Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                      Даргалагч шүүгч        Б.Батзориг

                      Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                          Д.Буянжаргал

              Оролцогчид

                        Зөрчил гаргагч           Ж.Чимэгмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлоор Жимбээгийн Чимэгмаад /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газраас Жимбээгийн Чимэгмаа нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед шүүгчийн өрөөнд цагдаагийн алба хаагч ахмад Ц.Пүрэвсайханы албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн хэл амаар доромжилж, эрх чөлөөнд нь халдсан зөрчил гаргасан үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын  22-ны өдрийн 109  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн  302 дугаар зүйлийн 1-д зааснаар  Боржигон овогт Жимбээгийн Чимэгмааг  7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчилж шийдвэрлэжээ.

 Зөрчил гаргагч  Ж.Чимэгмаа  давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 …Миний нэг нүд сохор учир группд байдаг. Би 2016.09.15-нд бэр Сэрээтэртэй согтуугаар  маргалдсаны улмаас эрүүлжүүлэгдсэн. Тэгээд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 20 хоног баривчлах шийтгэл ногдуулсан. Гэвч 2016.09.22-ны өдөр өмнөх үйл явдлаас улбаалан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1-д зааснаар дахин нэмж 7 хоног баривчилсан. Нэг үйл явдлаас болж давхар шийтгэл ногдуулсан болно. Үүнийг би эсэргүүцэж давж заалдах өргөдөл бичсэн.

Би тэр үед согтуу байсан. Намайг согтуу байхад 20 хоногийн баривчилгаа өгсөн. Бүгдийг сайн мэдэхгүй байна. Намайг эрүүл үед шүүх дээр авчраагүй. Нэг асуудал дээр дахин 7 хоногийн баривчлагаа өгсөнд  гомдолтой байна гэв.

Тодорхойлох  нь:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай  шийтгэвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Зөрчил гаргагчийн давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу захиргааны зөрчлийн материалыг судлахад:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2-003 тоотод түр оршин суух хаягтай Жимбээ овогтой Чимэгмаа нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ш.Сэрээтэрийн гаргасан гомдлын дагуу арга хэмжээ авахуулахаар шүүхийн байгууллагад дагуулж очсон, цагдаагийн алба хаагчийн  хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн, шүүгч С.Нолхоосүрэнгийн өрөөнд цагдаагийн ахмад Ц.Пүрэвсайханы  баруун талын шанаа руу гараа зангидан цохиж, орилж хашгиран, идэж байсан помидороо шидэн эрх чөлөөнд нь халдаж, жижгээр танхайрсан  зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс зөрчил гаргагч Ж.Чимэгмаагийн гаргасан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1-д зааснаар 7 /долоо/ хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь түүний гаргасан зөрчилд тохирсон байна.

Зөрчил гаргагч нь давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “…нэг үйл явдлаас болж давхар шийтгэл ногдуулсанд гомдолтой байна” гэсэн тайлбар гаргасан нь захиргааны зөрчлийн материалд авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ш.Сэрээтэрийн гаргасан гомдлын дагуу 20 хоног, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй  үндэслэлээр 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 109  дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай  шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Жимбээгийн Чимэгмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