Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                 Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                           Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                              Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч    М.Төмөрцэцэг

Шүүгдэгч                               З.Янсансүрэн

                                                Т.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түргэнтөрийн Ганболд, Зундуйдовдонгийн Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн 201518020362 дугаартай, 149/2016/00020/Э индекстэй 2 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг Их тамир суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 6-141 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “Авто стандарт” группийн захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд. /РД:ХМ-74052337/

Монгол улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 3 дугаар байр 30 айлын 10 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн /РД: ЧЕ-56122370/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хонин нуга” гэх газар амарч байхдаа хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Д.Пүрэвдоржтой маргалдан түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 124 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Ганболд, З.Янсансүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хэрэг гарах болсон шалтгаан нь З.Янсансүрэн Т.Ганболдод хандаж “...намайг Д.Пүрэвдорж усанд яв гэж хэлсэн, мөн тамхи хулгайлсан гэж хэллээ...” гэж хэлснээр Р.Хаш-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нарыг загасанд яваад ирэхэд нь Т.Ганболд нь “...миний ахыг дээрэлхээд усанд явуулах гэлээ, тамхины хулгайч гэж хэлсэн гэлүү, та муу хоёр пизда намайг байхгүд яагаад ах дээрэлхээд байна аа, авч өгсөн тамхи татаж чадахгүй, буян даахгүй...” гэж хэлээд хоорондоо маргаж хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас Д.Пүрэвдорж нь барьж явсан загасны уургаар Т.Ганболдыг цохисноор Т.Ганболд, З.Янсансүрэн, Д.Пүрэвдорж нарын дунд зодоон болсон талаар хохирогч, гэрчүүд бүгд зөрүүгүй мэдүүлдэг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6 дугаар хэсэгт заасан зэргийг хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан зүйлчилсэн байхад шүүгч дээрх нотлох баримтуудыг үнэлэлгүй, дээрх үйлдэлд өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг тогтоох гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй юм.

Шүүгчийн захирамжинд “...хэргийн бодит байдлыг гэрчоэх гэрч нарыг дахин байцааж гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байгааг арилгах..” гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мөнх-Эрдэнэ, Р.Хаш-Эрдэнэ, С.Оюун-Эрдэнэ, Ч.Анумэргэн, Ж.Чулуунбаатар, С.Оргил нар мэдүүлэг өгсөн. Дээрх гэрчүүд Д.Пүрэвдорж Т.Ганболд, З.Янсансүрэн, нарыг ямар шалтгаанаас болж маргаж хоорондоо барьцалдаж зодолдсоныг, зодоон болсоны дараа хавирга нь гэмтсэн, С.Оргил өвчин намдаах эм өгсөн талаар бүгд зөрүүгүй мэдүүлдэг. Харин Д.Пүрэвдоржийг Т.Ганболд өшиглөсөн гэдгийг гэрчүүд хараагүй гэж мэдүүлдэг боловч хохирогч Д.Пүрэвдорж мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлэхдээ “Т.Ганболд намайг өшиглөсөн” гэж мэдүүлсэн/хх-39-41-р хуудас/, гэрч М.Мөнх-Эрдэнэ/хх-42-44-р хуудас/, гэрч Р.Хаш-Эрдэнэ/хх-45-47-р хуудас/, гэрч С.Оюун-Эрдэнэ /хх-54-55-р хуудас/, гэрч Ч.Анумэргэн /хх-62-63-р хуудас/, гэрч С.Оргил /хх-49-р хуудас/ зэрэг мэдүүлгүүдэд ноцтой зөрүү байхгүй.

Хэдийгээр гэрч Ж.Чулуунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “...З.Янсансүрэн ах Д.Пүрэвдоржтой зууралдаж аваад газар унаад ноцолдсон. Т.Ганболдыг тэр хоёр луу очих гэхээр нь би явуулаагүй хорьсон...” гэж мэдүүлдэгч хохриогч болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр уг мэдүүлэг нь үгүйсгэгдэж байхад шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасан “шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр үнэлнэ...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн шүүгч хэн, хэний мэдүүлэг ноцтой зөрж байгаа, нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхойлоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 124 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч З.Янсансүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү, мөрдөн байцаалтанд буцаасан нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Т.Ганболд давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Хохирогчтой таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Би хохирогчтой маргалдсан болохоос биед нь ямар нэг байдлаар хүрээгүй. Тухайн үед хамт байсан нэг гэрчийг огт байцаагаагүй байсан.

