Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00144

 

 

 

                                 Л.Нямдаваа, П.Билэгсайхан нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                        Хэргийн индекс 142/2016/0154/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                     П.Билэгсайхан

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолтой П.Билэгсайхан, Л.Нямдаваа нарт холбогдох, 201614000244 дугаартай эрүүгийн хэргийг ялтан П.Билэгсайхан, ялтан Л.Нямдаваагийн өмгөөлөгч Г.Эрдэнэзул нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986-05-24-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 1-36 тоотод оршин суух, урьд 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 4 жил хорих ял, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 3 сар хорих ял, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил хорих ял, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Харагчууд овогт Пүрэвсүрэнгийн Билэгсайхан /РД:ОВ86052419/,

 

Монгол Усын иргэн, 1985-01-27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 05-09 тоотод оршин суух, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3.т зааснаар 2 жил хорих ял, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 5 жил 1 сар хорих ял, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1.т тус тус зааснаар 2 жил хорих ял, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Нямдаваа / РД:ФБ85012774/.

 

Шүүгдэгч П.Билэгсайхан нь давтан үйлдлээр бусдын  орон байранд нэвтэрч  ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 17-01 тоотод оршин суух Д.Нямсүрэнгийн байшингаас 42 инчийн хэмжээтэй “Панасоник” загварын зурагтыг удирдлагын хамт, орны бүтээлэг зэргийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол,

 

П.Билэгсайхан, Л.Нямдаваа нар нь бүлэглэн орон байранд нэвтэрч 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 03-51 тоотод оршин суух М.Батцэнгэлийн гэрээс “Хьюндай” загварын 32 инчийн хэмжээтэй зурагт удирдлагын хамт, кабелын хүлээн авагчийн удирдлага, шинэ цагийн хаш хөөрөг, улаан хүрэн өнгийн богино савхин хүрэм, адууны цул мах зэрэг эд зүйл хулгайлж 758.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Харагчууд овогт Пүрэвсүрэнгийн Билэгсайханыг давтан үйлдлээр, бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Нямдавааг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч П.Билэгсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар, шүүгдэгч Л.Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар П.Билэгсайханд оногдуулсан 2 жил 3 сарын, Л.Нямдаваад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Л.Нямдаваагийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.Билэгсайхан цагдан хоригдоогүйг тус тус дурьдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч П.Билэгсайханаас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 17-1 тоотод оршин суух Д.Нямсүрэнд /ФБ88061266/ 950.000 төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 3-51 тоотод оршин суух М.Батцэнгэлд /ГЕ73011853/ 225.000 төгрөг, шүүгдэгч Л.Нямдаваагаас 225.000 төгрөг гаргуулан хохирогч М.Батцэнгэлд /ГЕ73011853/ тус тус олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Билэгсайхан, Л.Нямдаваа нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан П.Билэгсайхан давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Хохирогч Д.Нямсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагтыг орны бүтээлэгт боон авч гараад гудамжны үзүүрт хар жижиг машинтай хүнд 70.000 төгрөгөөр худалсан гэх хавтаст хэргийн дугаар хуудас дахь мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг биш. Мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Мөнхтулгын намайг даачих бусад бүх асуудлыг би зохицуулж өгнө гэж хүлээлгэсэн хэрэг болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон шүүх хуралдаанаас өмнө аймгийн прокурорт гомдол гаргаж байсан тухайгаа хэлж өөрийгөө өмгөөлж оролцсон. Гэтэл энэ үйлдлийг анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан байдлаар үзэж надад ял оногдуулан хохирогч Нямсүрэнд 950.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Л.Нямдаваагийн хамтаар хохирогч М.Батцэнгэлийнд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг хулгайлан авахдаа шинэ цагийн хаш хөөрөг аваагүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхэд анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Шүүхэд дахин ирэхдээ намайг тухайн хөөргийг авсан гэж мэдүүлэг өгсөн болгож бичээд гарын үсгийг минь зурсан байсан. Би тэр мэдүүлгийг өгөөгүй, хөөргийг ч аваагүй. Мөрдөн байцаалтын явцад хөөрөг байсныг нотлох ажиллагаа хийгдээгүй. Хохирогч М.Батцэнгэл хөөрөг байсан заавал төлүүлнэ гээд 450.000 төгрөгөөр үнэлсэн. Анхан шатны шүүх хөөрөг байсан гэж үзэн шүүгдэгч тус бүрээс 225.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Анхан шатны шүүх хийгээгүй үйлдэл, аваагүй эд зүйлийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр, өөрт оногдуулсан ялыг өндөр гэж үзэн гомдолтой байгааг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Ялтан Л.Нямдаваагийн өмгөөлөгч Г.Эрдэнэзул давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон гэж үзэхгүй байна.

