Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                   Б.Манлайбаатар

                                                                        Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                            Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч                             З.Амарзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч     Ч.Отгонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 111 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Дэгрээ овогт Загдсүрэнгийн Амарзаяад холбогдох, эрүүгийн 201518010160 дугаартай, 150/2016/0043/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1972 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  3,  эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Хангамжийн 3-39 тоотод оршин суух, Урьд:

         -Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

        -Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэж, түүнд оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1594 дүгээр тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 02 сар 14 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

       -Сум дундын  22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дэгрээ овогт Загдсүрэнгийн Амарзаяа /Регистрийн дугаар ПЕ-72030813/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч З.Амарзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын бригад гэх газраас иргэн Х.Алтангэрэлийн 160 тооны хонь, 6 ямааг, мөн давтан үйлдлээр иргэн Б.Энхжавхлангийн сартай хүрэн зүсмийн морийг тус тус шунахай сэдэлтээр хулгайлж, иргэн Х.Алтангэрэлд 19.240.000 төгрөг, иргэн Б.Энхжавхланд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх З.Амарзаяад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 111 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Дэгрээ овогт Загдсүрэнгийн Амарзаяад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр эрүүгийн 201518010160 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газарт буцаажээ.

 

Улсын яллагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/03 дугаартай эсэргүүцэлд:

…шүүгдэгч З.Амарзаяад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай гэж үзэж, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

1. Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудсанд хохирогч Х.Алтангэрэл нь 2014 онд 326 мал, 2015 онд 500 мал тоолуулсан талаарх тамга бүхий багийн Засаг даргын гаргаж өгсөн албан бичиг авагдсан бөгөөд хэрэг шийдвэрлэхэд хохирогчийн малын А дансны хуулгыг заавал хавсаргах шаардлагагүй байна.

Тогтоолд Х.Алтангэрэлийн өвөлжөө, одоо хариулж байгаа мал зэрэгт үзлэг хийх, хамт байсан түүний ээж С.Апил болон хөрш зэргэлдээ нутгийн хүмүүсийг гэрчээр асуухаар заасан байх ба уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 сарын хугацаа өнгөрсөн байхад одоо нөхөн үзлэг хийх боломжгүй, улсын яллагчийн зүгээс дээрх ажиллагааг хийх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй гэж үзэж байна.

Дээрх гэмт хэрэг нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө үйлдэгдсэн байх ба мөрдөн  байцаалтын шатанд хохирогч Х.Алтангэрэлээс 2 удаа мэдүүлэг авсан байдаг. Хохирогч нь 2 удаагийн мэдүүлэгтээ 166 тооны бог мал хулгайлагдсан талаар мэдүүлдэг ба мөн шүүх хуралдаанд ч 166 тооны бог /хонь 160, ямаа 6/ мал алдсан талаар зөрүүгүй мэдүүлдэг ба шүүх нь хохирогчийг хэдэн малаар ихэсгэж, /аль эсхүл багасгаж/ мэдүүлж байгаа гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

2. Мөрдөн  байцаалтын шатанд хохирогч Б.Энхжавхлан нь сум орон нутгийн гаргасан үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасны дагуу албан ёсны үнэлгээ гаргах эрх бүхий компани болох “Капитал зууч” ХХК-аар үнэлгээ дахин гаргуулсан нь хавтаст хэргийн 104-108 дугаар хуудсанд авагдсан ба уг үнэлгээгээр хулгайлагдсан сартай хүрэн морийг 2000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шүүх бүрэлдэхүүн нь хэрэв хүрэн морийг уралдаж байсан /хурдан морь эсэхэд нь/ эргэлзээтэй гэж үзсэн бол сум орон нутгийн үнэлгээний багийн гаргасан зах зээлийн үнэлгээгээр морийг үнэлж шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь хохирлын хэмжээгээр зүйлчлэгдэх боловч яллагдагч З.Амарзаяа нь бусдад нийт 21.240.000  төгрөгийн хохирол учруулсан хуулинд заасан үлэмж хэмжээнээс хэтэрч гарахгүй юм.

 Шүүхээс дээрх үнэлгээнүүдэд эргэлзээ төрж байвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлийн 273.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээг гаргуулах боломж нь байгаа бөгөөд уг ажиллагааг заавал нэмэлт мөрдөн байцаалтаар гүйцэтгүүлэх шаардлагагүй юм.

