилсан намаас нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулсан гэх зөрчилд Сэлэнгэ аймаг, Мандал сумын Монгол Ардын намын хорооноос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,

-Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар иргэн Ц.Даваадорж, Ц.Эрдэнэцогт нарыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэжээ.

          Зөрчил гаргагч  нар  нь давж заалдах гомдолдоо:

            “…Бид УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт  Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжин сонгуулийн сурталчилгаанд ухуулагчаар  ажилласан юм.

            …Шүүх зөрчлийг шийдвэрлэхдээ биднийг тайлбар өгөх, өмгөөлөгч авах эрхийг хангахгүйгээр шууд торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Бидний гаргасан зөрчил нь хууль эрхийн мэдлэг дутмагтай холбоотой тул өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах өмгөөлөгч авах хүсэлтэй байсан болно. Иймд бидний ггомдлыг хянан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Тодорхойлох  нь:

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс “Мандал сумын Монгол Ардын намын хорооны 19 дугаартай албан бичгээр ирүүлсэн Мандал сумын Ардчилсан намаас Улсын Их Хурлын 26 дугаар тойрог, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар тойрогт нэр дэвшигч нар нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн” гэх гомдол, мэдээллийг шалгаад материалыг бүрдүүлэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын    22-ны өдрийн 58 дугаартай “Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар Сэлэнгэ аймаг Мандал сумын ТОССК-ийн 126 айлын орон сууцны гадна талын урд талын хананд Ардчилсан намаас нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулсан гэх зөрчилд Сэлэнгэ аймаг, Мандал сумын Монгол Ардын намын хорооноос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, захирамжийн 2 дахь заалтаар Мандал сумын Төмөр замын 36 дугаар байрны гадна талын оршин суугчдын амралтын 2 сүүдрэвч, ТҮЦ-ний оройд Ардчилсан намын далбааг байрлуулж, сурталчилгаа явуулж, Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг зөрчсөн нь нотлогдож байна гэж дүгнээд Ц.Даваадорж, Ц.Эрдэнэцогт нарыг Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт  зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэжээ.

Энэхүү 58 дугаартай шүүгчийн захирамж нь “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

       Учир нь: Анхан шатны шүүх нь Ц.Даваадорж, Ц.Эрдэнэцогт нарыг Мандал сумын Төмөр замын 36 дугаар байрны гадна талын оршин суугчдын амралтын 2 сүүдрэвч, ТҮЦ-ний оройд Ардчилсан намын далбааг байрлуулж, сурталчилгаа явуулж, Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг зөрчсөн нь нотлогдож байна гэж дүгнээд Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт  зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэхдээ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…захиргааны шийтгэл ногдуулахдаа энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан шийтгэвэр гаргана” гэх заалтыг зөрчиж, шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн ноцтой алдаа гаргасан байна.         

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  58 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул зөрчил гаргагч нарын давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  2-ын 1 дэх заалт, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  58 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Энэ магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