 

Л.Нямдаваа, П.Билэгсайхан нар яллагдагчаар байцаалт өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд харилцан эсрэг сонирхолтой байдаг. Л.Нямдаваа нь өмгөөлөгчтэй байхад П.Билэгсайханд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар заавал өмгөөлөгч оролцуулах гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй боловч хэн ч энэ үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хууль ёсны болоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Л.Нямдаваа “...Билэгсайхан бид хоёр Батцэнгэлийн гэрээс савхин хүрэм, зэрэгт  зэргийг хулгайлан авсан. Хөөргийг би мэдэхгүй би аваагүй...” гэх мэдүүлэг нь М.Батцэнгэлийн мэдүүлгээр няцаагдаж байна... гэж шүүх үзсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2.т зааснаар хохирогч Батцэнгэлийн гэрт хөөрөг байсан эсэх, тэр хөөргөө хэр удаан эдэлж хэрэглэж байгаа, эдэлж хэрэглэж байдаг гэдгийн хэн хэн мэдэх талаар зааж өгч нотолж болох байсан боловч хохирогч яг үнэндээ хөөрөгтэй эсэх, хөөрөг эдэлж хэрэглэж байсан гэдгийг гэрчилж, нотлох мэдүүлгийнхээ эх үүсвэрийг зааж чадаагүй. Энэ асуудлыг шүүхийн болон мөрдөн байцаалт, прокурорын шатанд тогтоогоогүй.

 

М.Батцэнгэлийг байцаасан тэмдэглэл нотлох баримт болохгүй байхад яллагдагч Нямдаваагийн мэдүүлгийг хохирогч Батцэнгэлийн мэдүүлгээр няцааж байгаа нь үндэслэл муутай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

 

Хохирогч М.Батцэнгэлийн эхнэр Л.Наранцэцэгийг гэрчээр байцаасан тэмдэглэлд хөөргийг байсан гэдгийг нотолж чадаагүй тэгэх ч боломжгүй гэж ойлгохоор мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар нотлох баримт болохгүй байна.

 

Иймд Л.Нямдаваад хангалттай нотлох баримт байхгүй байхад хөөрөгний хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба Нямдаваагийн хувьд ял онооход сөргөөр нөлөөлж, эрх зүйн байдлыг дордуулж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан П.Билэгсайхан, Л.Нямдаваа нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 03-51 тоотод оршин суух М.Батцэнгэлийн гэрээс “Хьюндай” загварын 32 инчийн зурагт, удирдлагын хамт, кабелын хүлээн авагчийн удирдлага, шинэ цагийн хаш хөөрөг, улаан хүрэн өнгийн богино савхин хүрэм, адууны цул мах хулгайлж 758.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, П.Билэгсайхан  ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 17-01 тоотод оршин суух Д.Нямсүрэнгийн гэрээс 42 инчийн “Панасоник” загварын зурагтыг удирдлагын хамт, орны бүтээлэг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол, учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016-05-06-ны орой гэртээ ирэхэд зурагт болон орны бүтээлэг байхгүй гэрт хулгайч орсон байсан тул цагдаад хандсан. “Панасоник” маркийн зурагт алдагдсан..., зурагт болон бүтээлэг 950.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа… гомдолтой гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч М.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016-05-06-ны өдөр манай гэрийн хаалгыг эвдэж ороод 2 жилийн өмнө 500.000 төгрөгөөр авсан  “Хьюндай” маркийн  32 инчийн хар өнгийн ЛСД зурагт удирдлагын хамт, мөн Сансар кабелын хүлээн авагчийн цагаан удирдлага, 50.000 төгрөгөөр худалдан авч байсан улаан хүрэн өнгийн богино савхин хүрэм, шинэ цагийн улаан хүрэн хуван толгойтой төмрөн нуух халбагатай хаш хөөрөг, 5 кг адууны цул мах зэрэг эд зүйлүүд алдагдсан…, одоо зурагтыг буцааж авсан. ...Билэгсайхан 35.000 төгрөг, Нямдаваа 37.500 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар миний бие хөөргийг нөхөн төлүүлж аваагүй учир гомдолтой… гэсэн мэдүүлэг, /хх.ийн 20, 249-р хуудас/

 

          -Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016-05-06-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би 12-53 ОРХ улсын дугаартай “Тоёота приус” маркийн машинаар 5-15-р байрны баруун талаар такси үйлчилгээнд явж байхад бараан өнгийн хувцастай өндөр бор цагаан малгайтай залуу гар өргөхөөр нь суулгасан...,  зээл рүү өгсөнө гээд нэг ногоон хаалгатай гудамжны дэргэд ирж зогстол миний хажууд сууж байсан залуу машинаас буусан..., тэгээд арын суудал дээр урд суудлаас буусан залуу өөр нэг залуугийн хамтаар 32 инчийн хар өнгийн тоос болчихсон зурагт барьчихсан орж ирсэн... гэсэн мэдүүлэг, /хх.ийн 54.р  хуудас/

