Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                           Даргалагч шүүгч                             Б.Батзориг

                           Шүүгчид                                 Ц.Амаржаргал

                                                                                    Д.Буянжаргал                                                                                      

                   Оролцогчид:

                         Прокурор                                             А.Золзаяа,

                            Ялтны өмгөөлөгч                           С.Оюунцэцэг,  

                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бадам-Очирын Ган-Эрдэнэ, Төмөрөөгийн Хашбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201518020350 дугаартай, 149/2016/00019/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Орхон аймгийн “Ариун шар зам” хоршоонд хот хоорондын тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот баг 6 дугаар микр, 12 дугаар байр, 110 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-1984 оны 05 дугаар сарын 28-нд Хилийн цэргийн шүүхийн 78 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 109а, 168б-д зааснаар 05 /тав/ жил 06/зургаа/ сарын хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан, Боржигон овогт Бадам-Очирын Ган-Эрдэнэ /РД:МВ-62101114/

Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Сонгино хайрхан” НҮТ-д ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 9-47 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Харчин овогт Төмөрөөгийн Хашбаатар /РД:МФ-79101018/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг “Уу” хөтөл хэмээх газар төв асфальтан зам дээр 2015 оын 10 дугаар сарын 16-ны 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 95-74 ОРО улсын дугаартай “Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1а хэсэгт заасан хурд хэтрүүлснээс, С.Оюундарь, Т.Хашбаатар нарын бие махбодид хүнд гэмтэл, хүү Х.Оюунбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, 69-46 УБЧ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Хашбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам чөлөөлж зогсоогүйн улмаас мөргөж, иргэн С.Оюундарийн бие махбодид хүнд, иргэн Х.Оюунбаатарын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Ган-Эрдэнэ, Т.Хашбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 50 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Харчин овогт Төмөрөөгийн Хашбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 ангийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Бадам-Очирын Ган-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Б.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Арвин шар зам” хоршооноос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 340.000 төгрөгийг гаргаж, хохирогч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар Зүүнбаян-Уулын 9-47 тоотод оршин суугч Содмаагийн Оюундарьд олгож,

-Б.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдаж, шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн №217841 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Т.Хашбаатарын жолоочийн түр зөвшөөрлийг буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгаж,