З.Янсансүрэн бол манай ээжийн дүү юм. Д.Пүрэвдорж ахын хавирга хугарсан гэсэн болохоор нь би 2 ахыг маргаад яахав дүү нь мөнгийг төлье гэсэн. Гэтэл З.Янсансүрэн би мөнгө төлөхгүй, яахаараа мөнгө төлдөг юм гэсэн. Ингээд хохирогч цагдаад гомдол гаргасан.

Би хохирогчид гар хүрээгүй, намайг харин хохирогч өөрөө цохисон. Үүнд гомдолтой байнагэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн танхайрсан үйлдлийг шалгаагүй. Хэрэгт оролцоогүй хүн яллагдаад сууж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэхь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй. Энэ үндэслэлээр буцааж өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв

Тодорхойлох нь:

Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хонин нуга” гэх газар амарч байхдаа хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Д.Пүрэвдоржтой маргалдан түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мандал сум дахь Сум дундын шүүх 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж 124 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Ганболд, З.Янсансүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Улсын яллагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот эсэргүүцлийн дагуу Түргэнтөрийн Ганболд, Зундуйдовдонгийн Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн 201518020362 дугаартай хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад гэрч            М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн  “…Т.Ганболд “ална” гээд босож ирээд Д.Пүрэвдоржтой барьцалдаад авсан чинь Янсан хажуу талаас нь ороод Д.Пүрэвдорж доор нь ороод Янсан дээр нь гарчихсан ноцолдож байхаар нь би салгасан. Ганболдыг бас нэг хүн салгасан…”, “…Эхлээд Т.Ганболд Д.Пүрэвдоржтой маргалдаад барьцалдаад авсан. Тэгсэн хажуунаас нь З.Янсансүрэн орж ирээд Д.Пүрэвдоржийг унагасан. Тухайн үед Т.Ганболд хажууд нь зогсож байсан…”  гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 42-44-р ху/, гэрч Р.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн  “…Ганболд босож ирээд Пүрэвдорж руу дайраад барилцаад авах шиг болсон. Янсан ах босож ирээд Пүрэвдорж ахыг барьж аваад унагасан. Янсан ах дээр нь гараад Т.Ганболд хажууд нь зогсож байгаа харагдсан…”, “…Т.Ганболд босож ирээд заазуураа далайгаад Д.Пүрэвдоржийг бариад авсан. Тэгээд ноцолдоод байсан чинь хажуунаас З.Янсансүрэн ирээд Д.Пүрэвдоржийг унагаад дээр нь гарчихсан зодолдоод байсан. Т.Ганболд хажууд нь байсан…” /хх-ийн 45-47-р ху/ гэх мэдүүлгүүд, хохирогч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа  өгсөн “ …Т.Ганболд намайг өшиглөсөн…” гэсэн мэдүүлгүүд  болон гэрч Ж.Чулуунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“…Пүрэвдорж Ганболдын хүзүүн тус газар загасны уургаар ороолгосон. Тэгтэл Янсансүрэн ах Пүрэвдоржтой зууралдаж аваад газарт унаад ноцолдсон. Ганболдыг Янсансүрэн ах, Пүрэвдорж хоёр луу очих гэхээр нь би явуулаагүй хорьсон…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн167-187-р ху/, гэрч С.Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн   “...Пүрэвдоржийг ирэхэд Ганболд түүнд хандаж ...ахыг яаж байгаа юм бэ... гэхэд Пүрэвдорж ...чи юу гээд байгаа юм...гээд нүүр орчимд нь уургаар цохисон. Тэр хоёр миний урдаас хэрэлдээд ар талд гаргах үед Чулуунбаатар Ганболдыг барьж авсан. Янсансүрэн ах Пүрэвдоржтой зууралцаад байсан. Мөнх-Эрдэнэ салгаж байгаа харагдсан. Пүрэвдоржийн хуруу нь тахийгаад босоод ирсэн...Би Ганболдын өшиглөж байхыг хараагүй ...” /1-р хх-ийн 167-187-р ху/ гэсэн байдлаар илт зөрүүтэй мэдүүлгүүд өгч байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрхи ажиллагааг явуулсны дүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд тогтоогдох бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан бусад ажиллагаануудыг гүйцэтгэх  шаардлагагүй болох тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн заалтыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                     Ц.АМАРЖАРГАЛ

                                       Д.БУЯНЖАРГАЛ