3. Шүүх шүүгдэгч З.Амарзаяаг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Яллагдагч З.Амарзаяа нь 2 удаа ял шийтгэгдсэн ба сүүлийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь хэргийн 180-186 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогддог. Түүний ялтай байдал Өршөөлийн хуульд хамрагдаж байх тул ялтай байх хугацаандаа давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Яллагдагч З.Амарзаяа нь давтан үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 201518010160 дугаартай хэрэгт цугларсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх нь нотлох баримтыг шалгах буюу Эрүүгин байцаан шийтгэх хуулийн 94.1, 94.2, 95.1, 95.2, 95.3-д заасныг үндэслэн хэргийг бүх талаас үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд 111 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

            Шүүгдэгч З.Амарзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Айлын тасарч үлдсэн малыг олж авсан нь үнэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг зөвшөөрч байна. Түүн дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан заалт тогтоогдоогүй байна гэсэн. Хавтаст хэргийн 4 хуудсанд хохирогч 170 хонь, дараа мэдүүлэг өгөхдөө 162, 167 хонь гэх мэт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт 168 хонь гэж мэдүүлсэн. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлт дээрээ 160 хонь, 6 ямаа, 2 хуц гэсэн байдаг. Хавтаст хэрэгт 2 хуц алдсан талаар нотлох баримт байхгүй. Хохирогчийн малын А дансыг заавал гаргуулах шаардлагатай. Түүн дээрээс хэдэн мал зарсан, тоологдсон гэдгийг нарийн тогтоох боломжтой.

Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөрт нь 800.000 /найман зуун мянга/ төгрөг өгсөн. Гэтэл одоо хохирогч дараа 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг нэмж нэхсэн.  Мөн морины үнэлгээг гаргуулахад хохирогч уралдаж байсан гэх гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Уг гэрчилгээн дээр Ховд аймгийн уралдаанд 4 дүгээр байрт давхсан гэсэн байсан. Гэтэл уг морийг хохирогч Сүхбаатар сумаас худалдаж авсан байдаг. Үнэхээр уралдаж байсан эсэхийг тогтоох шаардлагатай.

Шүүгдэгчийн ялтай байдлын хувьд Өршөөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэхь хэсэгт зааснаар түүний ялтай байдал өршөөгдсөн. Иймээс шүүгдэгч ялгүй, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна...” гэв.

Тодорхойлох нь:

   З.Амарзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын бригад гэх газраас иргэн Х.Алтангэрэлийн 160 тооны хонь, 6 ямааг, мөн давтан үйлдлээр иргэн Б.Энхжавхлангийн сартай хүрэн зүсмийн морийг тус тус шунахай сэдэлтээр хулгайлж, иргэн Х.Алтангэрэлд 19.240.000 төгрөг, иргэн Б.Энхжавхланд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх З.Амарзаяад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 111 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Дэгрээ овогт Загдсүрэнгийн Амарзаяад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр эрүүгийн 201518010160 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн 5/03 тоот Улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу З.Амарзаяад холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад мөрдөн байцаалтын шатанд дараах ажиллагаануудыг заавал хийх шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр З.Амарзаяаг  2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газраас иргэн Х.Алтангэрэлийн 160 тооны хонь, иргэн Энхжавхлангийн хүрэн зүсмийн 1 тооны адуу хулгайлсан давтан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж танилцуулсан боловч мөн өдөр түүнийг яллагдагчаар байцаахдаа зөвхөн хохирогч Х.Алтангэрэлийн 160 тооны хонь хулгайлсан үйлдэлд яллагдагчаар татаж, ял сонсгон байцаалт авсан байна.

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/20 тоот Прокурорын тогтоолоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан боловч зөвхөн хохирогч Х.Алтангэрэлийг дахин байцааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодруулж, шинжээч томилон хохирлын үнэлгээг гаргуулах ажиллагаа хийж, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид танилцуулан хэргийг прокурорт шилжүүлжээ.

Гэтэл З.Амарзаяагаас дахин ямар нэгэн байдлаар  байцаалт авалгүйгээр  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр түүнийг 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын бригад гэх газраас иргэн Х.Алтангэрэлийн 160 тооны хонь, 6 ямааг, мөн давтан үйлдлээр иргэн Б.Энхжавхлангийн сартай хүрэн зүсмийн морийг тус тус шунахай сэдэлтээр хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, түүний эрх зүйн байдлыг эрс дордуулсан байх тул мөрдөн байцаалтын шатанд дээрхи зөрчлийг арилгах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Х.Алтангэрэлийн 2015 онд тоологдсон малын А дансны хуулгыг хэрэгт хавсаргах, хохирогч Б.Энхжавхлангийн хулгайд алдагдсан гэх хүрэн морь уралддаг хурдан морь мөн эсэхийг тодруулах зэрэг нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээг нарийвчлан  тогтооход чухал ач холбогдолтой тул эдгээр ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд заавал хийх шаардлагатай байна.

Харин Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 Жилийн Ойг Тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт

“...6.1. Дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:

6.1.1.Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг…” гэж заасан байх тул Улсын яллагчийн эсэргүүцлийн 3 дахь заалтыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 111 дугаартай шүүгчийн захирамжинд дурьдсан хохирогч Х.Алтангэрэлийн өвөлжөө, одоо хариулж байгаа мал зэрэгт үзлэг хийх, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан түүний ээж С.Апил болон хөрш зэргэлдээ нутгийн хүмүүсийг гэрчээр байцаах зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 111 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/03 тоот Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шүүх хуралдаанаас дүгнэв.