-Энэ хэргийн улмаас хүнд гэмтэл авсан хохирогч нар нь цаашид гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Т.Хашбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Учир нь Зам тээврийн осол нь жолооч Т.Хашбаатарын гэм буруутай үйлдлээс үүдэн гарсан болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн 2015.10.16-ны өдрийн тэмдэглэлд хавсаргасан хэргийн 13, 14 дэх талд авагдсан фото зургуудад жолооч Т.Хашбаатар зам чөлөөлөөгүй зогссон болон машин нь зам чөлөөлж зогсох зай хангалттай байгааг харуулсан байдаг/х/х-ийн 5-14 дэх тал/, гэрч Б.Баяраагийн “...миний бодлоор уг тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй байсан. Осол гаргасан жолооч 69-46 УБЧ машиныг ямар ч гэрэл, гэрэлтүүлээгүй байсан гээд байсан...” гэх мэдүүлэг/х/х-ийн 36 тал/, гэрч З.Баярсайхан “...дугуйгаа засч байсан, зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй байсан” гэх мэдүүлэг /х/х-ийн 42 тал/, гэрч Л.Амарсайханы “...Тээврийн хэрэгсэл замаа бүрэн чөлөөлөөгүй, мөн тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй байснаас осол гарсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /х/х-ийн 44 тал/,гэрч Г.Бямбажавын “Тоёота кролла машины жолооч осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, зам дээр ослын тэмдэг байрлуулаагүй, аваарын гэрэл асаагаагүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг /х/х-ийн 48 тал/, гэрч О.Энхбат “...замын голд дундаас гарахгүй, зорчих хэсэгт зогч байгаа нь буруутай...” гэх мэдүүлэг /х/х-ийн 49 тал/, Шинжээчийн 2015.12.28-ны 106 тоот дүгнэлт...шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэн няцааж, шүүгдэгч Т.Хашбаатарыг гэм буруугүй гэж шийдсэн нь тодорхойгүй байгаа болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг зөрчиж, хохирогчийн нэхэмжилсэн мөнгөнөөс баримтгүй 1,386,000 төгрөгийг оруулан 4,200,000 төгрөг төлчихсөн байхад нотлох баримтын шаардлага хангахгүй 2 ширхэг баримтаар 340,000 төгрөгийг “Арвин шар зам” хоршооноос гаргуулан олгохоор шийдснийг зөвшөөрөхгүй байна...Б.Ган-Эрдэнэ нь шүүх хурлын дараа унаж гэмтэн одоо гэмтэл согогын эмнэлэгт тархи нугасны хүнд хагалгаанд орж биеийн байдал нь маш хүнд байдалтай байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016.06.09-ний 50 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би Т.Хашбаатар харанхуй орчинд зам чөлөөлөөгүй зогсч байсныг харах боломж байгаагүйн улмаас осол гаргасан. Бид хоёрын хэн хэнийх нь буруутай үйлдлээс зам тээврийн омол гарсан нь хэрэгт буй гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдсон. Гэтэл Т.Хашбаатар осол гаргах үндсийг тавьж, зам чөлөөлж зогсоогүй, 30м зайнд гурвалжилсан тэмдэг байрлуулаагүй, аваарын гэрлээ татаж асаагаагүй атлаа эхнэрийнхээ хамт гэмтсэн гэх үндэслэлээр гэм буруугүй болж цагаадлаа. Хууль шүүхийн өмнө иргэн бүр адил тэгш эрх эдэлдэг гэсэн атал шүүх хурлын явц зөвхөн хохирогч С.Оюундарь, түүний нөхөр Т.Хашбаатар нарын эрх ашгийг илтэд хамгаалах байр суурьтай харагдаж байна. Уг осол гаргахад жолооч нар адил буруутай нь тогтоогдсон, бусдад учирсан бүх хохирлыг төлсөн намайг буруутган яллаж, та энэ хүнд насан туршид нь хохирол төлнө, та нар хохирлынхоо баримтыг бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлээд байх хэрэгтэй гэж зөвлөж байсныг хүртэл гайхаж байна. Би одоо хүнд гэмтэн өөрийнхөө гэр бүлийг тэжээх чадваргүй болоод байна.

Шүүгч эрүүгийн хэрэгт цугларсан Т.Хашбаатарыг буруутай гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт, олон гэрч нарын мэдүүлгийг огт анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдсэнд гомдолтой байна.

Би найзынхаа гуйлтаар, хувийн ажлаар хоёулаа явж байсан атал тэр өдөр ажиллах графикгүй, замын хуудас олгоогүй, “Арвин шар зам” хоршоогоор 340.000 төлүүлэхээр шийдснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016.06.09-ний 50 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад техникийн шинжээчийн дүгнэлтээр Б.Ган-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 15.1 а“...замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн, Т.Хашбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “...Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно...” гэсэн заалтыг зөрчсөн гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүхээс Т.Хашбаатарыг зам чөлөөлж зогсоогүйн улмаас осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Мөн шүүх хуралдаан тарж байхад шүүгч хохирогчид та цаашид гарах гэм хорын хохирлоо насан турштаа нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласанд бидний зүгээс гомдолтой байна.

Уг осол Т.Хашбаатарын буруутай үйлдлээс болж гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.  Хавтаст хэргийн 48, 49 дүгээр хуудсанд өгсөн гэрч нарын мэдүүлэг, ослын газрын бүдүүвч зураг, хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан нотлох баримт, мөн Т.Хашбаатарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ зэргээр Т.Хашбаатарын гэм буруутай байдал нотлогдож байна.

