Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00143

 

                                    Ө.Бат-Очирт холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс 142/2016/0114/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Г.Эрдэнэбаатар

            Шүүгдэгч                                           Ө.Бат-Очир

            Ялтны өмгөөлөгч                            Р.Цэрэнханд

            Хохирогч                                           А.Баярхүү

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолтой Ө.Бат-Очирт холбогдох, 201614000175 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгон 7-15а тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Үхэр цагаан овогт Өлзийбадрахын Бат-Очир /РД:ФМ90021671/

 

Шүүгдэгч Ө.Бат-Очир нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт бэлчээрээс иргэн Г.Цогиймаагийн улаан халзан бор нүдэн зүсний нас гүйцсэн үнээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутагт бэлчээрээс иргэн Ж.Мөнхтөрийн эрээн нүүртэй гунжин үнээг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутаг Дулааны станцын урд талын бэлчээрээс иргэн Г.Баярмаагийн чихэндээ шар өнгийн ээмэгтэй, эрээн нүүртэй улаан шаргалдуу зүстэй нас гүйцэж байгаа үнээг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг Дулааны цахилгаан станцын урд талын бэлчээрээс иргэн А.Баярхүүгийн зүүн чихэндээ шар өнгийн ээмэгтэй, шаргал халзан зүстэй, хээтэй дөнжин үнээг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг Дулааны станцын урд талын бэлчээрээс иргэн Х.Янжингийн хар халзан зүстэй, дөрвөн шийр цагаан, хязаалан эр үхрийг хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 04 дүгээр саын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын 132 тоотод оршин суух иргэн З.Оросоогийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, ягаан өнгийн шүрэн шигтгээтэй ээмэг бөгжний мөнгөн хослол, улаан өнгийн чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны мөнгөн хослол, мөнгөн бугуйвч 1 ширхэг, гоёлын шар өнгийн чулуун шигтгээтэй ээмэг 1 ширхэг, хэт хутга зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Үхэр цагаан овогт Өлзийбадрахын Бат-Очирыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирт Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирт оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирын ял эдэлсэн 198 хоног, цагдан хоригдсон 84 хоног нийт 282 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мал, амьтны гарал үүслийн бичгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг, баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бат-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

Ялтан Ө.Бат-Очир нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол...” гэж заасан байх бөгөөд ялтан Ө.Бат-Очир нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-г дангаар нь журамлаж шийдвэрлэх байсан.

 

Мөн шүүх нь хорих ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сар хорих ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж ялтны биечлэн эдлэх ялыг тогтоосон нь үндэслэл муутай юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2-д “хорих ялын үндсэн хугацаа 1-15 жил хүртэл байна” гэсэн байх бөгөөд хуулинд заасан хорих ялын үндсэн хугацаанаас доогуур хорих ял буюу 6 сар хорих ялыг нэмж... гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч З.Оросоо, Г.Баярмаа, Ж.Мөнхтөр, Х.Янжин, Г.Цогиймаа, иргэний нэхэмжлэгч К.Бөхболот нарын шүүгдэгчээс хохирол төлбөрөө гаргуулж авсан, гомдол саналгүй гэсэн бөгөөд үүнд хохирогч А.Баярхүү мөн хохирлоо төлүүлсэн талаар дурьдаагүй байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304  дүгээр зүйлийн 304.1-т заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэхдээ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шийтгүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар урьд гарсан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд сүүлд гаргасан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг багтаан шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

 

153 дугаар шийтгэх тогтоолоор ялтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг, мөн түүнээс 6 сарыг урд гаргасан шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолтой хэргийн хувьд ялтан нь анх удаа гэмт хэрэгт шийтгүүлж байгаа гэсэн хууль зүйн ойлголтод хамаарагдах бөгөөд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ял биш баривчлах ял оногдуулах үндэслэлтэй бөгөөд энэ ялыг урд гаргасан шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу багтаан шийдвэрлэх боломжтой юм. Түүнчлэн заавал баривчлах ял оногдуулахгүйгээр сүүлд гаргасан шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэсэн 6 сарын хорих ялыг урд гаргасан шийтгэх тогтоолын 2 жил 6 сарын хорих ялд багтаан нийт эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоох хууль зүйн боломжтой. Энэ нь ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чухал ач холбогдолтой юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялтан Ө.Бат-Очирт сүүлд гаргасан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг урд гаргасан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд бүрэн багтаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтдээ:

 

Хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байгаа. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүх “Үхэр цагаан” овогт Өлзийбадрахын Бат-Очирыг давтан үйлдлээр орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа түүний урьд нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар шийтгүүлсэн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Ө.Бат-Очирт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

 

Шүүх ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан тухайн ялтны эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт оногдуулсан ялд урьд нь шийтгүүлсэн ялыг багтаах, эсхүл тухайн ял дээр урьд нь шийтгүүлсэн ялыг бүгдийг буюу зарим хэсгийг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т ...энэ зүйлд заасан журмыг баримтлан гэдэг нь хөнгөн ялыг хүндэд нь багтаах, ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх тухай ерөнхий нөхцөлийг баримтлахыг зохицуулсан зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан хэргийг шийдвэрлэх тухай ойлголт биш юм.

 

Түүнчлэн дээрх зүйл хэсгийг ...ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно гэж нарийвчлан хуульчилсанаас үзвэл түүний шийтгүүлсэн ялд өмнөх шийтгүүлсэн ялын эдлээгүй үлдсэн хугацааг багтаах эсхүл дээрх хугацааны ялаас бүгдийг буюу заримыг сүүлд шийтгүүлсэн ял дээр нэмж нэгтгэнэ гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх Ө.Бат-Очирт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж дээд шатны прокурорын “...Ө.Бат-Очир нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн болох” нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол...” гэж заасан байх бөгөөд ялтан Ө.Бат-Очир нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-г дангаар нь журамлаж шийдвэрлэх байсан.

 

Мөн шүүх нь хорих ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сар хорих ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж ялтны биечлэн эдлэх ялыг тогтоосон нь үндэслэл муутай юм.

 

...2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч З.Оросоо, Г.Баярмаа, Ж.Мөнхтөр, Х.Янжин, Г.Цогиймаа, иргэний нэхэмжлэгч К.Бөхболот нарын шүүгдэгчээс хохирол төлбөрөө гаргуулж авсан, гомдол саналгүй гэсэн бөгөөд үүнд хохирогч А.Баярхүү мөн хохирлоо төлүүлсэн талаар дурьдаагүй байна” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна. Харин дээд шатны прокурорын “Ө.Бат-Очирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарын ялыг нэмсэн нь хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан” гэснийг хүлээн авах боломжгүй ба хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэхэд хорих ялын хугацааны доод хэмжээг хуулиар тогтоогоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Ө.Бат-Очирт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул ялтны өмгөөлөгчийн “Ө.Бат-Очирт сүүлд гарсан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг урд гарсан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд бүрэн багтаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.2., 321 дүгээр зүйлийн 321.1.3., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Ө.Бат-Очирын өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ө.Бат-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

                                                                                                            З.ХОСБАЯР