Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00145

 

Г.Охиндойд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс 142/2016/0173/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                     Г.Охиндой

            Ялтны өмгөөлөгч                            Ю.Ганбат  

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолтой Г.Охиндойд холбогдох, 201614000285 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Г.Охиндойгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993-06-17-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 9-06 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, АВ93061711 регистрийн дугаартай, Бэсүд овүгтой Ганбаатарын Охиндой.

 

Шүүгдэгч Г.Охиндой нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Булган аймаг Орхон сумын Халиун багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Эмээ өвөө” гэх амралтын газарт амарч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан танхайрч С.Лхагвабанзрагчийн хүзүү болон цавь хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,  

 

-мөн 2016 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 дугаар байрны гаднах зогсоолд байсан Б.Хүрэлбаатарын 88-23 ОРХ улсын дугаартай “Приус-20” маркийн  машины 2 талын толийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн “Элит” хотхоны гаднах зогсоолд байсан Б.Тамирын 29-34 УНЕ улсын дугаартай “Приус-20 “ маркийн машины 2 талын толийг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Бэсүд овгийн Ганбаатарын Охиндойг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Г.Охиндойг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар 5  жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2  жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Г.Охиндойд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар Г.Охиндойд оногдуулсан 5  жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.1.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Лхагвабанзрагч нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Охиндойд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, биечлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Охиндой давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Намайг ялимгүй зүйлээр шалтаглан танхайрч бусдад гэмтэл учруулсан гэж үзсэн. Би танхайрах санаа зорилго байгаагүй. Найз Болдоог өмөөрч маргалдаад Нацагдоржтой зогсож байтал хажуу талаас Дагва гэх залуу шууд над руу дайрч нуруу руу өшиглөж газар унагасан. Босоод иртэл над руу Дагва тоосго бариад дайраад ирэх үед хажуугаас хохирогч Лхагвабанзрагч мөн над руу дайрч түлхэх үед би хутга өмднөөс гаргаад барьтал хохирогч ирээд түлхэх үед би хөлөнд нь хутгалсан байсан. Ингээд зэрэг зэрэг дайрч өшиглөж унагаж, түлхэж, тоосго бариад ална гэх зэрэгт бухимдаж, цочирдон дахин Лхагвабанзрагчийг хутгалсан байсан. Хожим нь Лхагвабанзрагч хэрүүл маргааныг зогсоох гэж оролцсон гэдгийг хэргийн материалтай танилцаад мэдсэн. Тухайн үед би хоёр хүн над руу нэг тоосго бариад зодох гээд дайрч байна гэж ойлгосон.

 

Намайг танхайрсан гэж шүүх үзэж байгаа тул дараах гэрч Д.Шинэ-Одын ...Охиндойгийн нуруу руу жийж унагасан чинь Охиндой халааснаас хутга гаргаж ирсэн гэсэн мэдүүлэг, гэрч Н.Гантогтохын ...нэг бүдүүн залуу гарч ирээд Охиндойгийн нуруу руу хөлөөрөө жийгээд газраас тоосго бариад ална гээд дайрсан чинь... тэгсэн чинь Лхагвабанзрагч очоод болиулсан чинь хүзүү цавь хэсэг рүү нь хутгалсан байсан гэсэн мэдүүлэг, хохирогч С.Лхагвабанзрагч ...би Охиндойг боль гээд түлхсэн чинь...зүүн хөлний цавь хэсэг руу хутгалсан гэх мэдүүлгээр болсон үйл явдлын талаар хэлж ярьсан байдаг.

 

Би найзыгаа өмөөрч хэрүүл хийж очтол намайг зодож унагаан тоосгоор цохих гэхэд болсон дээрх үйлдлийн үед би ямар нэгэн танхайрах санаа сэдэлт байгаагүй билээ. Олуулаа над руу дайрч байсан атлаа би танхайрсан гэж шийтгүүлж байгаад гомдолтой байна.