Б.Ган-Эрдэнэ нь хохирогч С.Оюундарь болон Т.Хашбаатар нарт 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол болон баримтгүй нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг хүртэл төлсөн. Гэтэл шүүх хурал дээр нэхэмжилсэн 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг “Арвин шар зам” ХХК-аас нэхсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Тодорхойлох нь:

Б.Ган-Эрдэнэ нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг “Уу” хөтөл хэмээх газар төв асфальтан зам дээр 2015 оын 10 дугаар сарын 16-ны 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 95-74 ОРО улсын дугаартай “Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1а хэсэгт заасан хурд хэтрүүлснээс, С.Оюундарь, Т.Хашбаатар нарын бие махбодид хүнд гэмтэл, хүү Х.Оюунбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, 69-46 УБЧ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Хашбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам чөлөөлж зогсоогүйн улмаас мөргөж, иргэн С.Оюундарийн бие махбодид хүнд, иргэн Х.Оюунбаатарын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215,2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Ган-Эрдэнэ, Т.Хашбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 50 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Харчин овогт Төмрөөгийн Хашбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 ангийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Бадам-Очирын Ган-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Б.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Арвин шар зам” хоршооноос эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 340000 төгрөгийг гаргаж, хохирогч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар Зүүнбаян-Уулын 9-47 тоотод оршин суугч Содмаагийн Оюундарьд олгож тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шийтгэх 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ялтан Б.Ган-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Ган-Эрдэнэ,Т.Хашбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №106 тоот

“...1. 69-46 УБЧ улсын дугаарын Тоёота-Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Хашбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно гэсэн заалтыг зөрчсөн.

2. 69-46 УБЧ улсын дугаарын Тоёота-Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Хашбаатар нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох боломж байсан /хэргийн газрын үзлэгт замын шороон зурвасны өргөн 2,1 метр хэмжээтэй,

3. Замаа бүрэн чөлөөлж зогсоогүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж дүгнэлт гаргав…” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 56-р ху/, гэрч Л.Амарсайханы “…Баянгол сумын нутаг “Хадагтай мод” газрын орчим өгсүүр хэсэгт явж байхад эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийн гялбаанд орсон. Тухайн тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд ямар нэгэн гэрэл, гэрэлтүүлэггүй тээврийн хэрэгслийн араас тулж очоод зогсож байсан машины зүүн талыг мөргөөд эсрэг урсгалаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй шүргэлцээд хэсэг яваад зогссон…Бид хоёрын эгнээнд зогсож байсан тээврийн хэрэгсэл замаа бүрэн чөлөөлөөгүй, мөн тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй байснаас болоод осол гарсан гэж үзэж байгаа…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-р ху/, гэрч З.Баяртсайханы “...Баянгол сумын нутаг “Хадагтай мод ны” ойролцоо эсрэг урсгалд жижиг тэрэг дугуйгаа хийж байгаа байдалтай 1 хүн зогсож байсан.Гэтэл араас нь жижиг тэрэг ирээд зам дээр дугуйгаа  засаж байсан машиныг харалгүйгээр гэнэт тоормослох шиг болоод л манай урсгал руу орж ирснээ эхлээд манай машины урд талыг шүргэх шиг болсноо арын дугуйг хүчтэй мөргөхөд манай машин эсрэг урсгал руу ороод замын хажуу руу гараад зогсчихсон байсан...дугуйгаа засаж байсан машин зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй байсан...” /хх-ийн 42-р ху/ зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, ямар байдлаар дүгнэлт өгч байгаа нь тодорхойгүйгээр    зөвхөн шүүгдэгч Т.Хашбаатар, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Оюундарь, гэрч Б.Баяраа, Д.Цэсмаа нарын мэдүүлгийг үндэслэн Т.Хашбаатарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт “…дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол …” гэж заасны дагуу тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 12 ны өдрийн №106 тоот шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой дурьдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт “...Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх баримтлан үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321,3, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09 ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Ган-Эрдэнэд урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                        Д.БУЯНЖАРГАЛ