Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 18

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

                          Даргалагч шүүгч                                 Б.Батзориг

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

                                                                       Д.Буянжаргал

      Оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч      Х.Жавхлан

Гомдол гаргагчийн өмгөөлөгч      Л.Батжаргал

Зөрчил гаргагчийн өмгөөлөгч      Д.Даваахүү

Зөрчил гаргагч А.Шоовдорын

               итгэмжлэгдсэн төлөөлөгч         Ч.Алтантогос

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай “Захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Х.Жавхлангийн давж заалдах гомдлоор Д.Эрдэнэбат, А.Шоовдор, С.Энхтайван, Б.Отгонбаяр нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас Улсын Их хурлын 27 дугаар тойрогт нэр дэвшигч С.Бүрэнбатын менежер Х.Жавхлангаас гаргасан “Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат болон түүний штабын нэр бүхий хүмүүсээс Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан тул шалгаж өгнө үү” гэх гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэхээр материалыг Сайхан сум дахь Сум дундын  шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 21 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны шийтгэл  оногдуулахаас татгалзсан байна.               

Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Бүрэнбатын менежер Х.Жавхлан давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдолдоо:  

“…Шүүхээс тогтоогдсон зөрчлүүдийг сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байна.

2016.03.18-ны өдөр Засаг даргын  Тамгын газрын өмнөх талбайд “Цемент шохой” ХК нь “хэрэглэгч, үйлдвэрлэгч” гэх үйлдвэрийн үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгуулж, уг үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ард иргэд, хүүхэд багачууд, Цемент шохой ХК-ийн захирал А.Шоовдор, Сайхан сумын Засаг дарга, сумын Ардчилсан намын дарга С.Энхтайван нар оролцсон бөгөөд хүүхэд багачуудад дэвтэр, харандаа тараасан үйлдэл нь баримтаар тогтоогдсон. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг зөрчсөн бөгөөд шүүх сурталчилгааны хугацаанд энэ үйл явдал болоогүй гэж  дүгнэж хуулийг ноцтой зөрчлөө.

        2. 2016.06.07-ны өглөөнөөс орой хүртэл Ардчилсан намын гишүүн Б.Отгонбаяр, нэр дэвшигч Д.Эрдэнэбатын туслах Энхбаяр, Хосбаяр нар нь Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулдаг “Цуу тайж” ХХК-ийн ажилчид, гэр бүлийн гишүүд, найз нөхдийн саналыг татах зорилгоор зохион байгуулалттай дайллага, цайллага зохион байгуулж илтэд бусдыг татах зорилго агуулсан. Б.Отгонбаяр нь нэг газар биш хоёр, гурван газарт айлуудын гадаа олон хүн цуглуулж ширээ засан таваг засаж, дайллага хийсэн үйлдэл нь фото зургаар ч нотлогдож байгаа. Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад цугларсан материал тайлбараар нэр бүхий 14 хүн цуглаж дайлуулсан байгаа нь зөрчил мөн гэж үзэж байна. Энэ үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.4-д заасныг зөрчиж байна.

        3. Д.Эрдэнэбат, С.Энхтайван нар нь сонгогчдын саналыг татах зорилгоор 2016.03.18-ны орой уулзалтын дараа 20.00 цагт “Миний дуун шүтээн” урлагийн тоглолт зохион байгуулсан нь төлөвлөгөөт тоглолт гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Заавал тоглолттой өдөр Д.Эрдэнэбат хүрэлцэн ирж байгаа нь бусдыг аливаа хэлбэрээр өөртөө татах гэсэн үйлдэл юм.

         2016.06.08-ны өдөр Д.Эрдэнэбат, Отгонбаяр нар нь гар бөмбөгийн уралдаан тэмцээн зохион байгуулж, Сонгуулийн хуулийн 70.1, 70.1.4-т заасныг зөрчсөн.