 

Ам бүл гурвуулаа амьдардаг. Ойр зуурын хар бор ажил хийж ээж, дүү хоёртоо тусалсаар ирсэн. Хэрэгт холбогдсоноос хойш ээж маань сэтгэлзүйн хямралд орж, өөрийн ухаангүй байнгын уйлсан хүн явах болсон. Дүү маань 10 настай бөгөөд бага байхдаа цус харвалт өгснөөс болж хөгжлийн бэрхшээлтэй болж гар болон хөл нь мэдээгүй, хэлгүй байдлаас болж байнгын хэвтэрт байдаг. Ээж бид хоёр дүүг асардаг. Ээж гэртээ дүүг харж би ганцаараа ажил хийдэг байсан. Ар гэрт маань өнөөдөр идэх хоол ч үгүй хэцүү байгааг сонсоод ээж дүүдээ маш их сэтгэл зовж байна. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Ял шийтгэлийг маань хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байна. 

 

Ялтан Г.Охиндой нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эмээ өвөө” гэдэг  амралтын газарт амарч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан танхайрч хохирогч С.Лхагвабанзрагчийн цавь болон хүзүүний хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,  

 

-мөн 2016 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 дугаар байрны гаднах зогсоолд байсан Б.Хүрэлбаатарын 88-23 ОРХ улсын дугаартай “Приус-20” маркийн машины 2 талын толийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн “Элит” хотхоны гаднах зогсоолд байсан Б.Тамирын 29-34 УНЕ улсын дугаартай “Приус-20 “ маркийн  машины  2 талын толийг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн  гэмт хэрэг тус тус  үйлдсэн байна.

 

Энэ нь  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

- Хохирогч С.Лхагвабанзрагчийн ...2016-05-28-ны өдөр ангийнхантайгаа Бүрэнбүстийн амралтанд очоод орой нь волейбол тоглож байтал сагсны талбай орчмоос Охиндой орилж гүйж ирээд Нацагаа руу учир зүггүй дайраад халааснаасаа тонгорог гаргаж ирэхээр нь Отгонбаатар салгаад наад хутгаа хая, юу нь хутга вэ гэж хэлээд гэр тойруулаад аваад явсан чинь Отгонбаатар руу Охиндой хутга гаргаад дайраад байсан...,  ...Отгонбаатар Охиндойг хөлөөрөө өшиглөх гэж байтал түүний  араас Баянжаргал тэврээд газар унахад Охиндой Отгонбаатар руу дайраад хутгаа гаргаж ирээд дайрсан...,  ...энэ үед би Охиндойг боль гээд хойш түлхсэн чинь хөөе Лхагва гэж миний нэрийг хэлээд гэр тойрч яваад буцаад Нацагаа руу гүйж очоод маргалдаад байхаар нь би дундуур нь ороод “боль” гэсэн чинь зүүн хөлний дээд талын цавь хэсэг рүү хутгаар хатгахаар нь шархаа бариад хойшоогоо болтол Охиндой дахин хүрч ирээд хүзүү рүү нөгөө хутгаараа хутгалсан...,

 

Тэгээд би Отгонбаатарын машинтай Орхон аймгийн төв рүү яваад эмнэлэг  рүү явсан..., тэр ...чамайг алчихаад 25 жилийн ял авмаар байна... гэж тэрүүгээр нэг орилоод байсан...,  Би 2016-05-30-ны өглөө нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт очиж хэвтээд 05 сарын 31-ний өдөр хэвлийн хөндийн хана цооролттой гээд хагалгаанд орсон... Одоо бие засахад зовиуртай, оёо нь аниагүй болохоор жоохон өвдөөд байна... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 22-23-р хуудас/

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016-06-02-ны өдрийн 410 дугаартай:

 

...С.Лхагвабанзрагчийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэн бөгөөд  энэ нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн..., эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна...,

 

...Хэвлийн зүүн доод хэсэгт үүссэн хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.1.д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний зүүн талд үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах бөгөөд  хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно... гэсэн дүгнэлт, / хх-ийн 12-15-р хуудас/

