Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 19

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                 Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                           Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                              Н.Гэрэлмаа

Ялтны өмгөөлөгч                Р.Атарцэцэг

Ялтан                                 М.Машбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Галсанцэрэн овогт Машлайн Машбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2016010000045 дугаартай, 148/2016/0087/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд болон дүүгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 14 дүгээр гудамж, 551 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Галсанцэрэн овогт Машлайн Машбат/РД:УЗ-90090618/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.Машбат нь ОХУ-д очиж ажил эрхлэх зорилгоор Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсээс өөрийн төрсөн дүү болох Машлайн Пүрэвбатын овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Е1596941 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Е1642930 дугаартай хуурамч үндэсний энгийн гадаад паспортуудыг гаргуулан авч, улмаар уг паспортуудыг байнга ашиглан 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх М.Машбатад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 92 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Галсанцэрэн овогт Машлайн Машбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “Давтан үйлдлээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар Машлайн Машбатыг 4 /дөрөв/ сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.Машбатад оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Машбатад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

-Ялтан М.Машбат нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хамгаалсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т0026133 дугаартай буцах /ногоон өнгөтэй/ паспорт 1 ширхэг, Е1006754 дугаартай энгийн гадаад паспорт 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж,

-Ялтан М.Машбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх шаардлагыг хангаж чадсангүй гэж гомдол бичиж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.6 дахь заалт зөрчигдсөн байна. Энэхүү заалтаар шүүгдэгчид ямар ял оногдуулбал зохих асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлд заасан Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг заана гэсэн зарим заалтуудыг шүүх ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1 дэхь заалт “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурьдсан гэмт хэрэг үйлдсэн...” эсэх, 297.1.2 дахь заалт ...нотлогдсон гэмт хэрэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ зэргийг зөв тодорхойлохоор заасан заалтуудыг зөв хэрэглэж чадаагүй гэж үзэх үндэслэлүүд тогтоодож байна.

Үндэслэл нь: Нийслэлийн прокурорын газраас М.Машбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь заалт, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ зүйл ангиудаар ялын шүүмж явагдсан юм.

Гэтэл шүүх М.Машбатад зүйлчилсэн 233 дугаар зүйлийн 233.2 гэсэн зүйлчлэлийг хэрхэн ямар үндэслэлээр хөнгөрүүлэн зүйлчилсэн талаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ огт дурьдаагүй атлаа Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэхь хэсгээр гэм буруутайд тооцон 4 сарын баривчлах ял оногдуулсан байх бөгөөд энэхүү зүйл ангид 1-3 сарын баривчлах ял оногдуулах ялын санкцтай байдаг. Тэгэхээр буруу ял оногдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Тогтоолын үндэслэх хэсэгт ...шүүх, прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэлт хийсэн нь тогтоох хэсгийн заалттай зөрчилдөж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтууд тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, үндэслэлгүй ял оногдуулсан гэж үзэж байна. Тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 зааснаар М.Машбатад 4 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй гэжээ. Энэ нь хуульд байхгүй ял оногдуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймээс Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх хүртэл М.Машбатыг бусдын батлан даалтанд гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. М.Машбат нь унаж, татдаг, эхнэр нь 6 сартай жирэмсэн бөгөөд зүрхний хэмнэл алдагдах оношоор эмчлэгдэж байгаа зэрэг ахуй байдлыг харгалзан даалтанд өгөх арга хэмжээ авч өгнө үү, холбогдох материалыг хавсаргав...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь үндэслэх хэсэгтэйгээ зөрчилдөж байна. М.Машбатыг үйлдсэн гэмт хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...М.машбатын үйлдсэн гэмт хэрэг нь прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгтэй нийцсэн байна...” гэж дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэхь хэсгийг баримтлан ял оногдуулснаас гадна, 233.1 дэхь хэсэгт байхгүй ял буюу 4 сарын баривчлах ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Тодорхойлох нь:

М.Машбат нь ОХУ-д очиж ажил эрхлэх зорилгоор Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсээс өөрийн төрсөн дүү болох Машлайн Пүрэвбатын овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Е1596941 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Е1642930 дугаартай хуурамч үндэсний энгийн гадаад паспортуудыг гаргуулан авч, улмаар уг паспортуудыг байнга ашиглан 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 92 дугаартай шийтгэх тогтоолоор

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Галсанцэрэн овогт Машлайн Машбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “Давтан үйлдлээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар Машлайн Машбатыг 4 /дөрөв/ сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.Машбатад оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шийтгэх 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт “…Аж ахуйн нэгж, байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах, бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ…” гэж заасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтаар

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар Машлайн Машбатыг 4 /дөрөв/ сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй… гэж тухайн зүйл, хэсэгт байхгүй ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн

321.1 Дор дурдсан нөхцөл байдлын аль нэг байвал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ...,

321.1.3...хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн М.Машбатад Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ямар үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилсөн нь тодорхой бус байгааг дурьдах зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд М.Машбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутад эхэлж 13 цаг 00 минутад хааснаар бичигдсэн зөрчил гаргасныг цаашид анхаарах шаардлагатай байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Машбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                          Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                                Д.БУЯНЖАРГАЛ