         Нэр дэвшигч А.Шоовдор, С.Энхтайван, Ш.Хүдэрчулуун нар нь иргэдийн саналыг татах зорилгоор 2016.06.23-24-ний өдрүүдэд Цемент шохой ХК-ийн “5 сая дахь цемент үйлдвэрлэсний баяр” гэгчээр далимдуулан үйлдвэрийн ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг 2 өдөр автобусаар зөөсөн нь …хууль зөрчиж байна.

         4. Мөн …зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл сонгуулийн сурталчилгаанд ашигласан, Ардчилсан намын тугийг хууль зөрчиж байрлуулсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж шүүхээс үндэслэлгүй дүгнэлт өглөө. Ардчилсан намын тугийг байрлуулж байгаа иргэн Сонгуулийн тухай хуулийг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй байсан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

         …Монгол Улсын хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүргийг шүүх болон хүн бүр хүлээх үүрэгтэй. Иймд нэгэнт  нотлогдсон зөрчилд иргэн болон намын гишүүн гэж ялгахгүй зохих журмын дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож  өгнө үү...” гэжээ.

         Гомдол гаргагч Х.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “…Хууль, хуулийн заалт хоёр хоорондоо зөрчилдөөд байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал явуулж болохгүй зүйлүүдийг заасан. Би анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дээрх хуулийн заалтыг хангаагүй, зөрчсөн гэж үзэж байна. А.Шоовдор нь талбай дээр өдөрлөг зохион байгуулж дараа нь дэвтэр, үзэг тарааж байсан. Ардчилсан намын гишүүний туслах н.Энхбаяр, н.Отгонбаяр нар Орхонтуулын хөвөөнд хүмүүсийг дуудаж найралсан. Энэ талаарх зургийг хавтаст хэрэгт хавсаргасан. Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж би үзэж байна.

        Мөн Хөтөлд болсон “Миний дуун шүтээн” гээд тоглолт зохион байгуулагдсан, гэтэл нэр дэвшигч Д.Эрдэнэбат тоглолтын үеэр ирж, иргэдтэй уулзаж, оролцсон, үүнийгээ төлөвлөгөөт ажил гэж ярьж болохгүй. Энэ бол санаатай оролцсон, сонгогчдын саналыг татах гэсэн үйлдэл гэж би үзэж байна. А.Шоовдорыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн учраас нэр нь татагдах ёстой гэж үзэж байна...” гэв.    

         Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 тоот шүүгчийн захирамжийг үзэхэд тогтоох хэсэгт тусгасан байдал тогтоогдохгүй буюу өөрөөр хэлбэл хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

       “Миний дуун шүтээн” тоглолтыг төлөвлөгөөт гэж хариуцагчийн талаас баримт гаргаж өгсөн боловч тоглолтыг хэзээ зохион байгуулах он, сар, өдрийг нь заагаагүй байсан. Үүнийг бид сонгогчдын саналыг татах гэсэн оролдлого гэж үзэж байна. Учир нь 16 цагийн тоглолт тараагүй байхад нэр дэвшигч Д.Эрдэнэбат гишүүн тоглолтон дээр ирсэн байдаг.

        Цагдаагийн байгууллагад гомдол гаргагчийн зүгээс н.Энхбаяр, н.Хосбаяр гэх хүний гэрэл зургийг гаргаж өгсөөр байхад шалгаагүй, мөн тухайн үед унаж явсан тээврийн хэрэгслийг хэнийх болохыг нь тогтоож шалгаагүй, энэ хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан.

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4/109 гээд “Цемент шохой” ХК-иас арга хэмжээг тэмдэглэх тухай даргын тушаал гарсан. Энэ үед дарга А.Шоовдор нь сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан үе байсан...” гэв.