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016-08-01-ний өдрийн 569 дугаартай: ...Хохирогч нь 2016-06-02-ны өдрийн 410 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэмтлээс шалтгаалан хагалгаанд дахин орсон байна...,  эмч нар өвчтөнд эмчилгээг зохих журам стандартын дагуу хийжээ..., Буруутай үйлдэл байхгүй..., Хэвлийн хөндийд нэвтэрсэн шархны улмаас сэмж болон 3 гэдэс зарим газраа наалдаж шүүрлийн идээрхэг шингэн хэвлийн хөндийд үүссэн учир дахин хагалгаанд орсон..., дээрх  гэмтэлтэй холбоотойгоор дахин хагалгаанд орсон байна...,

 

Хагалгаанд орсноор нэмж гэмтэл шарх тогтоогдоогүй..., Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй..., Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно... гэсэн дүгнэлт / хх-ийн 16-19-р хуудас/ болон гэрч Н.Гантогтох, Э.Мөнхсайхан, А.Болд, Э.Нацагдорж нарын мэдүүлэг, / х.хийн 29.,34.,36., 38-39-р хуудас/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-ийн 49-50-р хуудас /

 

           Мөн  хохирогч Б.Хүрэлбаатарын ...2016-05-26-ны орой 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 88-23 ОРХ улсын дугаартай машиныг байрныхаа гадна автомашины зогсоол дээр хонуулаад өглөө 07 цагийн үед  машинаа унах гэсэн чинь баруун зүүн талын хоёр толийг хугалж татаад хулгайлаад аваад явсан байсан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 55-56-р хуудас/

 

-Гэрч Б.Хишигбаярын ...Би “Танил” зах дээр сэлбэгийн наймаа эрхэлдэг бөгөөд 2016 оны 05 дугаар сарын сүүлээр байх нэг үл таних залуу ахаа миний машин замын хажуу руу унасан мөнгөний хэрэг болоод машиныхаа толио зарах хэрэгтэй байна гээд дахин дахин гуйгаад байхаар нь 40.000 төгрөгөөр худалдаж авсан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 66-р хуудас/

 

- Хохирогч Б.Тамирын ...Би Орхон аймагт 2016-04-08-ны үед ээж Алтанцэцэгийн хамт барилгын ажил явуулж Дэнж багийн “Элит” хотхонд байр түрээсэлж оршин суудаг байсан..., 2016-05-27-ны орой байрны гаднах автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 29-34 УНЕ улсын дугаартай “Приус-20” маркийн машинаа тавьсан..., өглөө нь 12 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах гэтэл миний машины хоёр талын толийг мулт татаад хулгайч авсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85-р хуудас/ болон эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүхээс ялтан Г.Охиндойд оногдуулсан  ял түүний гэм бурууд тохирчээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлаас үзвэл ялтан Г.Охиндойгийн үйлдсэн хэргийн “бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан” үйлдэлд ...гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн эсхүл түүний үйлдэлд танхайн гэмт хэргийн шинж агуулагдаагүй байна... гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Иймд  түүний гаргасан ...би зориуд хутгалаагүй, хохирогч ирээд түлхэх үед хутгалсан байсан..., түүнчлэн ар гэрийн байдал хүнд ээж болон бие муутай дүүгийн хамт амьдардаг  тул ялаас хасч өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд ...шүүгдэгчийн биеийн байцаалтыг 1.1., гэж, хэргийн үйлдэл тус бүрийг 2.1., 2.2., 2.3.,гэх мэтээр бичих шаардлагагүй бөгөөд  ...хэзээ, хаана, хэдэн удаагийн үйлдлээр...  гэх мэтээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан хэлбэр, агуулгад  нийцүүлэн  үйлдэх нь хуульд нийцнэ.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Бэсүд овогтой Ганбаатарын Охиндойн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР                                                                                           

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                                                                          Ц.ТУЯА