 

-Гэрч Ө.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр Баянбулаг багийн 3-р гудамж тойроод уруудаж явахад нэг гудамжны үзүүрт улаан хүрэн өнгийн савхиар бүтээсэн зурагт байхаар нь гайхаж хараад зогсож байтал цаанаас нь хар савхин хүрэмтэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн нүдний шилтэй 25-30 орчим насны шингэн үстэй шар залуу гүйж ирсэнээ ахаа миний зурагт байгаа юм гэхээр нь би тоолгүй яваад өгсөн... гэсэн мэдүүлэг, /хх.ийн  55.р хуудас/

 

-Гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үдээс өмнө 11-12 цагийн орчим болов уу ажил дээрээ сууж байхад 2 залуу эхэлж орж ирээд зурагт барьцаанд авах уу гэж асуухаар нь  авсан... гэсэн мэдүүлэг, /хх.ийн  57 хуудас/

 

-Гэрч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэрийн зурагт “Хьюндай” маркийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн ЛСД зурагт бөгөөд мөн...,  Би 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Мөнхтулга байцаагчийн хамт ломбарданд очиж зурагтаа авсан …хэвийн ажиллаж байгаа... гэсэн мэдүүлэг /хх.ийн  216 хуудас/ болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 70 дугаар дүгнэлт зэргээр нотлогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх тэдэнд хуульд заасан ял оногдуулжээ.

 

Ялтан П.Билэгсайхан …би хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн..., Батцэнгэлийн гэрт орж зурагт, савхин хүрэм зэргийг хулгайлж ломбарданд тавьж мөнгөөр нь архи авч уусан..., хөөрөг болон кабелын хүлээн авагч аваагүй мөн   Нямсүрэнгийн гэрт ороогүй..., Би эхнэр аваад удаагүй байсан тул гадуур батлан даалтанд гарах гээд худал хэлсэн... Мөнхтулга байцаагч намайг энэ хэргийг даачих гэж хэлсэн... гэж, ялтан Л.Нямдаваа “...Билэгсайхан бид хоёр Батцэнгэлийн гэрээс савхин хүрэм, зурагт зэргийг хулгайласан…, хөөргийг мэдэхгүй, би аваагүй. Билэгсайхан тэр өдөр архи уугаад манайд хоносон” гэж тус тус мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар ...тэд хөөрөг аваагүй..., ...Нямсүрэнгийн гэрээс хулгай хийгээгүй... гэсэн мэдүүлгээ нотолж чадахгүй байна.

 

           Харин тэдний дээрх мэдүүлэг нь П.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...тэр хоёроос 15 цагийн үед салаад Булаг багт байдаг танилындаа очих гэж явж байгаад блокон хашаатай айлын хашаагаар давж байшингийнх нь баруун талын салхивчыг түлхэж ороод том дэлгэцтэй хар өнгийн зурагтыг орны бүтээлгээр ороож хаалгаар нь гарсан..., ...гудамжны мухарт зурагтаа тавьчихаад зам руу гартал хар өнгийн жип машин зогсож байхаар нь зурагт авах уу гэтэл 40 орчим насны эрэгтэй хүн “хулгайн юм биш биз” гэхэд нь бишээ манай зурагт байгаа юм гэж хэлээд тэр хүнд 70.000 төгрөгөөр удирдлагын хамт зарсан..., Орны бүтээлгийг нь ойролцоо гудамжинд хаясан… гэсэн мэдүүлэг, мөн  хохирогч Д.Нямсүрэн, М.Батцэнгэл нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн ахлах төлөөлөгч З.Батхүрэлээс шилжүүлсэн 36160076, 36160086 дугаартай нөхөн илрүүлсэн эрүүгийн хэргийг шалгуулах тухай баримт зэргээр үгүйсгэгдэж байгаагаас гадна   П.Билэгсайхан, Л.Нямдаваа нар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед  харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгч байгаагүй байна.   

 

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Билэгсайханы гаргасан ...би хөөрөг аваагүй, Нямсүрэнгийн гэрээс хулгай хийгээгүй... гэсэн, ялтан Л.Нямдаваагийн өмгөөлөгч Г.Эрдэнэзулын гаргасан ...тэд нарын эсрэг сонирхолтой байхад П.Билэгсайханыг өмгөөлөгчөөр хангаагүй тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Мөн анхан шатны шүүх П.Билэгсайхан урьд нь хорих ялаар шийтгүүлж хамгийн сүүлд 2012-05-01-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар,  Л.Нямдаваа 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил  хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

            Харин мөрдөн байцаагч Б.Мөнхтулгын талаарх гомдлоо зохих байгууллагад хандаж гаргах нь зүйтэй.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Билэгсайханы болон ялтан Л.Нямдаваагийн өмгөөлөгч Г.Эрдэнэзул нарын давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                                                                                                            Ц.ТУЯА