         Зөрчил гаргагч А.Шоовдрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

        “...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Цемент Шохой” ХХК нь хэрэглэгч, үйлдвэрлэгч гэсэн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн үед А.Шоовдор нэр дэвших талаар тодорхойгүй байсан. Энэ бол манай байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээ, 1 сая тонн, 2 сая тонн цемент үйлдвэрлэх тоолондоо ийм өдөрлөг зохион байгуулдаг. Мөн анх үйлдвэрлэлээ явуулж байхдаа үнэгүй унаа тэргээр үйлчилж байсан...” гэв.

        Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сая гомдол гаргагч Д.Эрдэнэбатыг иргэдийн санал авах зорилгоор тоглолт зохион байгуулсан гэж ярьлаа. Цемент үйлдвэр хэрэглэгч, үйлдвэрлэгч гэдэг өдөрлөгийг жил тутам зохион байгуулдаг. Хэрэглэгч гэхээр дан ганц хөтөлийнхөн биш, монгол даяар л энэ байгууллагын хэрэглэгч бий, “Цемен шохой” ХК бол ашгийн төлөө ажилладаг хувийн компани, яамтай хамтарч ажиллаж байсан гэдгээр Д.Эрдэнэбат, н.Бат-Үүл дарга нарыг өдөрлөгт урьсан байдаг.

       “Миний дуун шүтээн” тоглолтыг Хөтөлийн соёлын ордны сайн дурын уран сайханч н.Батзориг гэж хүн зохион байгуулсан, 10 гаруй хоногийн өмнө билетээ байгууллагуудаар тараагаад явж байсан.

        Өдөрлөгийн дараа дэвтэр, үзэг тараасан гэж гомдол гаргагч ярьлаа. Гэтэл 10 жилийн сурагчид сонгогчид биш, сонгуулийн насанд хүрээгүй юм. Орхонтуул суманд “Цуутайж” компани уг тэмцээнийг зохион байгуулсан, сонгуультай огт холбоогүй. Уг ажиллагаанд н.Энхбаяр, н.Хосбаяр нарыг оролцсон гэх боловч эдгээр хүмүүс нь Эрдэнэбат гэдэг хүний менежрээр тухайн үед ажиллаагүй, өөр хүн ажиллаж байсан.

        Үнэгүй “Wi-fi”-ийн хувьд Хөтөлд 2012 оноос хойш байнга үүнийг цацдаг байсан. “Цемент шохой” ХК нь анх цементээ үйлдвэрлэхдээ 1 сая, 2 сая гээд тоолоод тухай бүр баяр тэмдэглэж, үйл ажиллагаа явуулдаг, үүний дагуу босгосон хөшөө ч байдаг. Энэ нь гэрч н.Валяхүү, н.Дэмчигжав нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдддог. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Тодорхойлох  нь:

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас “Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Ардчилсан намаас  нэр дэвшигч Д.Эрдэнэбат болон түүний штабын нэр бүхий хүмүүсээс Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан тул шалгаж өгнө үү” гэх Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Бүрэнбатын менежер Х.Жавхлангаас ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлүүлэхээр материалыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сайхан сум дахь Сум дундын  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх зөрчлийн материалыг хүлээн авч танилцаад  Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, А.Шоовдор, С.Энхтайван, Б.Отгонбаяр нар нь Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэж дүгнээд захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн  байна.

Гомдол гаргагч нь “Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Аймгийн Иргэдийн хуралд нэр дэвшигч А.Шоовдор болон түүний штабын нэр бүхий хүмүүс нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаанууд явуулсан тул шүүхийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг гаргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал …үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан хэдий боловч Улсын Их хурлын 27 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Аймгийн Иргэдийн хуралд нэр дэвшигч А.Шоовдор болон түүний штабын нэр бүхий хүмүүс нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4-т заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь зөрчлийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Д.Эрдэнэбат, А.Шоовдор, С.Энхтайван, Б.Отгонбаяр нарт захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн  байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Х.Жавхлангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Х.Жавхлангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

     ДАРГАЛАГЧ                                 Б.БАТЗОРИГ

 

             ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                                               Д.БУЯНЖАРГАЛ